Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.БОЛДБААТАР: Монголд эмэгтэйчүүдийн гурван баг байгуулж, дээд лигт оролцуулсан

“Хөвсгөл шинэ үе” клубийн ахлах дасгалжуулагч, спортын мастер Б.Болдбаатар волейболын “Үндэсний дээд лиг-2021” тэмцээнд орон нутгаас анх удаа эмэгтэйчүүдийн баг амжилттай сойж, спорт сонирхогчдын анхаарлыг татсан. Тэрбээр шавь нараа ойрын таван жилд Азийн АШТ-д оролцуулж, медальд хүргэхээр зорьж буй. “Би 2015 оноос “Тэнүүн-Огоо”, “Алтайн барс” багийн дасгалжуулагчаар ажилласан. Тэр үеэс нутгаасаа баг бүрдүүлж, дээд лигт тоглуулах сан гэж боддог байлаа. Тэр хүсэл мөрөөдлөө биелүүлсэндээ баярладаг” хэмээн өгүүлснээр бидний яриа өрнөсөн юм. Түүнийг “Таван цагариг”- ийн зочноор урилаа.

-Монголын волейболын “Үндэсний дээд лиг”-т аймгуудаас байтугай Улаанбаатар хотоос шалгарч оролцдог баг ховор. Та орон нутгаас “Хөвсгөл шинэ үе” клубийнхнийг шилдгүүдтэй өрсөлдүүлэхээр анх удаа сойсон нь спорт сонирхогчдын анхаарлыг их татсан шүү.

-Тус клубийн захирал Х.Эрдэнэбаатар 2018 онд “Чи волейболын дээд лигт олон жил тоглосон. Тиймээс нутагтаа шинэ баг байгуулж, дасгалжуулагчаар нь ажиллаач” гэж санал тавьсан юм. Бид тэр үеэс хамтран ажиллаж, аймгийнхаа 21 сумаар тойрон багтаа эрэгтэй, эмэгтэй тус бүр 50 тоглогч шалгаруулж авсан. Тэднийг Улаанбаатарт зун гурван сар бэлтгэл хийлгэж, тус бүр 15 тамирчин сонгон насанд хүрэгчдийн УАШТ-д сойж, дараа жил нь залуучуудын улсын аваргаас тус бүр хүрэл медаль хүртсэн. Өнгөрсөн жилийн “Үндэсний дээд лиг”-т эмэгтэйчүүдийн багаа анх удаа оролцуулахад чамлахааргүй тоглолоо.

-Шавь нар тань “Энагура” багийг хожиход волейболын хорхойтнууд дөрвөн жил дээд лигт дараалж түрүүлсэн шилдгүүдтэй “Хөвсгөл”-ийнхөн зоригтой тоглолоо гээд шуугиад эхэлсэн л дээ.

-Миний хувьд лигийн тэмцээнд олон жил тоглосон тул сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй байлаа. Эхний тоглолтод өнгөрсөн жилийн аваргаар шалгарсан “Хилчин” клубийнхэнтэй таван үе тоглож, 3:2-оор ялагдахад “Хойшид тоглож болохоор юм байна” гэж бодсон. Дараагийн тоглолтод 2019 онд аваргаар тодорсон “Энагура” багийг 3:0-ээр буулгаж авахад бүр их итгэл төрсөн. Хоёр багийн тоглолтыг багагүй судалж, нам хагаст төвлөрч тоглох төлөвлөгөө боловсруулсан юм. Шавь нартаа бөмбөгөө алдсан ч хүчтэй давуул. Эсрэг багийн давуу тал болсон голын болон нам хагасыг довтолгоогүй болго” гэж зөвлөсөн. Манайхан үүнийг хэрэгжүүлж, тэднийг эхний тоглолтод ялсан юм. Туршлагатай багууд манайхны тоглолтыг судалсан тул түүнээс хойших тэмцээнд ялагдсан. Тэмцээн өндөрлөсний дараа шавь нарынхаа ур чадварыг ахиулбал гонсойлгохгүй тоглох нь гэж ойлгосон. Клубийн маань менежер Чех, Унгар улсад олон жил амьдарсан. Тиймээс Унгар улсаас ирэх жил легионер урьж, эмэгтэйчүүдийн багтаа тоглуулах санал тавьсан. Монголд суугаа Унгарын Элчин сайдтай уулзахдаа хүсэлт тавьж, хамтын ажиллагааны гарын үсэг зурлаа. Бид тэнд очиж, дээд лигийн тоглолтыг үзээд ямар багаас легионер урихаа сонгох юм.

