Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Энх тайван, найрамдал, хамтын ажиллагааны төлөө хамтдаа”

Энэ жилийн долдугаар сарын 16-18-нд Буриадын Улаан-үд хотноо Бүх дэлхийн монгол туургатны наадам болно. Дөрөв дэх удаагаа зохиогдож байгаа энэ чуулганд дэлхийн өнцөг булан бүрт амьдран суугаа элэг нэгтнүүд маань оролцох юм.
Дэлхийн монголчуудын конвент 2006 онд байгуулагдсан олон улсын ТББ бөгөөд “Энх тайван, найрамдал, хамтын ажиллагааны төлөө хамтдаа” гэсэн уриатай. Гол зорилго нь дэлхийн өнцөг булан бүрт тархан суугаа монгол үндэстнүүдийн хамтын ажиллагаа, монгол соёл, ёс заншлыг хамгаалах, сурталчлах, ах дүү хамаатан саднаа хайж олоход туслах явдал гэнэ. Мөн тус конвент олон улсын нэр хүндтэй шагналд монгол хүнийг дэвшүүлэх, алдаршуулах үүрэгтэй аж. Дэлхийн монголчуудын конвентийн хүндэт ерөнхийлөгчөөр манай Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, дэд ерөнхийлөгчөөр Кирсан Илюмжинов ажиллаж байна.
Өнгөрсөн жилийн аравдугаар сард Буриадын ерөнхийлөгч Наговицын, Дэлхийн монголчуудын чуулгын ерөнхийлөгч Ц.Гомбосүрэн нарын уулзалтаар энэ жил Буриадад хийхээр болжээ. Харин тэнд хийх саналыг манай засгийн газар тавьсан юм байна. Дэлхийн монголчуудын анхны чуулган Н.Энхбаярын санаачилгаар болж, 23 орны 300 хүн оролцжээ. Харин хамгийн сүүлийнх Австрийн Венад болсон байна. Конвентийн дүрэм ёсоор монголчууд амьдран суудаг ямар ч газар орон энэ наадмыг зохион байгуулах эрхтэй.

“Даяаршлын үеийн монгол ертөнц”
Ийм сэдэвтэй олон улсын эрдэм шинжилгээний хурал Монгол туургатны наадмын үеэр Улаан-Үдийн Монгол, түвд, будда судлалын хүрээлэнд болно. Буриадын Шинжлэх ухаан Боловсролын Яамны мэдээлснээр албан ёсны хэл нь монгол, орос, хятад, англи хэл байх гэнэ.
Энэ хуралд оролцогчид орчин үеийн монголчууд, даяаршлын үеийн орон нутгийн эдийн засаг, олон орны монголчуудын хамтын ажиллагаа, буддын соёл урлаг, Өмнөд Сибирийн монгол ард түмэн асуудлын талаар ярьж хэлэлцэнэ. Мөн “Даяаршил, нүүдлийн мал аж ахуйн хувь заяа”, “Монголчуудын түүх соёлын уламжлал” сэдэвт лекц яриа болох юм. Оролцохыг хүссэн эрдэмтэн судлаачид дөрөвдүгээр сарын 20-ны дотор Улаан-Үдийн Монгол, түвд, будда судлалын хүрээлэнд илтгэлээ явуулах ёстой аж. Илтгэлийг орос, англи хэл дээр 16.000 үгнээс илүүгүй байхаар хийх юм байна.

Ерөнхийлөгчдийн мэндчилгээг морин өртөөгөөр хүргэнэ
Дэлхийн монголчуудын чуулганд ажлын амжилт хүссэн Монголын дөрвөн ерөнхийлөгчийн захиаг морин өртөөгөөр Улаан-Үдэд хүргэх аж. Улсын наадмын үеэр захиаг авсан морьтон замдаа гарах ба 600 гаруй километр зам туулж байж, Улаан-Үдэд хүрэх юм байна. Долоо хоног хэртэй үргэлжлэх энэ аян хоёр улсын хил дээр хэсэг зуур саатна. Учир нь улс хоорондын хэлэлцээ ёсоор ОХУ-д манайхаас амьд амьтан оруулахад сарын хугацаатай карантинд байлгах ёстой гэнэ. Тиймээс манай элч хил дээр буриад морь сэлгэн, чуулганыг зорих аж.

Ерөнхийлөгч чуулганд оролцоно
Монголын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ жилийн чуулганд оролцоно. Ингэснээр дэлхийн монгол туургатны чуулган маш өндөр түвшинд гарч байгаа юм хэмээн зохион байгуулагчид тэмдэглэж байна. Нэг орны ерөнхийлөгч өөр улсад арга хэмжээнд оролцоход зохион байгуулагч орноос тодорхой тушаалын ажилтан заавал байх дүрэмтэй гэнэ. Тиймээс ОХУ-ын талаас өндөр албан тушаалын хүн оролцох боловч хэн гэдэг нь тодорхойгүй байна. Чуулганаас тунхаг бичиг гаргах бөгөөд одоогоор бэлтгэлийн шатандаа яваа аж. Тунхагийн гол агуулга нь даяаршилийн үед үндэснийхээ ёс заншил, уламжлал, хэлээ хамгаалах байх гэнэ. Чуулганы үеэр спорт урлагийн уралдаан тэмцээн болно. “Монголын талаас үндэсний бөхийн аварга арслангууд гэсэн шилдэг тамирчдаа авчрахаа амалсан” хэмээн Буриадын нийгмийн хөгжлийн сайд Б.Бальжиров мэдэгдсэн байна. 

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.