Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

М.АЛТАНБАГАНА: Эхлээд сумын статусыг хотынх болгох шаардлагатай

Шинжлэх ухааны академийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн Нийгэм, эдийн засгийн газар зүйн салбарын дарга, доктор, дэд профессор М.Алтанбаганатай ярилцлаа. Тэрбээр хүрээлэнгийнхээ судлаач, эрдэмтдийн хамт Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалга, Шинжлэх ухаан, технологийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн онолын үндэс, нэгдсэн арга зүй, аргачлалыг шинэчлэн боловсруулах суурь судалгаа” төслийг удирджээ. Тэд судалгаандаа тулгуурлан манай орны “Нийгэм, эдийн засгийн хөгжлийн орон зайн төлөвлөлт, шийдэл” бодлогын хувилбарыг дэвшүүлсэн байна. Энэ талаар түүнтэй ярилцлаа.

-Улаанбаатарын төвлөрлийг бууруулж, орон нутгийн иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад хөдөөг хөгжүүлэх нь нэн чухал гэж ярьж буй. Тэгвэл нэн тэргүүнд юу хийх шаардлагатай вэ?

-Манай улсын хүн амын 70 хувь нь хот суурин газарт амьдарч байна. Тодруулбал, нийт иргэдийн 46 хувь нь Улаанбаатарт, 37 хувь нь аймаг болон сумын төв, эсвэл тосгонд үлдсэн нь мал маллаж буй. Ийнхүү нийслэлд бараг 50 хувь нь амьдардгийн шалтгаан нь дэд бүтцийн хөгжил, соёл болон нийгэм, эдийн засаг, үйлчилгээний төвлөрөлтэй холбоотой. Хэрэв орон нутаг нийгэм, эдийн засгийн төвлөрлийг бий болгон татах, иргэд ажиллаж амьдрах бизнес, орчны таатай орчин бүрдүүлж, дэд бүтцээ хөгжүүлбэл Улаанбаатарын төвлөрлийг сааруулж, эсрэг татах хүч үүсгэнэ гэсэн үг. Энэ нь орон нутаг хөгжих боломж бүрдүүлнэ. Энэ талаар олон жил ярьж, зарим төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Гэхдээ 21 аймгийн төв, 309 сум тус бүрийг хөгжүүлэх эдийн засгийн нөөц, боломж хомс. Харин шинжлэх ухааны үндэслэлтэй, тодорхой төлөвлөлт, чиглэлтэйгээр бүсийн нийгэм, эдийн засгийн хөгжилд үүрэг гүйцэтгэх цөөн аймаг, хот суурин, боомтыг хөгжүүлбэл зохино. Тээвэр ложистик, дэд бүтцийг орон зайн хувьд оновчтой бий болгож суурин газрыг хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, сонгосон суурин газрыг Улаанбаатартай өрсөлдөхүйц, бүсийн түвшинд нийгэм, эдийн засгийн нөлөөтэй, “татах хүч” болгох шаардлага байна.

-Нийгэм, эдийн засгийн үүрэг, нөлөөтэй бүсийг хэрхэн тодорхойлж, ямар зарчмаар хөгжүүлэх вэ?

