Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Польшийн ард түмэн Ерөнхийлөгчтэйгээ салах ёс хийж байна

     “Тэрбээр бидэнд уламжлалаа хэрхэн хүндэтгэх, ариун нандин нэр төрийнхөө төлөө хэрхэн тэмцэхийг зааж өгөөд явлаа” гэж Ерөнхийлөгч Лех Качиньскийтэй салах ёс хийхээр ирсэн Польшийн жирийн иргэд ярьж байна. Л.Качиьнский болон тэргүүн хатагтай Мариа Качиньский нар Зөвлөлтийн нууц цагдаагийн газрын гарт алагдсан Польшийн 22.000 офицерийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнд оролцохоор нисч яваад дөрөвдүгээр сарын 10-нд дагалдан явсан хүмүүсийнхээ хамтаар ОХУ-ын Смоленск мужийн нутагт осолдож харамсалтайгаар амь үрэгдсэн юм.

Уй гашуугаа илэрхийлэхээр Варшавт ирсэн иргэд Ерөнхийлөгчийн өргөөний өмнөх засмалыг амьд цэцэг, бадамлан ассан лаагаар дүүргэн харамсал, хүндэтгэлээ илэрхийлсээр байна. Ослоор амь үрэгдсэн хүмүүсийн төрөл төрөгсөд хайртай дотно хүмүүсийнхээ цогцсыг таньж олохоор Москвад хүрэлцэн ирж байгаа бөгөөд ОХУ-ын зүгээс боломжтой бүх туслалцааг үзүүлж, сэтгэл санааны дэм өгч байгаа нь тэдний сэтгэлийг бага боловч тайвшруулж байна. Ялангуяа Ерөнхий сайд В.Путин бүх зүйлд санаа тавьж, сэтгэл гарган оролцож байгаа нь сэтгэл тайвшруулж байна гэж Польшийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Витольд Ващжуковски онцлон хэлсэн байна. ҮХУ-дахь Польшийн Элчин сайд Ежи Бар “Оросууд бидэнтэй сэтгэл нэгтэй байгааг алхам тутамдаа мэдэрч байна” гэжээ.

Олон жил толхилцсон хоёр орны харилцааг энэхүү гэнтийн аймшигт осол дуусгавар болгож байх шиг байна гэж хоёр орны ажиглагчид үзэж байна. Гэхдээ Польшийн улс төрийн тоймчид армийн олон мянган элит офицер хядуулсан тэр газарт өндөр албаны олон арван хүн айлчлал хийхээр явж байгаад алагдлаа гэсэн утгатай үг хэлсэн байна. Ерөнхийлөгч асан Лех Валенса “Катынд болсонтой дэндүү төстэй явдал” боллоо гэжээ

Польшийн Ерөнхийлөгчийн шарилыг дөрөвдүгээр сарын 11-нд Варшавд залж авчиржээ. Гашуудал долоо хоног үргэлжлэх бөгөөд Ерөнхийлөгч, тэргүүн хатагтайг хөдөөлүүлэх ёслолыг нэг зэрэг хийх үү, тусад нь хийх үү гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Иймэрхүү тохиолдол маш ховор байдаг аж. Амь үрэгдсэн өндөр албаны хүмүүсийн ажлыг хуулийн дагуу дараагийн хүмүүст нь хүлээлгэн өгч дууссан байна. Ослын шалтгааныг албан ёсоор зарлааүй ч Оросын мэргэжилтнүүд нисгэгчдийн алдаа гэсэн урьдчилсан таамаг гаргажээ.         

О.ТОГОО "ӨНӨӨДӨР" СОНИН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.