Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.Уянга: Ан-д би үнэхээр гоё байж чаддаг байсан

Г.Уянгыг сэтгүүлч, иргэний хөдөлгөөний удирдагч гэдгээр нь хүмүүс андахгүй. Шавилхан биедээ ахадсан гэмээр том зорилго, том бодол, том үйл хэргийн төлөө ямар ч эр хүнээс илүү зоригтой, тууштай тэмцдэг нь түүнийг байнга улс төр, мөнгө дагуулсан хардлагаар дардаг. Энэ нь ч магадгүй Г.Уянга гэж чухам хэн бэ гэдгийг олон түмнээс нуусаар ирсэн байх. Тиймээс бид “Илэн далангуй яриа” буландаа Гантөмөрийн Уянгыг урьж, “дотор хүн”- ийг нь нээхээр шийдсэн юм.
-Уянгатай хийх ярилцлагыг “Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөн”, түүнийг дэмжихээр ирсэн олон хүний итгэл үнэмш лээс өөр асуудлаар эхлүүлэх аргагүй юм. Тэмцэл нэгэнт эхэлчихлээ. Үр дүн ч эхнээсээ ямар нэгэн байдлаар гарч эхэллээ. Ер нь ийм хэмжээний дэмжлэг авна гэж бодож байсан уу. Эргээд харахад одоо юу бодогдож байна вэ?
-Хамгийн гол нь хөдөө, орон нутгийн хан маш их зориг жуулж байна. Эргээд харахад маш том юм байгуулчихжээ. Одоо ингээд л зүтгэнэ дээ. Өөрөө ч бараг мэдээгүй ийм том сүлжээг ард түмний өөрсдийнх нь идэвх, итгэл үнэмшлээр байгуулчихсан байна шүү дээ. Би нэг л юмнаас айхгүй байна. Үнэхээр хүний гар хөл болоод хүний мөнгөөр явж байсан бол хэцүү. Гэтэл одоо бид нэг ч төгрөг заралгүй, хэн нэгний гар хөл бололгүй нэгдлээ. Цугласан хүмүүс өөрсдийнхөө сэтгэл зүрхнийхээ дуудлагаар ирсэн. Тийм болохоор зохион байгуулах, удирдахад ч гэсэн надад амар байна.
-Талбай дээр суулт хийж байна, хонож байна. Янз бүрийн юм болчих вий гэсэн айдас, болгоомжлол төрөхгүй байна гэж үү. Энэ олон хүний итгэл бас амь насны төлөө хариуцлага үүрнэ шүү дээ. /Энэ ярилцлагыг суулт зарлаж байсан хүмүүсийн гэрийг дайрсан үйл явдал болохын өмнөх өдөр хийснийг уншигчид хүлцэх биз ээ/
-Бид нэг л зарчим барьж байгаа. Бүх юм хуулийн хүрээнд байх ёстой гэсэн. Цагдаа нар ч биднийг дэмжиж, сэтгэл зүрх нь бидний талд байгаа. Тийм болохоор санаа зовохгүй байна. Ер нь бол суултыг манайхан өөрсдөө л санаачиллаа шүү дээ. Нэгэнт тууштай тэмцэх гэж л ирсэн юм чинь гэртээ очоод унтана гэж юу байх вэ, ингээд болно гэж байхгүй, тэмцэнэ гээд л үзэж байна.
-Хөдөөнөөс 600 гаруй хүн ирсэн гэсэн. Тэд нийслэлд ирээд хаана байрлаж байгаа вэ?

-Бид анхнаасаа л буудлын асуудлыг зохицуулж чадахгүй учраас нийслэлд ах дүү, хамаатан садантай хүмүүс л ирээрэй гэсэн. Тийм болохоор ах дүү, хамаатан садныхаараа л байгаа. Одоо бүгдээрээ суулт хийнэ.
-Чи өөрөө суух уу? -Тэгнэ. Хүмүүсийг хүйтэн цементэн дээр суулгачихаад өөрөө гэртээ байж болохгүй ш дээ.

-Чамайг суултад оролцохоор хүүхдүүдийг чинь хэн харах юм бэ. Бага чинь хөхнөөсөө ч гараагүй биз дээ?
-Хүүхэдтэйгээ уулзаагүй олон хонож байна. Манай ээж харж байгаа .
-Одоо бага нь хоёр ой л хүрч байгаа бил үү?
-Саяхан хоёр ой хүрсэн. Намайг “Энэ одоо миний ээж биш юм болов уу” гэж бодож байж магадгүй. /инээв/ За одоохон утсаа аваадхая. Дараа төлбөрт утаснаас залгахаар хандив өгч магадгүй гээд авахгүй байж чаддаггүй ш дээ.

-Хандив гэснээс танай холбоонд иргэд хандив хэр өгч байна. Ер нь өнгөрсөн хугацаанд зарлагаа тооцож үзэв үү. Хөдөө гадаа их явлаа. Телевизээр ч нэлээд сурталчилгаа цацлаа. Энэ бүхнээс үүдээд танай хөдөлгөөн, чиний ард хэн нэг санхүүжүүлэгч байна гэсэн хардлага газар аваад байгаа?
– Одоо хандиваа тоолж үзээгүй л байна. Өмнө нь таван сая орчим төгрөгийн хандив цугласан. Зардлын хувьд хэвлэлийнхнээс дэмжлэг гуйж байгаа. Тэд дэмжлэг үзүүлсэн. Тэгэхгүй бол бид барахгүй ш дээ. Үнэхээр барахгүй. Хамгийн гол зардал нь хэвлэл мэдээлийнх шүү дээ. Энэ нь өөрөө сайн дэмжлэгтэй байгаа. Бусдыг нь аль болох хямд төсрөөр зохицуулж ирлээ. Телевизийн ярилцлагуудад төлбөр өгөөгүй ээ. Цаг үеийн сэдэв гээд л сэтгүүлчид өөрсдөө ирж авч байгаа. Рекламны хувьд зарим нь үнэгүй, зарим нь 5-6 дахин хямд тарифаар төлж байгаа. Мөн явган сурталчилгаа маш сайн хийсэн. Хамгийн гол нь хүн бүхэнд асуудал нь хүрсэн болохоор хүмүүс мэдэж байна, дэмжиж байна.

-Өнгөрсөн оны сүүлчээс эхлээд хөдөө орон нутгаар явлаа. Алс хол гэлтгүй зорьж, хүмүүст хүрч ажиллалаа. Замын зардал гэхэд л нэлээд их юм гарна шүү дээ. Хөдөө орон нутгийнхан хандив өргөж байсан гэж сонссон л доо. Гэхдээ л хангалттай гэж бодохгүй байна.
