Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Уудаг урлаг

Шөнө дөлөөр “Strings” клубийг зорилоо. Монголд анх удаа зохиогдсон бармен шалгаруулах тэмцээнд хоёрдугаар байр эзэлсэн Б.Сэргэлэнтэй уулзах гэж тэр. Тэрбээр энэ клубт хоёр жил ажиллаж байгаа юм. Гоё өнгөтэй, сайхан үнэртэй ундааг амталмагцаа “дахиад” гэж хэлэх шиг болдог. Энэ ундааг төрөл бүрээс нь амталж үзмээр болтол “ятгаж” дөнгөдөг юм даа. Энэ бол коктейль. Чихэрлэг, исэллэг, шүүслэг гээд өөр өөрийн өвөрмөц амттай. Түүний зохиосон гэх шинэхэн коктейлийг амтлангаа бидний яриа ийнхүү өрнөлөө.

-Чи шөнө л ажилладаг юм уу?

-Орой 18.00 цагт ажил эхэлдэг. Тэгээд л үргэлжилнэ дээ.

-Анх хаана коктейль хийж сурсан юм бэ?

-Сонирхлоороо сурсан. Би дуртай. Энэ л хангалттай байх. Манайд энэ чиглэлийн сургууль гэж байхгүй ш дээ.

-Сонирхоод л сурчихлаа гэж үү. Тийм амархан юм уу?

-Аливаа юманд дурлаж байж л сайн сурдаг гэж боддог. Хэрэв сонирхохгүй л юм бол хэчнээн амархан ажил байгаад хэрэггүй шүү дээ. Би л бол интернэтээр мундаг барменүүдийн дүрс бичлэг үзнэ. Дуурайж хийнэ. Мөн орц найрлагыг хэрхэн тохируулах талаар дэлгэрэнгүй өгүүлсэн ном, товхимол зэргийг судлана даа.

-Их олон төрлийн коктейль байдаг. Үндсэн ангилал бий юу?

-Коктейлийг ерөнхийд нь Short drink, Long drink гэж хоёр ангилдаг. Short drink нь урт хөлтэй, задгай амсартай балалайк хэлбэрийн аяганд хийж өгдөг. 20 минутын дотор уухгүй бол амт нь гарчихдаг юм. Харин Long drink нь хавтгай ёроолтой ”tumbler” юмуу богино хөлтэй бондгор (goblet) аяганд хийх зориулалттай. Мөн л 40 минутаас хэтрэлгүй уух ёстой.

Коктейлийг хурдан уух ёстой гэж үү?

-10-30 минутын дотор л уух хэрэгтэй шүү. Тэрнээс биш бариад яваад байдаггүй. Амт нь хувираад байдаг гэмтэй. Энэ бол зүгээр хугацааны заалт. Харин найрлагын хувьд сэрүүн, халуун гэж ангилна. Хийжүүлсэн ундаа юмуу жимсний шүүс, содтой усаар шингэлж алкоголийг нь бууруулж, мөстэй хийснийг нь сэрүүн ундаа гэдэг. Бас халуунаар уудаг коктейль гэж бий, ихэвчлэн алжаал тайлахад тустай байдаг юм. Ханиад бол нам ш дээ. Манайхны хар нүдэнтэй төстэй.

-Ер нь ямар үед коктейль уухад тохиромжтой байдаг юм бэ. Тусгай зориулалтынх гэж байх уу?

-Ямар коктейлийг хаана, ямар зорил гоор уухаасаа хамаарна. Оройн хоол ны өмнө, хоолны дараах, шөнийн, үдэшлэгийн, өдөр тутмын гээд олон янзаар ангилдаг. Орц найрлага нь ч өөр.

-Тэгвэл орц найрлагын талаар яриач. Зарим клубт жинийг архиар, жимсний шүүсийг ундаагаар орлуулдаг юм билээ.

-Коктейль найруулахад виски, брэнди, жин, цагаан архи, ликёр, текила гээд алкоголь өндөртэй архийг суурь болгож, амт үнэрийг нь тохируулдаг. Заримдаа орлуулах тохиолдол бий. Гэхдээ орлуулчих юм бол амт нь хувирна. Коктейлийн орц найрлагыг жаахан өөрчлөөд яг өөрийнхөө дуртай амтыг гаргаад авчихаж болдог юм. Амтлах мэдрэхүй өндөртэй хүмүүс дорхноо ялгадаг. Харин анхлан сонирхогчид нэг их анзаардаггүй.

