Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Л.Оюун-Эрдэнэ: Компаниуд зөвхөн ашиг харалгүй эх оронч байгаарай

-Цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны импортын гаалийн албан татварын таван хувийг түр хугацаанд тэглэх саналыг УИХ-д уламжилна-

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнгөрсөн баасан гарагт болж, гаргасан шийдвэрийг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулж, мэдээлэл хийлээ. Тайван жагссан залуучуудын тавьсан 15 багц шаардлага болон бичгээр ирүүлсэн 270 орчим саналын 74 хувь нь үнийн өсөлтийг хязгаарлах, 15 хувь нь төсвийн үргүй зардлыг хэмнэх, 12 хувь нь шударга бус байдал, авлига, тэгш бус байдлыг халах, 12 хувь нь цалин, нийгмийн баталгааг нэмэгдүүлэх суурь шинэчлэл хийхтэй холбоотой байсныг Засгийн газрын тэргүүн тодотгосон юм. Улмаар эдгээрийн 60 орчим хувийг ойрын, бусдыг нь тогтолцооны шинэчлэл хийх замаар дунд хугацаанд шийдвэрлэх боломжтой гэв.

Үнийн өсөлтийг бууруулах талаар авч буй арга хэмжээг тодруулбал, Засгийн газраас өргөн барьсан Гол нэр, төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг УИХ мөн өдөр баталсан. Ингэснээр шатахуун импортлогч компаниудад шаардлагатай валютын эх үүсвэрийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож, зээлийн хүүгийн татаасыг төрөөс хариуцаж, эргэлтийн хөрөнгөтэй холбоотой асуудлыг нь бүрэн шийдвэрлэх боломж бүрдэж буй. Энэ нь бензин, шатахууны үнийг тодорхой хугацаа, хэмжээнд тогтоон барина гэж харж байгаа ч зах зээлийн зарчмыг төрөөс байнга зохицуулах боломжгүйг Ерөнхий сайд тэмдэглэв. Үүнд нийт 100 орчим сая ам.доллар зарцуулахаар тооцжээ. Энэ үеэр тэрбээр нефть боловсруулах үйлдвэрийн тухайд “Ачаа тээврийн үнэ өссөнтэй холбогдуулан тендерийн үнэлгээ огцом нэмэгдсэн. Энэтхэгийн Ерөнхий сайд руу захидал бичсэн” хэмээн дурдсан юм.

Хоёрдугаарт, гурил, мах үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох бөгөөд тариаланчдад хуримтлагдсан, өмнөх жилүүдийн улаан буудайн нөөцийг худалдаж авна. Мөн цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны импортын гаалийн албан татварын таван хувийг түр хугацаанд тэглэх саналыг УИХ-д оруулахаар тогтлоо. Үүнээс гадна дотоодод ургамлын тос үйлдвэрлэгчдийг борлуулалтын болон үйлдвэрийн үндсэн түүхий эдийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө. Дотоодын хүнсний үйлдвэрүүдийг дэмжихэд зориулж нэг их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл өгч, шаардагдах хүүгийн татаасыг төсвөөс олгох юм. Улмаар хүнсний ногоо, улаан буудай, тосны ургамал тариалах, агуулах, зоорь барих, боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг дэмжинэ гэв. Гэхдээ цар тахал, геополитикийн нөхцөл байдал үнийн өсөлтөд хүргэж байгааг Ерөнхий сайд онцлоод, цаашид гол нэр, төрлийн бараа, бүтээгдэхүүний хомсдол үүсэхийг үгүйсгэсэнгүй. Тэрбээр “Гурил үйлдвэрлэгчид, будаа, тос, сахар импортолдог компаниуд зөвхөн ашиг харалгүй эх оронч байгаарай. Зохиомол хөөрөгдөл битгий үүсгээрэй. Төр шаардлага, хяналт тавьж ажиллах болно” хэмээн уриалсан юм. Мөн “Зээлийн хүү, баталгаа талаас нь Засгийн газар дэмжээд байхад үнээ тогтворжуулж чадахгүй бол энэ бүх дэмжлэгээ зогсоож, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна” гэж Сангийн сайд Б.Жавхлан онцолсон.

ТӨСВИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ САНААЧИЛНА

Төсвийн зардлыг хэмнэх чиглэлээр авах арга хэмжээний тухайд Төсвийн хэмнэлтийн тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барих нь. Ийм нэгдсэн хуультай болсноор төрийн өмчит нийт 39 аж ахуйн нэгжийг олон нийтийн шууд хяналтад оруулах боломж бүрдэнэ гэж найдаж буй аж. Эдгээрээс 10 компанийг нэгтгэн нийлүүлж, цаашид төр оролцох шаардлагагүй болгож, санхүүгийн эрсдэлтэй 10 компанийг татан буулгаж, худалдах юм байна. Өөрөөр хэлбэл, юуг хэмнэх вэ гэдэг талаар нэгдсэн ойлголттой болж, Ерөнхийлөгч, УИХ болон Засгийн газрын харьяа байгууллагууд, шүүх гээд бүгдийг нь төсөвт байгууллага хэмээн тодорхойлж, зохицуулалтын арга хэмжээ авах юм байна.