-Баянхонгорт л гэхэд хуралд ирсэн хүмүүс дотроосоо хандив цуглуулж 180 мянган төгрөг өгсөн. Тэр мөнгөөр нь заалныхаа түрээсийг төлсөн. Бид орон нутагт цугласан хандивыг тэнд нь зарцуулж байгаа. Овоо хэдэн төгрөг цугласан. Хотод цугларсныг энд нь зарцуулж байгаа. Эхний аянаар таван сая гаруй төгрөг цугласан. Одоо ч Сүхбаатарын талбай дээр хандивын аян үргэлжилж байна. Бид заримдаа тэр хайрцгаа ч мартчихаад байх юм. Дансаар бас нэлээд мөнгө орж ирсэн. Зарим компанийн захирал хамгийн бага нь 500 мянга дээд тал нь хоёр сая төгрөг өгсөн.
-Чамайг X-trail машинаа зарах гээд явж байна гэж сонссон. Үнэн үү?
-Машинаа зарчихаад мөнгө өгнө гээд хүнээс хэдэн төгрөг зээлчихсэн юм аа. Тэгсэн чинь машин зарагддаггүй. Одоо тэрийг л зарж хүний мөнгийг өгмөөр байна. Харин энэ дашрамд хэлэхэд машиныг маань авч хувьсгалын үйл ажиллагааг санхүүжүүлэхэд тус нэмэр болох хүн олдох юм биш биз дээ.
-“Төрийн ордноос Уянга мэдээлэв” гээд тухайн үедээ хамгийн хурц, дайчин мэдээллийг хүргэдэг байсан сэтгүүлч бүсгүй улс төрд ороод одоо хэдэн жил болов оо.

– Яг нам руу орсон гэвэл 2001 оноос эхэлнэ. Есөн жил болсон байна. Цаг хугацаа хурдан өнгөрч байна шүү.
-Сэтгүүлч байгаад яагаад гэнэт улс төрд орчихсон юм бэ. Парламентын сэтгүүлч байсан нь нөлөөлөв үү?
– Би ер нь угаасаа л улс төрд орох байсан байх аа. Миний мөн чанар өөрийн эрхгүй гарч ирж байгаа байхгүй юу. Хүний үзэл бодол 30 нас гээд л ерөнхийдөө төлөвшиж, өөрийгөө тодорхойлж эхэлдэг юм билээ. Намайг төлөвшихөд сэтгүүлчээр ажиллаж байсан, намд байсан нь нөлөөлсөн. Бид нар чинь Парламентыг сурвалжилж байхдаа улс төрийн тогоонд болж байгаа бүх юмыг мэддэг, мэдэрдэг, улс орныг ямар нэгэн хэмжээгээр өөрсдийнхөө нүдээр бүхэлд нь хардаг байсан. Тэгээд явсаар байгаад АН-д элсээд бүр нарийн харж байгаа байхгүй юү. Хүн гэж хэн байдгийн, улстөрчид нь хэн юм, АН гэж юу юм бэ гээд яг мөн чанараар нь юмыг таниад ойлгоод эхлэхээр энэ бүхнийг өөрчлөх л хэрэгтэй байгаа байхгүй юу. Тэр өөрчлөх гарц нь АН юм болов уу гэж тэр үед харж байсан. Гэтэл АН биш байсан.

-Өөрчлөх гарц нь АН байсан гэж харж байсан гэлээ. Гэтэл үнэндээ сэтгүүлчээрээ ажилласан бол улс төрийн нам дагаснаас илүү их боломж чамд байсан санагддаг. Зарим хүн сэтгүүлчийн ажлыг карьер өгсөх нэг шат ч гэж үздэг нь нууц биш шүү дээ?
– “Ийгл” телевизэд гоё байсан л даа. Гэхдээ улс төр миний өөрийн сонирхоод байсан тэр салбар мөн юм шиг байгаа юм. Парламентын сурвалжлагч заавал болно гээд л зүтгэсэн. Ер нь яг үнэнийг хэлэхэд АН-аар дамжуулж карьер хөөе гэж бодож байсан шүү. Үнэн. Тэгсэн чинь АН миний бодож байсан шиг нөгөө гоё нам, романтик зүйл маань биш байсан. Би тэр үеийн олон залуусын нэг адил АН-ыг миний төдийгүй Монголын ирээдүй, зөв үзэл бодолтой, зөв хүн болгон энэ намаар дамжиж, энэ намыг дэмжих ёстой гэж бат, хатуу ойлгож байсан. Тэгээд АН-ынхаа мөн чанарыг таниад эхэлсэн чинь “Би тэгвэл хаачих вэ? Яах вэ” гэсэн асуулттай тулгарсан. Телевизэд ч гэсэн ажиллаж болох байсан л даа. Гэхдээ өөрийнхөөрөө байх, өөрийнхөөрөө эрх чөлөөгөө эдлэх тийм боломж бас л хязгаарлагдмал байдаг байхгүй юу. Ний нуугүй хэлэхэд бид нар бүгдээрээ л мэднэ шүү дээ. Хэн эзэн байна түүний дуу хоолойгоор явах хэрэгтэй болдог. Миний сөрөг гэж харж байгаа асуудал эзний эрх ашгийг хөндөж байвал би дуугарч болохгүй гэх мэтчилэн. Тийм болохоор хүн эрх чөлөөтэй байх нь л хамгийн чухал.
-Тэгээд намд эрх чөлөөтэй байж чадсан уу. Тийм боломжийг АН олгосон уу?