-Анхлан сонирхогчид яагаад анзаардаггүй гэж?

-Яах вэ дээ. Шинэ зүйлийг шинэ гэдгээр нь л хүлээж авдаг юм. Харин байнга уудаг хүмүүс амтыг нь мэддэг болчихсон байдаг.

Ингээд бидний яриа түр завсарлав. Тэр ажил дээрээ байгаа шүү дээ. Захиалгын дагуу коктейль бэлтгэж эхлэхэд нь цагаа харлаа. Гурван минут. Тэр яг гурван минутын дотор “B52” хийчихлээ. Ийм жижигхэн аяганд шингэн аягалахын тулд надад 20 секунд л хангалттай байлаа. Харин тэр “уудаг урлаг”хийхийн тулд гурван минутын турш намайг гайхашрууллаа. Эсвэл “айлгалаа” гэх нь ч зөв юм уу. Хундага, саваа шидэх тоолонд нь “унах нь, унаад хагарах нь” гэсэн бодол надаас салахгүй байсан юм. Гэхдээ тэр огтхон ч алдаа гаргасангүй. Шилтэй архи өндөрт хөөрч, буухдаа нуруугаар нь дамжин хундаганд орно. Араас нь өөр олон юм эргүүлж тойруулсныг нь бас ажлаа. Үнэхээр гарамгай юм.

-B52. Найрлагыг нь хэлж өгөөч. Энд тэнд янз бүрээр л хийдэг юм билээ.

-“Нэг шот”-ын жагсаалтыг В52-гүйгээр төсөөлөхийн аргагүй. Найрлагад нь Kahlua, Amarula Cream, Grand Marnier ордог. Харин үүнийг янз бүрээр өөрчилчихсөн байдаг. В52-оос эхлээд В53, В54 гээд үргэлжилдэг юм билээ.

-Давхаргыг нь яаж үүсгэдэг юм бэ. Холилдчихдоггүй юм уу?

-Шингэнүүд тус бүртээ хувийн жинтэй. Хамгийн өтгөнөөс нь эхлээд шилийг нь дагуулж хийхээр хоорондоо уусч холилдохгүй үе үеэрээ тогтдог.

-Тэгвэл яаж дээр нь гал асаадаг юм бэ?

-Гал асдаг шингэн гэж байдаг юм. Хамгийн дээд давхаргад тэр шингэнээ хийхэд л гал асна.

-Эмэгтэй хүнд зориулсан давхаргатай коктейль ховор юм шиг ээ.

-Манайд л ховор байдаг байх. Цэнхэр Curaso, улаан дарс, жүржийн шүүс, шингэлсэн сүү гэх мэтээр үелүүлж хийвэл охидуудад зүгээр байдаг юм. Гэртээ хийгээд үзсэн ч болно шүү дээ.

-Гэртээ коктейль найруулж болдог юм уу. Хордлого авсан хүмүүс байдаг юм билээ.

-Мэдээж элдэв юм холиод, хордоод үхчихгүй байхын тулд бага зэргийн мэдлэг хэрэгтэй л дээ. Коктейль хийх сонирхолтой хүмүүсийн заавал мэдэх ёстой хэдэн дүрэм байдаг юм.

-Дүрмээсээ хэлж өгч болох уу?

-Хүн юм уухдаа амтыг нь таатайгаар мэдрэхийн тулд тухайн ундаа биеийнх нь хэмээс 25-30 хэмийн зөрүүтэй байх ёстой. Тиймээс Cold drink 6-12, Hot drink 62-67 хэм байвал зохистой.

-Яаж тохируулах вэ?

-Архи хөлддөггүй. Бас халуун зүйлийг хүн ууж чадахгүй. Тэгэхээр хэм алдагдаж, хордлогод орох нь гайгүй байдаг юм. Гол нь орц бүтээгдэхүүнээ хадгалалтын горимоор л хадгалах хэрэгтэй. Их амархан. Архийг хөлдөөгчид хадгалдаггүйг хүн бүхэн л мэддэг ш дээ. Хөлдөөгчид хадгалсан архийг их хэмжээний мөстэй ууж болохгүй.

