Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.БАТЖАРГАЛ: Хуурамч баримтаар тэтгэмж тогтоолгох нь хулгай, залилан, албан тушаалын гэмт хэрэг

 ХНХЯ хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг хянан шалгах аяныг улс даяар өрнүүлээд буй. Энэ талаар тус яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргалтай ярилцлаа.

-Яагаад ийм аян өрнүүлэх болсон бэ гэдгээс ярилцлагаа эхлүүлье?

-Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох чиг үүрэг нийгмийн даатгалын байгууллагад хамаардаг. Нийгмийн даатгалын ерөнхий газар (НДЕГ), аймаг, дүүрэг дэх салбар, хэлтэс үүнд багтана. Нийт 30 нэгж байгаа. Хуульд тусгасан энэ чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор НДЕГ-ын дэргэд Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс ажиллуулдаг. Аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэд мөн ийм салбар комисс бий. Эдгээр нь хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох ажлыг улсын хэмжээнд хариуцан зохион байгуулдаг. Харин энэ бүхний хэрэгжилтийг зохицуулах чиг үүрэг манай газарт хамаарч байна.

Урьд нь энэ чиглэлээр хяналт шалгалт огт хийдэггүй байсан юм биш. Жил бүр тодорхой хүрээнд хяналт шалгалтын ажил зохион байгуулдаг байсан. Аян өрнүүлэх болсон шалтгаан нь Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм болон хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоохтой холбоотой журам, заавруудыг шинэчилснээс үүдэлтэй. Тус комиссын дүрмийг 2021 оны Засгийн газрын 67 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан. Мөн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримталдаг өвчний жагсаалтыг шинэчилсэн. ХНХЯ, ЭМЯ-ны мэргэжлийн салбар зөвлөл, төрийн бус байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг багтаасан ажлын хэсгийнхэн үүнийг хагас жил гаруйн хугацаанд гүйцэтгэж, өнгөрсөн онд ХЗДХЯ-нд бүртгүүлсэн. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст мөн бүтцийн өөрчлөлт хийлээ.

Хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох үндсэн зарчим, суурь баримт бичгүүдийг бүхэлд нь шинэчилсэн учраас яг энэ завсрын үед аян өрнүүлье, системийн хувьд ямархуу нөхцөл байдалтай байгааг эргэж харъя, хяная, алдаа дутагдлаа дүгнэе гэж зорьсон. Аяныг ХНХЯ санаачилж, толгойлон зохион байгуулсан ч маш олон байгууллагын оролцоо, хувь нэмэр бий.

“Тэтгэмж авах ёстой, хүнд өвчтэй хүнийг багтаахгүй, шан харамж нэхэж, хүнд суртал гаргаж байна. Авлига, ашиг сонирхлын асуудал гаарлаа, төвөг чирэгдэл учрууллаа. Цоо эрүүл, хөдөлмөр эрхлэх боломжтой хүнд тахир дутуугийн тэтгэмж олгож, тэтгэврийн сангийн мөнгийг үр ашиггүй зарцуулж байна” гэсэн гомдол, шүүмжлэлийг манай байгууллагад байнга ирүүлдэг байсан. Үүнийг таслан зогсоож, нэг талд гаргах үүднээс гомдол, мэдээлэл хүлээж авах нээлттэй утас ажиллууллаа. Ирүүлсэн өргөдлүүдтэй нэгбүрчлэн танилцаж, хариу өглөө. Гомдлуудыг шалгаж, шаардлагатайд нь арга хэмжээ авсан. ХНХЯ, ЭМЯ, АТГ, МХЕГ, ХБИХЕГ, НДЕГ, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс, Эрүүгийн цагдаагийн алба, аймаг, дүүргийн ЗДТГ, Нийгмийн даатгалын хэлтэс, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг багтаасан нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг энэ үеэр ажиллуулсан.

-Одоогийн байдлаар хэчнээн иргэн хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмж авч байна вэ. Шалгалтын явцад ямар зөрчлүүдийг илрүүлэв?

-2020 оны байдлаар улсын хэмжээнд 110 мянган хүн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээгээ тогтоолгосон байсан. Аяны хүрээнд үүний 66 000 орчмыг нь шалгалаа. “Яагаад бүгдийг нь шалгаагүй юм бэ” гэж гайхаж магадгүй. Хүнд оноштой, хорт хавдар, сүрьеэтэй, гар, хөлөө тайруулсан хүмүүсийг үлдээсэн юм. Шалгах шаардлагагүй гэж үзсэн. Үүнээс бусдыг нь 100 хувь хамрууллаа.

