Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ОЮУТОЛГОЙГ УЛСТӨРЖҮҮЛЖ, ОЛНЫГ ТУРХИРАХ ЭЭЛЖИТ ОРОЛДЛОГЫН ЦААНА…

Оюутолгойг тойрон уралдсаар хэдэн жилийг үдэв. 45 сая тонн зэсийн нөөцтэй эл орд газар сүүлийн зургаан оны туршид Монголын улстөрчдийн цээжээ балбах шалтаг, иргэний хөдөлгөөнийхний эх орончийн дүрд тоглох шалтгаан болсоор ирэв. Оюутолгой тойрсон шоу дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ буурахад намжиж, шар алтны ханш эрс өсөхөд ширүүсдэг заншил тогтлоо. Чухам энэ л маягаар Оюутолгойн гэрээг үгүйсгэсэн ээлжит синдром энэ хаврын улс төрийн амьдралын хөдөлгүүр болж хувирлаа.


 МОНГОЛЫН ТӨРИЙГ ХАРИЙН МӨНГӨӨР УДИРДАХ ЭЭЛЖИТ АРГАЧЛАЛ

Монголын Оюутолгой хэмээх дуусдаггүй үлгэр, дугараа татдаггүй найраас дэлхий нийт залхах тийшээ хандав. Өмнөговийн Ханбогд сумын нутагт байх эл орд газрыг Сүх жанжны талбайд жагсаал болгон худалдаж, хэвлэлийн хуудаснаа мессэж болгон нисгэж, Төрийн ордон руу шидэх улаан лооль болгон арилжсан тохиолдол бүрийг тоолох аргагүй. Гэхдээ энэ удаа Оюутолгойн гэрээ улс төрийн илүү том зорилго өвөрлөсөн нэгний илд сэлэм, гаднынхны мөнгөөр Монголын төрийг захирах гэсэн далд санаархлын аятайхан шалтаг болон харагдаж, үүнийхээ хэрээр шуугиан дэгдээж байна. Эл орд газартай нэр холбогдсон бүхэн хардлага дагуулдаг жишиг тогтсон нь ч нууц биш. Оюутолгойн гэрээг баталсан нь байтугай дэмжсэн нь хардуулдаг, эсэргүүцсэн нь ч сэжиг дагуулдаг болсоор удав. Ямар гээч том эрх ашиг энэхүү цуутай толгойг тойрон уралдаж байгаа нь эндээс харагдана.
Эцэстээ 45 сая тонн зэсээс ч үнэтэй эрх мэдлийн төлөөх тэмцлийн эвтэйхэн гишгүүр нь монгол түмний нүд, сэтгэлээ чилээн ширтэж буй Оюутолгой болж хувирлаа. Оюутолгойн гэрээг буцааж, хөх Монголыг дэлхийн шившиг болгох санаархал хэнийх вэ? Энэ бүхний цаана юу байна вэ?

Н.ЭНХБАЯР ХУВИЙН “АРМИТАЙ” БОЛНО ГЭВ ҮҮ?
Хаврын эхэн сартай уралдан хөдөлгөөнд орсон Монголын улс төр АН-д Ардчилсан хүчний холбоо байгуулагдсанаар эрчимжсэн. Гудамжнаас суга дэвшин, Төрийн ордонд тухалсан гэж хэлж болно. Төрийн түшээдийн зиндаанд улс төр ярих боломжийг тэдэнд АН-ын ҮЗХ-ны ротацийн будлиан бий болгосон билээ. МАХН ч ялгаагүй энэ хаврыг амьсгаа дээртэй угтсан. МАХН, АН-ыг дамнан өрнөж, улс төрийг бүхэлд нь бужигнуулах хэмжээнд хүчээ авсан эл тоглолтын ард Монголын төрд эргэн ирэх хүсэлтэй нэг л хүн байгаа нь үндсэндээ тодорхой болсон гэж хэлж болно. Өөрийн гэж өмчилсөн телевиз, сонинуудаар ярилцлага өгч, нам нэгт нөхдөө нам муулж, сэм ташуурдсан Н.Энхбаяр улс төр, бизнес, уул уурхай гэхчлэн бүхий л салбарт эзэн Чингисийн нэртэй ассоциациараа дамжуулан хувьсгал хийхээр бэлтгэлээ базааж эхэлсэн талаар хэвлэлийнхэн мэдээлсэн нь бий. Ямартай ч тэрбээр харуул хамгаалалтын томоохон албатай болох гэж байгаа тухай яриа хүчний байгууллагынхны өнгөрөгч долоо хоногийн халуун мэдээ байлаа. Зарим нь Н.Энхбаяр хувийн арми, цагдаатай болох гэнэ хэмээн энэ мэдээг “орчуулж” сонсогдсон. Гайхалтай нь түүний сонирхож байгаа хамгаалалтын систем Монголын хүчний байгууллагынхны мөрөөдөл болсон хамгийн сүүлийн үеийн, хамгийн өртөг өндөртэйд тооцогддог гэх. Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа төрийн хамгаалалтыг хувийнх шахам болгоод байсан тэрбээр юуны учир цэрэг цагдаагийнхны мэргэжлийг ажил хэрэгч байдлаар сонирхох болов. Өөрийгөө хамгаалах олон шалтгаан түүнд байгаа нь мэдээж. Гэхдээ хуулийн дагуу одоо ч төрөөр хамгаалуулж байгаа Н.Энхбаяр өөр эрх ашгийн үүднээс хувийн “армитай” болохыг хүссэн байж болох талтай.

