Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

И.АЛТАНГЭРЭЛ: Монголын хоккейчид тивдээ хүчтэй өрсөлдөгч болсноо харуулсан

Монголын хоккейн шигшээ багийн тамирчин, “Багануур” багийн ахлагч, ОУХМ И.Алтангэрэл дотоод, гадаадын тэмцээнд цөөнгүй оролцсон. Тэрбээр Монголын үндэсний хоккейн шигшээ багийнхантайгаа “Challenge cup of Asia” тэмцээнээс 2016 онд хүрэл, 2017 онд мөнгөн медаль хүртсэн. Мөн уг тэмцээнд 2018, 2019 онд түрүүлж, алтан медаль, аваргын цом гардаж байв. Дээрх тэмцээнээс “ Ш и л д э г довтлогч”-ийн шагнал хүртсэн түүнтэй ярилцлаа.

-Таныг Багануур дүүргээс хоккейн спортод хөл тавьсан залуусын нэг гэж ярьдаг юм билээ.

-Тийм ээ, би тус дүүрэгт төрж, өссөн. Миний хүүхэд насны дурсамж, хоккейн спортод хөл тавьсан түүх ч энэ газартай холбоотой. 1993 оноос мөсөн талбайд гарч өнөөг хүртэл шайб, цохиуртай нөхөрлөж явна. Манай дүүрэгт хойд хөршийн цэргийн арми байрладаг байсан нь хоккей хөгжихөд нөлөөлсөн.

Тэр үед баг болгон орос тамирчинтай байв. Багадаа ах нарын тоглохыг харсаар хоккейд өөрийн эрхгүй дурлаж билээ. Бидний үеийнхэн ОРТ сувгаар гардаг хоккейн тэмцээнд 17 дугаартай Валерий Харламовын тоглохыг үзэж, бүр шүтдэг байлаа. Намайг хоккейн багт анх авсан дасгалжуулагч Э.Батбаяр, Х.Цогтсайхан багш нар минь багийнхаа тамирчдыг удирдаж, бэлтгэл хийлгэдэг хэвээрээ. Бид 30 гаруй жил багш, шавийн харилцаатай хамтран ажиллаж байна. Шинэ оны босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Х.Цогтсайхан багшийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан. Дүүргийн спортын хөгжилд түүний оруулсан хувь нэмэр их. 1980 оноос Монголын шайбтай хоккейн түүхэнд тэмдэглэгдэх амжилтууд түүний хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой.

-Монголд “Степа арена” мөсөн ордон барьж, хоккейчдын олон жил хүссэн мөрөөдөл биеллээ. Хойшид олон улсын тэмцээн зохион байгуулж, спорт сонирхогчдыг огшоох байх.

-Эх орондоо мөсөн ордонтой болсон нь бидэнд сайхан боломж. Азийн АШТ-ээс ч илүү өндөр зэрэглэлийн лигийн тоглолтод дүүргээ төлөөлж, багийнхантайгаа оролцсондоо сэтгэл өндөр байгаа. Би “Багануур” багт 30 жил, Монголын хоккейн үндэсний шигшээд 1999 оноос өнөөг хүртэл тоглож байна. Тэр цагаас нөхөдтэйгөө он жилүүдийн дурсамж, ялалт, ялагдал, гуниг баяраа хуваалцаж ирлээ. Багийн спортод хамт олны нэгдмэл уур амьсгал, зорилго чухал. Олон улсын хоккейн холбоо тамирчдыг ДАШТ-д оролцуулахдаа эх оронд нь стандартад нийцсэн, битүү дээвэртэй ордонтой байхыг шаарддаг. Монголын үе үеийн хоккейчид үүнийг олон жил хүссэн. Үүнээс гадна Чингэлтэй дүүргийн X хороон дахь спорт цогцолборын мөсөн талбай удахгүй ашиглалтад орох нь. Мөн Сонгинохайрхан дүүрэгт баригдаж байгаа нь ирэх жил бэлэн болно. Дархан-Уул аймагт 750 хүний суудалтай ордон барих хөрөнгийг улсын төсөвт суулгахаар болсон гэж сонссон. Багануур дүүрэгт болсон хоккейн лигийн II тойргийн тэмцээний нээлтийн үеэр Засаг дарга С.Даваасүрэн иргэддээ амлалт өгч, “Дүүрэгтээ битүү дээвэртэй ордон барихыг дэмжиж ажиллана” гэж хэлсэн. Монголд мөсөн ордон байгуулснаар зөвхөн хоккейчид гэлтгүй тэшүүр, шорт трейкийн тамирчид бэлтгэл хийж, тэмцээн зохион байгуулах боломжтой.

