Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Онгоцноосоо “ШҮҮРҮҮЛСЭН” ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭГЧ

How to Share With Just Friends

How to share with just friends.

Posted by Facebook on Friday, December 5, 2014

Зөөлөн оёдлын “Exclusives” брэндийг үүсгэн байгуулагч, “Монголд бид үйлдвэрлэв” ТББ-ын тэргүүн, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч Г.Майцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр нэгдүгээр сарын 20-нд олон жилийн өмнөөс төлөвлөсөн ажлаа эхлүүлэхээр Итали улсыг зорихоор онгоцонд суусан байхад нь ШШГЕГ-аас түүнд хилийн хориг тавьсан тухай хэлжээ.

Хилийн хориг тавьсан шалтгаан:

Саяхан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Энэхүү хуулинд 50 сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд төлж чадаагүй бол,

59.1.1. Эрэн сурвалжлагдаж байгаа эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн,

59.2-т хөрөнгөө нуун дарагдуулсан,

59.1.3-т төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй учраас хилээр орж, гарах эрхийг нь хязгаарлана гэсэн хууль Монгол Улсад хэрэгжээд эхэлсэн юм байна. Энэ хуулийн дагуу надад арга хэмжээ авагджээ. Харамсалтай нь энэ гурван зүйл ангид миний нөхцөл байдал хамаарагдахгүй байгаа юм.

Ер нь бид нар зөв гэж бодсон юмныхаа төлөө засахын тулд бид хэлэх ёстой Шүүмжлэх ёстой. Тэгэхгүй бол дараа, дараагийнхаа хэн нэгний эрхийг зөрчихгүй байхын тулд өнөөдөр бас би ингэж хэлээд байгаа юм. Энэ шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулинд гаргасан энэ хуулийн өөрчлөлт нь өөрөө хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн маш харгис хууль байна. Тэгэхээр энийг дахин эргэж харах ёстой. Хэрэгжүүлж байгаа нь ч тэр, тайлбарлаж байгаа нь тэр маш ойлгомжгүй байна.

Урьдчилан мэдэгдэх үүргийг ШШГЕГ хүлээх ёстой. Гэтэл…

Гэтэл надад ямар ч бичиг ирээгүй. Би аваагүй. Энэ тохиолдолд гурав хоногийн дотор давж заалдах эрхтэй байдаг юм билээ. Яг эцсийн мөчид буюу тээшээ өгчхөөд, онгоцондоо суухад мэдэж байгаа юм. Энэ чинь хууль бус үйлдэл.

Явж чадаагүй улмаас 10 гаруй сая төгрөг салхинд хийсчихлээ. Энэ хохирлыг хэн барагдуулах юм бэ. Үүнээс гадна мөнгөөр үнэлж баршгүй нэг зүйл нь түншлэгчийн минь итгэл үнэмшил юу болох вэ.

Биелэгдэшгүй даалгавар:

Бизнес эрхэлж байхад өр, зээлийн асуудал байдаг л асуудал шүү дээ. Ер нь өртэй хүн гэмт хэрэгтэй биш, өрөө төлөхгүйгээр зугтах гэмт хэрэг. “Би зугтах гээгүй. Яаралтай ажилтай тул зургаан хоног явчхаад ирье. Хилийн хоригийг минь тавиач” гэхэд “Өр зээлээ зуун хувь төлж барагдуул” гэсэн  биелэхгүй шаардлага тавьсан. Эсхүл “өр, авлагатай газраасаа албан бичиг авчир” гэсэн. Гэтэл хамгийн том өр, авлагатай газар нь миний хувьд банк. Банкандаа очоод хандахад, “Бид хилийн хориг тавиач” гэсэн хүсэлт гаргаагүй учир ийм албан бичиг гаргаж өгөхөд хууль ёсны гэж харагдахгүй байна” гэж байгаа юм.  Ийм л байна.

Төр хэний, иргэдийнхээ хууль баталж, тогтоодог атал өнөөдөр гаргасан шийдвэр нь ийм нөхцөл байдал үүсгэж байгаа нь шударга бус санагдаж байна.

Түүхий эдийн хомстол ба хараат байдал:

Манай эрх баригчид ЖДҮ-ээ бодлогоор дэмжинэ гэж ярьдаг. Бодит байдал дээрээ ийм боомилсон хууль, журам гаргачихдаг. Бизнес эрхэлж буй хүний орох, гарах эрхийг нь хориглох нь үйлдвэрлэлээ зогсоо, бизнес битгий хий, дампуур гэж байгаатай адил. Манай зөөлөн оёмолын салбарын түүхий эд 100 хувь урд хөршөөс хараат болоод олон жилийн нүүрийг үзэж байна. Гэтэл урд хөрш цаг үеийн нөхцөлөөс  хилээ хаагаад, хэзээ нээх нь тодорхойгүй байна. Жижиг дунд үйлдвэрлэгчид эхнээсээ түүхий эдийн хомстолд ороод эхэллээ. Одоо л зуны материал, түүхий эдээ татан авахгүй бол хожимдоно. Магадгүй хаалгаа барьж ч мэдэх юм.

Коронавирусийн жилүүдэд хугацаандаа өр, зээлээ төлж чадаагүй аж ахуйн нэгжүүд ШШГЕГ-т очсон байдаг юм билээ. Би тэдний эгнээнд шилжмээргүй байсан. Мөн нэг улсаас түүхий эдийн хараат байдлыг өөрчлөхийн тулд  Итали руу очиж, гэрээ хийж, хамтын ажиллагаа эхлүүлэхээр явж байсан. Энэ ажлыг зүгээр нэг өдөрт шийдчихдэг ажил биш. Бараг 2013 оноос яригдсан. Харамсалтай нь бүтсэнгүй.

Монголын жижиг зах зээлээс гарч, дэлхий рүү экспорт хийхийн төлөө эрмэлзэж ажиллахгүй бол зөвхөн Монголдоо бид хөгжинө гэж байхгүй л дээ.

Төрийн албаны ажиллагаа яг яст мэлхий шиг:

ШШГЕГ улсын төсвөөс жилд  20 гаруй тэрбум төгрөгөөр санхүүждэг. Урьдчилан мэдэх ёстой байсан зүйлийг энэ хүргэсэн. Тэр олон байцаагч нар байсаар байтал надаас цаас нэхэж, хүнд суртал гаргах хэрэг байна уу. Цахим шилжилт гэдэг зүйл хаана байна. Бие биенээсээ хэт хамааралтай, бие дааж уян хатан шийдвэрлэх чадамжгүй нөхдүүд төрийн албанд “Дарга” нэртэй суудал бөглөж байна.

Уг нь цар тахлын энэ хэцүү цагийг бодсон ч тэр нэг удаагийн хоригт уян хатан хандаж, зургаахан хоног бизнесээ өргөжүүлээд ирэх боломжийг нь олговол, эргэж ирээд асуудлыг нааштай шийдвэрлэх гарц байна. Гэтэл ямар ч боломж олгохгүйгээр хааж, боож байгаа нь маш харгис санагдаж байна.

Уян хатан бодлого хэрэгтэй байна:

Би гэдэг хүн 14 настайгаасаа л бизнес эрхэллээ. Хориод жил Польшид амьдрахдаа, сүүлийн найман жилийг массын үйлдвэрлэл хийж өнгөрүүлсэн. Тэнд бизнес эрхэлдэг дотоодын үйлдвэрлэлээ уян хатан бодлогоор дэмждэг учраас ЖДҮ цэцэглэн хөгжих боломж бүрддэг юм билээ.

Өөрөөр хэлбэл, гаднаас  импортоор  орж ирж байгаа бараа бүтээгдэхүүн дээр өндөр татвар ногдуулдаг. Харин дотоодын үйлдвэрлэгчдэдээ татварын уян хатан бодлого баримталдаг. Мөн худалдаачид, бөөний төвийнхөн, бизнес эрхэлдэг хүмүүс дотооддоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг нь захиалга өгч худалдан авах маш том хөшүүрэг явагдаж байдаг. Татварын уян хатан нөхцөл явж байдаг учраас түлхүү Польшид үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ иргэд нь худалдаж авах буюу ийм эрүүл систем, эрүүл механизмтай. Тийм орчинд ажиллаад үзчихсэн, мэдэрчихсэн болохоор бидэнд бас л адилхан ийм нөхцөл байдал хэрэгтэй байна гэж хүсэж шаардаад байгаа юм.

Үйлдвэрлэлийг зээлээр бус хөрөнгө оруулалтаар  хөгжүүлдэг юм. Жишээ нь 15-20 жилийн хугацаатай жилийн 0.1-1 хувийн хүүтэй байж байж, үйлдвэрлэл хөгжиж, хөл дээрээ зогсдогийг Шинжлэх ухааны онолын үндсээр тайлбарласан байна. Европын хөгжилтэй улсууд энэ Хятад, Солонгос, бүгд энэ зарчмаар л явж ирсэн. Гэтэл манай Монголын үндэсний үйлдвэрлэгчдээс гадна бизнес эрхлэгчид маань жилийн 15 хувиас дээш хүүтэйгээр банкнаас зээл авч байгаа. Энд банкныхныг буруутгаад байх юм биш. Монгол Улсын инфляц маш өндөр байна. Асуудал ярих юм бол бүр углуургаар нь том ярих ёстой юм.

“Exculisive”-ийн мөрөөдөл:

2009 онд “Exculisive” үүсгэн байгуулагдсан. Бид Монголын зах зээлд өдөр тутмын хэрэглээний хувцсыг үйлдвэрлэж байна. Яг л ZARA, H&M шиг. Цаашид 21 аймагт тус бүр 100 үйлдвэр байгуулахыг мөрөөддөг.

2015 оноос “Монгол Улсын хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх юмсан” гэсэн мөрөөдлийг маш хүчтэйгээр тээж ирсэн. Өөрөөр хэлбэл, Монголдоо хямд чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гаднаас импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц хэмжээний байж чадна. Япон руу, Хятад руу, Орос руу, Америк руу гаргах боломжтой  гэж ажилласаар өнөөдрийг хүрч байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.