Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөлбөмбөгийн багаас ч үнэтэй наймаа

2022 оны спортын салбарын хамгийн том наймаа нь К.Мбаппе, Э.Холанд, тэр бүү хэл “Астон вилла”-д очсон Ф.Коутиньогийнх биш, харин хэвлэл мэдээллийн байгууллагынх болж таарав. Сүүлийн таван жилийн хамгийн сонирхолтой, алдартай спортын медиа болох “The Athletic”-ийг “The New York times” компани 550 сая ам.доллароор худалдаж авчээ. Ямар ч хэмжүүрээр авч үзсэн энэ бол том наймаа. Харьцуулбал, Саудын Арабын хөрөнгө оруулалтын сан өнгөрсөн онд “Ньюкастль” багийг 400 сая ам.доллароор авсан бол “Sports lllustrated” супер сэтгүүл 2019 онд 110 сая ам.доллароор зарагдаж байв. Тиймээс NYT, “The Athletic”-ийн гэрээг түүхэн гэж нэрлэж болох юм.

Спортын хэвлэлийн хамгийн сайныг нэг дор нэгтгэж, сонины хуучинсаг стилиэс зайлсхийнэ хэмээн “The Athletic” хэвлэл мэдээллийн зах зээлд гарч ирсэн. Тэд мэдээллийн араас хөөцөлдөлгүй, харин бүх зүйлийн талаар, тухайлбал, Английн Премьер лигийн хамгийн жижиг багийн тухай ч сонирхолтой нийтлэл, подкастыг уншигчдадаа хүргэдэг юм. Ийнхүү тэд таван жилийн хугацаанд дэлхийн хамгийн нэр хүндтэй спортын хэвлэл мэдээллийн хэрэгсэл болов. Хэрэв та NBA, NFL, NHL, MLB, хөлбөмбөг сонирхдог бол “The Athletic” гэж сонссон байх нь гарцаагүй.

Гэхдээ нэг онцлог бий. “The Athletic” бол төлбөртэй суваг. Материалыг нь уншихын тулд сар бүр найман доллар төлөх ёстой. Тэд 2019 онд 600 мянга, 2022 оны эхээр 1.2 сая захиалагчтай болсон. Тийм учраас л “The Athletic” хэвлэлийн зах зээлийн супер аварга компанийн анхаарлыг татжээ.

“NEW YORK TIMES”-ЫН АШИГ СОНИРХОЛ

1851 оноос гарч буй “New York times” сонин өдгөө 8.4 сая төлбөртэй захиалагчтай бөгөөд энэ нь дэлхийд нэгдүгээрт орох үзүүлэлт юм. Тэд шинэ төрлийн захиалагчтай болох зорилгоор спортын салбарт хөл тавьсан гэж шинжээчид дүгнэж байна. “New York times” 2025 он гэхэд 10 сая захиалагчтай болох зорилготой бөгөөд үүндээ хүрэхэд нь “The Athletic” ихээхэн хувь нэмэр болох юм. Түүнээс гадна тус сайт нь аажимдаа өөрөө орлого олж эхлэх бүрэн боломжтой. Мөн спортын медиа нь бооцооны компаниудтай хамтран ажиллах боломжийг бүрдүүлнэ. АНУ-ын олон мужид бооцоо тавихыг зөвшөөрөөд эхэлсэнтэй энэ нь бас холбоотой.

“THE ATHLETIC” ӨӨРЧЛӨГДӨХ ҮҮ

“New York times” медиа холдингийн бүрэлдэхүүнд “The Athletic” тусдаа компани хэлбэрээр ажиллах бөгөөд тус сонины спортын албатай ч холбогдохгүй гэнэ. “The Athletic”-ийг үүсгэн байгуулагч менежер А.Мазер, санхүүч А.Хансманн нар албан тушаалдаа үлдэнэ. Харин ч “New York times” сурталчилгаа, техник, өгөгдөлтэй ажиллах, үйл ажиллагааны тал дээр дэмжлэг үзүүлэх аж.

ЗАРАГДСАН ШАЛТГААН

“The Athletic” эл наймааг хийхийг “New York times”-аас дутуугүй сонирхсон гэж болно. Захиалагчдын тоо удаан нэмэгдэж, ажилтнууд эрс өссөнөөр (600 гаруй ажилтантай) үйл ажиллагааны зардал нь огцом өсжээ. Хэдий тэд нийт 140 сая ам.долларын хөрөнгө оруулалт татсан ч ашигтай ажиллаж эхлээгүй л байна. Тиймээс өөр хэд хэдэн хөрөнгө оруулагч хайснаас гадна бусад старт-аптай нэгдэх боломжийг эрэлхийлж байсан аж.

2021 оны аравдугаар сард “The Informa¬tion”-д гарсан мэдээллээр “The Athletic”-т үйл ажиллагаагаа найман сар явуулах л мөнгө үлдээд байсан аж. 2019-2020 онд 95 сая ам.долларын алдагдалтай ажилласан тэдний хувьд энэ нь тун тааруу мэдээ юм. Ийм байдал 2021 онд ч үргэлжилж, орлого нь 65 сая, зардал нь 120 саяд хүрсэн байна. Хөрөнгө оруулагчид нь “The Athletic”-ийн удирдлагыг компаниа 750 сая ам.доллароор худалдахыг шаардаж эхэлсэн аж. Энэ хэмжээний алдагдалтай компанийг “New York times” 2025 оноос эхлэн ашигтай ажиллах боломжтой гэж үзэн худалдаж авахаар шийдсэн байна.

Эцэст нь өгүүлэхэд, “New York times” өмнө нь өөр хэвлэл мэдээллийн хэрэгслийг өндөр үнээр худалдаж авч байсан түүхтэй. Тухайлбал, 1993 онд “Boston globe”-ыг 1.1 тэрбум, 2005 онд about.com-ыг 410 саяар авч байсан ч аль аль нь ашигтай байж чадаагүй тул эргүүлэн зарсан билээ. Харин “The Athletic”-ийг ямар хувь заяа хүлээж байгаа бол?

Бэлтгэсэн Н.Энх

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.