Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Н.Мөнхбат гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 489 орчим тэрбум төгрөгийн чанаргүй зээл олгожээ

Монгол Улсын Хөгжлийн банкийг үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэн, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор байгуулснаас хойш 10 гаруй жил өнгөрөв. Хөгжлийн банкийг байгуулах, эсэх талаар багагүй хугацаанд хэлэлцсэн бөгөөд тухайн үеийн Монголбанкны ерөнхийлөгч Ж.Үнэнбат 2010 онд “Хөгжлийн банк байгуулах хэрэггүй. Ямар ч хэлбэрээр байгуулсан өнөөгийн манай засаглалын түвшин тухайн банкийг ашигтай ажиллуулж чадахгүй. Үүнд дотоодын улс төрийн лобби, хариуцлагагүй байдал гэхчлэн олон шалтгааныг дурдаж болно” гэж ярьж байжээ. Гэсэн ч Хөгжлийн банкийг байгуулан, улмаар БНСУ-ын Хөгжлийн банктай хамтран ажиллах гэрээ үзэглэн, таван солонгос мэргэжилтнийг урьж, тэд зардлаа өөрсдөө гарган, манай улсад ажиллаж байжээ.

Мөн гүйцэтгэх захирлаар нь Ким Жанг Жин хэмээх хүнийг томилсон юм байна. Гэхдээ солонгосчуудтай байгуулсан гэрээгээ 2013 оны тавдугаар сарын 13-нд цуцалсан аж. Учир нь “Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларыг юунд, хэрхэн зарцуулах төлөвлөгөө, тооцоогүй Засгийн газартай солонгосчууд хэл амаа ололцохоо больсон гэдэг. Өөрөөр хэлбэл, нарийн мэргэшсэн, нягт тооцоотой, хууль, журам дээдэлдэг хүмүүстэй манай улстөрчид таарахгүй болсноор гэрээгээ цуцалсан хэмээн үзэх хүн цөөнгүй байдаг аж.

Н.МӨНХБАТ 2012-2016 онд ажиллахдаа 489 орчим тэрбум төгрөгийн зээл олгосон бөгөөд өдгөө үүссэн өр нь 495 тэрбум аж.

Тэгвэл өнгөрсөн пүрэв гарагт Хөгжлийн банкны нийт зээлийн 55.3 хувь нь чанаргүй болсныг мэдээлэв. Улмаар авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан, зээл болон хүүг нь төлөхөөс зайлсхийсэн, гэрээний үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд шаардлагатай арга хэмжээ авч, үе шаттай ажил өрнүүлэхээ тус банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул дурдсан юм. Түүнчлэн банкны хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, зээлийн чанарыг бууруулан, төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулахад голлон нөлөөлсөн (“Чингис хаан” банк хоёр удаа зээл авсныг оролцуулбал) 26 компанийг нэрлэсэн. Тус компаниуд нь 2014-2019 онд 700 саяас 203.1 тэрбум төгрөгийн зээл авсан бол өдгөө хүү болон үндсэн төлбөрт 600 саяас 200.1 тэрбум хүртэлх төгрөг төлөх болж, шүүхэд шилжүүлээд байгаа юм. Хөгжлийн банкны чанаргүй зээлийн хэмжээ нийт зээлийнх нь 50 хувиас ийн давж, 841 тэрбум төгрөгөөс хэтэрчээ. Үүнээс гадна Хөгжлийн банкны тухай хууль нь арилжааны банкуудынхаас өөр. Тодруубал, Хөгжлийн банкны тухай хуулийн 22.1-т “УИХ нь Хөгжлийн банкны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд Хөгжлийн банкийг өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэртэй танилцах, санхүүгийн болон үйл ажиллагааных нь тайланд хийсэн аудитын дүгнэлт, зөвлөмжтэй танилцана” гэжээ. Мөн Засгийн газар нь Хөгжлийн банкны санхүүгийн тайлангийн талаарх аудитын дүгнэлтийг баталж, үйл ажиллагааных нь дүгнэлтийн хамт УИХ-д хүргүүлэх журамтай. Санхүү, төлбөрийн чадварын хэвийн, тогтвортой байдлыг хангах цогц арга хэмжээ авах эрх, үүргийг Засгийн газар мөн хүлээнэ гэжээ. Эндээс харахад УИХ болон Засгийн газар нь Хөгжлийн банкны үйл ажиллагаанд бүрэн хяналт тавьж, санхүүгийн тайланг нь нягтлан, эрсдэлт нөхцөл үүсэхээс сэргийлэх үндсэн үүрэг, эрхтэй субъект аж. Тэгэхээр Хөгжлийн банкнаас олгосон зээлийн талаас илүү хувь нь найдваргүй болсны хариуцлагыг тус банкны удирдлага, ТУЗ-өөс гадна тухайн үеийн Засгийн газар, УИХ-ын гишүүд хүлээх учиртай юм. Ер нь төрийн өндөр албан тушаалтнуудын өөр хоорондын хуйвалдаан, эс үйлдэхүй зэргээс шалтгаалж Хөгжлийн банкны найдваргүй зээлийн хэмжээ нэмэгдсэн гэж болно.

Б.БАТБАЯР 2016 оны арванхоёрдугаар сараас 2019 оны тавдугаар сарын 17 хүртэл ажиллахдаа 215.5 тэрбум төгрөгийн зээл олгосон ба өдгөө 251 орчим тэрбумын өр үүсжээ.

Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар өчигдөр твиттер хуудсандаа “Хөгжлийн банкны чанаргүй зээлийн хэмжээ 1.6 их наяд төгрөгт хүрнэ. Зөвхөн шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан нь энд дурдагдаж буй 26 компанийн авсан 840 гаруй тэрбум төгрөг” хэмээн жиргэсэн байна. Түүний хэлснээр бол тус банкнаас олгосон зээл бүр нь чанаргүй байж мэдэх нь.

Хөгжлийн банкийг байгуулсан цагаас нь хойш гүйцэтгэх захирал, гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгчээр 7-8 хүн ажилласан юм байна. Ингээд шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн чанаргүй зээлийг хэний үед олгосныг зургаар үзүүлэв. Хамгийн өндөр дүнтэй буюу 489 тэрбум төгрөгийн чанаргүй зээлийг Н.Мөнхбат захирлаар ажилласан хугацаандаа олгожээ.

Г.АМАРТҮВШИН 2019 оны тавдугаар сарын 21-нээс арванхоёрдугаар сарыг дуустал ажиллахдаа 66 орчим тэрбум төгрөгийн зээл олгосон бөгөөд өдгөө 88 орчим тэрбумын өр үлдсэн байна.

Өдгөө дээрх банкны ТУЗ-ийн даргаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт ажиллаж буй бол гишүүн болон хараат бус гишүүдэд Б.Ганбат, С.Магнайсүрэн, Ц.Дорждагва, Б.Цогбадрах, Р.Мөнхтөр, М.Золжаргал, Н.Батнасан нар багтжээ. Ташрамд дурдахад, Хөгжлийн банкийг 2020 оноос Сангийн яаманд шилжүүлсэн аж.

Бэлтгэсэн С.Цэрэн

1
Савж уналааСавж уналаа
1
ТэнэглэлТэнэглэл
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.