Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Цогтбаатар: Алаг мэлхий өрөх нь жилийн засал номтой дүйцэхүйц наадгай

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн зурхайч лам Д.Цогтбаатарыг урьж, 17 дугаар жарны буян үйлдэгч хэмээх усан бар жилийн өнгө төрх, Цагаан сарын баярын талаар ярилцлаа.

-Бар жилийн үхрийн өнгийг шинжвэл ямар гарсан бэ?

-XVII жарны тооллын 36 он. “Буян үйлдэгч”  хэмээх хар (усан) бар жил гарч байна. Гарч байгаа жилийн өнгийг зурхайн олон зурлагуудаар шинжиж ирсэн уламжлалтай. Тухайлбал, жилийн эзэн гараг, жилийн хаан гараг, жилийн түшмэл гараг, жилийн эзэн од, цасан чихрийн амт, боовны үр, сүмбэр уулын үхрийн зурлага, шороон үхрийн зурхайг хэлж болно. Монголчууд үүний дотроос “Шороон үхрийн” зурхайн зурлагыг дэлгэр хэрэглэж, ажил, амьдралдаа өргөнөөр хэрэглэж ирсэн уламжлалтай ард түмэн билээ.

Шинэ гарч буй жилийн шороон үхрийн зурлага нь: Толгой, шийр, ногт, бурантаг нь хөх өнгөтэй, үхрийн бие, цулбуур нь ногоон өнгөтэй, ходоод нь цагаан, эвэр, чих, сүүл нь шар өнгөтэй, омруу, туурай нь улаан, амаа ангайж, сүүлээ зүүн тийш шарважээ. Харин  үхэр хариулаачийн царай хөх, дээл шар, бүс ногоон өнгөтэй байна. Малгайныхаа баруун чихийг буулгаж, зүүнииг сөхсөн, гэзэг үсээ зүүн чихний ар, баруун чихнийхээ урдуур унжуулсан, өвсөн сологтой, унгасаар томсон, бургасан иштэй, шар шилбүүр барьсан, хүч чадалтай идэр залуу, үхрийнхээ баруун талд, хөл нүцгэн, тайван алхаж явна хэмээн дүрслэгдсэн байна.

Дээрх зурлагыг шинжвэл: Залууст маш сайн буюу дунд шатны төрийн алба эрхэлж байгаа хүмүүс маш сайн гэж ойлгож болох. Нялхаст буюу түмэн олонд дунд зэрэг гэдэг нь сайн муу хосолсон гайгүй жил гарч байна. Харин өвгөд хөгшдөд дорой буюу төрийн томоохон албан тушаал эрхэлж буй хүмүүсийн хувьд улам хариуцлагатай байхыг анхааруулсан онцгой жил гарч байна. Үгүй болбоос алдаа эндэгдэл их гарах, халгаа сэлгээ их гарах, үүнээс болж төрийн үйл ажиллагаанд саад учир болзошгүй гэж ойлгож болох юм. Ард иргэдийн зөв ажил үйлс бүхэн бүтэмжтэй, үр ач дэлгэрэх маш сайн. Хүн, мал амгалан маш сайн. Жилийн эхэн буюу хавар, зуны улиралд гандуу, салхи, шуурга ихтэй. Улирлын эхэн саруудад хур тунадас элбэг бууна. Өндөр уул, нуруунуудад хур их орох, усны аюул гарч болзошгүй. Өвс, мод, цэцэг, жимс, хүнсний ногооны гарц арвин маш сайн.

-Барыг эр жил, хатуу гэх юм. Бар жилтэй охидод аюул ослыг зайлуулахын тулд зүсээ өөрчил гэж зөвлөсөн тухай ч сонсогдсон. Энэ нь ямар учиртай вэ?

-Тийм ээ, 12 жилийг дотор нь эр зургаан жил буюу хулгана, бар, луу, морь, бич, нохой, эм 6 жил буюу үхэр, туулай, могой, хонь, тахиа, гахай жил хэмээн хуваадаг болой. Хүний орчлонгийн аливаа материаллаг зүйлс хос хэмийн үндсэн дээр оршдог шүү дээ. Түүний адилаар эр жил, эм жил гэж ойлгож болох юм. Харин бар жилтэй охид зүсээ өөрчил гэсэн гээд явж байгаа нь мунхгийн шинж шүү дээ, Түүнийхээ оронд бага ч гэсэн өөрийгөө хөгжүүлж танин мэдэхэд цаг заваа зарцуулбал зохилтой. Бар жил хийморьлог хүчтэй сайхан жил. Мөн бар жилд бэр гуйдаггүй, хурим найр хийдэггүй гэдэг нь буруу ташаа ойлголт.

– Судар номд Цагаан сарын баярын тухай юу гэж бичиж үлдээсэн байдаг юм бол?

-Би түүхийн ухааны хүн биш болохоор ийм, тийм гэж тодорхой хэлж чадахгүй болов уу, Харин өвөг дээдэс, настан буурлаас дуулснаа хэлэхэд, Монгол туургатны тусгаар тогтнолын бэлгэдлийг өөртөө шингээсэн бусад үндэстнээс онцгой ялгагдсан Үндэсний их баяр бол яах аргагүй Цагаан сарын баяр юм. Цагаан сарыг Их Монгол Улс байгуулагдсан тэр үе буюу Их эзэн Чингис хааны зарлигаар анхлан хийж эхэлсэн гэдэг. Хэрэв та бид монгол хүмүүн мөн бөгөөс Цагаан сарын баярыг үеэс үед уламжлан хийж, хойч үедээ үлдээхэд хувь нэмрээ оруулах бус уу.