-Гэртээ найруулаад уучихаж болохоор “аюулгүй” ундаа зааж өгөөч…

-Green banana ликёрийг янз бүрийн шүүс, дарс, содатай устай хольж байгаад л мөстэй мөсгүй, сэгсэрсэн, сэгсрээгүйгээр нь ууж болно.

-Гэртээ хийж үзнэ гэвэл өөр юм хольж болох уу?

-Анхилуун өвс, жимсний охь зэргийг хольж болно. Эдгээр нь олон төрлийн хурц тод өнгө, үнэртэй байдаг болохоор харж, үнэрлэж таашаал авахад хэрэгтэй. Мэдээж төрөл бүрийн жимсний шүүс, жимсийг хорихгүй ээ.

-Жимсийг нь бас тохируулах уу?

-Мэдээж. Уух зүйлийнхээ амттай төстэйг нь сонговол аятайхан биз дээ. Тэгээд өнгийг нь ч бас сонгож болно. Жимсийг ихэвчлэн өнгө хослуулах гэж л хэрэглэдэг юм. Тэр надад дахин нэг коктейль хийж өглөө. Нэр нь “”. Бас л шинэ амт. Дараа нь “”, “”, “”… Ингэж би нэг дор зургаан төрлийн коктейль амталлаа.

-Коктейль уухаар шартдаг гэдэг юм билээ.

-Их хэмжээгээр хэрэглэсэн бол өглөө нь ийм зүйл болж л таарна ш дээ. Ууж эхлэхээсээ өмнө барменаасаа зөвлөгөө авах хэрэгтэй. Шартахгүй их уух, шартуулахгүй зүйл холих гээд олон юм асууж болно. Чамд заавал тусална.

-Бүх төрлөөр туслах уу?

-Тэгэлгүй яах вэ. Коктейлээр эм хийж ч болно.

-Тэгвэл одоо, нойр сэргээх эм хийгээд өгөөч. Хэлж дуусмагц тэр надад дөрвөн ширхэг кофений үр өгөөд, “зажил” гэж хэлэв. Гайхсан харцанд минь өнөөх л “зажил” гэдэг үгээрээ хариуллаа.

-Араас нь уучих.

-Юу юм бэ?

-Текилла.

-Текилла гэдэг чинь “The kill you” буюу чамайг ална гэдэг үгнээс гаралтай гэдэг биз дээ?

-Тийм ээ. Гэхдээ янз бүрээр л ярьдаг юм. Чи одоо дөрвөн цаг унтахгүй.

-Дөрвөн ширхэг үрэл, 50 грамм Текилла дөрвөн цагийн нойр даана гэж үү. Би хариугүй унтах нь…

-Харж бай. гэж хэлээд тэр зочиддоо үйлчлэхээр явсан юм. Зочдын зан араншинг тааж хэлэхийн аргагүй. Найзархаж болохгүй дүрэмтэй. Энэ дүрэм нь барменуудад тун тустай гэсэн. Учир нь найзархвал тооцоон дээрээ “унждаг”, жаахан “хүйтэн” харьцчихвал гомдол гаргах хүмүүс олон гэнэ.

-Цагаан архийг эмчилгээнд хэрэглэдэг гэдэг юм билээ. Хольж найруулдаг хүний хувьд юу гэж хэлмээр байна?

-Энэ “шот” бол эргэлзээгүй нэгдүгээрт орно. Ямар ч хольцгүй, бас өөрийн гэсэн амт, нөлөөтэй. Гэхдээ уухдаа заавал нэг үг хэлэх ёстой. Ерөөл ч юм уу, эсвэл зүгээр л “төлөө”, “cheers” гээд л боллоо. Тэгэхгүй бол хэтрүүлэх хандлага их байдаг. Ер нь амт гэж юу байдгийг зөвхөн коктейлийн тусламжтайгаар мэдчихэж болохоор юм шиг. Амтыг үгээр тайлбарлах хэцүү. Зүгээр л төрөл бүрийн амтыг хэрхэн бүтээдэг талаар бодон алхах зуур аль хэдийнэ нойр хулжжээ. Түүний хэлснээр би дөрвөн цаг унтаагүй юм даа. Мөн олон төрлийн ундаа хольж хэрэглэхдээ түүний заавраар “ажилласны” үр дүнд шарталт гэдгийг амсаагүй билээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.