Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

УИХ-ыг тараах тэмцэлд иргэд аймгуудаас цуваагаар ирж оролцоно

“UB palace” өнгөрсөн бямба гаригт хөл ихтэй өнжлөө. Эх орноо аврах, төрийг өөрчлөх тэмцэлд нэгдсэн, энд болж буй арга хэмжээг дэмжсэн нийслэлийн иргэд цугларсан нь энэ. “UB palace”-ийн их танхим бараг дүүрчээ. “Хувьсгалт тэмцэлд ард түмэн ялна, дөрөвдүгээр сарын 5” гэсэн уриаг энд тэндгүй хадсан байв.

Ард түмнийг хувьсгалт тэмцэлд уриалж, ирэх сарын 5-нд орон даяар жагсаал зохион байгуулахаар мэдэгдсэн Амлалт нэхэх ард түмний холбооноос уг уулзалтыг зохион байгуулсан юм. Иймэрхүү арга хэмжээнд голдуу ахмадууд цугладаг бол энэ удаа залуус, дунд эргэм насныхан нэлээд ирсэн байв. Бас сэтгэл нь хөөрсөн согтуу хүн ч мэр сэр харагдсан. Холбооны тэргүүн, удирдлагууд болон орон нутгийн төлөөлөгчид тайзан дээр суужээ. Тус холбооны лого бүхий цэнхэр туг хаа сайгүй намирна. 2008 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо АН, МАХН-ынхны амласан нийт 2.5 сая төгрөгийг тэд ард түмний өмнөөс нэхэмжилсэн ч эрх баригчид үл ойшоосон. Тиймээс ард түмнээ мэхэлсэн УИХ-ыг тараах хувьсгалт тэмцэлд уриалсан юм.

Уулзалтад Ховд, Баян-Өлгийгөөс бусад аймаг төлөөллөө ирүүлсэн юм байна. Холбооны тэргүүн Д.Батцогт социализмыг санагалзаж буйгаа хэлэв. Үүнд нь ерөнхий зохицуулагч Г.Уянга “Тэр үед жинхэнэ төр байсан. Нэг ч иргэн төрийн хараа, халамжаас ангид байгаагүй. Гэтэл одоо төрөөс гээгдсэн хүн “хог” олон боллоо” хэмээн тайлбар хийв. Эх орны минь газар нутгийн 50 хувиас илүү нь лиценз нэрийн дор харийнхны мэдэлд, төр хэдхэн олигархийн гарт очиж 20 жилийн өмнө хийсэн ардчилсан хувьсгал замаасаа хазайсныг Г.Уянга сануулав.

Иргэд нь ядуу байхад 2004 оноос хойш “тойргийн мөнгө” нэрийн дор нэг гишүүн 1.3 тэрбум төгрөг халаасалсан гэсэн тооцоо байгаа аж. Үүгээр хүүхдийн мөнгийг жилийн турш өгч, нийслэлийн утааг 76 хувиар бууруулах боломжтой гэнэ. Мөн “2004 онд иргэний хөдөлгөөнүүд жагсаж тэмцсэн ч ард түмэн та бүхэн дэргэд минь биш ард байсан учир ялаагүй. Харин одоо ард биш дэргэд минь байгаач, тэгвэл бид ялж чадна” гэлээ. 2.7 сая хүн амтай Монгол Улс намаар хуваагдан талцахын оронд нэгдэж, төрөө, улсаа аврах цаг болсныг сануулсан үгээ тэрбээр Д.Сүхбаатарын хэлсэн “Бидний улс эв, саналыг нэгтгэн…” гэж эхэлсэн үгээр төгсгөв. Зааланд үе үе түүний үгийг дэмжин уухай хашгирч, алга ташиж байсан ч “Одоо болно оо, яасан их ярьдаг юм” гэх хүмүүс ч байлаа. Ирэх сарын 5-нд нийслэлд болох жагсаалд Архангай аймгийнхан 100-с доошгүй хүн илгээхээ мэдэгдэв. Иргэдийн үгийг сонсох болоход микрофон булаацалдан хэсэг замбараагүй байдал үүслээ. Тиймээс АНАТХ-ны тэргүүн Д.Батцогт иргэдийг нэг нэгээрээ тайзан дээрээс үгээ хэлэхийг урилаа. Ж.Батзандан, О.Магнай нар жирийн л нэг шоучин, төрийн тогтолцоог өөрчиж, УИХ-ыг тараах цаг болсон гэх мэтээр иргэд ярив.

 

Г.Уянга: Ирэх сарын 5-наас цааш бидэнд хугацаа байхгүй

АНАТХ-ны ерөнхий зохицуулагч Г.Уянгаас цөөн зүйл тодруулсан юм.
-Ирэх сарын 5-ны жагсаалд орон нутгаас хэдэн хүн оролцохоор болсон бэ?
-Маш олон хүн ирэхээр байна. Сумдын мэдээг авч, нэгдсэн дүнг ирэх сарын 1-нд гаргана. Ирэх сарын 5-ны морин цагт орон даяар зэрэг жагсана. Зарим нь аймагтаа жагсаалаа хийчихээд Улаанбаатар руу цуваагаар ирье гэж байна. Ямар ч байсан Сүхбаатарын талбай дүүрэх нь. УИХ-ыг тартал бид тэмцлээ Сүхбаатарын талбайд үргэлжлүүлнэ. Бүх аймгаас төлөөлөл ирнэ. Тиймээс Баянзүрх, 22-ын товчоонд жижүүр гаргаж, хүмүүсээ хүлээж авч зохион байгуулна. Наана нь телевизээр заавар өгөх учир иргэд маань түүнийг сайн хараарай, сонсоорой.
-УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулж байгаа. Одоогоор хэдэн хүн гарын үсгээ зурсан бол?
-Тоолж амжаагүй байна. Олон хүн дэмжиж байгаа. 2.5 сая төгрөгөөс илүү эх орон үнэтэй гэдгийг иргэд ойлгож байна. Газар шороогоо аврахын тулд өнөөдрийн тэмцэл чухал, дараа гэж хойшлуулах боломжгүй. Өөрөөр хэлбэл, ухарч болохгүй эцсийн зогсоол маань энэ байх болно.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 thoughts on “УИХ-ыг тараах тэмцэлд иргэд аймгуудаас цуваагаар ирж оролцоно