Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.ХАНДСҮРЭН: Ягаан дэвтрийг сайн хөтөлж сурах хэрэгтэй

Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийн эрт илрүүлэлтийн өдөр энэ сарын 13-нд тохионо. Эл өдрийг угтан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн “Пороро” тасгийн эрхлэгч, анагаах ухааны магистр, сэргээн засахын эмч Б.Хандсүрэнтэй ярилцаж, эцэг, эх, асран хамгаалагчдад зөвлөгөө, мэдээлэл өгөхийг зорилоо.

-Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийн эрт илрүүлэлтийн өдрийн ач холбогдол юу вэ?

-Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн конвенцод “Тухайн хүний хэрэгцээ боломжид нийцсэн, олон мэргэжилтний үнэлгээг үндэслэн хөгжлийн бэрхшээлийг аль болох эрт илрүүлэх ёстой” гэж тусгасан байдаг. Монгол Улс 2009 оны тавдугаар сарын 13-нд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод нэгдсэн. Мөн 2013 оны наймдугаар сард Засгийн газраас 281 тоот тогтоол гаргаж, жил бүрийн тавдугаар сарын 13-нд хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэх ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм. Хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлдэг.

-Хүүхдээ хэзээ эрт илрүүлэлтэд хамруулах ёстой вэ?

-Хүүхэд эхийн хэвлийд олдсон цагаас л хамруулж эхлэх ёстой. Ээж хөл хүнд болсноо мэдсэн даруйд эмчийн хяналтад орох ёстой гэсэн үг. Анхан шатны эмнэлэгтээ эмчийн хяналтад орж, жирэмсний хяналтын дэвтрээ нээлгэнэ. Жирэмсэн үедээ ээжүүд шаардлагатай оношилгоо, эмчилгээ, үзлэгтээ тогтмол хамрагдсанаар урагт үүсэх эрсдэлээс сэргийлнэ. Ургийн гажиг үүсвэл эрт мэднэ. 30-аас дээш настайдаа, мөн өмнөх хүүхдээ төрүүлснээс хойш 10 жилийн дараа жирэмсэлсэн бол нарийн мэргэжлийн үзлэгт зайлшгүй хамрагдаж, шинжилгээ хийлгэх ёстой. Улмаар нярайг төрөнгүүт ангир уургийг нь амлуулахыг эмч нар зөвлөдөг. Сүүлийн үед эмч нар хүүхэд төрөнгүүт нь эхийн халуун хэвлийд тэврүүлдэг болсон. Ингээд ангир уургийг амлуулснаар юугаар ч орлуулшгүй аминдэм, дархлааг хүүхдэд өгдөг.

-Ер нь хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэхтэй холбоотой судалгааг манай улсад хийсэн байдаг уу?

-Сэргээн засалт, хөгжлийн төвийн Эрт үеийн оношилгоо, оролцооны газарт ажиллаж байхдаа бид 2013 онд 0-3 насны хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг илрүүлэх үндэсний хэмжээний судалгаа хийж, 21 аймаг, нийслэл дүүргийн 128 459 хүүхдийг хамруулсан юм. Тэгэхэд 98.6 хувь нь эрүүл, 1.4 хувь нь хөгжлийн хоцрогдол, бэрхшээлтэй гэсэн дүн гарсан. Тухайн үед орон нутгийн бүх эмчийг сургалтад хамруулж амжаагүйгээс хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийн эрт илрүүлгийн үйл ажиллагаа учир дутагдалтай болсон байх магадлалтай. Үндэсний статистикийн хорооны 2020 оны дүнгээр манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 108 399 иргэн байна. Тэднээс 12 324 нь 18 нас хүртэлх насныхан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 11.37 хувийг хүүхэд эзэлж буй гэсэн үг. Үүнийг 2013 оны судалгааны дүнтэй харьцуулахад өвчлөл нэмэгдсэн гэж харж болохоор байна.

-Хүүхдийг тодорхой хугацааны давтамжтай эрт илрүүлэгт хамруулах тогтолцоог манай улсад хэдийн бүрдүүлсэн байх аа?

-Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, Эрүүл мэнд, Боловсрол, шинжлэх ухааны сайд нарын хамтарсан тушаалаар 2021 оны арванхоёрдугаар сарын 30-нд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх аргачлал, маягтыг шинэчлэн баталсан. Тодруулбал, олон улсын жишгийн дагуу хүүхдийг ес, 18, 36 сартайд нь хөгжлийн цогц үзлэгт хамруулахаар болсон. Өмнө нь 18, 36 сартайд нь хамруулдаг байв. 18 сартайд илрүүлэгт ороход хоцрогдол, бэрхшээлтэй гэж илэрвэл хугацаа хоцорсон байх талтай. Тиймээс үүнээс өмнө буюу есөн сартайд нь үзлэгт хамруулахаар болсон. Гэхдээ боловсон хүчин дутагдалтайгаас уг ажил жаахан удаашралтай байдаг. Тиймээс ес, 18, 36 сартай хүүхдийн үзлэгийг хэрхэн хийх, ямар үнэлгээ, маягт ашиглахыг Эрүүл мэндийн яамнаас боловсруулж, анхан болон хоёрдугаар шатлалд ажиллах төрөлжсөн мэргэжлийн багийн гишүүдээ бэлтгэж буй юм билээ.

-Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх чиглэлээр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвөөс ямар ажлууд хийдэг вэ?