-Багийнхныг нь хожчихно гэж Б.Хэрлэн дасгалжуулагч тэр үед төсөөлөөгүй байх.

-Бидний үеийнхэн Б.Хэрлэн багшийг хүүхэд байхаасаа мэднэ. ҮБТДС-д сурч байхад хичээл заадаг багш минь байлаа. Тэрбээр тэр тоглолтод нэлээд бухимдсан харагдсан. Миний хувьд багийнхныгаа анх удаа оролцуулсан болохоор туршлага хуримтлуулж, дээд лигийн тоглолт ямар байдгийг мэдэрч, ирэх жил хэрхэн амжилттай өрсөлдөхийг ойлгож аваасай гэж бодсон. Тэгтэл “Энагура” багийг хожсоны дараа бодол минь өөрчлөгдөж, учраа таарсан багийнхантай ямар ур чадвар, авьяас байна түүнийгээ гаргаж тоглоод хожиг гэсэн хүслээр солигдсон. Миний баримталдаг зарчим бол тоонд бус, статистик судалгаанд анхаарал хандуулахыг зорьж, тамирчдаа тэмцээний үед өөдрөг, цоглог байлгах гэж хичээдэг.

-Багийнхантайгаа хангайн бүсийн тэмцээнд оролцох гэл үү, хаана болох вэ?

-Бүх ард түмний спартакиад наадам орон нутагт гурван ангилалд болж байгаа. Өвөрхангай аймагт ирэх сард болох хангайн бүсийн тэмцээнд оролцох багийг сонгон шалгаруулахад эрэгтэй, эмэгтэйчүүдийн багийнхан минь түрүүлж, эрх авсан. Тэнд зургаан аймгийн баг тамирчид ур чадвараа сорьж, эхний II байрт шалгарсан нь УАШТ-д өрсөлдөх юм. Аймаг бүрт волейболын АШТ зохион байгуулж, түрүүлсэн баг нь бүсийн тэмцээнд оролцоно. Миний хувьд хангайн бүсийн тэмцээнд багийнхантайгаа амжилттай оролцож, аварга болох зорилго тавьсан. Энэ удаа эрэгтэйчүүдийн багаа ч гэсэн Өвөрхангайд энэ сарын 23-30-нд болох насанд хүрэгчдийн УАШТ-д сойно.

-Үеийнхэн тань тэмцээнд оролцож харагддаг. Тухайлбал, “Дархан 60” багт ОУХМ Ч.Отгонбаяр, “Алтайн барс”-т А.Мөнхбаяр, Р.Хангай нар тоглодог шүү дээ. Та ид тоглох насандаа зодог тайлж, арай л эрт дасгалжуулагч болсон санагддаг.

-Би 2000 онд аймгийнхаа Мөрөн сумын III сургуулийн Л.Амарболд багшийн удирдлагад волейболоор анх хичээллэсэн. 2006 онд арван жилийн сургуулиа төгсөж, хоёр жил тоглолгүй завсарлалаа. Тэр хугацаанд Орхон аймгийн “Харх” клубт бэлтгэл хийж, насанд хүрэгчдийн УАШТ-д оролцсон юм. Ажил, амьдралаа нэг хэсэг хойш тавьж, тоглолтдоо анхаарал хандуулснаар 2011 онд “Тэнүүн-Огоо” клуб байгуулагдахад багийнх нь гишүүн болсон. Тэр үед тус багт биерхүү, өндөр, нуруулаг залуусыг багтаа сонгохоор хайж байгаа гэх мэдээлэл сонсоод шалгуулахаар очоод тэнцсэн. Тус клубийнхэнтэй 2015 он хүртэл тоглолоо. Тэр жилээ шигшээ багийнхантай бэлтгэл хийхдээ өвдөгнийхөө чагтан холбоосыг тасалж, тэмцээнд нэг хэсэг оролцоогүй. Тэгтэл тус клубийнхэн “Алтайн барс”, “Тэнүүн-Огоо” баг болон хуваагдаж, тус тусдаа тоглох болов. Тэр үед “Тэнүүн-Огоо” клубийн захирал А.Ганхуяг багтаа дасгалжуулагчаар ажиллуулах санал тавьсан. Тус клубийнхныг дасгалжуулахдаа захиралдаа Улаанхуаранд тамирчдын бэлтгэл хийх олон улсын стандартад нийцсэн спортын ордон бариулж байлаа. 2012 онд Бүх ард түмний спартакиад наадмын волейболын тэмцээнд клубийнхэнтэйгээ оролцож түрүүлсэн. “Тэнүүн-Огоо”-гийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн багийнхан өнгөрсөн жилийн дээд лигт оролцоогүй. Эрэгтэйчүүдийн баг нь 2015 онд Монголын волейболын холбооны цомын АШТ-д түрүүлж, эмэгтэйчүүд нь 2019 онд “Үндэсний дээд лиг”-ээс хүрэл медаль хүртсэн.