-Хэн таныг шайб, цохиуртай нөхөрлүүлж, эргэж буцахааргүй болтол урвуулчихав?

-Тамирчин хүн гэр бүлийн дэмжлэггүйгээр амжилтад хүрэхгүй. Аав минь намайг мөсөн талбайд хөтөлж ирээд хоккейгоор хичээллүүлсэн. Амжилт гаргах бүртээ нэрийг нь дуудуулсандаа баярладаг. Үр хүүхдийнхээ өөдрөг явааг харах эцэг, эхэд нь хамгийн сайхан жаргал байдаг юм гэсэн. Хүүхэд байхаас минь дэмжсэн гэрийнхэндээ үргэлж талархдаг. Аавтайгаа зурагтаар хоккейн тэмцээн үздэг байсан минь тамирчин болох мөрөөдлөөр жигүүрлүүлсэн гэж боддог.

-Хоккейн тоглолт хорхойсож үздэг хүүд мөсөн талбайд анх гарахад ямар мэдрэмж төрж байсан бол?

-Мөрөөдөж байсан мөсөн талбайд гарсан минь үгээр хэлшгүй мэдрэмж төрүүлсэн. 1994 онд “Алтан шайб” өсвөрийн УАШТ-д “Багануур” багийнхантайгаа анх оролцохдоо IV байрт шалгарсан юм. Хэдийгээр бид хожигдсон ч хойшид амжилт гаргах эхлэл байв. Хойтон жилийнх нь тэмцээнээс нөхөдтэйгөө хүрэл медаль хүртэж, 1996 оноос хойш зургаан жил дараалж түрүүлсэн. Манайхан лигийн тоглолтыг мөн л амжилттай эхлүүлж, гурван жил дараалж аваргаар шалгарч байлаа. Тухайн үед биднийг хожих гэж ана мана өрсөлддөг баг цөөнгүй байв. Бидэнтэй аваргын төлөө Сэлэнгэ аймгийн Бугант тосгоны баг, Баянгол дүүргийн “Билэгт хүү” клубийнхэн хүчтэй өрсөлддөг сөн. Тэр дундаа “Билэгт хүү” клубийнхэнтэй нэг бус удаа таарч, хожсон. Оросуудын нөлөөгөөр Дархан-Уул, Орхон аймаг, Багануур дүүрэгт хоккей хөгжсөн. Хаана дэмжих байгуулага байна, тэнд спортын төрөл хөгждөг. “Багануур” багийнхныг амжилт гаргахад дүүргийн удирдлага, нутгийн иргэд, хөгжөөн дэмжигчдийн дэм, тус их бий.

-Та багтаа довтлогчийн үүрэг гүйцэтгэдэг. Тамирчдаа ахалж, олон тэмцээнд оролцлоо. Ахлагч байх амаргүй биз?