АНАРХИЗМД УРИАЛСАН ЦУСАН ТАНГАРАГ БА ХАР ДОМ
Ийнхүү өнөөг хүртэл иргэн хэмээх тодотголд дасахгүй, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч хэмээн зориуд цоллуулсаар байгаа Н.Энхбаяр ар талаа бэхжүүлж байх зуур Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөнийхөн олны нүдэн дээр цусан тангараг өргөж, амгалан түмнийг хиртхийлгэв. Улс үндсээ аврах андын тангараг гээчийг өргөн, халуун цусаараа тамгалан харгис дом үйлдсэн тус хөдөлгөөнийхөн одоо болохоор амлалт нэхэхээ ч больсон сурагтай. УИХ, Засгийн газарт амласан амлалтыг нь сануулах нэрээр жагсаал цуглаан зарлан, зүй бус хувьсгалд уриалан дуудаж асан энэ эрхмүүдэд эдүгээ намуудын амлалт биелэх, үгүй нь сонин биш, Парламентыг тарааж, Засгийн эрхийг авах нь чухал болж хувирав бололтой. Чингэлтэйн нөхөн сонгуулийн үеэр МАХН-д 30 саяар биеэ үнэлэн, АН-д дамлан худалдах оролдлого хийж байсан нэгэн эмэгтэй эл хөдөлгөөний удирдлагад багтсан нь мөнгө, өнгөний ээлжит “хувьсгал” эхэлснийг сануулж байж ч болох. 30 саяар талбайд жагсан, гурван өрөө байраар цуглаан зохион байгуулж асан иргэний хөдөлгөөний “загалмайлсан эцгүүд”-ийн зарим нь АН-ын ҮЗХнд шургалж амжлаа. Нэг утаснаас зүүгдсэн хүүхэлдэйнүүд цусан тангараг, цуглаан жагсаал гэхчлэн олон түмний сэтгэлзүйгээр тоглон, тэдний амь нас, эрх чөлөөгөөр дэнчин тавьж буйн илрэл энэ бус уу?! Хэдхэн хоногийн өмнө МАХН-ын дарга С.Баяр нас барсан тухай андуу мессэж утаснаас утасны зүг нисэв. С.Баяр эргэн ирсэн нь улс төр, эрдэс баялгийн салбарыг хамарсан “хувьсгалд” санаархагчдад томоохон саад учруулав уу, эсвэл олны сэтгэлд түгшүүр, дарамт авчрах ээлжит оролдлого уу. Энэ мессэжээс өнөөх л хариас хуулбарласан технологи үнэртэж байгаа нь хачин.

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙГ ГАДНЫН ТЕХНОЛОГИОР АШИГЛАХ НЬ
Жагсаал цуглаантай уралдан нийгмийг түгшүүрт автуулсан нэг зүйл бол газар хөдлөлтийн талаарх баталгаатай бус мэдээлэл. Дөрөвдүгээр сарын 5, 28-ны өдрүүдэд газар хөдөлнө хэмээн гайхалтай мэргэн зайран мэдэгдсэн юм байх. Үүнтэй зэрэгцэн газар хөдлөлтийн үеэр орон байрнаасаа дүрвэх талаар цэнхэр дэлгэцээр баахан хичээл заав. Зориуд зохион байгуулсан жагсаал, цуглаанаа амжилтад хүргэж, аль болох олон хүн хамруулахын тулд газар хөдлөлт хэмээх мессежийг ашигладаг гаднын технологи байдаг талаар учир мэдэх улс шивнэлдэж байна. Газар хөдлөлтөөс эмээсэн иргэд нэгэнт гудамжинд гарсан тохиолдолд эмх замбараагүй байдалд татагдан орж, улайран улангасдаг болохыг судлаачид тогтоосон туршлага байдаг аж. Магадгүй, газар хөдлөлт хэмээх байгалийн үзэгдлийг улстөржүүлэн ашиглах болхи оролдого Монголд давтагдаж болохыг үгүйсгэх аргагүй. Ямартай ч газар хөдөлнө хэмээн мэдэгдэж буй дөрөвдүгээр сарын 5-ны өдөр өнөөх Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөнөөс зохион байгуулж буй жагсаалтай давхцаж байгаа нь нэгийг хэлж буй. Үүнээс гадна ашигт малтмалын арвин их нөөцтэй ядуу буурай орнуудад цагдаа болон иргэдийн дунд жагсаал цуглаанаар хар чулуу хаяж, мөнхийн самуун дэгдээдэг гаднын мөнгө хүүлэгч том компаниудын золиос нь Монгол болоход ойрхон байгааг санахад илүүдэхгүй л болов уу.