Шалгалтын явцад 3700 орчим зөрчил илрүүлж, 2000 хүнийг тэтгэмжээс хассан. Тэтгэмжээ үргэлжлүүлж авахаар болсон 1700 хүний хувьд буруу оношлуулсан зэрэг механик алдаанууд гарсан байсныг засаж залрууллаа. 2020 оны эцсийн байдлаар манай улсын нийт хүн амын 3.4 хувь нь хөдөлмөрийн чадвар алдсанаа тогтоолгосон байсан бол өнгөрсөн жил энэ үзүүлэлт 3.2 болж буурсан. 5000-аар цөөрсөн гэсэн үг. Харин аяны үр дүнд энэ тоог 2000-аар цөөлж, 17 тэрбум төгрөг хэмнэлээ.

Гэхдээ нэг зүйлийг онцлон хэлэхэд, бид хүний тоог механикаар бууруулахыг гол зорилгоо болгоогүй. Хамгийн гол нь хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулахад анхаарсан. Хууль, журамд хэрхэн тусгасан, өвчний жагсаалтад юу, юу багтсан байна, тэр бүхнийг мөрдөж, хэрэгжүүлсэн үү гэдгийг л шалгахыг зорилоо. Үүнийхээ үр дүнг нэгтгэн дүгнэж, тайлан гаргаад бүх аймаг, дүүргийн Засаг даргад хүргүүлсэн. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шинэчилсэн дүрмээр Засаг дарга нарт тодорхой чиг үүрэг хүлээлгэсэн учраас түүнийгээ биелүүлж ажиллаач ээ гэдэг үүднээс тус тайланг илгээсэн юм. Түүнчлэн ЭМЯ-нд албан тайланг мөн хүргүүлсэн. Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тогтооход эмч нар чухал үүрэг гүйцэтгэдэг. Гол шийдвэр гаргадаг гэж хэлж болно. Тиймээс тэдний алдаа дутагдлыг засаж залруулах чиглэлээр хамтарч ажиллая, ийм байдлаар цааш явж болохгүй, ил тод, нээлттэй болгоё гэсэн утга агуулга бүхий албан бичгийг ЭМЯ-нд хүргүүллээ.

-110 мянга гэдэг хэр бодитой тоо вэ. Зөрүүтэй статистик өчнөөн байдаг. Үүнээс л янз бүрийн будилаан эхэлдэг байх?

-Энэ бол 2020 оны статистик. Өнгөрсөн жил 105 мянга болж буурсан. Гэхдээ зөвхөн 16 ба түүнээс дээш насныхныг оруулсан тоо гэдгийг онцолъё. Хуулиараа Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс 16-гаас дээш насныхныг магадладаг.

-Цаашид яах вэ. Энэ аяныг уламжлал болгох уу, эсвэл өмнөх шигээ хяналт шалгалт хийх үү?

-Ганц удаа аян өрнүүлээд, “оволзоод” өнгөрч болохгүй. 2022 онд ч хяналт шалгалтыг үргэлжлүүлнэ. Улсын дундаж (хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийн тоог нийт хүн амын тоонд харьцуулсан үзүүлэлт)-ийг тооцож гаргаад, өндөр үзүүлэлттэй байгаа аймгуудад мэргэжлийн шалгалт хийнэ. Үүнийг Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэмд тусгасан. Одоо ч улсын дунджаас дээгүүр аймгууд бий.

-Тухайлбал?

-Сэлэнгэ, Дорнод, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс аймаг нэлээд өндөр үзүүлэлттэй гарсан. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс, ЭМЯ-ны мэргэжлийн салбар зөвлөл хамтран эдгээр аймагт магадлал хийж байгаа. Ийм үзүүлэлтээр “тэргүүлсэн” зургаан аймгийн дөрөв нь баруун бүсийнх байгаа нь ихээхэн анхаарал татаж буй. Тиймээс эдгээрт мэргэжлийн судалгаа хийхээр холбогдох байгууллагуудтай ярилцаж байна. Байгаль, цаг уурын онцлогоос шалтгаалсан хүчин зүйлс байхыг ч үгүйсгэхгүй.

-Хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоохтой холбоотой мэдээллийг ил тод болгоно гэсэн. Үүний хүрээнд юу хийх вэ?