-Намд би үнэхээр гоё байж чаддаг байсан. Олон хүн намайг намын гар хөл болж, намын үгээр дуугарч байна гэж боддог байсан байх. Миний нэвтрүүлгүүд миний санаа бодол, миний хараа байсан. Миний хэлж байсан бүх үг буруу биш байсан. Тэр нь АН-ын эрх ашигт нийцдэг байх ёстой, АН-ыг эрх барихад зөв нөлөөлөх ёстой гэж бодож би нэвтрүүлгээ хийдэг байсан. Тэр үед миний үзэл бодол АН-ын эрх ашигтай нийлж байсан учраас гар нийлж, их сайхан явж байж дээ. Дараа нь харин 2004 оны сонгуулийн дараа нөгөө сайхан үзэл бодол нь байхгүй болчихсон, сайд авахын төлөө болсон. Миний хувьд тэр үед АН цөөнх болоод сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх боллоо. Харин 2012 онд эрх баригч болох юм байна гэж харж байсан. Гэтэл харин нийлж хуйвалдаад сайд, дэд сайд гээд албан тушаалын хуваарилалтад ороод явчихсан нь надад их сонин санагдсан. Зүй нь бол сонгууль шударга бус боллоо гээд АН сонгуулийн үр дүнгийн төлөө тэмцээд л явах болов уу гэж төсөөлж байсан чинь бүх юм тохиролцоо, хуйвалдаан болчихсон. Тэгээд л хамаг итгэл үнэмшил алдраад бараг шоконд орсон. Залуу хүний хувьд өөрийнхөө ирээдүй гэж харж байсан зүйл нь ийм болсонд шоконд орохоос ч аргагүй байдалд хүргэсэн.
-Улс төрд ялангуяа эрх баригч, хүчтэй сөрөг хүчний намд орж хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд очиход залуу хүмүүс олон шат дамждаг. Тэр тусмаа эмэгтэй хүнд өндөр даваа. АН-д шууд хүлээн зөвшөөрөгдөж, итгэлийг нь хүлээхэд нөлөөлж, гараас чинь хөтөлж энэ намд оруулсан хүн гэвэл хэнийг хэлэх вэ?

-Миний хувьд зарчимдаа үнэнч байх тэнхээ надад байгаа учраас би цааш явж байгаа гэж ойлгож байгаа. Түүнээс биш хэн нэгний ивээлээр явах, хүний эрхэнд байя, сайхан ажилтай больё, албан тушаалтай болъё гэсэн санаа байдаггүй. Тийм байсан бол надад албан тушаал авах боломж олон удаа гарч байсан. Гэхдээ л надад тэр чухал уу. Эцсийн эцэст надад юу чухал вэ. АН-д, албан тушаалд дөнгөлөгдсөн нэгэн болох уу. Бодох юм их байсан. Улс төрд АН-д ороход хэн нэгний фракцид орох нь хамгийн чухал. Фракцгүйгээр ер нь хол явахгүй шүү. Надад санал ирдэг байсан. Манай фракцаас ҮЗХ-д ор гээд л. Тэр болгоноос нь би татгалздаг байсан. Аль нэг фракцид ороогүй. Би тухайн үед энэ бүгдийг бүхэлд нь АН гэж л харж байснаас биш аль нэг фракц гэж харж байгаагүй. Фракц хоорондынх нь өрсөлдөөн үнэхээр жижигхэн санагддаг байсан. Аль нэг фракцаар дамжиж л улс төрд орно шүү гэж Жижгээ зэрэг зарим улстөрч намайг зөндөө л ятгадаг байсан.

-Жижигээ гэж УИХ-ын гишүүн О.Энхсайханыг хэлээд байна уу.
-Тийм. Би ер нь ийм юмнаас ёстой ангид явж ирсэн шүү. Одоо харин гайхдаг юм. Яаж тийм их юмны дундаас би үлдэж чадсан юм бол гэж. Энэ чинь одоо надад гоё байгаа юм чинь.
-Одоогийн УИХ-ын гишүүн С.Ламбаа чамайг АН-д анх хөтөлж оруулсан гэж зарим хүн нь ярьдаг юм билээ.
-Тийм. Анх Ламбаа гишүүн уулзаж байсан. Бид ярилцаад чамаар намынхаа нэвтрүүлгийг хийлгэе гэж бодож байна гэж анх ирж санал тавьсан. -2004 оны сонгуулийн дараа байх чамайг МОНЦАМЭ-гийн захирал болох нь гэсэн яриа гардаг байсан. Гэтэл чи дарга байтугай юу ч үгүй үлдсэн санагдаж байна. -Тийм байх аа. Хэд хэдэн албан тушаал байсан санагдана. Гэхдээ би чаддаг ажлаа л хийнэ гэж бодож байсан. Дарга нь надад чухал биш байсан. Хамгийн гол нь итгэл үнэмшилгүй болчихсон. Хувьсгалт намыг дөрвөн жилийн турш зогсоо зайгүй балбачихаад, зарим хүмүүс намайг аймаар үзэн яддаг болчихсон байсан. Албан тушаалд очсоныхоо дараа нь би яах юм бэ. Хувьсгалт нам АН хоёр нэгдсэн нь зөв байсан гээд ярихаасаа би ичсэн. Монгол орон даяар намайг юу гэж ярьж байсныг мэдэж байгаа ш дээ.
– Тэгээд л “Монгол таймс” сониныг гаргаж эхэлсэн байх аа.
-Тийм ээ. Өмнө нь ч энэ сониныг эрхлээд гаргаад яваач гэсэн санал ирдэг л байсан. 2004 оны сонгуулийн дараахан Цогсүрэнгийн Ганболд ах утасдаад, Уянгаа чи томилгоо сонсов уу гэлээ. Үгүй гэсэн чинь Монгол телевизийн даргаар Куландаг томилсон байна гэсэн. Өө тийм үү гэсэн чинь, тэгсэн байна даа цаадуул чинь. Ингэдэг юм даа гэлээ. Тэгээд удалгүй Сайханбилэг утасдсан. Тэр үед Засгийн газрын хэвлэлийн албаны дарга байсан ш дээ. Ерөнхий сайд уулзья гэж байна гэсэн. Тэгээд очиж уулзсан. “Томилгоо сонссон биз дээ” гээд л шууд оронгуут асуулаа. Сонслоо гэсэн чинь тэгээд одоо яая гэж бодож байна гэсэн. Би ямар албан тушаал авна гэсэн биш мэддэг чаддагаа хийнэ дээ л гэлээ. Тэгсэн чинь яамаар байна бодож байгаад эргээд хэлээрэй гэсэн. Телевизийн суваг байна авбал аваарай гэсэн. Тэгээд л би Ерөнхий сайдын өрөөнөөс шууд гараад л “Монгол таймс”-ыг чинь гаргая гээд л сонгуулийн өмнө гуйгаад байсан хүн дээрээ очсон доо. Тэгээд л шууд сониноо гаргасан, хамтарсан Засгийн газрыг шүүмжилж эхэлсэн.
-“Монгол таймс” тэр үед АН-ын мэдлийн сонин байсан биз дээ.

