Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ТУРЕТТИЙН СИНДРОМГҮЙ хавар цагийг хүснэм

УИХ-ын гишүүн Л.Гүндалай телевизээр тун ч “цовоо” ярилцлага өгөөд, сонин хэвлэлийн хуудаснаа түүний зураг ойр, ойрхон гараад эхэллээ. Монголын дөрвөн улирал шиг үзэл бодол нь тогтмол өөрчлөгдөн, цаг уур шиг зан характер нь эрс тэс, тогтворгүй, таашгүйгээр солигдож байдаг Ж.Батзандан, О.Магнай нар “ичээнээсээ” гараад ирлээ. М.Ичинноров гэдэг бүсгүй нэг хэсэг өрөөсөн нүдээрээ ч тоож хялайдаггүй байсан МАХН-д хайр зарлан, хөнжилд нь шургачихав аа. Намбарын Энхбаярын танил дуу хоолой дахин сонсогдож эхэллээ. Энэ бол Монгол оронд хавар цаг айлчилж буйг илтгэсэн дохио, шинж тэмдэг авай. Хавар цаг үеийн үед монголчуудыг харшаан ядрааж, туйлдуулдаг ч, бэлгэ дэмбэрлээ бодоод, урин цагийн эхлэл хэмээн зөөллөн болгоож ирсэн ард түмэн билээ. Нам, олигарх, тэгээд улстөрч нэртэй, улс орноо хувааж цөлмөсөн “хүнд гаруудын” дураараа дургисан энэхүү он жилүүдэд бид (монголчууд) хэчнээн ихээр ядрав аа, ямар ч их тэвчив.

1990 оны Цагаан морин жилийн төвөргөөн алсарч одлоо. Эцэж цуцсан биз ээ, урагш гишгэхээ байж, улдаж өтөллөө. Нийгэм нэн их бухимдлаар давалгаалж байна. Хэзээ мөдгүй их шуурга дэгдэх магадлал өндөрссөөр. Өөрчлөлт шинэчлэл, хувьсал, хөгжил гэхээсээ илүү “Хувьсгал” гэдэг үг тод сонсогдох болсны учрыг эрх баригчид ухаж буй болов уу. Яагаад монголчууд дахин хувьсгалын тухай яриад эхлэв ээ.Өнгөрсөн арав гаруй жилийн турш бидний гайхуулж, дарцагласан “ардчилал”, “иргэний нийгэм”, “шударга ёс”-ны үр дүн хаана гээгдээд хоцорчихов оо. Хэнд наалдав. Ард түмэнд лав “түй ч” ногдсонгүй шив дээ.

Таатай он жилүүдийг эрх баригчид зөвхөн өөрсдөдөө ашигтайгаар үдсэн болохоос Монгол Улс өндийн босоод ирж чадсангүй, өвдөглөж суусан хэвээр. Төрөөс ямар ч олон тэрбумтан төрөв дөө! “Азийн бар” байтугай арслан болчих байсан хугацаанд жирийн монгол хүн лааз, яс түүж, орц, хонгилд хоног төөрүүлж, эмнэлэгт хуарагнаж, өвчний бус, эмчийн буруугаас эндэж, гудамжинд хөлдүүс болж, өр зээлэнд баригдаж, утаанд хордож, хог түлж дулаацан, лааны гэрэлд аяга хар цайгаа оочилж суугаа нь юутай харамсмаар, гомдмоор, хорсол төрмөөр вэ?

Энэ заваан тогтолцоог халах хэрэгтэй болсныг, 1992 онд баталсан Үндсэн хууль үеэ өнгөрөөснийг, өөрчлөх шаардлагатай байгааг, популист, хөөргөн, хоосон толгой, уран үгтэй фанатикуудаар бус прагматик, амалдаг бус хийдэг, ёстой нөгөө Н.Энхбаярын хэлсэн шиг “Ард түмнийг жаргааж, өөрийгөө зовоодог” нөхдөөр төрийн бодлого тодорхойлдог бүлгийг бүрдүүлэх хэрэгтэй болсныг хаа сайгүй яриад эхэлсэн нь сайшаалтай, бас дэмжүүштэй. Хэн зуйварган, бялдууч, долигонуур нь бус, чадалтай, мэдлэгтэй, чадвартай нь хэрэгтэй газраа, хэрэгтэй “мээстэн” дээрээ байж чаддаг, тэгээд хөгжил дэвшилд хүрдэг тийм шударга тогтолцоог нийгэм хүлээж, шаардах болсныг анзаарах аваас тун удахгүй “Их шуурга” дэгдэх болов уу! Үүнийг хэн ч хорьж, зогсоож үл дийлэх авай. Гагцхүү энэ бүхнийг далимдуулж нэгийг хожиж, нөгөөг залгих давхар санаатай, нийгмийн сэтгэл зүй дээр дөрөөлөн гудамжнаас эрх мэдэл, албан тушаал, хөрөнгө мөнгө, засаглалд хүрэхийг эрмэлзсэн “цөөвөр чононцор”-ууд сүрэглээд эхэлсэн нь сэрэмжлүүштэй болгоомжлол байх ёстой болов уу.

Эд аливаа өөрчлөлтийг нийгмийн тусын тулд бус, амин хувийн зорилгод нийцүүлэхийг эрмэлзэдгээрээ аюултай. Иргэний хөдөлгөөний зорилго, агуулгыг тэд эсрэгээр эргүүлж, үнэ цэнэгүй болгодгоороо хорлонтой. Тэд үнэнхүү үнэрч. Хаана юу сэвэлзэнэ, тэнд хамгийн түрүүнд хүрч очоод “гол дүр” олж авахаар улангасан байдаг. Ийм улангаслаас долдугаар сарын 1-нийх шиг үйл явдал дэгдэхэд тун ойрхон байдгаараа аймшигтай. Аль ч улс оронд ийм синдромын үзэгдэл үе үе гарч ирдэг. Нийгмийн шаардлагаар, инерцээрээ гарч ирж буй өөрчлөлт, шинэчлэлийн төлөөх хүсэл эрмэлзэл, хөдөлгөөн синдром, хөөрөлд автсан нөхдөөс ангид байж зорилгодоо хүрдэг буюу. Үүнийг өгүүлэхийн учир энэ сарын 11-нд Иргэний хөдөлгөөнүүдийн нэгдсэн жагсаал болох гэж байгаатай холбоотой юм. Нэг хэсэг нам жим байсан зарим хүн “гол дүр”-д тоглоно гэдгээ чанга дуугаар зарлаад эхлэв.

Анзаарах аваас тэдний нүд нь гялалзаж, түргэн түргэн цавчаад, хөдөлгөөн нь огцом атлаа нүүр ам нь шазав, татав хийн, хоолой нь цахиртаж, хамар нь шуухитнан, амьсгаа нь дээрдэж, өндөр дуугаар хашгирч байна. Ийм шинж байдлыг анагаах ухааны нэвтэрхий тольд “TS” буюу “Туретт синдром” гэж тодорхойлсон байдаг. Хавар болохоор биологийн зарим “амьтан” мэдрэлээ хянаж чадахаа байж төлөвлөөгүй, эмх замбараагүй үйлдэл, зан авир гаргадаг агаад энэ нь маш аюултай өвчин юм хэмээн тайлбарлажээ. Нэн ялангуяа улс төр, нийгэм, эдийн засгийн асуудлаар “онолдох” хачин дуртай болж, “онгод” нь ордог симптом тэдэнд ажиглагддаг. Монголд хавар цаг ирж байна.

Ялзарч, ёс зүйгээ умартсан төрийг өөрчлөхөөр, ялзарч ёс зүйгээ мартаж, буйлсан эрхмүүдээс хариуцлага нэхэж, тооцохоор жагсаж цуглах, шаардах, бүр өөрчлөх эрх ард түмэнд бий. Гэхдээ энэ нь “Туреттийн синдромтой” ямар ч хамааралгүй байх ёстой билээ. Ийм л хаврыг хүснэм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.