-ХНХЯ, НДЕГ, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс өнгөрсөн жилээс эхлээд бүх аймаг, сум, дүүрэг, хорооны мэдээллийг ил тод байршуулах болсон. Аймаг, сумд хэчнээн хүн амтай, тэдний хэд нь тэтгэмж авдаг вэ гэдгийг нарийвчилж мэдээлнэ гэсэн үг. Тэгэхээр үүнийг дагаад зөрчил дутагдал буурна, ил тод байдал бий болж, иргэд бодитой мэдээлэл авах боломж бүрдэнэ. Хүн амынх нь 70 хувь нь групп авдаг гэсэн үндэслэлгүй яриа гарахгүй, элдэв хардлага сэрдлэг үүсэхгүй. Бодит байдалд тийм аймаг байхгүй шүү дээ. Хамгийн ихдээ долоон хувьд хүрч байсан. Одоо дээд үзүүлэлт нь 4.8 хувьтай буй. Харин улсын дундаж дээр дурдсанчлан 3.2 хувь байна.

Ил тод байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлсэн дараагийн ажил нь Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын бүрэлдэхүүнд хараат бус гишүүдийг багтаасан. Үйлдвэрчний эвлэл, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан ажилтан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг үүнд оруулсан. Энэ хүмүүс мэргэжлийн үүрэг гүйцэтгэхгүй ч хөндлөнгийн хяналт тавьж ажиллах юм. Үүнийг Засгийн газрын тогтоолоор баталчихсан. Хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох нь нэг талын харилцаа биш. Маш олон байгууллага үүнд оролцоотой. Тиймээс олон талын хяналттай, ил тод, нээлттэй байх учиртай. Мэдээж энэ дунд алдаа дутагдлууд гарч байгаа. Гол нь түүнийг түргэн шуурхай илрүүлж, дахин давтахгүй байх нь чухал юм. Хууль, дүрэм, журмаа яг таг баримталж ажиллавал ямар ч асуудал үүсэхгүй. Тиймээс шинэчилсэн дүрэмд нэлээд хатуу заалтуудыг оруулсан. Тухайлбал, багажийн оношилгоо, шинжилгээг засварлаж, эрүүл хүнийг хүнд хэлбэрийн өвчтэй болгосон тохиолдолд тухайн лаборантад арга хэмжээ авна гэж заасан. Мөн эрүүл хүнийг өвчтэй болгож, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хуралд оруулсан эмчид арга хэмжээ авахаар тусгаад буй. Эрүүл хэр нь өвчтэй мэт дүр эсгэж, бусдыг хуурсан хүмүүст хатуу хариуцлага тооцно. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс алдаатай шийдвэр гаргасан бол бас хариуцлага хүлээнэ. Үндсэндээ зөрчил гаргасан субъект тус бүрт хариуцлага тооцох зохицуулалтыг бий болгосон.

-Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэмд өмнө нь ийм зохицуулалт байгаагүй хэрэг үү?

-Байгаагүй. Харин тодорхой хугацаанд мөрдөж байгаад хүчингүй болгосон заавруудад байсан. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль болон Зөрчлийн тухай хуульд хуурамчаар тэтгэвэр, тэтгэмж тогтоолгосон бол хүлээлгэх хариуцлагыг тусгасан байдаг. Харин одоо эдгээр хууль тогтоомжтой уялдуулан комиссын дүрэмд нарийвчилсан заалтуудыг тусгаад байна.

-Сүүлд илрүүлсэн 2000 зөрчлийн тухайд ямар, ямар арга хэмжээ авах вэ?

-Эдгээрийг АТГ болон цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Авлига авсан уу, албан тушаалаа урвуулан ашигласан уу гэдгээс хамаараад зохих арга хэмжээг авах болов уу.

-Тэтгэмж тогтооход олон тал оролцдог гэлээ. Эдгээрийг бүхэлд нь нэг систем гэж үзвэл хаана нь хамгийн их доголдол байна, түүнийг яаж засах вэ?

-Маш сайн мэдээллийн системтэй байх шаардлагатай гэдгийг нэн түрүүнд олж харлаа. Нэг эмч хэчнээн хүнийг тэтгэмжид оруулсан бэ, аль аймаг, сумд ямар өвчний тохиолдол их бүртгэгдэв, тухайн хүн амьдралынхаа туршид хэдэн удаа групп тогтоолгов, онош нь хэрхэн өөрчлөгдөж вэ гэдэг мэдээллийг хянахад хүндрэлтэй байсан. Тиймээс Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэмд мэдээллийн сан бий болгох асуудлыг тусгасан. Эдгээрийг нэгбүрчлэн хардаг болчихвол дүн шинжилгээ хийхэд тустай. Алдаа дутагдлыг илрүүлэхэд мэдээллийн ил тод байдал хамгийн чухал.

Удаах асуудал нь удаан хугацаанд тэтгэмж авдаг явдал. Өвчнийхөө оношноос хамаараад урт хугацаагаар тэтгэмж тогтоолгосон хүмүүс бий. Тэднийг буруутгаж, үгүйсгэх аргагүй. Гэтэл зарим нь хөнгөн оноштой хэрнээ хүнд өвчтэй хүмүүсийн адил урт хугацаагаар тэтгэмж авч байна. Эрүүл мэндийн байгууллагуудтай уялдаа холбоогүйгээс эмнэлэгт хэдэн удаа үзүүлсэн, ямар эмчилгээ, үйлчилгээ авсан талаарх мэдээлэл нь ч байдаггүй. Харин одооноос тухайн эрүүл мэндийн байгууллага дахь өвчтөнтэй холбоотой мэдээллийг Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссынхон ашиглах боломж бүрдсэн. Хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгосон хүмүүсийг мартчихаж болохгүй шүү дээ. Тэднийг эрүүлжүүлэх, эмчлэх чиглэлд ч анхаарах ёстой. Энэ уялдаа холбоог сайжруулах ажлуудыг эхнээс нь хийж байгаа.

-Тухайн хүн хөдөлмөрийн чадвараа алдсаныг мэргэжлийн дүгнэлт, шийдвэрээр баталгаажуулдаг. Харин үүнд эмч нар чухал нөлөөтэй гэж та хэлсэн. Тэгвэл тэднийг алдаа, зөрчил гаргуулахгүй байх үүднээс ямар арга хэмжээ авбал тохиромжтой бол?

-2019-2021 онд олон дүрэм, журам, заавар шинэчилсэн. Эдгээрийг одооноос л мөрдөж эхэлж байна. Мэргэжлийн алдаа гаргуулахгүйн тулд эмнэлэг хөдөлмөрийн магадлагаа хийдэг нарийн мэргэжлийн эмч, эмнэлгийн байгууллагын дэргэдэх эмнэлэг хяналтын комиссын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулсан. Мөн ДЭМБ, ЭМЯ-тай хамтраад эмнэлэг хяналтын комиссын эмч нарыг сургагч багшаар бэлтгэх сургалтад хамрууллаа. Өдгөө тэдгээр эмч аймаг, дүүргүүдэд сургалт зохион байгуулж буй.

-Хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох ажил орон нутагт ихээхэн маапаантай болдог гэдэг. Жижиг газар учраас тал тохой татах, “арын хаалга”-дах тохиолдол олон гэлцэх юм билээ. Энэ үнэн үү?

-Илрүүлсэн зөрчлүүдийн дийлэнх нь яалт ч үгүй орон нутагт байна. Тэр дундаа эрүүл хүнийг өвчтэй болгож, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн тохиолдол түгээмэл. Харин дүүргүүдэд онош буруу тогтоох зэрэг алдаа голдуу бүртгэгдсэн.

Харахад эрүүл юм шиг боловч хүнд хэлбэрийн өвчтэй хүмүүс бас байдаг. Үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Тухайлбал, сэтгэцийн эмгэг байна. Гэхдээ энэ байдлыг далимдуулан, эрүүл хүнийг өвчтэй болгож, нийгмийн даатгалын сангаас тэтгэмж олгохыг хүлээн зөвшөөрч болохгүй. Энэ бол залилан, хулгай, албан тушаалын гэмт хэрэг.

-Өмнө нь жил болгон хийдэг байсан хяналт шалгалтууд энэ олон зөрчлүүдийг яагаад илрүүлдэггүй байсан юм бэ?

-Хөдөлмөрийн чадвараа алдсан хүний тоо жилээс жилд буурч байгаа. Энэ нь нийгмийн даатгалын байгууллага, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв болон салбар комисс ажил үүргээ боломжийн түвшинд гүйцэтгэж ирсний үр дүн, нотолгоо гэж дүгнэж байна. Нөгөөтээгүүр, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст хүн хүчний нөөц, хүрэлцээ тааруу байсан нь үүнд нөлөөлсөн болов уу. Гэхдээ тэд боломжийнхоо хэрээр ажилласан. 110 мянга гаруй хүнтэй холбогдох асуудал шүү дээ.

