Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Зардал их учраас цагаан идээнийхээ үнийг нэмэхгүй яах вэ”

Нийслэлийн иргэдийг мах, цагаан идээгээр хангах, үнийн нэмэгдэлгүй бүтээгдэхүүнийг малчид, үйлдвэрлэгчдээс шууд худалдан авах боломж бүрдүүлэх зорилгоор Төв цэнгэлдэх хүрээлэнд “Монгол хүнс, монгол бараа-2022” үзэсгэлэн, худалдааг нээгээд долоо хоног өнгөрлөө. Нийт 10 хоног үргэлжлэх уг үзэсгэлэнд тавигдсан бүтээгдэхүүний үнэ ханш, үйлчлүүлэгч, борлуулагчдын сэтгэгдлийг сонирхохоор Төв цэнгэлдэхэд хүрээлэнг зорив. Ажлын өдрийн 12.00 цагийн үед үзэсгэлэнгийн орчимд иргэд олноороо хараахан цуглаагүй байлаа. Харин 20 гаруй асарт хэвийн боов, цагаан идээ, хөлдөөж, хатаасан жимс, нөөшилсөн ногоо, мах болон арьс, ширэн бүтээгдэхүүн дэлгэжээ. Ер нь иргэд, малчдын бэлтгэсэн хүнсний зүйлсийн төрөл олширч, өнгө үзэмж сайжирсан нь анзаарагдав. Мөн борлуулагчид нь гол төлөв дээл өмсөн, үнэг, булган малгай духдуулж, үндэсний хувцсаар гоёсон нь нүдэнд чимэгтэй харагдана билээ.

Уг үзэсгэлэн худалдаагаар борлуулж буй бүтээгдэхүүнүүд ялангуяа цагаан идээний үнэ өндөр байгааг хэлэх хүн цөөнгүй байв. Тухайлбал, Хан-Уул дүүргийн иргэн С.Балжинням “Үйлдвэрийн аргаар боловсруулж, савласан нэг литр сүү 3200 төгрөгийн үнэтэй байхад хөлдөөсөн сүү кг нь 4000 гэж байна. Гэсгээвэл нэг литр ч хүрэхгүй шүү дээ. Зарим ааруул кг нь 30 000, шар тос мөн 30 000 төгрөг гэж байгаа нь арай дэндүү өндөр дүн биш үү. Би 130 000 орчим төгрөгөөр дундаж хэмжээтэй нэг тор хүрэхгүй шахам ааруул, шар тос, аарц авлаа. Малчдыг Төв цэнгэлдэхэд үнэ төлбөргүй зогсоон, бидэнд хямд бүтээгдэхүүн санал болгож байгаа гэсэн ч хямд гэх зүйл алга” гэв. Тэгвэл Архангай аймгийн Ихтамир сумаас ирсэн нэгэн малчин ийн ярив.

-Цагаан идээний үзэсгэлэнд хэд дэх удаагаа оролцож байна вэ. Энэ удаа хэдий хэмжээний бүтээгдэхүүн борлуулахаар төлөвлөв?

-Цар тахлын улмаас 2020-2021 оны өвөл нийслэлд цагаан идээ борлуулж чадаагүй. Өмнө нь дөрвөн жил дараалан ирж, “Sky” худалдааны төв, “Тэнгис” кино театрын өмнөх талбайд зогсож байсан. Энэ удаа 400 гаруй кг идээтэй ирлээ. Голдуу ааруул, өрөм, цагаан тос байна.

-Иргэдийн худалдан авах чадвар хэр байна вэ?

-Хүмүүсийн худалдан авах чадвар хоёр жилийн өмнхөөс тааруу байна. Бас Цагаан сарыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй гэсэн нь нөлөөлж буй болов уу.

-Хоёр кг ааруул, нэг кг шар тос авахад л 100 000 төгрөг төлж буйд бухимдах хүн цөөнгүй байна. Цагааны идээний үнийг хэрхэн тогтоодог юм бэ. Үнэ нь нэмэгдэхэд ямар хүчин зүйл нөлөөлөв?

-Идээ цагааныхаа үнийг би аймгийн төвд борлуулж буй ханш, бусад хүний санал болгож буй үнэтэй харьцуулж тогтоосон. Ер нь орон нутагт шатахуун, өргөн хэрэглээний барааны үнэ сүүлийн нэг жилд огцом өссөн шүү дээ. Өөрөөр хэлбэл, зардал ихтэй учраас цагаан идээнийхээ үнийг өсгөхөөс өөр аргагүй. Тэгээд ч хавраас намрын хооронд багагүй хөдөлмөрлөдөг, мал болон түүхий эдээс өөр орлогогүй бидэнд өвөлд л цагаан идээ, махаа борлуулах боломж гардаг. Ямар үнээр зарах нь үйлдвэрлэгчийн асуудал биш үү гэсэн юм.

Дээрх үзэсгэлэнд борлуулж буй нэг онцлог бүтээгдэхүүн нь боловсруулсан үхрийн шир байв. Хивсний оронд шалан дээр дэвсэх, ханандаа өлгөх, буйдан ч бүтээх боломжтой дулаан, загварлаг, хар болон бор өнгийн ширийг ширхгийг нь 180 000-230 000 төгрөгөөр үнэлжээ. Эдгээрээс гадна арвайн гурил, ургамлын цай, хатаасан эмийн ургамал, ноос, ноолуур, хөөврөн эдлэл зэрэг нийт 80 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг санал болгож байна.

Бэлтгэсэн С.Дулам

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.