-Волейболын дээд лигт өрсөлдөх эмэгтэй баг цөөн байхад тэмцээнийг зохион байгуулах, эсэх нь тодорхойгүй болдог үе байлаа.

-2008-2012 он хүртэл волейболын эмэгтэйчүүдийн баг нэг хэсэгт уналтад орсон. Тэр үед дөрвөн баг бүрдэхгүй бол дээд лигийн тэмцээнийг зохион байгуулах боломжгүй гэдэг байлаа. Тиймээс “Тэнүүн-Огоо” клуб эрэгтэй, эмэгтэйчүүдийн багтай болсноор дээд лигийн тэмцээнийг зохион байгуулсан. Тэгвэл 2019 онд “Үндэсний дээд лиг”-ийн тэмцээн эргэн сэргэснээр эмэгтэйчүүдийн зургаа, эрэгтэйчүүдийн долоон баг оролцсон. Миний ажигласнаар өмнөх тэмцээнүүдэд нэг багийн түрүүлдэг давамгайлал үүссэнээс үзэгчид уйдсан санагддаг. Тэр үед тамирчдын сэлгэлт цөөрч, тоглодог хэдэн багийг харсаар спорт сонирхогчид залхчихсан байсан болов уу. Сүүлийн үеийн хүүхдүүд гадаад, дотоодын тэмцээнүүдийг үзэж, судлаад ямар багт тоглохоо хүртэл шийдээд ирж байна.

-Та өмнө нь волейбол тоглодог хүүхдүүдийг БНСУ-д хамтарсан бэлтгэл хийлгэсэн санагдах юм.

-Тийм ээ, “Алтайн барс” багт тоглодог байсан, “Дархан 60”-ын Ч.Отгонбаяртай хамт волейболын “Медальд хүрэх зам” клубийн хүүхдүүдийг БНСУ руу хамтарсан бэлтгэл хийлгэхээр авч явсан юм. Ингэж явсны үр дүнд тэдний ур чадвар ахисан. Одоо “Дархан 60” клубт тоглодог найман тоглогч тэр үед тэндхийн долоон хотын волейболын багийнхантай хамтарсан бэлтгэл хийсэн. Би тэнд очихоосоо өмнө Монголд волейболын спортыг өөрөөр хардаг байснаа ойлгосон. Харин тэндээс шинэ хүн болоод ирж билээ. Тэнд байхдаа нэг зүйлийг ажигласан юм. БНСУ-ын тамирчид юмыг хурдан сурах чадвараар манайхнаас удаан санагдсан. Тэдний орчин, нөхцөл сайн тул өдөрт гурван удаа бэлтгэл хийдэг. Манайхны бэлтгэл хийгээд ур чадвар нь эрс ахиж байгааг харсан дасгалжуулагчид нь “Танай хүүхдүүд яаж ийм хурдан сурч байна вэ” гээд гайхаж байв. Тэд давуу талыг нь ажиглаж мэдсэн болохоор Монголоос тамирчид урьж, багтаа тоглуулах санал тавьж эхэлсэн. Сагсан бөмбөг олон жил тоглосон Н.Уранчимэг тамирчны охин Ц.Орхон Монголд байтугай Азид ховор, өндөр нуруутай тоглогч. Тэрбээр одоо 17 настай хэрнээ 1.97 метр өндөр. 15 настайдаа БНСУ-д сурахаар явсан. Иргэншлээ сольж, ирэх жил тэндхийн дээд лигийн тоглолтод оролцоно. Одоо дунд сургуулийн багт тоглодог. Тэнд уг нь таван жил болж байж иргэншлээ солих эрхтэй. Түүнийг хоёр жил болоход дасгалжуулагчид нь багтаа тоглуулахаар санал тавьж эхэлсэн. Монгол дасгалжуулагчид “Чи яах гэж тийм ховор хүүхэд БНСУ руу явуулчихав” гээд зэмлэнгүй хэлж байлаа. Миний хувьд тэднээс өөр бодолтой байсан.Тиймээс ирээдүйг нь бодож, тэнд сургасан юм.