Аяны хувьд хяналт шалгалтыг өргөн хүрээнд, нэлээд далайцтайгаар зохион байгуулсан учраас үр дүн гарлаа. Бүх аймаг, дүүргийн Засаг даргын дэргэд бие даасан ажлын хэсэг байгуулсан. Ингэж байж тэр олон хүнийг нухацтайгаар шалгах боломж бүрдсэн юм. Цаашид хяналт шалгалтыг цахимжуулах чиглэлд анхаарах шаардлагатай. 100 хувь цахимжуулахад бэрхшээлтэй ч тодорхой хэсгийг ийм хэлбэрт шилжүүлэх боломж бий.

-Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны, жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудас буюу листийг цахимаар олгож эхэлсэн. Ингэснээр ямар давуу тал бий болов?

-Нийгмийн даатгалд даатгуулсан хүн зөвхөн тэтгэвэр авдаггүй. Үүний зэрэгцээ янз бүрийн тэтгэмж авдаг. Тэдгээрээс хамгийн өргөн олгогддог нь хөдөлмөрийн чадвараа түр алдсаны, жирэмсний болон амаржсаных. Илүү хэрэгцээтэй үйлчилгээ гэж ойлгож болно. Гэхдээ үүнийг хүн бүр авдаггүй. Нийгмийн даатгалд даатгуулж байсан, тодорхой хэмжээнд шимтгэл төлсөн хүмүүс өвдсөн, эрсдэлд орсон үедээ өмнө нь төлсөн даатгалаа ийм хэлбэрээр эргүүлж авдаг. Нэг ёсондоо орлогын баталгааг нь хангах хамгаалалт болдог гэсэн үг. Энэ хоёр тэтгэмжийг олгодог гол баримт нь эмнэлгийн хуудас. Манайхан лист гэж нэрлэдэг. Үүнийг 1995 оноос хойш цаасан хэлбэрээр олгосон. НДЕГ жил бүр хэдэн зуун мянган “үнэт цаас” хэвлүүлдэг байлаа. Зөвхөн үүний зардалд 100 орчим сая төгрөг зарцуулж ирсэн. Харин одоо энэ хуудас цахим болсон. Жирэмсэн эмэгтэйчүүд, ээжүүд лист бичүүлэхийн тулд нааш цааш явж, эмнэлгийн үүд сахиж, эмч нарын цаг завыг харах шаардлагагүй. Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг ажил олгогчоор дамжуулж олгохоо ч байсан. ndaatgal.mn сайт эсвэл “И-Монголиа” системд нэвтэрч, тэтгэмж авах банк, дансаа бүртгүүлж, хүсэлт илгээхэд л хангалттай. Ингэснээр жилд нэг тэрбум төгрөг хэмнэж байгаа. Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж авах хүсэлтийг ч ийм байдлаар илгээх боломжтой.

-Орон нутгийн эмнэлгүүд ч цахим хуудас олгож байгаа юу?

-21 аймаг, есөн дүүргийн Нэгдсэн эмнэлэг, гуравдугаар шатлалын эмнэлгүүд бүгд эл хуудсыг цахимаар олгож байгаа. Саяхнаас сумын эмнэлгүүд олгож эхэлсэн. Ингэснээр иргэд, эрүүл мэндийн газар, нийгмийн даатгалын байгууллага гээд аль аль талдаа төвөг чирэгдэлгүй, хялбар болсон. Энэ сарын 11-ний байдлаар 55 000 гаруй хүнд цахим эмнэлгийн хуудас олгосон байна.

Жилд дунджаар 310 мянган даатгуулагч хөдөлмөрийн чадвараа түр алдсаны, жирэмсний болон амаржсаны тэтгэмж авдаг. Нийт 181 гаруй тэрбум төгрөгийг даатгалын сангаас үүнд зарцуулдаг. Тодруулбал, 31 тэрбум нь хөдөлмөрийн чадвараа түр алдсан иргэдэд, 150 тэрбум нь жирэмсэн болон амаржсан эхчүүдэд “очдог”.

Нийгмийн даатгалын байгууллага 34 төрлийн үйлчилгээ үзүүлдгээс 18-ыг нь цахимжуулсан. Томоохон ажлуудаас дурдвал нийгмийн даатгалын болон тэтгэврийн дэвтэр, ажил олгогчийн сар болгон гаргадаг НД-7, НД-8 шимтгэлийн тайлан зэргийг цахим хувилбарт шилжүүлээд байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл