Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Японы иргэд 30 хоногийн хугацаанд визгүй зорчино

    
      Монгол Улс иргэдийн харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх зорилгоор дипломат болон албан паспорттой иргэдийг визээс чөлөөлөх тухай саналыг Япон Улсад ажил хэргийн шугамаар 2001 оноос тавьж ирсэн. Гэвч албан паспорттой манай иргэд Японд хууль бусаар үлдэх тохилдол нэг бус удаа гарсан зэргээс үүдээд саналыг хүлээж авах боломжгүй гэсэн хариу авч байв.
    Япон Улстай визийн асуудлаар харилцан адил байх зарчмыг баримтлах аваас энэ чиглэлд ойрын жилүүдэд ямар нэгэн ахиц гарах боломжгүй болохыг харгалзан 2009 оны 4 дүгээр сард Гадаад харилцааны сайд С.Батболд Япон Улсад хийсэн айлчлалынхаа үеэр иргэдийн харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх хүрээнд Японы иргэдийг визээс чөлөөлөх, харин Японтой байнгын харилцаатай манай бизнесийн болон бусад  салбарын иргэдэд урт хугацаатай, олон удаагийн виз олгох асуудлыг судалж үзэхийг Японы талд санал болгосон юм.
    Японы тал 2009 оны 7 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд С.Баярын Япон Улсад хийсэн айлчлалын өмнөхөн Японы иргэдийг Монгол Улсад визгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх асуудлыг тавьж, үүнийгээ манай талаас хүсэлт болгосон “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хоёр шаттай иений хөнгөлөлттэй зээл”-ийн хоёр дахь шатыг авах асуудлыг гол нөхцөл болгон тавьсан. Японы энэ саналыг хүлээн авахаар шийдвэрлэж, энэ тухай зарчмын санааг айлчлалын дүнгээр гаргасан Хэвлэлийн хамтарсан мэдэгдэлд тусгасан билээ.
       Дээрх айлчлалын бэлтгэлийг хангах яриа хэлэлцээний үеэр Японы ГХЯ-ны төлөөлөгч Монгол Улс Японы иргэдийг визээс чөлөөлсөн тохиолдолд тодорхой хугацааны дараа Монголын дипломат болон албан паспорттой иргэдэд  хөнгөлөлт үзүүлэх, улмаар визээс чөлөөлөх боломжтой гэдгийг илэрхийлж байсан юм.
      Сүүлийн 10 жилийн дунджаас харахад Монголд зорчиж буй япон иргэдийн тоо 14-15 мянгад хэлбэлзэж байна. Иргэд зорчих нөхцлийг хөнгөвчлөх нь жуулчдын тоонд эерэгээр нөлөөлдөг болох нь 2006 онд японы иргэдийг визээс түр чөлөөлсөн арга хэмжээний дүнгээс харагдсан. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор 2006 оны 4-12 дугаар сарын хооронд Японоос ирсэн зорчигчдын тоо 20.000 давсан байна.
       Эдгээр улс төр, эдийн засгийн ашиг сонирхол, мөн Японы талаас визийн холбогдолтой мөрдөж буй практик, тавьж буй санал зэргийг үндэслэн: 
•    Монгол Улсад зорчих Япон Улсын иргэдийг 30 хоногийн хугацаанд визээс чөлөөлөх асуудлыг зүйтэй хэмээн үзэж, Япон Улсын Гадаад хэргийн яаманд Ноот бичгээр мэдэгдэхийг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт зөвшөөрөв.
•    Япон Улсын иргэдийг 30 хоногийн хугацаанд визгүй зорчуулах ажлыг 2010 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллахыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт даалгав.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.