-Яг тийм биш. Олон хүний хувь нийлүүлсэн өмч байсан. Одоогийн Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаан, М.Энхсайхан дарга, Ц.Балдорж эрхлэгч, “25 дугаар суваг”-ийн Авирмэд гуай гээд. Энэ хүмүүс сүүлдээ эдийн засгийн хувьд санхүүжилт хийхээ болиод намайг гарга гэсэн. Тэгээд л гаргасан даа. Санхүүжилтээ өөрөө олж гаргаж байсан. Хүмүүсийн тус дэмжлэг орж байсан. Гэхдээ нэг хүнээс их мөнгө авдаггүй байсан. Тэгвэл л бодлогоо бариулах хэмжээний хараат болчих гээд байсан. Тэгээд л зохицуулсан. -Одоо АН-ын гишүүн гэж явдаг уу?
– Үгүй. Би анхнаасаа намд нь элсээгүй ш дээ. Намын гишүүн байх ёстой гэсэн шахалтыг тэсэж үлдсэн гэх үү дээ.
-Тэгвэл сэтгүүлчийнхээ хувьд мөнгөөр л ажилладаг байсан юм байна, тийм үү?
-Тэгэлгүй яах вэ цалин авна шүү дээ. Би ямар буяны байгууллага биш. Тэгэхгүй бол хэцүү ш дээ. Хийсэн нэвтрүүлгээ үнэлдэг, тэр мөнгийг нь нам төлдөг байсан. Би маш их ажилладаг байсан. АН тухайн үедээ гайгүй өндөр цалин өгдөг байсан. Хажуугаар нь Дарханы АН, FM радиотой хамтрана. Бас өөрөө нэвтрүүлгийнхээ монтаж бүх юмыг хийдэг байсан. Тэгээд сард 300 орчим мянган төгрөгийн орлоготой байсан. Энэ бол тухайн үедээ их мөнгө байсан. 2001 оны 300 мянга гэдэг их мөнгө шүү дээ. Тэрийгээ хураана. Би тэр үед хорин хэдхэн настай. Бас манай нөхөр ажилтай, цалинтай. Улстөрчдийн пиар зөвлөгөө дээр тэр үеэс л ажиллаж эхэлсэн шүү дээ.
-АН чамд байр авч өгсөн гэсэн яриа байдаг. Хөдөлмөрийг чинь сайн л үнэлж дээ?

– Үгүй ш дээ. АН надад байр авч өгөөгүй. Манай хүн бид хоёр 2005 онд өнөө хэл аманд ороод байсан байрыг авсан. Өмнө нь байсан ганц өөрөө байраа л сольсон юм шүү дээ. Хуягаа бид хоёр хэчнээн залуу байсан ч ямар траншейнд амьдарч байсан биш дээ.
-Хуягаа та хоёр оюутан ахуйн нэг ангийнх. Яаж яваад гэр бүл болов?
-Тийм. Манай анги хоёрхон бандитай байсан. Бид хоёр оюутан байхдаа гэр бүл болоод хүүхэдтэй болсон. Одоо том маань 14 настай. Манай Хуягаа чинь Налайхаас хичээлдээ хоцорч ирдэг. Өглөө, оройдоо үнээгээ бэлчээдэг байсан юм шиг байна лээ. Тэгээд ч Налайхын автобусны хувиар тэгж таардаг байснаас өглөө бүхэн л хоцорно. Гэхдээ манай Хуягаа аягүй их уншсан, маш мундаг задарсан залуу байсан. Бидний үед Хуягаа шиг уншсан хүн ховор байх. Бүх сэдвээр бүх номыг уншсан. Номонд багаасаа дурлаж хорхойсоод орчихсон. Номонд амтшиж өссөн тийм залуу. Энэ нь бүх юман дэр мэдэгдэнэ. Бүр ямар ч эмэгтэйн анхаарал татахуйцаар гээч. Тэгээд хичээлийн дараа би санаатай, санамсаргүйгээр үлдэж юм яриулдаг, санаа бодлыг нь сонсдог. Тэгж байгаад энэ ер нь их мундаг залуу байна гээд точиклочихсон. Хуягаа гоё шинэ өрөм, бинтэй авчирна. Би зориуд хоол хийгээд шилэнд савлаад аваад ирнэ. Тэгээд л өрөмтэй бингээ идээд л, хоолоо идээд л юм яриад л суугаад байна. Их гоё гоё юм ярина. Шүлэг, яруу найраг, түүх, уран зохиол гээд мэдэхгүй юм байхгүй. Тэгж үлдсээр байгаад суучихсан.
-Тэгээд сургуулиа төгсөөд Ийгл ТВ-д шууд орсон уу?
-Манай Хуягаа “25 дугаар суваг” телевизид ажиллаж байсан. Би оюу тан байхдаа нэвтр үүлэгч шалгаруулна гэсэн зарын дагуу анх 25 ТВ-д очиж байсан юм. Тэгсэн “За оюутан бол дүү минь цусаар уйлаад ч нэмэргүй шүү. Манайх оюутан авахгүй ” гээд Авираа ах явуулж байсан юм. Сүүлд Хуягаа Авираа ахад “Та Уянгааг тэгж хэлээд явуулж байсан” гэсэн чинь “Би тэр үед яаж мэдэх юм бэ” гээд баахан инээдэм болж байсан гэсэн. Дараа нь гэртээ анхныхаа хүүхдийг төрүүлчихээд байж байсан чинь “Ийгл”- ээс нэвтрүүлэгч шалгаруулж авна гэсэн зар явуулаад, очиж шалгуулаад тэнцэж байсан. “Ийгл”-ээс би их юм сурсан шүү.
-Нөхөр чинь хэр сайн зөвлөгч вэ?
-Би юм асуудаг л юм. Бид хоёр хааяа ховорхон уулзалдана аа. Зөвлөгөөнөөс нь авах юм байна, авахгүй юм байна. Ерөнхийдөө ярилцана аа. Телевизийнхэн ямар их ажилтай байдаг билээ, хөдөлгөөний ажил бас цаг наргүй. Сүүлийн үед бол бараг тухтай уулзалдаж чадахгүй л байна.
-Улс төр, иргэний хөдөлг өөнд ороход чинь яаж хүлээж авсан вэ. Дэмжсэн үү?
-Хориглоо ч үгүй, дэмжээ ч үгүй. Ер нь бол бид хоёр өөр өөрийнхөөрөө л явдаг. Харин томоохон шийдвэрүүдийг бол зөвлөлдөнө л дөө.
-Нөхрөөр чинь дамжуулж чиний хийж байгаа ажилд нөлөөлөх тохиолдол гардаг уу?