Хот, суурин газарт зөвхөн сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар суудлын жижиг оврын автомашин хэрэглэх гэнэ. Цаашид төрийн өмчид байгаа автомашинуудыг бусад тээврийн хэрэгслээс ялгахын тулд улсын дугаарыг нь өнгөтэй болгох аж. Ерөнхий сайд “Том оврын автомашинуудыг олон нийтэд нээлттэй дуудлага худалдаагаар борлуулна, хэн нэгэн улстөрч өөрөө авчихгүй” хэмээсэн.

Чиг үүргийн давхардлыг арилган, төрийн бүтээмжийг дээшлүүлж, шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй бөгөөд хэмнэх боломжтой бүхий л зардлыг 10-15 хувь танана. Тухайлбал, албан тушаалтны гар утасны зардал, зочин, төлөөлөгч хүлээж авах, бэлэг худалдан авах зардлыг төрөөс гаргахгүй бөгөөд гадаад улс руу томилолтоор явахдаа зөвхөн энгийн ангиллаар зорчиж, үндэсний авиа компаниар үйлчлүүлэх нь. Төрийн тусгай албан хаагчаас бусад нь дүрэмт хувцас хэрэглэхгүй байхаар шийдвэрлэв. Ингэснээр хоёр тэрбум төгрөг танах боломжтой аж. Мөн төрийн байгууллагууд сургалт, семинар, зөвлөгөөнийг зөвхөн цахимаар зохион байгуулна.

Гурав дахь багц арга хэмжээний хүрээнд төсөвт байгууллага, газрын тос, уул уурхайн чиглэлээс бусад аж ахуйн нэгжийн ажилтан төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг он дуустал буцаан олгох нь. Үүнийг ирэх сараас буюу төсвийг тодотгосны дараа хэрэгжүүлэх аж. Энэ тухайд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нийгмийн даатгалын сан маш хүнд байдалд орсон. Хувийн тэтгэврийн сан, хуримтлалын нэгдсэн сан зэргийг ашиглан Нийгмийн даатгалын санг бодитоор мөнгөжүүлэх талаар УИХ-ын түвшинд авч хэлэлцэнэ. Үүнд 21 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Гэхдээ энэ нь дунд хугацаанд буюу реформ хийх хэмжээний том асуудал” хэмээн тайлбарласан. Үүнд төсвийн татаас хэлбэрээр 270 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд иргэний шимтгэл төлөлт бүрэн дүнгээр бүртгэгдэх юм. Сайн дураараа нийгмийн даатгалын шимтгэл төлдөг хүмүүсийнхийг ч буцаан олгох аж. Мөн төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод түвшнийг үе шаттай нэмэгдүүлнэ гэв. Түүнчлэн хүүхдийн мөнгийг он дуустал олгоно. Өөрөөр хэлбэл, “Хуримтлалтай хүүхэд” бодлогын хэрэгжилтийг түр хойшлуулж байгаа юм.

“ИРЭХ ОН ГЭХЭД ХҮҮХДҮҮД ЦЭЦЭРЛЭГТ СУГАЛААГААР ХАМРАГДДАГ БАЙДЛЫГ АРИЛГАСАН БАЙХ ЁСТОЙ”

Нийслэлийн цэцэрлэг, сургуулийн хүртээмж бага байгаа дүүрэг, хороодод хувийн хэвшлийн цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хувьсах зардлыг нь хоёр дахин нэмэх юм байна. 57 байршилд 100 гаруй цэцэрлэг хэрэгтэй хэмээн Засгийн газраас тодорхойлсон бөгөөд тухайн газарт л хувьсах зардлыг нь нэмэгдүүлнэ гэсэн үг. Үүнээс гадна аж ахуйн нэгжүүд ажилчдынхаа хүүхдүүдэд зориулж цэцэрлэг ажиллуулбал татвар ногдох зардлаас хасаж тооцох гэнэ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны, Эдийн засаг, хөгжлийн болон Сангийн яам, нийслэл, дүүргийн Засаг дарга нар, Боловсролын ерөнхий газрын дарга, удирлагатай уулзсан. Салбарын яамны зүгээс цэцэрлэгийн барилгыг шинээр барих, өргөтгөх, зориулалттай барилга түрээслэх, төрийн бус өмчийн цэцэрлэгийн сул орон тоонд нэмэлт элсэлт авах, байгууллагын болон хувийн цэцэрлэг байгуулах санаачилгыг дэмжих, өргөө цэцэрлэг барих ажлыг эрчимжүүлэх, орон сууцын нэг давхрыг цэцэрлэгийн зориулалтаар худалдаж авах, хувийн хэвшил өөрийн газар дээр цэцэрлэг баривал төр худалдаж авах, түрээслэх, хүүхэд харах үйлчилгээг дэмжих, хоёр настай хүүхэд бүрт хувьсах зардал өгөх зэрэг санал боловсруулан танилцуулсан байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд шаардагдах зардлыг Засгийн газар, нийслэл хамтран гаргах нь зүйтэй гээд, эдгээр шийдлийг төсвийн тодотголд тусгахыг үүрэг болголоо. Мөн ирэх он гэхэд хүүхдүүд цэцэрлэгт сугалаагаар хамрагддаг байдлыг арилгасан байх ёстой гэв.

2
ТэнэглэлТэнэглэл
1
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

0 Сэтгэгдэл