-Битүүний өдрийг хэрхэн өнгөрүүлэх дэг, жаяг байдаг вэ. Энэ өдрийн онцлог, хийх ёстой зан үйлийн талаар мэдээлэл өгөөч.

-Битүүний өдөр гэдэг нь Монгол тооллын шинэ он гарахын урд өдөр шүү дээ. Маргааш нь шинэ он гарах, нэг нас нэмэх, нэгэн жилийн эхлэлийн өдөр. Шинэ гарч байгаа жилдээ амар амгалан байх, эрүүл энх байх, ажил үйлс нь бүтэмжтэй байх, эдийн засгийн хувьд олз омогтой байхын тухайд илүүтэй анхаарч бэлгэдэлд зөв хандах юм уу даа. Ахмадаа хүндэтгэх, тэднийхээ сургаал номыг сонсох, хэн нэгэн хүнийг гомдоосон бол уучлал хүсэх, үр хүүхэд ач зээ нартаа сургаалаа хэлэх, аав ээжийгээ хүндэтгэж битүүлж, уламжлалт ёсон алаг мэлхий өрж тоглох, ялангуяа алаг мэлхий наадгай маань гарч буй жилийн засал номтой холбоо бүхий ач холбогдолтой наадгай болой. Жилийн засал ном дүйцэхүйц наадгай юм. Зурхайн талаас 8 суудал, 9 мэнгэ, 5 махбод, 12 жил нь түүнд байршиж байдаг.

-Шинийн 1-ний өглөө мөрөө гаргах нь юуг засаж тэгшрүүлэх бэлгэдэл юм бэ.

-Монголчууд бид чинь амны бэлгэтэй ард түмэн шүү дээ. Шинийн 1-ний өглөө зүг мөрөө гаргах зан үйл, амьдын зурхайн үүднээс 12 жил,  5 махбод буюу 60 жилийн махбодын барилдлага, 8 суудал, 9 мэнгэ, урвасан жилийн үр, жил орсны, мэнгэ голлох, нашидүрсүм, гүмэг, суудлын өнцөг, харш жил, ивээл жил гэх мэт энэ бүхний хоорондын шүтэн барилдлагын үүднээс гарч буй жилд тухайн хүнд эерэг, сөрөг нөлөө юу байна гэдгийг шинжлээд, урьдчилан сэргийлэн засал ном уншуулдаг зан үйлийн нэг нь шинийн 1-ний өглөө зүг мөрөө гаргах зан үйл болой. Аливаа амьтай бүгд амар төвшин амьдралыг хүсдэг. Үүний тулд мөр гаргадаг.

-Цагаан сарын өдрүүдэд юуг цээрлэж, юуг түгээн дэлгэрүүлэх ёстой вэ?

-Заавал Цагаан сарын баяр гэхгүйгээр хүн бусдыг цаг ямагт хүндэтгэж, хүнлэг боловсон харьцах, тэднийг үгийг сонсох, буруу алдаа эндэгдлийг уучлах, засаж залруулахад анхаарах, хэлж ярихдаа зөв байх, хийж байгаа ажил төрөлдөө сэтгэлээс хандаж хийх, эцсийн үр дүнд аливаа хүний амьдралд саад болохгүй амьдрахыг хэлэх болов уу. Тэр чинь л бусдад тус болж буй нэг алхам.

-13 насны жил ороход их ач холбогдол өгдөг. Үүний утга учир юу вэ?

-2010 онд эхээс мэндэлсэн хүүхдүүдийн хувьд энэ гарч байгаа усан бар жилд, 13-ний жил орж байгаа махбодийн зурхайн үүднээс үзэхэд  амин болон биеийн махбодийн чулууны үр муу гарсан байна. Эрүүл мэнд, нас бататгахын тухайд илүүтэй анхаар, мөн хийморь лүндаа маш дорой жил гарчээ. Эр хүүхэд усан суудалд суусан, эмэгтэй хүүхдүүд гал суудалд суусан байна.  Онцлох засал ном нь Цэгмэдийн чого, Улаан юм, Сундуй, Галын сан, Лусын сан, Дашзэвэг, 8 гэгээн, Жанаггагдог, Доржзодва, Лүмбэнгарав юм. 

-Жил орсон хүмүүст анхаарууштай үйл, засал ном нь ямар байх бол оо.

-Жил орно гэдэг ойлголт нь тухайн төрсөн жил нь огторгуйд гарч ирэхийг л хэлж байгаа юм. 2022 он усан бар жил гарч байна. Бар жилтнүүдийн хувьд жил орсны засал ном айлдуулах шаардлагатай. 1926, 1938, 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010, 2022 онд төрсөн бар жилтнүүдийг хэлж байна.

-Шинийн 3 болохгүй мэтээр зарим зурхайч ярьж байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Монгол тооллоор тасраад алга болсон юм биш. Харин шинийн 2-ны өдөртэйгээ давхацсан гэж ойлгож болно. Энэ нь нар, дэлхий, сар, гараг эрхсийн таталцлын хүчнээс хамаарч гараг эрхсийн хөдөлгөөн саарах, нэмэгдэх нь байгалийн үзэгдэл юм. Аливааг буруу гэж дүгнэж хэлэхээс урьтаж, аливаад дүн шинжилгээ хийж бага ч гэсэн судлах хэрэгтэй болов уу. Жишээ хэлэхэд, 100 метрийн өгсүүр газар явах, 100 метрийн газар руу явах цаг хугацаа эсрэг тэсрэг өөр дүн гаргана шүү дээ, түүнтэй адил гэж болох юм.

2
БурууБуруу
1
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.