-Асуудалд шинжлэх ухааны үндэслэлтэй хандах ёстой юм. Юуны түрүүнд дараах дөрвөн шатлалт асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Нэгдүгээрт, үндэсний хэмжээнд хотын зэрэглэл, статус, чиг үүрэг ямар байх вэ гэдгийг тодорхойлно. Үндсэн хууль дахь улсын болон орон нутгийн зэрэглэлийн үзэл санаанд нийцүүлэн, хотын чиг үүргийг задалж, нарийвчлан тодорхойлох шаардлагатай гэсэн үг. Хоёрдугаарт, үндэсний хэмжээнд тодорхойлсон хотын зэрэглэл, статус, чиг үүргийг дагалдуулан тухайн хотын түвшинд тохирсон хүн ам, нийгэм, эдийн засаг, дэд бүтэц, газар зүйн байршилтай холбоотой гол үзэл санаа, концепцыг гаргана. Гуравдугаарт, ийм концепцынхоо дагуу хүн ам, нийгэм, эдийн засаг, дэд бүтэц, газар зүйн байршлын шалгуур үзүүлэлтүүдийг дэвшүүлж, уг шалгуурт нийцсэн бүс нутагт статистик болон орон зайн дүн шинжилгээ хийнэ. Эцэст нь, аль түвшний хотууд засаг захиргааны бие даасан чиг үүрэгтэй байх тухай асуудлыг дэвшүүлнэ. Монгол Улсын Үндсэн хуулийн 57.2-т “Хот, тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэхдээ тухайн орон нутгийн эдийн засгийн бүтэц, чадавх, хүн амын тоо, газар зүйн байршил, дэд бүтэц, тэдгээртэй холбогдох бусад нөхцөлийг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын их хурал шийдвэрлэнэ” гэж тусгасан. Үүний хүрээнд ялангуяа бүсийн нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэгтэй, Улаанбаатартай өрсөлдөхүйц хотыг байгуулахаар төлөвлөн, засаг захиргааны бие даасан чиг үүргийг нь хуулийн дагуу олгох шаардлагатай. Бүх аймгийн төвийг эрчимтэй зэрэг хөгжүүлж, засаг захиргааны бие даасан чиг үүрэг олгохгүй гэсэн үг. Харин бүсийн нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой үүрэг бүхий, орон зайн хувьд оновчтой байршилтай чухал гэсэн хотод анхаарал хандуулах юм.

-Танай хүрээлэнгийнхэн аль хот, аймгийн төвүүдийг санал болгов?

-Тогтолцооны хувьд ямар байх тухайд гадаадын туршлага, дотоодын эрдэмтэн, судлаачдын санал дүгнэлтэд үндэслэсэн. Хуулийн зүйл заалтыг нь дээр дурдлаа. Тодруулж хэлбэл, бид таван өөр зэрэглэл, түвшин, чиг үүрэг бүхий хот байгуулах санал дэвшүүлж байна. Үүнд мэдээж Улаанбаатар орно. Түүнчлэн улсын зэрэглэлтэй хөгжлийн стратегийн төв болон улсын зэрэглэлтэй хот. Мөн орон нутгийн хөгжлийн төв болон орон нутгийн хот гэсэн таван эрэмбэ гаргасан. Улсын зэрэглэлтэй хөгжлийн стратегийн төв хотод багадаа 50 000 хүн амьдарч, тухайн бүс нутгийн нийгэм, эдийн засаг, аж үйлдвэр, шинжлэх ухааны төв болохуйц, иргэдэд эрүүл мэнд, соёл, боловсролын бүсийн түвшний үйлчилгээ үзүүлэх чадвартай байна. Мөн дэд бүтэц, тээвэр ложистикийн хувьд бүсийнхээ “зангилаа” болох юм. Ийм хот нь Улаанбаатар, эсвэл ижил түвшний хотуудаасаа 500 км зайд алслагдсан байвал зохино.

-Хотын зэрэглэл, статус, чиг үүргийг өөр өөрөөр тодорхойлохын ач холбогдол юу бол?

-2001 онд баталсан Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд найман хотыг бүсийн тулгуур төв хот болгон зарласан. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд орон нутагт эдийн засаг, газар зүйн хувьд нийтлэг бодлого хэрэгжүүлж ирсний дүнд тулгуур төв гэсэн ялгаа зааг, онцгойрох зүйл алга. Зүй нь хотын хөгжилд ялгаатай зэрэглэл, статус, чиг үүрэг тогтоож өгснөөр хөгжлийн өөр өөр бодлого баримтлах, илүү үр дүн гарах суурь нөхцөл болно.

Сүүлийн 30 жил үндэсний хэмжээнд нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлэхдээ орон зайн нэгдсэн концепц, төлөвлөлтгүй явж ирсний дүнд нутаг дэвсгэр буюу хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа эрс нэмэгдсэн. Нийт хүн амын 70 орчим хувь нь хот, суурин газар суурьшиж буй нь ч үүнтэй холбоотой. Цаашид орон зайн зохион байгуулалтын хувьд эдийн засгийн болон газар зүйн ялгавартай бодлого хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага үүссэн гэсэн үг.

-Танайхаас аль хот, аймгийг түлхүү хөгжүүлэх тооцоо гаргав?

-ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгээс таван бүлэг, 18 шалгуур бүхий үндэслэлд тулгуурлан 28 хотод орон зайн болон статистик шинжилгээ хийсэн. Улмаар улсын зэрэглэлтэй хөгжлийн стратегийн төв дөрөв, улсын чанартай таван хот, мөн орон нутгийн хөгжлийн төв 15, орон нутгийн таван хотыг санал болгож буй. Эдгээрээс улсын зэрэглэлтэй хөгжлийн стратегийн төв дөрвөн хотод нь Ховд, Даланзадгад, Дархан, Чойбалсанг нэрлэсэн. Эдгээр нь засаг захиргааны бие даасан чиг үүрэг бүхий бүсийн эдийн засаг, аж үйлдвэр, аялал жуулчлалын кластер, соёл, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, тээвэр ложистик, үйлчилгээний олон үүрэг бүхий жишиг хот байвал зохино. Бүсийнхээ нийгэм, эдийн засгийн хөгжилд үүрэгтэй зангилаа хот гэж ойлгож ч болно.

-Эдгээр хот өдгөө ямар зэрэглэл статустай байна вэ?

-Одоогоор 21 аймгийн төвийг хот гэж ойлгодог ч бодит байдалд тэдгээр нь хотын эрх зүйн чадамжгүй, сумын статустай байна. Төвийн бүсийн тулгуур Дархан-Уул аймгийн төв Дархан хот нь Дархан, баруун бүсийн тулгуур Ховд аймгийн төв Ховд хот нь Жаргалант сум гэсэн статустай байх шиг. Чойбалсанг Хэрлэн сум гэж нэрлэдэг. Энэ нь бүсийн нийгэм, эдийн засагт үүрэггүй, эрх зүйн чадамж муутай гэдгийг нь харуулж байна. Эрх зүйн хувьд сумын статустай байх нь хөгжлийн бодлого төлөвлөлт гаргахад хүндрэлтэй, төсвийн хуваарилалт, захиран зарцуулалт нь бага, хөрөнгө оруулалт татах эрх мэдэл ч хомс гэдгийг харуулж байна.

-Тэгэхээр хотын чиг үүргийг эхлээд тодорхойлох нь чухал юм байна. Танай хүрээлэнгээс дэвшүүлсэн тогтолцооны хүрээнд чиг үүргийг энгийнээр тайлбарлаж өгөөч?

-Бид өнгөрсөн 30 жилд хөгжлийн орон зайн нэгдсэн зураглал, төлөвлөлтгүй, улсын хэмжээнд эдийн засгийн газар зүйн ялгаатай бодлого, баримтлалгүй иржээ. Бодлого, төлөвлөлтийн тодорхойгүй байдал нь Улаанбаатарын төвлөрлийг үүсгэн түүнээс улбаатай олон асуудлын шалтгаан боллоо. Наад зах нь нийслэлд их, дээд сургуулийн дийлэнх нь байдагтай холбоотойгоор Улаанбаатарын 10 хүн тутмын нэг нь оюутан болсон. Хүн амын нас, хүйсийн суваргаас харахад оюутны тоо улам л өснө. Иймд төрөөс зарим их, дээд сургуулийг Эрдэнэт, Дархан, Даланзадгад руу нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргасан. Энэ нь зөв бөгөөд зайлшгүй асуудал. Гэвч орон зайн суурь төлөвлөлт нь тодорхойгүй байна. Тодруулбал, их, дээд сургуулиудыг нүүлгэн шилжүүлэхдээ газар зүйн байршлын хувьд оносон уу, мөн тухайн хотууд нь аль түвшний, ямар чиг үүрэгтэй, бизнес эрхлэх болон амьдрах орчныг хэрхэн бүрдүүлсэн байхаас ихээхэн шалтгаалах юм. Бидний зүгээс дээр дурдсан хотын зэрэглэл, статус, тэдгээрийн чиг үүрэгт нийцүүлэн, улсын зэрэглэлтэй хөгжлийн стратегийн хотуудад их, дээд сургуулиудыг нүүлгэх, байгуулах саналтай байгаа.

Бэлтгэсэн: С.ДУЛАМ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл