Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өвлийн олимпын медальтнуудад ноолууран цэцэг гардуулна

Хэдхэн хоногийн дараа, тодруулбал, ирэх сарын 4-нд БНХАУ-ын Бээжин хотод өвлийн олимпын XXIV наадам эхлэх нь. Харин олимпын тосгон зочдоо өнөөдрөөс эхлэн хүлээн авна. Олимпын XXIV наадмын спортын тэмцээн зохион байгуулах гурван бүс (Бээжин, Яньцин, Жанжхүү) бүрт олимпын тосгон барьсан бөгөөд бүтээн байгуулалт таван жил үргэлжилжээ. “Бээжин-2022” өвлийн олимпын тосгон экологи, ногоон байгууламжид онцгой анхаарсан, ногоон бүтээн байгуулалтын гурван одтой гэдгээрээ бардамнаж байгаа. Тосгоныг байгуулах явцад зөвхөн Яньцинд гэхэд 24 000 мод тарьсан гэхээр арга ч үгүй биз.

Аль ч олимпын тосгонд байдаг хоолны танхим, кофе шоп, банк, фитнес төв, бэлэг дурсгалын дэлгүүр мэдээж бий. Фитнес, хоолны танхим нь 24 цагаар ажиллана. Цэсэд нь 700 орчим хоолны сонголт байх юм. Хятадын уламжлалт хоолноос эхлээд дэлхийн олон үндэстний амттанг зооглож болох аж. Тэр ч бүү хэл цагаан хоолтнуудад зориулсан цэс ч бий. Хоол, хүнсэнд перц, лаврын навч зэрэг сэргээшийн шинжилгээнд нөлөөлж болохуйц 48 төрлийн амтлагч хийхийг хориглосон байна.

Тосгон бүрт 18 тасаг бүхий (түргэн тусламжаас эхлээд яаралтай мэс заслынх хүртэл) эмнэлэг байгаа. “Токио-2022” зуны олимпын тосгоны орыг цаасан хавтангаар хийсэн нь дуулиан шуугиан тарьж байсан. Тэгвэл Бээжингийн олимпын тосгон дахь зочдын өрөө 1-2 ортой. Ор нь уртаашаа 2.2-2.4 метр, сунадаг, өндөр, нам болгож болдог гэнэ. Бээжин дэх олимпын тосгонд 2300, Яньцинд 1430, Жанжхүүгийнд 2640 тамирчин болон албаны хүмүүс байрлах боломжтой.

Ирэх сарын 4-20 хүртэл үргэлжлэх, өмнөд хөршийн Бээжинд болох өвлийн олимпын XXIV наадмын медаль, шагналын ёслолын тавцанг танилцуулъя. Аливаа олимпын наадмын медаль нь тухайн улсын өв соёл, уламжлалыг шингээсэн утга агуулга, бэлгэдэлтэй байдаг. Тэгвэл энэ удаагийн олимпын медаль нь “Хамтдаа нэг цул мэт” гэсэн утгатай “Тун Шин” нэртэй. Загвар нь Хятадын эртний хаш чулуун төвтэй дугуй унжлага дээр суурилж, олимпын үзэл санааг илэрхийлсэн таван цагаригтай. Энэ нь өвлийн олимпын наадмын сүр жавхланг дэлхийд түгээх утга илэрхийлж буй.

Медалийн загвар нь энгийн бөгөөд сонгодог. “Бээжин-2008” зуны олимпын наадмын хаш шигтгээтэй медалийг санагдуулахуйц хийцтэй. Үүгээрээ Бээжин зуны болон өвлийн наадмыг зохион байгуулсан анхны хот гэдгээ тодруулах зорилготой. Медалийн нүүрэн талын голд нь олимпын таван цагариг, эргэн тойронд нь мөс, цас, үүлэн хээгээр хүрээлэгдсэн “Бээжин-2022” өвлийн XXIV олимпын наадам” хэмээн сийлжээ. Ар талд нь тус наадмын бэлгэ тэмдгийг төв хэсэгт байрлуулж, “Бээжин-2022” өвлийн олимпын наадам” гэсэн бичгийг хятад ханзаар бичсэн байна. Мөн тухайн тэмцээний нэрийг хамгийн гадна талын хүрээн дээр байршуулжээ.

Тамирчдын шагналын тавцан нь байгаль орчинд хоргүй, дахин боловсруулсан материалаар хийсэн, угсардаг байх нь. Өнгө нь тэнгэр болон цас, мөсийг илэрхийлсэн хөх, цэнхэр. Шагнал гардуулах тавиур нь дэлгэсэн ном хэлбэртэй. Энэ нь Хятад улс олимпын наадмаар соёлын түүхэндээ шинэ хуудас эхлүүлж буй гэсэн утгатай. Зохион байгуулагчдын өгүүлснээр Хятад улс “Дэлхий дахинд нээлттэй, найрамдал, энх тайван, хүлээцтэй байдлаа санал болгож буй” гэнэ. Бүх медальтан “Бээжин-2022” олимпын бэлгэдэл сахиус “Бин дунь дунь” нэртэй пандагийн жижиг хувилбар гардана. Орчин үеийн хятад хэлээр бин гэдэг үг нь мөс гэсэн утгатай аж. Гэхдээ бас цэвэр ариун байдал, хүч чадал юм. Дунь дунь гэдэг нь эрүүл, хүчтэй, хөгжилтэй гэдгийг илэрхийлдэг ажээ.

Медальтнуудад цэцгийн баглаа гардуулдаг нь ОУОХ-д төдийлөн таалагддаггүй. Байгаль орчинд ээлтэй бус хэмээн үздэг. Тиймээс “Рио- 2016”, “Пёнчан-2018” наадамд амьд цэцгийн баглаа гардуулаагүй. Харин “Токио-2020” олимпын наадамд цэцгийн баглааг дахин гардуулсан. Гэхдээ энд зориулагдсан 5000 цэцгийн баглааг Японы тал 2011 оны аймшигт газар хөдлөлт, байгалийн гамшигт хамгийн их өртсөн муж, аймгуудын фермерүүдээс худалдан авсан. Нэг талаар тэднийг дэмжсэн, нөгөө талаар дэлхий дахинд баярласан талархсан давхар утгатай байсан тул огтхон ч шүүмжлэл гараагүй. Энэ удаа Хятадын тал хэл ам дагуулахгүй шинэ, сонирхолтой санаа олжээ. Тэр нь медальтнуудад цэцгийн баглаа өгөх уламжлалыг хэвээр хадгална. Харин цэцгийн баглаа нь ноолууран, гар сүлжмэл байх нь. Байгальд хор хөнөөлгүй, ашид мөнхийн олимпын баглаа байх болно гэж үзжээ. Уг цэцгийн баглаа нь зургаан төрлөөс бүрдэнэ. Сарнай нь нөхөрлөл, хятад сарнай нь тэсвэр хатуужил, сараана нь аз жаргал, гидранж нь эв нэгдэл, олимпын уламжлал ёсоор лаврын навч нь ялалт, чидуны мөчир нь энх тайван, амар амгаланг бэлгэдэх аж. Цэцгийн баглааг хөх цэнхэр өнгийн туузаар боох бөгөөд энэ нь цас, мөсийг сануулж байгаа юм.

Бэлтгэсэн Ц.Энхтүвштн

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.