ОЮУТОЛГОЙН БУС, ЗАСГИЙН ГАЗРЫН ХУВЬ ЗАЯАГ ХӨНДӨХИЙН УЧИР
Ийнхүү амлалт нэхсэн жагсаал, АН-ын ҮЗХ-ны төдийлэн таагүй шинэхэн бүтэц, газар хөдлөлтийг сурталчилсан түгшүүрт ажиллагаанууд, Н.Энхбаярын харуул хамгаалалтын хувийн алба, С.Баяр эргэн ирсэн өдрүүд, МАХН-ын намжмал байдалтай давхцан Оюутолгой улстөржив. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг буцаах тухай ил, далд ярьж, эх оронч, урваачаараа дуудалцан дээгүүр доогуургүй бужигнаж байна. УИХ-ын гурван ч байнгын хороо хуралдах гээд ирц бүрдсэнгүй. Оюутолгойн гэрээний асуудлаар гурван байнгын хороо хуралдан, бяцхан улс төр хийхээр “хуйвалдсан” байж болохыг эх сурвалж үгүйсгэсэнгүй. Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайханыг эс тооцвол Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболд нар Оюутолгойн гэрээг эрс эсэргүүцэж ирсэн бөгөөд цаагуураа яривал Н.Энхбаяраар овоглосон улс гэсэн яриа эл өдрүүдэд Төрийн ордонд түймэр мэт дэгдсэнийг энд дурдъя. С.Батболд, Н.Алтанхуяг нарын ахалсан хамтарсан Засгийн газар хүн бүрт 1.5 сая төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар олгож, 100 мянган орон сууц барьж иргэдийн нийгмийн асуудлыг шийдэх, 2000 км төмөр зам, 8000 км авто зам тавих, Сайншандыг үйлдвэрийн хот болгох шийдвэр гаргалаа. Хэдий хямралын үе боловч, хэдий улс төрийн байдал ороо бусгаа байгаа боловч хамтарсан Засгийн газар хөгжлийн зүг бүх боломжоороо тэмүүлж байгааг эндээс харж болно.

“БИЕЭ ҮНЭЛЭГЧЭЭР” УДИРДУУЛААД ХУВЬСГАЛ ХИЙНЭ ГЭВЭЛ…
Угаас ямар ч юм өөрийн гэсэн зүй тогтол, хөгжлийн хурдтай. Оюутолгой, Тавантолгойг ашиглаж эхлээгүй байхад амлалт нэхдэг, ганцхан алхаад гайхамшгийг авчир гэж тушаадаг алтан загасны үлгэрийн эмгэний ухаан монголчуудаас гарах учиргүй. Харин монгол түмний нэрийг барьж, гаднын мөнгөөр гараа угаагчид л ингэж туйлж, шаардаж, цөвүүн цагийн хаалгыг тогшиж чадах билээ. Ямартай ч хувьсгал гарахыг шахав. Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров ахайн хэлснээр “хувьсалгүй хувьсгал” гамшиг дагуулах дөхөв. МАХН, АН-ын гол дүрд тоглон төөрөлдсөн зарим гишүүд учраа олж, улс төр дэх тоглоомын хүүхэлдэй болохоос зайлсхийж эхэллээ. Холбоо, хөдөлгөөнүүд цаг бусын жагсаал, цуглаанаас татгалзаж байгаагаа илэрхийллээ. Ганц нэг хүний эрх мэдэл, эрх ашгийн золиос биш гэдгээ ухаарсан нь энэ. Тэгээд ч “биеэ үнэлэгчдээр” удирдуулаад хувьсгал хийдэг бол өвөг дээдсийн сүнс гомдох байлгүй. Хэдэн зууны унаж, боссон түүхтэй монгол түмний үр сад гэж яваад ч яанам билээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.