Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Зургаан талын хэлэлцээнд нэгтгэх ажил үргэлжилж байна

БНАСАУ-ыг зургаан талын хэлэлцээнд эргэн нэгтгэх ажил үргэлжилж байгаа гэж Өмнөд Солонгосын ГХЯ-ны сайд Юу Мён-хван мэдэгджээ.
“Зургаан талын хэлэлцээг сэргээнэ гэж урьдчилан хэлэхэд хэцүү. Умард Солонгосын эрх баригчид НҮБ-ын хоригийг цуцалж, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах талаар хэлэлцэхээс өмнө найрамдлын гэрээ байгуулах тухай ярилцахыг шаардаж байгаа” гэж Синьхуа агентлагт өгсөн ярилцлагадаа Юу дурдсан байна. “БНАСАУ-д авсан хориг арга хэмжээ нь олон улсын хамтын нийгэмлэгийн байр суурийг тусган харуулсан. Пхеньяны эрх баригчид Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах ажилд хувь нэмрээ оруулах хэрэгтэй. НҮБ-ын хоригийг цуцалснаар асуудлыг шийдвэрлэж чадахгүй. АНУ-ын талаар баримталж буй БНАСАУ-ын байр суурь буруу чиглэлтэй байна гэж Өмнөд Солонгосын сайд мэдэгджээ.
Пхеньян, Бээжингийн хооронд өндөр албан тушаалтнууд харилцан айлчлал хийсэн нь зургаан талын хэлэлцээг дахин сэргээх боломжийг бүрдүүлж болох юм гэсэн итгэлийг хэлэлцээнд оролцогч талуудад төрүүлсэн энэ үед Өмнөд Солонгосын Гадаад харилцааны сайд мэдэгдэл хийсэн байна.
2003 оноос эхэлсэн Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах зургаан талын хэлэлцээнд БНАСАУ, Өмнөд Солонгос, Хятад, Япон, АНУ, Оросын төлөөлөгч оролцдог билээ. Пуужин харвасныг буруушаан НҮБ-аас авсан арга хэмжээг Пхеньяны эрх баригчид эсэргүүцэн 2009 оны дөрөвдүгээр сард зургаан талын хэлэлцээнээс гарч байгаагаа мэдэгдсэн юм.
Пхеньяны эрх баригчид энэ оны эхээр 1950-1953 оны Солонгосын дайны галыг түр зогсоох хэлэлцээний оронд найрамдлын гэрээ байгуулж, хоёр Солонгос байлдааны бэлэн байдлаа цуцлахыг уриалсан билээ. Харин Өмнөд Солонгосын эрх баригчид Пхеньянд болзол тавихын өмнө зургаан талын хэлэлцээнд эргэн нэгдэх хэрэгтэй гэж мэдэгдсэн байна.
“Умард Солонгос хэлэлцээний ширээнд эргэн суух хэрэгтэй. Цөмийн зэвсгээс ангижруулах үйл явцыг өргөжүүлэх нь хэлэлцээний гол зорилго. Хятад улс хэлэлцээг сэргээх явцад дипломат аргаар хувь нэмэр оруулж байгаа” гэж Өмнөд Солонгосын ГХЯ-ны сайд мэдэгджээ. С.Отгонбаяр "Монцамэ" агентлагаас мэдээлж байна

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.