-Гарна аа. Чи ч өөрөө мэдэж байгаа ш дээ. Байнга л гарна. Нэг юм бичингүүт л араас нь заавал ярьдаг биз дээ. Энэ бүхэнд яаж хандах вэ гэдэг нь цэвэр өөрөөс л шалгаална шүү дээ. Санал болгосон бүрийг дагаад намираад байвал хэн ч биш болно.
-Залуу, эмэгтэй хүний чинь хувьд хэн нэгэн нөлөө бүхий хүнтэй холбож бичсэн, нууц амраг нь болгочихсон гэсэн мэдээ мэдээлэл гарч л байсан. Энэ бүхэнд нөхөр чинь яаж ханддаг вэ?
-Нэг их зөрөхгүй ээ. Бид хоёр бие биедээ итгэдэг. Нэг удаа намайг нууц амрагаа Ерөнхий сайд болгох гээд бүтэхгүй болохоор нь уурандаа Оюутолгойг авч өгөх гээд явж байна гээд биччихсэн байсан. Тэгсэн чинь манай хүн уншчихаад хөгшин чинь чиний нөхөр чинь байхаа больё оо. Нууц амраг чинь больё гээд бид хоёр баахан инээлдэж байсан. Иймэрхүү маягаар л өнгөрөөдөг.
-Сэтгүүлчдээс чи бараг ганцаараа шахуу Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр гуайтай шант ралгүй “дайтаж” байсан хүн. Ер нь Н.Энхбаяр гуайтай нүүр нүүрээ тулан хэзээ хамгийн сүүлд уулзсан вэ?
-Нүүр нүүрээ хараагүй их уджээ. Анх 2000 онд Ерөнхий сайд болчихоод 30 дугаар байранд сэтгүүлчидтэй хүлээн авалт хийж байсан. Тэр үед анх нүүр тулж байсан. Тэрнээс хойш Парламентын сурвалжлагч байхдаа ордонд хаяа таардаг байсан. Ер нь бол 2001 оноос хойш нэг ч удаа нүүр тулж уулзаагүй.
-Чамтай уулзах санал огт тавьж байгаагүй гэж үү. Та хоёр шүүхдэхдээ хүртэл тулж байсан биз дээ?
-Үгүй. Хуулийн зөвлөх ч юм уу хувийн шугамаар дамжуулан янз бүрийн хүмүүс тийм санаа цухуйлгадаг л байсан. Гэхдээ Энхбаяр гуай өөрөө тэр хүмүүсийг явуулдаг байсан юм уу, эсвэл тэр хүмүүс өөрсдөө сайн дураараа тийм санал тавьдаг байсан юм уу мэдэхгүй. Хүн нэг зарчимтай байх ёстой юм байна гэдгийг би АН-д байхдаа анх сайн ойлгосон. Тэр зарчим алдагдахаар нэр хүнд гэдэг юм нь алдагддаг юм байна. Улстөрч хүнд хамгийн чухал материал нь нэр хүнд. Олон түмний дунд нэр хүндгүйгээр улс төрд цаашаа явна гэж байхгүй. Тийм болохоор залуу хүний хувьд тэр зарчмаа алдахгүй, чиг шугамаа барьж явбал хэзээ нэгэн цагт амжилт олж болно гэж боддог. Н.Энхбаяр гуай нэг хүнд хэлсэн байдаг юм билээ. “Энэ хүүхнийг чинь одоо яалтай нь билээ” гэж. Үнэхээр аргаа барсан хүний үг байх даа.
-Н.Энхбаяр гуай чамайг нэг биш удаа шүүхэд өгч байсан байх аа. Тэгээд ялж байв уу, ялагдаж байв уу?
-Мэдээж би л ялагдана ш дээ.
-Чамайг сонин гаргаж байх даа хүн шантаажлаад баяжсан, одоо ч иргэний хөдөл гөөнүүдийн нэрээр мөнгө олж бизнес хийж байна гэж харддаг. Ганц чи ч биш О.Магнай, Ж.Батзандан болон иргэний хөдөлг өөнийхнийг хүмүүс өөр нүдээр хардаг болсон. Чи үүнд мэдээж эмзэглэдэг биз дээ?
-Чи бод доо. Миний нөхөр бид хоёр хоёулаа ажиллаж байна. Хоёулаа бас боломжийн сэтгүүлч. Бид хоёрт бас чадал байна. Олон нийттэй харилцах PR чиглэлээр үйл ажиллагаа явуулж, шударгаар л мөнгө олдог. Бусдын яриад байгаа шиг хүний шантаажинд ороод л байр авч өгдөг хүн байдаг юм уу. Ер нь бол би өнөөдөр бүх хүнтэй дайсан болсон. Над шиг ийм олон дайсантай хүн ховор байх аа. Одоо надад “Найз аа, тэгж туслаач, ингэж дэмжээч” гээд очих хүн алга. Ерөнхий сайд С.Баяр сэтгүүлчидтэй уулзахдаа хэлж байсан юм. Магадгүй надад хэлсэн ч байж мэднэ. “Хүн эргэж уулзах нүүртэй байх ёстой” гэж, санаж байна уу. Би бол Н.Энхбаяр гэдэг хүнтэй эргэж уулзах нүүргүй болтлоо тэр хүний бүх булхай, бүх талаар нь бичсэн. Тэр хүн ч надтай уулзья гэж боддоггүй байх. Ер нь ёс суртахууны хувьд ч хүмүүсийн одоо хардаад байгаа шиг тэр хүн намайг санхүүжүүлэх ч юм уу, би санхүүжүүлэхийг гуйх нь хэтэрхий ёс суртахуунгүй хэрэг.
-Хэдхэн сарын өмнө л О.Магнай, ЖБатзандан, Г.Баасан эгч та нар их дотно байсан. “Долдугаар сарын 1”-ний үйл явдлын дараа Магнайг Ганцхудагт хоригдчихоод байхад нь бараг чи л ганцаараа тэр залууг өмөөрч, 26-хан настай залуу алдаж болно гэж бичиж байсан. Гэтэл тэд өнөөдөр чамтай хамт байж чадаж байна уу?
-Хувиараа найзууд хэвээрээ. Батзандан, Магнай хоёртойгоо утсаар ярьдаг. Магнай утсаар яриад “Дэмжиж байгаа шүү. Найздаа хэрэгтэй юм байвал хэлээрэй” гэж байсан. Саяхан Батзандангийн маань аав нь өнгөрөөд бид ажил явдалд нь очсон. Тэгэхэд бас л дэмжиж байгаа гэдгээ хэлж байсан. Харин улс төрийн зарчмынхаа хувьд бид нар одоо нийлээгүй. Тэр хоёр улс төрийн намыг өмөөрч харин би шүүмжилж байгаа. Зарчмын хувьд нэг биш болохоор уулздаг тоо маань одоо цөөрсөн.