-БНСУ-д өсөх ирээдүйтэй гэж үнэлэгддэг Ц.Орхон, Ж.Саруул нар тэгэхээр “Хөвсгөл-шинэ үе”-ийн тамирчин байсан юм уу. Тэднийг 2019 онд тэтгэлэг авч, тус улсыг зорьж, суралцах болсон гэж сонссон.

-Тийм ээ. Би тэднийг өөрийнх нь хүсэж байгаа шиг амжилтад хүргээ ч үү, үгүй ч үү. Залуу хүнийхээ хувьд хоёр тамирчнаа сургахаар зоригтой явуулсан. Тэнд бүх зүйлийг нь дааж, сарын бүр цалин өгч байхаар тохирсон юм. Тиймээс аав, ээжтэй нь хамт очиж, гэрээ байгуулсан. Ж.Саруул мөн дунд сургуулийн багт тоглодог. Ц.Орхоныг бэлтгэл хийлгэдэг багшийн удирдлагад “Энагура” багийн холбогч Д.Анужин, довтлогч С.Булгантамир нар бэлтгэл базаадаг. Тэднийг удирддаг дасгалжуулагч улсдаа волейболын ирээдүйтэй тамирчин бэлддэгээрээ алдартай. Тэнд дасгалжуулагч нь сайн тамирчин бэлтгэж, томоохон клубийн шигшээ багт тоглуулбал тодорхой хувь хүртдэг юм билээ. Тиймээс хичээж ажилладаг.

-Бэртлээ эдгээсэн хэрнээ дуртай спортоороо яагаад үргэлжлүүлж хичээллээгүй юм?

-Би бэртсэний дараа гам сахих хугацаанд дасгалжуулагчаар хоёр жил ажилласан. Надад ажил минь сонирхолтой санагдаж, бүр дурлах болсон. Тэр үед “Тэнүүн-Огоо” клубтэй байгуулсан гэрээ дуусаж, дахин сунгах талаар захиралтайгаа ярилцахад “Багтаа өөрчлөлт хийж, шилдэг тамирчдаар бүрдүүлье. Чи тэднийг урьж, авчир. Ямар ч тэмцээнд түрүүлдэг л байх хэрэгтэй. Би бүх зүйлээр дэмжинэ” гэлээ. Миний хувьд шинэ залуу ур чадвартай тоглогчдоор баг бүрдүүлж, амжилтад хүргэх сонирхолтой байлаа. Тэгтэл “Хобби эйс” багийн эзэн Ж.Наранбаатар ах “Манай багт жаахан охид байна. Чиний “Тэнүүн-Огоо”-д ажиллах гэрээ дууссан гэж сонслоо. Багийг маань удирдаж, холбооны цомын тэмцээнд аварга болгож өгөөч” гэж санал тавьсан. Тэрбээр миний сонирхож байсан зүйлийг мэдсэн юм шиг санал тавьсан болохоор дуртай зөвшөөрсөн юм. “Хобби эйс” клубийг 2017 онд байгуулж, Монголын волейболын холбооны цомын АШТ-д аварга болгож байлаа. Би өөрийгөө сайн дасгалжуулагч гэж хэлэхгүй. Харин уйгагүй, бас хөдөлмөрч байхыг л зорьдог.

-Та хэр тууштай хүн бэ?

-Волейболын дасгалжуулагчид намайг “Чи уйдамхай” гэж цаашлуулдаг юм. Миний хувьд Монголд эмэгтэйчүүдийн гурван баг байгуулж, дээд лигт оролцуулсан. Эхнийх нь “Тэнүүн-Огоо” дараагийнх нь “Хобби эйс”, “Хөвсгөл шинэ үе” клубийнхэн. Тэднээс хоёр нь дээд лигийн тоглолтоос медаль хүртсэн байна. Би үүгээрээ л бахархдаг. Одоо нутгаасаа байгуулсан багийнхаа тамирчдыг амжилтад хүргэхийн төлөө зүтгэнэ. Зарим хүн “Хөвсгөлийн хамаг сайн хүүхдүүдийг шилж, сонгоод хотод тоглуулдаг” гэж шүүмжилдэг. Тэдний хувьд залуусыг аймаг, сумаа төлөөлүүлж тэмцээнд оролцуулах сонирхолтой бол би залуусын ирээдүйг бодож, амжилтад хүргэхээр зорьсон.

-Ганцаараа эрэгтэй, эмэгтэйчүүдийн багийг дасгалжуулж амжилтад хүргэх амаргүй. Багийн тань туслах дасгалжуулагчаар “Алтайн барс”-т тоглодог Д.Шивоонцоо ажилладаг гэсэн байх аа?

-Тийм ээ, тэрбээр Баянхонгор аймгаас 2015 онд миний шавь болохоор “Тэнүүн-Огоо” клубт анх ирж байлаа. Түүнтэй нэг хэсэг хамтарч байтал би “Хобби эйс” клубийг дасгалжуулахаар явж, тэрбээр “Тэнүүн-Огоо”-д тоглохоор үлдсэн. “Хөвсгөл шинэ үе” клубийг байгуулсныхаа дараа түүнд багийнхаа туслах дасгалжуулагчаар ажиллуулах санал тавьж, “Чиний бэлдэж байгаа хүүхдүүдийн ур чадвар ахихаар багтаа тоглуулъя. Хүүхдүүдийг бэлдэх системтэй болгоё, чи тэднийг бэлд. Харин томоохон тэмцээний үед тамирчдын минь бэлтгэлийг хариуцан хийлгэж, ажилд минь тусалж байгаарай” гэсэн. Миний хувьд эрэгтэй, эмэгтэйчүүдийг багийг ганцаараа дасгалжуулж тэмцээнд оролцуулах амаргүй. Тиймээс “Алтайн барс” клубийн тоглогч байсан А.Мөнх-Эрдэнийг мөн туслах дасгалжуулагчаар авсан.

-Гэрийнхэн тань дэмжсэний хүчинд амжилт гаргажээ гэж ойлгож болох уу?

-Намайг волейболоор хичээллэхэд манайхан сайн дэмжсэн. Тэд минь ”Чи тууштай явах байсан юм бол биеийн тамирын сургуульд сурах байж” гэдэг байлаа. Гэрийнхнээсээ би аавынхаа биерхүү, өндрийг дуурайсан. Хоёр эрэгтэй дүү минь хүүхэд байхаасаа волейболоор хичээллэсэн. Нэг нь “Хөвсгөл шинэ үе” клубт тоглодог. Би спорт гэж гүйсээр хожуу гэрлэсэн. Манай ууган хүү тав, удаах нь хоёр настай. Эхнэрийг минь Г.Золзаяа гэдэг. Гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал багшийн шавь, ОУХМ цолтой. Одоо Худалдаа аж үйлдвэрлэлийн дээд сургуулийн багт сагсан бөмбөг тоглодог. Энэ ташрамд, “Хөвсгөл шинэ үе” клубийг үүсгэн байгуулсан Х.Эрдэнэбаатар ах, менежер Х.Энх-Амар, Б.Лхагвадорж, хүүхэд байх үеэс нэг багт тоглодог байсан найз нөхөд, мөн Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын хамт олон, биднийг үргэлж дэмжиж ажилладаг “Мони поло” компанийнханд талархсанаа илэрхийлж, манай багийнхан амжилт гаргаж байгаа нь та нарын сайхан сэтгэл, тус дэмтэй холбоотой шүү, баярлалаа” гэж хэлье.

2
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл