Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Исламын улс” Сирийн шоронг түшиц газраа болгожээ

Сирийн зүүн хойд нутгийн Хасек хот дахь, “Исламын улс” бүлэглэлийнхний эзэлсэн шоронгийн цогцолборын төлөөх тулалдаан бараг долоо хоногийн турш үргэлжилж байна. Голчлон курдүүдээс бүрддэг “Ардчилсан Сирийн хүчин”-ий ажиллагаанд АНУ нэгджээ. Хотын олон мянган оршин суугч дайн тулаанаас зугтахын тулд орон гэрээ орхин дүрвэжээ. Энэ нь Сирид сүүлийн гурван жилд болж буй хамгийн том террорист ажиллагаа аж. Янз бүрийн эх сурвалжийн мэдээлснээр, Хасек хотын курдүүдийн хяналтад байдаг Гувейран хороолол дахь “Эс-Сынаа” шоронд 3500-5000 хүн хоригдож байсны олонх нь “Исламын улс”-ын террористууд гэнэ. Эл хорих газрыг өнгөрсөн долоо хоногт тус бүлэглэлийн зэвсэглэсэн 200 орчим этгээд эзэлжээ. Тэд шоронгийн хоригдлуудын дунд байсан 12-18 насны 700 орчим хүүхдийг амьд бамбай болгосон байна.

Энэ долоо хоногийн эхээр “Ардчилсан Сирийн хүчин”-ийхэн урьд нь их сургууль байсан шоронгийн найман барилгыг эзэлсэн аж. Курдүүдийг АНУ тэргүүтэй терроризмын эсрэг олон улсын эвсэл дэмжиж байв. Энэ үеэр 27 дайчин, террорист 175 гишүүн амь үрэгдсэн гэж курдүүд мэдэгджээ. Харин Сирийн хүний эрхийн байдалд хяналт тавих төвийн мэдээлснээр байлдааны үеэр 114 террорист, Курдын аюулаас хамгаалах хүчний 45 ажилтан, долоон иргэн амь үрэгдсэн байна.

Энэ үеэр 600 орчим террорист бууж өгснийг автобусаар өөр хорих газар луу илгээж, үлдсэнтэй нь хэлэлцээ хийсэн гэнэ. Гэвч шоронд үлдсэн хүмүүс бууж өгөхөөс татгалзаж, өөрсдийг нь Евфрат мөрнөөс баруун тийш орших цөл дэх аюулгүй гарцанд хүргэж өгөх, эсвэл эцсээ хүртэл тулалдахаа мэдэгджээ. Бүслэгдсэн тэдний сум хэрэгсэл, хүнс удахгүй дуусна гэж курдүүд найдаж байна.

Шоронд халдсан нь АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Сири дэх террорист бүлэглэлийн эсрэг дайнд ялснаа зарласан 2019 оны хавраас хойших “Исламын улс”-ын хамгийн том ажиллагаа юм. Өнгөрсөн хугацаанд тус бүлэглэл террорист халдлагаа зогсоогоогүй гэнэ. НҮБ-ын мэдээлснээр, Хасект болсон тулааны улмаас 45 мянга орчим оршин суугч орон гэрээ орхин явахаас өөр аргагүйд хүрсэн байна. Тэдний 2.5 мянга орчим нь Сирийн Засгийн газрын хяналтад байдаг бүс нутаг руу нүүжээ. Тус улсын зүүн хойд нутагт тулгамдсан асуудлуудын нэг нь Эль-Холь хуаран, террористуудын гэр бүл амьдардаг хэд хэдэн суурин, “Исламын улс”-ын 12 мянга орчим босогч байдаг шоронгууд аж. Иргэдээ аваач гэж курдүүд гадаадын Засгийн газруудад удаа дараа уриалж байсан. “Аш-Шарк аль-Авсат” сонинд мэдээлснээр Хасек дахь нэг шоронд Өрнөдийн орнууд болон Оросын зэвсэгт этгээдүүд байгаа аж. Гэвч “өөрсдийн” террористуудтай харилцахыг хүсдэг нь бараг байдаггүй. Зарим орон, тэр дундаа ОХУ хүүхдүүдийг авахад бэлэн ч насанд хүрэгсдийг тоодоггүй аж. Казахстан ч мөн тэдгээр улсын нэг гэнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.