-“Баасан эгч” гэж хүндэтгэж, байнга дэмжиж ирсэн хүн чинь саяхан нэг телевизээр чиний эсрэг үг хэлж байхыг сонссон. Чи мэдсэн үү?
-Харин тэгсэн байна лээ. Би одоо чамаас эхлээд л амаа асуулгаад сууж байгаа. Хүн надад хэлэхээр нь би итгээгүй. Тэгээд өөр рүү нь утасдаад асуусан чинь тиймэрхүү агуулгатай юм ярь сан л юм байна лээ. Яахав намайг гэхээсээ илүү хажуудах хүмүүс нь шударга биш хүмүүс, ард нь Энхбаяр байгаа гэсэн юм шиг байна лээ. Би Баасан эгчийг арай ч тийм юм яриагүй гэж итгэсэн чинь ярьсан л юм билээ.
-О.Магнай “Долдугаар сарын 1”-ний үймээнээр ямар баатарлаг, эр зоригтойгоор олон нийтийг уриалж, удирдаж байлаа. Гэтэл Ганцхудагт ганц сар хоригдоод гарч ирэхдээ арай дэндүү арчаагүй байдалд орсон байсан. Түүний үгээр явсан олон сайхан залуус, хүүхдүүд тэр аймаар газарт нь ганц байтугай хэдэн сар хоригдсон шүү дээ. Уучлаарай одоо би нэг эвгүй юм асуух гэж байна. Хэрэв ямар нэг байдлаар ийм муу юм болбол чамд тэр бүгдийг даагаад, үүрээд гараад ирэх сэтгэлийн болон биеийн тэнхээ, хат, эр зориг байгаа юу. Чи чинь турьхан, жаахан бүсгүй хүн ч гэсэн энэ том хувьсгалын хэмжээний үйл хэргийн төлөө зүтгэж байгаа удирдагч шүү дээ. Удирдагч хүн ямар ч эрсдлийг тооцоолж, үүрээд, даагаад үлдэх хаттай байх ёстой гэж би боддог.
– Чиний хэлдэгтэй яг санал нэг байна. Бүх юманд бэлэн болж байж ийм юм руу орох ёстой. Энэ чинь маш том зүйл шүү дээ. Ганц миний асуудал биш. Би өөрөө одоо юунд ч бэлэн байна. Удирдагчид өөрсдөө улцагнаж, нялцганаж, урваж шарвадаг байх юм бол түүнийг дагаж байгаа үзэл санаа, үнэт зүйл байхгүй болчихдог байхгүй юу. Чи сая Магнай дээр ярилаа. Гэтэл АН мөн ялгаагүй ингэсэн байхгүй юу. Хүмүүс ардчилал гэдэг юмыг үзэл бодлоо болгоод АН-ыг өмнөө түрээд, туг болоод явж байхад Хувьсгалт намтай нэгдээд хувааж идээд, хулхидаад явчихаар тэр ардчилал гэсэн үзэл санаа, хүмүүсийн итгэл үнэмшил буураад, балраад эхэлчихэж байгаа байхгүй юу. Тийм учраас иргэний хөдөлгөөнүүд, ард түмний хөдөлгөөн болон надад орон зай гарсан. АН шударга, зарчимтай байсан бол надад ингэж “тоглох” орон зай байхгүй байсан. Үзэл бодол мөн чанартай тууштай байна гэдэг их тэвчээр шаардсан зүйл. Үүнийг би ухамсартайгаар ойлгож ийм зүйл рүү орсон.
-Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөний ард байгаа хүний нэг нь М.Энхсайхан гэсэн хардлага байгаа. Энхсайхан гуай та хоёр бас АН-д байхын л гайгүй ойлголцдог байсан гэж хүмүүс ярьдаг юм билээ.
-Би Энхсайхан даргатай байнга уулзаад байдаг хүн биш. М.Энхсайхан дарга нам байгуулаад гарахад би тэр намд нь ороогүй. Өөр өөрийнхөөрөө л замаа хөөгөөд явсан. Уулзаад санал бодлоо солилцоод байдаггүй. Батцогт ах ҮШН-ын гишүүн. Бид хоёр энэ холбоог анх байгуулахдаа л зарчмаа тохирсон. Энэ зарчимдаа хатуу байдаг. Би ч бас Ногоон намын гишүүн.
-Ногоон намын гишүүн ээ. Хэзээ элсчихсэн юм бэ?
-Яг сонгуулийн өмнө 2008 оны сонгуулиар аль ч намын харьяалалгүй байж болохгүй гээд энэ намд элссэн шүү дээ. Би гэхдээ Ногоон намд татвараа төлдөг, хариуцлага хүлээдэг мундаг гишүүн нь биш. Ямар ч байсан намын гишүүний үнэмлэхтэй л хүн.
-Ногоон намд орж, нэр дэвшиж байснаас АН-аас дэвшсэн бол шанс илүү байсан байх.
-Үнэхээр том шанс байсан. Элбэгээ даргаас тийм санал ирж байсан. Иргэний хөдөлгөөнөөс долоон хүн нэр дэвшүүлье гэсэн. Харин бид нар 10-ыг гэсэн. Тэгээд тоон дээрээ тохироогүй. АН иргэний хөдөлгөөнүүдээс тодорхой хүмүүсийг намаасаа нэр дэвшүүлье гэж байсан. Тухайн үед иргэний чиг баримжаатай хүчнүүд нийлж, эвсэл болж сонгуульд орох улс төрийн тохироогоо хийчихсэн байсан. Тиймээс нэр дэвшвэл тэр үед эвсэлд орсон аль нэг намын гишүүн байхаас өөр боломжгүй нөхцөл байдал бий болчихсон байсан юм. Тэгээд л НН-д элссэн. Тэр үед АН-ыг ард түмэн маш хүчтэй эсэргүүцдэг байсан. Хувьсгалт намтай нийлээд хамтарсан Засгийн газар байгуулчихсан намд би элсчээд, АН-аас нэр дэвшиж байгаа чинь ямар учиртай юм бэ гээд хүмүүс асуувал би юу гэж тайлбарлах юм бэ?
-Нэр дэвшсэндээ одоо харамсдаг уу?
