Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ГЕНЕРАЛУУДЫН АЛТАН АЯГАНЫ НУУЦ

1998 оны “Ил товчоо” сонины нэгэн дугаарт “Генералууд алтан аяганаас архи ууж байна” гэсэн нийтлэл гарчээ. Ямар учиртай болохыг тодруулж бага зэрэг хөөцөлдлөө. Тухайн үед “Ил товчоо” сонинд гарч байсан “Генералууд алтан аяганаас архи ууж байна” гэсэн мэдээлэл Зэвсэгт хүчин, Батлан хамгаалах яамныхныг цочирдуулж, хэсэгтээ хөөрхөн дуулиан дэгдээсэн аж. Тус яамныхан энэ мэдээллийг цэргийн төв хэвлэлийнхээ сэтгүүлчдийг бичсэн гэж үзэж, арга хэмжээ авахдаа хүртэл тулж байсан аж. “Ил товчоо” сонины уг нийтлэлд генералуудын архи уугаад байгаа тэр аяга нь цул алт, энэ генералууд хаанаас ийм их алт олж, аяга хийлгэсэн бол гэж ойлгогдохоор бичсэн байсан юм. Үнэхээр тийм юм болов уу гэх эргэлзээ уншигчдад төрсөн байх. Дээрх асуудал ямар учиртайг мэдэх зарим хүнтэй уулзлаа. Ингэхэд генералуудын алтан аяганы нууц юу байв. 1992 онд Монгол Улс өөрчлөлт шинэчлэлтийн замд орж, хуучин нийгмийн үед адлагдаж ирсэн шүтээнээ сэргээн дээдэлж байсан цаг.

Энэ хэв маягийн дагуу Зэвсэгт хүчин, Батлан хамгаалах яамныхан Бүх цэргийн хар сүлдийг бүтээхээр болжээ. Түүхчид, эрдэмтэдээс зөвлөгөө авч, бүх цэргийн их хар сүлдийг бүтээсэн байна. Ингэхдээ сүлдний орой, титэм, бүслүүр, зэвийг алтаар бүрэх гэж Монголбанкнаас 16 грамм алт худалдан авчээ. Алтаа уусмал байдалд оруулж, сүлдний зарим хэсгийг бүрээд алттай уусмал нь илүү гарчээ. Буцаагаад алтаа шүүж хатуу хэлбэрт оруулах боломжгүй, асгачих гэхээр хайран байдаг. Энэ байдлаа дээд дарга нарт илтгэхэд ямар нэг зүйлийг өнөөх уусмалаар бүр гэж тушааж. Сүлд бүтээж байсан хүмүүс ярилцаад, жижиг зэс аяга авч өнөөх уусмалаараа бүрэхээр шийдсэн байна. БХЯ-ны Үйлчилгээ аж ахуйн газраас мөнгө гаргаж, найман ширхэг жижиг зэс аяга авч алтаар бүрсэн байна. Зэс аяганы зүс хувирч, алтан бүрээстэй болсон учир үнэ нь өсөх нь мэдээж. Ингээд нэг аягыг зургаан мянган төгрөгөөр зар гэж дарга нар үнэ тогтоожээ. Бэлэн мөнгө тоолоод авчих офицер, ахлагч үнэндээ ховорхон байсан үе. Ингээд том дарга нар нь худалдаж авсан байдаг юм билээ. 1996 онд Ардчилсан хүчин Засгийн эрхэнд гарч, Батлан хамгаалахын сайдаар анх удаа энгийн хүн ажиллаж байхад энэ нийтлэл хэвлэгджээ.

Сайд, дарга нар солигдох бүрт очиж сэм алтан хошуу өргөж, нэгнээ унагах гэдэг, өөрийн байр сууриа хадгалах гэсэн, улааныг харж урваж, шарыг харж шарваж байдаг офицерууд цэргийнхэн дотор цөөнгүй. Тэдний нэгнээс гарсан матаас явсаар олны сонорт хүрч, багагүй дуулиан болсон нь тэр юм байж. Цэргийнхэн намд харьяалагддаггүй хуультай ч хамгийн их харьяалагдаж байдгийг, бас ордны нууц ордноосоо задардгийг дээрх нууц мэдрүүлсэн гэдэг. Уламжлалаа сэргээж, шинээр бүтээсэн Бүх цэргийн хар сүл дийг Бурхан халдун ууланд цэн гүү лэх ёслол анх болсон жил Улаанбаатараас Ерөнхийлөгч, Батлан хамгаалахын сайд дарга нар онгоцоор очиж, цэргийнхэн маршаар явсан аж. Энэ үед уг ёслолд явсан нэгэн эрхэм “Би ямар унаанд суухаа мэдэхээр ЗХЖШ-ын Ар талын газрын дарга байсан Г.Жүгдэрнамжил генералын өрөө рүү шагайтал “Ороод ир” гэж байна. Генералын өрөөнд гурван хүн ширээн дээр “Болор” хэмээх сархад сөгнөчихсөн байв. Генерал Г.Жүгдэрнамжил жижиг шар аяганд архи хундаглаж “Үүнийг татаж зоригоо чангалаад алсын аян замд гарч, Хар сүлдээ цэнгүүлэн хийморио сэргээж дээ, хүү минь” гээд надад өглөө.

Би архийг авч сэржим өргөөд “Би уудаггүй” гэвэл Г.Жүгдэрнамжил генерал ёжтой инээмсэглээд “Уудаггүй гэнэ ээ. Архи гэж ийм ундаа байдаг юм мэдэж ав, алив тэр аяга” гэлээ. Генерал Г.Жүгдэрнамжил тэгээд “За, хө. Өнөөх дуулиантай алтан аяга чинь наадах чинь шүү дээ” гэв. Би аягыг авч сонирхож харлаа. Алт нь өнгөө алдаж, зэс нь цухуйж, ёроол нь ногоорсон харагдсан” гэж ярьсан юм. Тухайн үед Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын дээгүүр албаны генерал офицеруудын суудлын үнэтэй алтан аяганы дуулиан гэж нэг ийм л явдал болжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.