-Манай төв 2019 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Тэр цагаасаа нийслэл болон орон нутгийн сургууль, цэцэрлэг, төрийн бус байгууллагуудын сургуулийн багш, нийгмийн ажилтан, зохион байгуулагч нартай хамтран, урьдчилан сэргийлэх үзлэгүүдийг тогтмол зохион байгуулж буй. Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийн эрт илрүүлэлтийн өдрийг угтан бид өдгөө олон үйл ажиллагаа зохион байгуулж байна. Жишээ нь, иргэдэд хүүхдийн хөгжлийн цогц үнэлгээнд хамрагдахын ач тусын талаар ойлголт өгч арга хэмжээ зохион байгуулж буй. Ингэснээр тэдэнд тохирсон сэргээн засах цогц үйлчилгээ үзүүлэн, хөгжүүлж, нийгмийн оролцоог нь нэмэгдүүлэх боломжтой. Мөн өнгөрсөн сард бид Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран Ховд, Баян-Өлгий аймагт ажиллаад ирлээ. Үүний хүрээнд 150 хүүхдийг эрт илрүүлэгт хамруулж, зөвлөгөө, зөвлөмж өгсөн. Мөн дээрх аймгуудын төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан албан хаагч, иргэдэд “Эрт илрүүлгийн ач тус”, “Эрүүл амьдрах зан үйл” сэдвээр мэдээлэл өглөө.

-Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэхэд эцэг, эх, асран хамгаалагчдын хамгийн их анхаарах шаардлагатай зүйл юу бол?

-Хүүхдийг эрүүл иргэн болгон төлөвшүүлэхэд олон талын хамтын ажиллагаа шаардлагатай. Хүүхэд төрүүлж, эцэг, эх болохоос хариуцлага эхэлнэ. Тиймээс залуус гэр бүлээ батлуулахаас, бас хүүхэдтэй болохоор төлөвлөхөөс өмнө эмчийн үзлэгт хамрагдаж, эрүүл, эсэхээ мэдэх ёстой. Хэрэв өвчин эмгэгтэй байвал эмчлүүлж, гэр бүлээрээ ярилцан, хэзээ хүүхэдтэй болох, хэдэн хүүхэд өсгөх боломжтойгоо нарийн төлөвлөх нь чухал. Мөн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээс зөвлөмж авах хэрэгтэй. Хүүхдээ асрах, хөгжүүлэхэд зориулсан бүхий л мэдээлэл эх хүүхдийн ягаан дэвтэрт бий. Тухайлбал, хэзээ вакцинд хамруулах, хэрхэн хооллох, хүүхдийнхээ хөгжилд яаж анхаарах зэрэг ойлголт, мэдлэг өгөх мэдээллүүдийг уг дэвтэрт багтаасан. Ягаан дэвтрийн цэнхэр хуудаснууд эцэг, эхчүүдэд зориулагдсан. Цэцэрлэг, сургуулийн багш, нийгмийн ажилтан, эмч, ээж, аавын хамтын ажиллагааны үр дүнд хүүхэд тасралтгүй хөгжинө. Тиймээс хүүхдийн хөгжил хоцрогдсон шинж илэрвэл даруй эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөе. “Манайхан удмаараа хожуу хэлд ордог” гэх мэтээр ойлгох нь буруу.

-Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлснээр хүүхдээ хөгжлийн бэрхшээлтэй болохоос сэргийлж чадсан жишээнээс дурдана уу?

-Манай төвөөр үйлчлүүлж, сэргээн засах тусламж, үйлчилгээнд хамрагдсанаар нийгмийн харилцаанд чөлөөтэй оролцож чаддаг болсон хүүхэд олон бий. Толгойгоо даахгүй байсан хүүхэд суугаад, мөлхөөд, зогсоод, алхдаг болсон гээд ээж, аавууд ярьдаг. Сүүлийн үед ээж, аавын хариуцлага, хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарах нь нэмэгдсэн. Манай ажилтнууд, ээж, аав, асран хамгаалагчдын хамтын хүчин чармайлтаар алхдаг, инээдэг, үг хэлж, ярьдаг болсон хүүхэд цөөнгүй бий. Манай төвд улирал тутамд ирж, 21 хоног хэвтээд, тогтмол эмчлүүлдэг орон нутгийн үйлчлүүлэгч ч олон. Спорт засал эмчилгээний хөтөлбөрт хамрагддаг тамирчин хүүхэд бас байна. Тэд сүүлийн үед их олон тэмцээнд оролцож, амжилт ч арвин байгаа.

-Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэхэд анхан шатны эрүүл мэндийн төвүүд чухал үүрэгтэй. Манай улсын анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд энэ үүргээ хэр сайн биелүүлж байна вэ?

-Хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх ёстой хүмүүс нь өрхийн эмч нар. Яагаад гэвэл шинэ төрсөн нярайг эхний хоёр сард долоо хоногт нэг удаа заавал үздэг. Цаашид сард нэг удаа гэх мэтчилэн хянадаг. Хоцрогдол, бэрхшээлийг маш сайн илрүүлж буй эмч олон бий. Гэхдээ анхан шатны өрхийн эрүүл мэндийн төвд тогтвор суурьшилтай ажиллах эмч ховортой холбоотойгоор илрүүлгийн ажил жигдрэхгүй байгаа. Зөвхөн эмч ирж үзэхийг хүлээгээд суух биш, эцэг, эх, асран хамгаалагчид өөрсдөө ягаан дэвтрээ сайн хөтөлж сурах нь зүйтэй.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл