Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Н.Мандуул: “Чанаргүй” ангилалын 26 компаний зээлийг Засгийн газар төлж магадгүй

Дийлэнх нь улс төрчидтэй хамаарал бүхий 26 компани Хөгжлийн банкнаас зээл авсан нь ил болоод буй. Энэ талаар тус банкны захирал Н.Мандуул сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр хэлэхдээ “Нийт зээлийн актив маань 3.2 их наяд байдгаас Монгол банкнаас манайд шалгалт хийж, одоогийн байдлаар 1.7 их наяд төгрөгийн зээлийг гаргасан нь “чанаргүй” ангилалд багтаж байна. Мөн 200 тэрбум төгрөгийн зээл эргэлзээтэй гэсэн ангилалд оруулчихсан байна. Нийтдээ 881 тэрбум төгрөгийн чанаргүй зээлийг шүүхэд өгсөн байгаа. Эхнээсээ шийдвэрүүд гарсан. Шүүхийн шийдвэр гарсны дараа, ШШГЕГ-руу шилждэг. Тэнд үйл ажиллагаагаа хийх ёстой. Банкны зүгээс ил тод шудрага ажиллах ёстой гэсэн зарчмын хүрээнд эдгээр мэдээллийг ил тод гаргаж тавьсан байгаа.

Хөгжлийн банк бол 100 хувь төрийн өмчит арилжааны банк. Бид бодлогын банк гэдгээрээ бусад арилжааны банкаас ялгаатай. Хадгаламж эзэмшигчийн мөнгийг хадгалдаггүй. Гаднаас бонд болон урт хугацаатай зээлийн эх үүсвэр бүрдүүлж, түүнийгээ Монгол Улсын хөгжлийн томоохон төслүүдэд санхүүжүүлэх үүрэг хүлээсэн банк. Эдгээр аж ахуйн нэгж зээлээ төлөхгүй бол 8 хувийн санхүүжилтийн эх үүсвэрийн зардал гадна талдаа төлж, алдагдал хүлээж байна. Хэрвээ манай банк ингэж явсаар зээл төлөгдөхгүй, ирэх жил төлөх 800 сая долларын бондын эргэн төлөлтөө хийж чадахгүй болох юм бол энэ өр улсад шилжинэ. Засгийн газар эдгээр зээлдэгчийн нэрийн өмнөөс гадаад өр төлбөрийг барагдуулна гэсэн үг.

Хөгжлийн банк 2018 онд байгуулагдсан. Түүнээс хойш 10 гаруй жил өнгөрсөн байна. Энэ жилүүдэд цугларсан чанаргүй активын зээлүүд байна. Энэ хугацаанд зээлээ төлөхгүй яваад байхаар өнөөх барьцаа хөрөнгүүд нь чанар нь алдагдаж байна. Элэгдэлд орж байна. Ирээдүйн орлогыг барьцаалах, эргэлтийн хөрөнгө, дансны орлого зэргийг барьцаалсан байгаа юм. Цаасан дээр барьцаа юм шиг харагдаж байгаа боловч тэр нь бодит байдал дээр барьцаагүй гэсэн үг.

Бид бүх барьцааг хурааж авах хуулийн эрх байхгүй. Заавал ч үгүй шүүхээр шийдүүлдэг. Гэтэл шүүхийн шийдвэр гарсны дараа давж заалдана. Явсаар байгаад дээд шүүхэд очдог. Дээд шүүхийн шийдвэр гарсны дараа ч гэсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр уддаг. Шүүхээр явсаар 6 жил болсон ч кэйс байна. Шүүхийн шийдвэр дээр 3 жил болсон ч кэйс байна. Энэ бүх хугацаанд манай Хөгжлийн банк гадна талд босгосон санхүүгийн эх үүсвэрийнхээ хүүгийн зардлаар алдагдалд хүлээгээд яваад байна.

Өчигдөр манай банкны зүгээс АТГ-т албан ёсоор бүх баримтыг шилжүүлсэн. Банкны хувьд хамгийн их санаа зовоосон асуудал бол гадаад өрөө төлж чадахгүй болчихвий гэж санаа зовоож байна” хэмээв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.