Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ХЯТАДУУД МЭНЭНГИЙН ТАЛЫГ НЕФТЭЭР ХОРДУУЛЖ БАЙНА

-“Петрочайна Дачин тамсаг”-тай байгуулсан гэрээг нууцлах ямар шалтгаан байна вэ?
Дорнод Монголын алдарт Мэнэнгийн тал уйлж, Халх гол, Буйр нуурын “зүрх” шаналж байна. 71 жилийн өмнө японы милитаристуудыг бутцохих Халх голын дайны үеэр орос, монгол олон аавын хүүгийн асгарсан цусанд будагдаж, исгэрэх бөмбөг, шунгинах суманд сийчүүлэн байхдаа ч шаналаагүйгээрээ шаналж байна. Тэр цагт сийчүүлсэн шарх аньж, хөрс шороо нь эрүүлжин илааршсан ч хар алтны төлөөх “дайн” хэвлийд нь ид өрнөж байна. Хэдэн арван километрийн гүнд тэсэлж, дэлбэлж, сад тавин оргилох “цус”-ыг нь хар алт хэмээн зөөж, хэдэн халтар төгрөгөөр Дорнод Монголоо зах зээлийн өрсөлдөөнд найр тавин алдаж эхэллээ.


“Петрочайна Дачин тамсаг” гэх БНХАУын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани Мэнэнгийн талыг өнөөдөр эзэгнэжээ. 16 жилийн турш хайгуулын тусгай зөвшөөрлөөр хэвлийг нь ухаж төнхсөн тэд энэ жилээс газрын тосыг албан ёсоор эх газар руугаа зөөхөөр болж байгаа. Тэд эд манай улсад үйл ажиллагаа явуулсан өнгөрсөн жилүүдэд Монгол Улсын хуулийг үл тоомсорлон Дорнодын талд өөрийн гэсэн, Хятадын жижиг эзэнт гүрнийг байгуулжээ. Монголын талын ганц ч хувийн оролцоогүй цэвэр хятад гүрний хөрөнгө оруулалттай, хятад техник, технологи, хятад ажилчид үйл ажиллагаа явуулж байгаа учраас энд Монгол Улсын хууль үйлчилдэггүй юм байх. Манай Газрын тосны газрын өмнөх болон одоогийн удирдлагууд ч үүнийг нь хүлээн зөвшөөрч “Тэнд Хятадын дүрэм, журам, стандарт мөрдөгддөг” хэмээн иргэний хөдөлгөөнийнхөнд мэдэгдсэн нь үнэн гэж үү. Итгэхэд ч бэрх ийм нөхцөл боломжтойгоор манай нэр бүхий эрх мэдэлтнүүд хятадуудад бууж өгч, ахмад буурлуудын маань 70 жилийн өмнө цусаа урсган хамгаалсан Дорнодын тал нутгийг эзлүүлжээ.
Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг бичигдээгүй хууль өнөөдөр дэлхийн улс орон бүрт үйлчилдэг. Хүний нутагт оршин амьдарч буй хэн боловч тухайн улс орныхоо хууль дүрмийг баримталж, тэр нутгийн ард түмэнд, газар нутагт хүндэтгэлтэй ханддаг. Энэ бол даяаршин буй ертөнцийн хүмүүсийн гол мөрдлөг. Гэтэл Монгол Улсын нутаг дэвсэрт Хятадын дүрэм журмаар ажиллах давуу эрхийг БНХАУ-ын газрын тосны улсын мэдлийн корпорацийн охин компани болох “Петрочайна Дачин тамсаг” компанид хэн олгосон бэ?

“НУУЦ” ГЭРЭЭНИЙ ЦААНА НУУГДСАН ХЯТАДЫН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАГЧ ХЭН БЭ?
Уг компани Дорнод аймгийн Тамсагийн сав газрын 19, 21, 22 тоот талбайд газрын тостой холбоотой үйл ажиллагаа явуулахаар Монголын төрийн холбогдох байгууллагатай Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулжээ. Энэ гэрээний дагуу өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа хэмээн манай болон Хятадын холбогдох байгууллагууд мэдэгдэж буй. Гэтэл энэ ямар гэрээ байв. “Нууц” гэх халхавчаар өнөөдрийг хүртэл иргэний хөдөлгөөн, нутгийн иргэдээс нууцалж буй энэ гэрээ ард түмэн, нутгийн олны биш, харин хэн нэгэн эрх мэдэлтэн, албан тушаалтны нууцыг хадгалаад байх шиг.
“Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл” ТББ-ынхан Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу Бүтээгдэхүүн хуваах гэрээ, түүний хэрэгжилтийн байдалтай танилцах хүсэлтийг Газрын тосны газарт тавьжээ. Гэвч “байгууллагын нууц” гэх шалтгаанаар энэ гэрээг олон нийтэд хүргэхээс татгалзжээ. Байгалийн баялаг ард түмний өмч. Энэ утгаараа Монгол орны газар доорх баялгийг хэн, яаж ашиглаж байгааг мэдэх, хяналт тавих эрх Монгол Улсын иргэн бүрт байх ёстой. Гэтэл “нэг талын зөвшөөрөлгүйгэр гурав дахь этгээдэд өгөх боломжгүй” хэмээн хэлж байгаа төрийн байгууллагын албан хаагч хэний талд үйлчлээд байгааг таашгүй. Монголын газрын баялгийг ашиглахаар Монголын төртэй Хятадын нэгэн компанийн байгуулсан гэрээ бизнесийн нууц гэж үү. Өнөөдөр монголчууд бид бүгдээрээ Оюутолгойн гэрээг судалж, танилцаж, хэзээ, ямар, ашиг өгөх, юу нь болж, бүтэхгүй байгааг нээлттэй хэлэлцэж, хянаж байгаа. Харин Хятадын нэгэн компанитай байгуулсан энэ гэрээ яагаад нууц болов. Газрын тостой холбоотой үйл ажиллагаа алт, зэс, нүүрснийхээс өөр, нууц байх үндэслэл шалтгаан баймааргүй.
“Петрочайна Дачин тамсаг” компани үйл ажиллагаа явуулсан өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд нутгийнханд ямар ч хаялга, үр өгөөжөө хайрлаагүй гэж Дорнодын иргэд хэлж байна. Мэнэнгийн талыг тэр чигт нь хашиж, вант улсынхаа хил хязгаарыг тогтоосон “Петрочайна Дачин тамсагийн нутаг”-аар монгол хүн, монгол мал бэлчих хориотой. Мэнэнгийн тал тэр чигтээ жирэлзэн хөдлөх шиг цагаан зээрээр битүү хучигдан байсан үе одоо ул болжээ.
Зээр байтугай өвс ч байхгүй болсон гэнэ. 4000 хятадын ялгадас, газрын тосны хаягдал шингэнд битүү бузарлагдсан энэ талд одоо өндөр өндөр хогийн шарилжнаас өөр өвс ургамал ч ургахаа больжээ. Буйр нуурын ойр орчимд хэдэн арваараа сэглийх “морин толгой” гүний усыг хайр найргүй ууж байгаагаас нуурын ус 2-3 метрээр багассанд нутгийнхны сэтгэл эмтрэн байна.
Жалга ухан газар дор шавар тагз барьж, Монголын шоронгоос дор орчин нөхцөлд амьдарч буй хэдэн мянган хятад ажилчдын шүлэнгэтсэн харцан дор монгол охид бизнес хийж байсан дүр зураг хэдэн жилийн өмнөх. Хэдэн арван метр бассейн бүхий нүхийг “10”-ын уут шиг нимгэхэн гялгар уутаар бүтээсэн болоод газрын тосны шингэн хаягдлаа асгачихсан. Салбайж сэлбийж, энд тэндээсээ урагдан далбагнан хийсэх гялгар уутаар Монголын хөрсийг хамгаалж байна хэмээн тайлбарлаж байсан цаг саяхан. Тухайн үед Газрын тосын газрын даргаар ажиллаж байсан нэгэн эрхэм хэний ч нүдэн дээр ил энэ “хүнийрхэл”-ийг өмөөрөн элгэмсэж, шалгалтаар очсон УИХ-ын гишүүн Х.Баттулгад хятадуудыг өмөөрөн тайлбар хэлж байсан дүр зураг тодхон байна. Гэтэл энэ байдал одоо ч нэг их өөрчлөгдөөгүй бололтой.
Хайгуулын гэх лицензтэй атлаа өдөрт хэдэн арван машинаар газрын тос зөөж, Мэнэнгийн талын хөрсийг эргүүлж буй энэ компанид Монголын талаас хяналт тавих ганц байгууллага нь Газрын тосны газар. Гэтэл энэ байгууллагын үе үеийн удирдлагууд “Петрочайна Дачин тамсаг”-ийг өмөөрөн, “нууц”-ийн архивтаа оруулсан нь ямар учиртай юм бол. Нууцын цаана маш том нууц, бас эрх ашиг гэж бий. Энэ нь төрийн байгууллагад албан тушаалаа ашиглан тэрбумтан болж, хувийн эрх ашгаа улсынхаас, ард түмнийхээсээ дээгүүрт тавин хөлжиж байдаг эрх мэдэлтнүүдийн нууцтай холбоотой байхыг үгүйсгэх аргагүй.
Мөн бас нэгэн “нууц” илэрсэн нь энэ компанид ажиллах 3620 хятад ажилчин Монголын төрд төлөх ёстой ажлын байрны төлбөргүйгээр монгол хүний ажлын байрыг “булаан” ажиллаж байна. Энэ нь нийт үнийн дүнгээрээ зургаан тэрбум төгрөг болж буй. “Петрочайна Дачин тамсаг” компани Монголын биш Хятадын ажилчдыг ажиллуулж буйнхаа төлөө төлөх ёстой зургаан тэрбум төгрөгийг хэн, юуны учир чөлөөлөв. УИХ-ын сонгуулийн өмнөх жил буюу 2007 оны гуравдугаар сарын 14-ний өдөр гарсан Засгийн газрын энэ тогтоолоор Хятадын компанийн мөнгийг хэмнэв үү, хятад ажилчдыг нь монголчуудаасаа илүүд үзэв үү. Уг нь холбогдох журам тогтоолоор хамтарсан компанийн гадаадын болон монгол ажилчдын харьцаа 90:10 байх журамтай. Энэ журам хэрэв “Петрочайна Дачин тамсаг” компанид үйлчилдэг бол 4000 орчим хятад ажилчидтай зэрэгцээд Монголын, Дорнодын 400 монгол залуу энд ажиллах ёстой. Гэтэл “Буйр нуур, Халх гол, Нөмрөгийн сав газрыг хамгаалах” хөдөлгөөний тэргүүн Д.Ганцогтын хэлснээр 400 байтугай 100 ч хүрэхгүй цөөн хэдэн монгол хог, шороо, харуул манаа гэсэн хамаг хар бор ажлыг нь хийдэг аж. Энэ Монголын эрх ашиг уу, Хятадын эрх ашиг уу. Монгол эх оронд хэний эрх ашиг үйлчлээд байгаа нь энэ вэ?

“МЭНЭНГИЙН ТАЛЫН” ХЯТАДУУДАД МОНГОЛЫН ХУУЛИЙГ МӨРДҮҮЛЭХ ЦАГ ХЭЗЭЭ ВЭ
 ЭБЭХЯ, МХЕГ-ын хамтарсан ажлын хэсэг өнгөрсөн оны аравдугаар сард “Петрочайна Дачин тамсаг” компанийн газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд Монгол Улсын хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжиж байгааг шалгаж 43 зүйл бүхий албан шаардлага хүргүүлжээ. “Петрочайна Дачин тамсаг Монгол” ХХК-ийн тэргүүн дэд захирал Жао Ли Чэн, дэд захирал Хуан Ли Жүн болон холбогдох дарга нар нь илэрсэн зөрчил дутагдлыг хүлээн зөвшөөрч, 12 дугаар сарын 01-ний дотор засч залруулахаар гарын үсэг зуржээ. Үүнээс хойш гурван сар өнгөрсөн ч Монголын хууль журам, мэргэжлийн байгууллагын шаардлага энэ “вант улсад” Мэнэнгийн талаар нэг хийсэх “10”-ын уутны чинээ ч үнэгүй байна. Энэ бол анх удаа илэрсэн зөрчил биш. Өмнө нь 2007 оны нэгдүгээр сард бас 24 заалт бүхий зөрчил дутагдал илрүүлж, шаардлага акт тогтоож байсан ч өнгөрсөн гурван жилийн хугацаанд зургаан заалтыг нь л биелүүлсэн болжээ. Ийнхүү Монголын төрийн нэрийн өмнөөс тавьсан шаардлага хүчгүй, биелэлт хангалтгүй байгаа нь хэний буруу вэ.
Төрийн хуулиас давсан эрх мэдэлтэй, хуульд нийцээгүй нууц гэрээтэй, төрийн байгууллагын шаардлагыг биелүүлдэггүй энэ компанитай хэн, хэзээ, ямар хариуцлага тооцож, Хятадын биш Монголын хуулийг мөрдүүлдэг, хэрэгжүүлдэг болгох вэ?
 Мэнэнгийн тал уйлж байна. Халх гол, Буйр нуурын “зүрх” шаналж байна. 70 жилийн дараа харийнхны ийнхүү дураараа авирладаг “вант улсыг” бий болгох байсан юм бол ахмад буурлууд минь хэний төлөө, юуны тулд халуун амь, бүлээн цусаа урсгасан байж таарах вэ.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.