– Үгүй. Би сайн санал авсан шүү дээ. Би голдоггүй. 20 хувь гэдэг чинь их санал.
-Чамайг саналаа худалдах гэж нэр дэвшсэн гэсэн яриа гарч байсныг санаж байна.
-Тэгж байсан. Нэг нөхөр намайг АН-д зарах гэж үзсэн байсан. Одоо Уянгаа тэдэн төгрөг зарчихсан байгаа. Тэдийг өгвөл нэрээ татна гэж гүйсэн байсан. 2009 оны нөхөн сонгуулийн үеэр байх аа. Иймэрхүү байдлаар намайг зарах гэсэн юм гардаг юм аа.
– Чамайг тэгээд хэд хүргэж үнэлсэн байсан вэ, тэр хүн.

-50-60 сая хүрсэн юм биш үү. /инээв/ АН намайг ямар арчаагүй амьтан бэ л гэж бодож байсан байх. Ийм хүмүүс үй түмээрээ байна шүү дээ. Тэрнээс болоод үл ойлголцол маш их бий болдог.
-Тэр хүнийг тэгээд олсон уу. Хэн байсан бэ?
-Тийм хүмүүс чинь хамгийн ойр, хажууд байдаг юм билээ. Тэгж байж л хүнд итгэл төрүүлдэг. Тэгээд Уянгаа өөрийгөө зарах гэж тэр хүнийг явуулсан гэж ойлгогддог. Ингэж хүн зарж иддэг увайгүй хүмүүс яг хажуугаас гардаг юм билээ. Болгоомжтой л байхгүй бол хэцүү юм байна лээ. Ийм юм ганц энэ удаа ч биш өмнө нь ч гарч байсан. Гаалийн Баатар гуай дээр ч очиж байсныг би сүүлд мэдсэн. Баатар гуай сэтгүүлч Л.Ганчимэгт өгсөн ярилцлагадаа хэлсэн байсан. Намайг зарах гээд явж байсан тэр хүн нь тухайн үед бид хоёртой ойр байсан Засгийн газрын гишүүн хүн байсан юм.
-Арай ч дээ. Сайд хүн тэгж байсан гэж үү.
-Тийм аймаар. Одоо ч тэр хүн төрийн өндөр алба хашдаг. АНын хүн байсан. Ийм хүмүүсийн гайгаар Уянгаа өнөөдөр хүн рекетэлж мөнгө нэхдэг гэсэн л ойлголтыг нийгэмд төрүүлсэн. Сү Батболдтой эвлэрүүлэх гэж 10 сая төгрөг өгье гэсэн хүн ч байсан. Их л юм болж байсан даа.
-Одоо Амлалт нэхэх ард түмний холбооны үйл ажиллагааг аргалах гэж мөнгө өгье гэх санал ирж байна уу?
-Одоо энийг дийлэх ч үгүй. Ганц намайг аргалаад яах юм бэ. Энэ олон аймагт салбартай болчихсон, энэ олон хүнийг яах юм бэ. Хүмүүс надад итгэж байна. Энэ л надад сайхан байна. Энэ их итгэлээр тоглох эрх надад байхгүй. Ийм олон хүнийг босгочихоод хэн нэгэнд худалдагдах ч юм уу, нам энэ тэр гээд л явчихвал ард түмэн хэнд итгэх юм бэ.
– Нууц биш бол танай гэр бүл цалингаас өөр орлоготой юу?
-Хуягаа бид хоёр 2001 оноос хойш улстөрчдөд болон компаниудад PR зөвлөгөө өгч эхэлсэн. Энэ чиглэлээрээ бид хоёр нэг компанитай.
-Иргэний хөдөлгөөн, улс төр гэж зовж байхаар гэртээ суугаад хүүхдээ хараад, сайхан гэрийн эзэгтэй байхыг хүсэхгүй байна гэж үү. Миний мэдэхээр чи охиноо төрүүлснээс хойш улс төрд улам эрчимтэй орлоо. Хэдхэн сартай хүүхдээ ээждээ үлдээчихээд л. Амар тайван сууж болохгүй байна уу?
-Илжиг модон хударгандаа гэгчээр нийгмийн ажилд оролцож, амьдралдаа идэвхтэй байж сэргэдэг хүн гэж байна ш дээ. Нэг хэсэг зусландаа хүүхдээ хараад, гэртээ амраад л сайхан байсан. Манай зуслан угаасаа утас ч барьдаггүй, зурагт ч гардаггүй. Нэг хэсэгтээ сайхан амарсан. Нэг сар, хоёр сар, гурван сар түүнээс цаашилахаар цаашдаа яах вэ, юу хийх вэ, гэртээ суугаад гэрийн эзэгтэй л болох уу гээд л өчнөөн л юм бодогдлод эхэлдэг юм билээ. Тэгээд идэвхтэй байдлаа санагалзаж эхэлнэ. Тэрэндээ орохгүй болохоор сэтгэл санаагаар унана, онцгүй болно. Тэгээд л нийгмийн амьдралдаа идэвхтэй оролцьё, би юу хийж чадах вэ гээд л чаддаг юм аа барьж аваад явахаар сэргэчихдэг юм билээ. Тэгээд л охиноо дөрвөн сар хүргээд л ажиллаж эхэлсэн.
-Охиноо одоо хөхнөөс нь гаргачихсан уу?
-Үгүй ээ. Одоо ч охиноо эмээ дээр нь хаяад л явчихна. Хүүхэд юм чинь ээжийгээ санана. Мээмнээс нь гаргачихья гэхээр өрөвдөөд байх юм. Яг нэг юм хайгаад байхаар нь өрөвдөөд л хөхүүлчихнэ. Манай аав, ээж хоёр л миний хоёр хүүхдийг өсгөж өглөө шүү дээ. Гэртээ байгаа мөртлөө өвөө, эмээгээ ирэхээр гэртээ харья гээд дагаад байгаа юм чинь.

-Аав, ээж хоёр чинь чамд санаа зовдог л байх даа.
– Аав, ээж хоёр маань миний охин өөрөө л мэдэж байгаа гээд чаддаг юмаараа л тусалья гэдэг. Аав, ээж хоёрт хүүхдүүдээ үлдээсэн байхад би санаа зовдоггүй. Энэ өвөлжингөө л хүүхдүүдийг маань харлаа. Өнөө айхтар ханиад томуу гарч байхад хамраас нь ч нус гаргаагүй. Хөөрхөн бондойлгоод л сууж байна. Болгоомжтой байгаарай гээд л зөвлөдөг юм. Хаяа нэг саналаа хэлнэ. Ер нь бол юманд оролцдоггүй. Миний хүүхдүүд өөрсдөө мэдэж байгаа биз дээ л гэдэг. Энэ бол аягүй мундаг дэмжлэг шүү дээ.