-Багтаа анх тоглох үеэс ахлагчаар нь сонгогдсон. Багийн ахлагч үүрэг, хариуцлага өндөртэй байж тамирчдаа амжилтад хөтөлдөг. Тэмцээний үед тактик боловсруулахаас гадна тамирчдынхаа сэтгэл зүйд анхаарал хандуулж, урам зориг өгнө. Хоккейг мөсөн дээрх шатар гэж ярьдаг. Богино хугацаанд чухал шийдвэр гаргаж тоглодог. Хэрвээ миний шийдвэр буруу байвал багаараа хожигдоно, зөв бол хожно. Тэгэхээр ахлагчийн гаргасан шийдвэр шатар, даам нүүхтэй адил. Хоккейн тоглолтод багийн ажиллагаа чухал. Эсрэг багийнхан хожигдохгүйн тулд мөн л толгойгоо ажиллуулна. Тэгэхээр тэднээс илүү сэтгэж байж, буулгаж авна шүү дээ. Хоккейчид цохиур барьчихаад шайб залж зүгээр нэг гулгадаггүй. Өрсөлдөгчийнхөө хаалганд гоол оруулах хүртлээ бүх зүйлээ дайчилдаг. Надтай хамт тоглодог таван тамирчин Монголын хоккейн шигшээ багт ч тоглодог. Бид “Challenge сup of Asia” болон бөмбөгтэй хоккейн ДАШТ-д оролцдог юм. Тамирчдад хэзээ нэгэн цагт зодог тайлах үе ирдэг. Бид хоёр жилийн дараа ахмадын ангилалд тоглоно. Хоккейн шигшээ багт “Шарын гол”, “Хангарьд” “Отгон од Бласт”-ын шилдэг залуу тоглогчид бий. Залуус эрч хүчтэй, идэвхтэй, дайчин. Тиймээс хойшид үзүүлэх амжилт нь өмнөхөөсөө ахина гэдэгт итгэдэг.

-Танай багийнхан тэмцээнд үндсэн бүрэлдэхүүнээрээ тоглож харагддаг. Хойшид залуу тоглогчдоор хүч сэлбэх үү?

-Манайхаас бусад клуб багтаа залуу тамирчид, легионероор хүч сэлбэсэн. Бид өмнө нь нөөц, боломждоо тулгуурлаж, үндсэн бүрэлдэхүүнээрээ тоглодог байв. “Багануур” клубийн тэргүүнээр “Багануур” ХХК-ийн тэргүүн дэд захирал Д.Түвшинжаргал сонгогдсон цагаасаа тамирчдаа дэмжиж ажиллалаа. Бид багтаа ОХУ, АНУ-аас тус бүр хоёр легионер урьж тоглуулдаг. Би 2012 онд Монголд ирж, залгамж халаагаа бэлдэх зорилгоор Багануур дүүрэгт “Trippers” хоккейн клуб байгуулсан юм. Миний хувьд өсвөрийн тамирчдыг дасгалжуулж тэмцээнд оролцуулдаг. Өнгөрсөн амралтын өдөр Багануур дүүрэгт мөсний баяр зохион байгуулж, наймаас дооших насны хүүхдүүдийн дунд хоккейн тэмцээн явуулахад АНУ-ын Элчин сайд Майкл С.Клечески урилгаар ирж үзлээ. Мөн тус улсаас ирсэн хоёр дасгалжуулагчийн удирдлагад шавь нар минь хоёр сар бэлтгэл хийнэ. Тэд Пенсилвани муж улсын хоккейн багийн мэргэжлийн тамирчин. Хүүхдүүдэд хоккейн бэлтгэлээс гадна англи хэл заадаг. Энэ нь 2022 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын эхнийх нь. Цаашлаад дүүрэгтээ байгуулах мөсөн ордон барих хөрөнгийг улсын төсөвт суулгуулах, мөн урилгаар ирсэн дасгалжуулагчидтай хамтран ажиллаж, АНУ-д мэргэжлийн дасгалжуулагч, тамирчин бэлтгэх, өсвөрийн тамирчдаас сургалтад хамруулахаар төлөвлөсөн.

-Таны шүтээн Валерий Харламов ЗХУ-ын шигшээ багт 17 дугаартай тоглодог байсан. Түүгээр бахархаж энэ дугаарыг сонгосон уу?

-Би “Багануур” багт хөл тавиад л 17 дугаартай тоглосон. Түүнийг ийм дугаартай тоглохыг ОРТ сувгаар харж, бахархдаг байлаа. Тэрбээр одоо байхгүй ч Оросын тамирчдаас хоккейн спортод гаргасан амжилт, даруу зан чанараараа домог болж мөнхөрсөн. Багадаа түүн шиг тоглох сон гэж мөрөөддөг байв. Надад 17 дугаар олон амжилт авчирсан. Миний хувьд 2014, 2015 онд болсон “Challenge сup of Asia” тэмцээнээс “Шилдэг довтлогч”-ийн шагнал гардсан даа.

-Монголын хоккейн шигшээ багийнхан Тайландын Бангкок хотод 1999 болсон Ази, Номхон далайн орнуудын АШТ-д анх оролцсон санагдах юм.

-Тийм ээ, манайхан хүрэл медалийн төлөө эзэн орны багийнхантай тоглож 4:5-аар хожигдсон. Үүний дараа Шинэ Зеландад болоход нь IV байр эзэлж, 2001 онд өмнө нь биднийг хожсон Тайланд, Тайвань, Сингапурын багийг буулган авч түрүүлсэн. Тэр үед Монголын шайбтай хоккейн холбооны ерөнхийлөгч байсан Х.Балсандорж гуай тамирчдаа дэмжсэнээр гадаадын тэмцээнд оролцох болсон. Нэгэн жишээ дурдахад, Филиппинд 2018 оны гуравдугаар сард болсон “Challenge сup of Asia” тэмцээнд эзэн орны багийг нутгийнх нь талбайд илүүрхэж, аваргын цом гардсан юм. Тус багийн дасгалжуулагч нь Шведийн хоккейн мэргэжлийн тамирчин байсан. Энэ улс 116 сая хүн амтай, битүү дээвэртэй таван мөсөн ордонтой, багийн ихэнх тоглогчид нь легионер. Тэд хожигдсоныхоо дараа “Бид ирэх долоо хоногт 2019 онд болох тэмцээний бэлтгэлээ үргэлжлүүлнэ” гэж байхад манайхан дараа жил мөс хөлдтөл бэлтгэл хийхгүй гээд ярьж байх жишээтэй. Бид тухайн үед гадаах талбайн мөсөн дээр бэлтгэл хийж оролцсон шүү дээ. Гадаах мөсөн талбайд тоглох нь давуу талтай. Өвлийн утаа ихтэй улиралд мөс хүчилтөрөгч ялгаруулдаг болохоор тамирчид ханиад хүрдэггүй. Манайхан эл тэмцээнээс хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн. Бид дараалж түрүүлэхдээ Монголд хоккейн спорт хөгжиж, тивийнхээ орнуудад хүчтэй өрсөлдөгч болсноо харуулсан.

-Казахстаны Алматыд 2011 онд зохион байгуулсан Азийн өвлийн их наадамд та нөхөдтэйгөө тоглосон бил үү?

-Үгүй, би тэр үед Люксембургийн хоккейн “Tornado Luxembourg” багт тоглодог байлаа. Тэнд 2008-2012 он хүртэл амьдрахдаа дасгалжуулагч, шүүгчийн курст сурч, үнэмлэх авсан. Би одоо ч тоглож байсан багийнхантайгаа хамтарч ажилладаг. Тус багийн тамирчид Монголд жил бүр ирэхдээ шавь нарт минь хоккейн хувцас, хэрэглэл бэлэглэдэг юм. Монголын хоккейн шигшээ багийнхан тэр жил Казахстаны Алматыд болсон Азийн өвлийн их наадмын бөмбөгтэй хоккейн тэмцээнд Киргизийн багийг хожиж, аваргын төлөө эзэн орны багт ялагдан, мөнгөн медаль хүртсэнийг сонссон. Хамгийн сүүлд 2020 онд ОХУ-ын Эрхүүд болсон бөмбөгтэй хоккейн ДАШТ-д манайхан Словакийн шигшээ багийнхантай өрсөлдөж, хүрэл медалиас атгаад л алдсан.

-Сүүлийн үед хоккейн спортын дүрэмд ямар өөрчлөлт оров?

-Хоккейн тэмцээний дүрэмд жил бүр өөрчлөлт ордог. Хоккейн тоглолт зодоонгүй өндөрлөх нь ховор. Олон улсын хоккейн холбоо ингэхийг өмнө нь зөвшөөрдөг байв. Тэмцээний үед тамирчид нэгнээ мөргөж унагах, эсвэл цохисноос гэмтэх тохиолдол гардаг тул тус холбоо сүүлийн үед хоккейчдын мөсөн дээрх үзүүлбэр, тоглох техник, ур чадварыг ахиулах зорилгоор зодолдохыг хориглодог болсон. Харин АНУ-ын мэргэжлийн хоккейн (NHL) тэмцээнд зодолдохыг зөвшөөрсөн хэвээр байгаа. Тэмцээнд ихээхэн хөрөнгө зарцуулдаг болохоор тоглолтын уур амьсгалыг сонирхолтой болгож, үзэгчдийг татах зорилгоор зодолдохыг зөвшөөрдөг. Хоккейчдын зодоон нэг талаар үзэгчдийг огшоож, дахин үзэх хүсэл төрүүлдэг юм. Мэргэжлийн хоккейн баг бүрт зодоон эхлүүлдэг тоглогч бий. Түүнээс биш тамирчин болгон зодолдохгүй. Манайхнаас монголчуудын амархан бууж өгдөггүй, шартай, шийдэмгий зан цухалздаг. Бидний хувьд мөсөн талбайд хожсон, хожигдсон ч Төрийн дууллаа сонсох мөч сайхан байдаг. Тэр дундаа аварга болж, Төрийн далбаагаа мандуулахад өөрийн эрхгүй омогшил төрдөг юм.

-Хүүхдүүд тань хоккей сонирхож, хичээллэдэг биз дээ?

-Том охин хоккей тоглодог. Хойшид тамирчин болох байх. Шавь нар сүүлийн үед сайн тоглож байгаа. Тэдэнтэйгээ 10 жил хамтран ажиллалаа. Миний хувьд тэдний бэлтгэлийг хийлгэж, багаа ахалж, тэмцээнд оролцох гээд олон ажил зэрэг амжуулахаар хичээдэг. Заримдаа амаргүй санагддаг ч төлөвлөсөн зүйлээ бүтээхийн төлөө зүтгэдэг юм. Хэцүү гэж хойш суулгүй ажил, амьдралаа зохицуулаад дуртай спортдоо цаг, зав гаргаж ирлээ. Би дүүргийнхээ ерөнхий боловсролын гурван сургуулийн сурагчдад хоккейн спортын талаарх хичээл заасан юм. Түүнээс хойш энэ спортоор хичээллэх хүүхдүүдийн тоо нэмэгдсэн.

-Дасгалжуулагчийн хувьд шавь нараа амжилтад уриалж өөдрөг үгээр урам хайрлаач.

-Спортод хөл тавьсан бол тууштай хичээллэ, эцэст нь үр дүнг заавал харах хэрэгтэй. Ийм зан чанар амжилт гаргахад нөлөөлдөг. Өдөр бүр хичээх тусам алхам алхмаар зорилго руугаа ойртож байна гэсэн үг. Энэ ташрамд, багийнхаа тамирчдад болон, дасгалжуулагч багш нартаа, мөн биднийг дэмжиж, тэмцээнд оролцуулдаг “Багануур” ХХК-ийн удирдлага, хамт олон, дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн болон иргэд, хөгжөөн дэмжигчдэдээ баярлаж талархсанаа илэрхийлье.

4
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.