-Ингэхэд чиний нутаг ус, гарал үүсэл хаанахых вэ?
-Би Улаанбаатарын унаган хүүхэд. Аав, ээж маань Сүхбаатарынх.
-Эцэг, эхээсээ хэдүүлээ вэ?
-Дөрвүүлээ. Би айлын том. Тэд маань одоо бүгд өөр өөрсдийн ажил, амьдралтай.
-Ярилцлагаа өндөрлөхөөс өмнө нэг асуулт асуумаар байна. 10 жилийн өмнөх Уянгаа одоо өөртөө итгэлтэй, хэнээс хараат бус өөрийн амьдралыг босгож чадсан байна. Харин 10 жилийн дараах Уянгааг хэрхэн төсөөлж байна. Хэн болсон байх вэ.
-Одоо бид хоёр ямар ч байсан орох оронтой, хүнээс ажил гуйхааргүй, өөр өөрсдийгөө санхүүжүүлээд байх хэмжээний боловсрол, мэдлэг, туршлага чадвартай болжээ. Хүмүүс одоо юу гэж боддогийг мэдэхгүй. Миний нөхөр “25 дугаар суваг” телевизийн цалинд гэхээсээ илүү хамт олон, дуртай ажилдаа өөрийгөө зориулж байгаа. Цалин гол биш, өөр түвшинд хардаг болсон. Нийтлэл бичиж байна. Тэр бүхэн нь үнэ цэнэтэй байна. Baabar.mn, “Өдрийн сонин” нийтлэлийг нь тодорхой хэмжээгээр үнэлээд авч байна. Заримдаа үзэл бодол нийлсэн таарсан юман дээр томоохон захиалга авч бичнэ. Гэхдээ үзэл бодол зарчим нийлэхгүй бол татгалзана. Бүх юмыг мөнгөөр хэмжиж болохгүй. Тэр яаж амьдардаг юм бэ, худалдагдсан завхарсан гээд л Монголдоо байгаа гайгүй залуу хүн бүрээ нүд үзүүрлэд байвал яах юм бэ. За яршиг гээд хаяад явмаар үе, боломж надад зөндөө л байсан. Тийм бодол надад төрж ч байсан. Одоо үүнийгээ болих цаг болсон. Би 10 жилийн дараа ямар болох вэ гэдгээ төсөөлж байгаагүй юм байна.

-Чиний ярианаас одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой ойр харилцаатай гэж ойл гогдлоо. Ерөнхийлөгч болс ноос нь хойш уулзсан уу?
-Манай Хуягааг АН-ын нарийн бичгийн дарга болооч гэдэг санал тавихад нь хамт очиж уулзсан. Еөнхийлөгч болсноос нь хойш уулзаагүй. Түүний одоогийн барьж байгаа улс төрийнх зарчмын хувьд санал огт нийлдэггүй. Өөрөө 90 онд хувьсгал тэмцэл хийж нийгмийг өөрчилнө гэж гарч ирж байсан хүн өнөөдөр улс орон ийм нөхцөл байдалд хүрчихээд байхад одоо хувьсгал хэрэггүй гэж биднийг үгүйсгэж байна. Энэ нь харин өөрийг нь ардчилсан Ерөнхийлөгч мөн үү, биш үү гэж эргэлзэхэд хүргэж байна. Өөрөө хэн байснаа, хэн болчихоод байгаа юм бэ. Ардчилсан биш хандлага гаргаж байгаа нь сонин санагдаад байгаа. Ерөнхийлөгч ийм байр суурьтай байхаар л энэ систем, тогтолцоог өөрчлөхөөс ямар ч гарцгүй болсныг батлаад байгаа юм. Хувь хүнийхээ хувьд ямар нэгэн асуудал байхгүй. Харин улс төрийн зарчим, байр суурийн хувьд түүнтэй огт нийлэхгүй.
-Магадгүй албан тушаал хүний бүх юмыг өөрчилдөг юм биш үү?
-Албан тушаал дагаад хүн өөрчилдөг л юм шиг байна. Ер нь бол хүнээсээ л болно. Би эрх мэдэлд хүрнэ гэдэг дээр тууштай байя гэсэн бол ямар ч арга замыг ашиглаж тэр зорилгодоо хүрч чадна. Хувьсгалт нам намайг намдаа орооч гэдэг санал саяхан тавьсан. Ичинноровын өмнөхөн. Бас ямар ч гэлээ нэг албан тушаал ч ярьсан. Заавал албан тушаалтай байх нь чухал юм бол би ямар ч арга замаар энэ мэтээр хүрч болохоор л байна. Тийм биш шүү дээ. Өөрөө үзэл бодол, зарчимдаа тууштай байвал хэзээ нэгэн цагт юманд хүргэж магадгүй. Надад тэрэнд шунах юм үнэндээ алга.
-Ёстой сонин мэдээлэл байна. Хувьсгалт нам хөдөлгөөн байгуулсны чинь дараа ийм санал тавьж байгаа юм уу?
-Хөдөлгөөн байгуулсны дараахан. Хувьсгалт намынхан ёстой чөлөөтэй сэтгэж байна аа гэж би хэлсэн байхгүй юу. Яаж намайг, хувьсалт намд ороод тэндээс албан тушаал авна гэж бодож чадаж байна аа. Ямар мундаг хийсвэр сэтгэлгээтэй юм бэ, Хувьсгалт намын шинэ үеийнхэн гэсэн. Манай хүн сонсчихоод энийг бүүр абстракт сэтгэлгээ гэсэн гээч. Уянгаа хувьсгалт намд ороод албан тушаалд очно гэж сэтгэж чадаж байгаа нь үнэхээр гоё байгаа байхгүй юу.
-Одоогийн шинэ үеийн залуу дарга нар нь тийм санал тавиа юу. Хуучны луглагарууд арай тэгж сэтгэхүй байлгүй дээ?
-Гэхдээ л тэр чинь бас дунд үеийнхэндээ орно л доо.
-За хоёулаа яриад л байвал дуусашгүй нь. Сүүлчийн асуулт гэсэн мөртлөө үргэлжлээд л …. Илэн далангуй ярилцсанд баярлалаа. Эхлүүлсэн энэ том ажилд чинь амжилт хүсье.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.