Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ахмадуудад авлига өгөхөөс татгалзана уу, залуу гишүүд ээ

“Цаг цагаар нэг цадна, Цагаан сараар нэг цадна” гэдэгчлэн сонгуулиас сонгуулийн хооронд тойргоо тойглодог манай улстөрчдийн сар шинийг далимдуулан өрнүүлдэг, санал худалдан авах их ажиллагаа энэ өдрүүдэд ид өрнөж байна. УИХ-ын гишүүн Н.Учрал гэр бүлийн хамт сонгогдсон тойрог Сонгинохайрхан дүүргийн ахмадуудад хэвийн боов тараав. Мөн УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир Багануурынханд гарын бэлэг хүртээж, “Цагаан сар бол хатуу өвлийг өнтэй давсны баяр. Ахмад настан, аав, ээждээ хүндэтгэл үзүүлж, ашдын ерөөлөөр золгодог баяр билээ” хэмээн фэйсбүүк хуудсандаа бичжээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан тойргийнхоо 70-аас дээш настай ахмадуудад бэлэг гардуулан, урт удаан наслахыг ерөөлөө. Завхан аймагт УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн бие төлөөлөгч, туслахууд нь хөгшчүүлд гурил, будаа тарааж явна. “Гэрэлд цохиулсан” нь л тэд болохоос хаврын чуулган нэгэнт завсарласан тул гишүүд тойргоо зорьж, энэ мэтээр боов, чихэр тарааж яваа биз.

Энэ бол авлига, ердөө л нэг хэлбэр нь. Сонгогчдын саналыг сонгуулийн бус үеэр ч худалдан авах гэж оролддогийн “сонгодог” жишээ нь энэ. Гишүүд хайрцагтай боов, дээр нь тавих ааруул өгөөд зогсохгүй л дээ. Өөрийнхөө зураг, танилцуулгатай цаг тооны бичиг, цаг, аяганаас авхуулаад дагалдуулах зүйл бишгүй. Зарим нь бэлэн мөнгө ч дугтуйлаад өгч байгаа биз. Эрхэм гишүүний хөрөг бүхий хуанлийг бүтэн жилийн турш харж, нэр, төрхийг нь нэг хэсэгтээ мартахгүй болтол цаг, аягыг нь хэрэглэнэ гээд бод доо. Хавар болоход их, дээд сургуулийн элсэлт, шалгалт эхлэх үеэр хүүхэд, залуусыг онилно. Элсэлтийн ерөнхий шалгалтад нь бэлдэх ном, товхимол, гарын авлага тарааж, сургалт, дамжаа хичээллүүлээд эхэлдэг. Ингээд зогсохгүй спорт, урлагийн тэмцээн, уралдаан зохион байгуулж, “тэр гишүүний нэрэмжит” гээд сургалтын тэтгэлэг зарлана. Тэмцээн, уралдааны үеэр ус, ундаа, хоол хүнсээр хангаж, нэрээ бичсэн малгай, хувцсаар жигдрүүлэх нь энүүхэнд. Эмэгтэйчүүдийн, багш нарын, ахмадын гээд баярыг ч ашиглачихна. Тухайлбал, тэр, энэ баярыг тохиолдуулан олноор автобусанд суулгаад аялуулчих жишээтэй. Бэлтэй нэг нь хилийн дээс алхуулан зугаалуулдаг. Шинэ жилээр хүүхдүүдэд нь бэлэг, өөрсдөд нь оргилуун дарс, бялуу илгээж саймширна. Зургадугаар сарын 1-нд ч тойргийнхоо эх, үрсийг мартахгүй. Есдүгээр сарын 1 дөхүүлээд хүүхдүүдийнх нь хичээлийн хэрэгслийг хэрэндээ бэлдээд өгчихдөг. Ийм маягаар сонгуулиас сонгууль хүртэлх дөрвөн жилийн турш, тасралтгүйгээр, сонгогчдын бүх төлөөллийг хамруулан саналыг нь худалдан авдаг гэж хэлж болно. Өгсөн зүйлийг нь гэр орондоо байлгаж, өдөр тутамдаа хэрэглэж, тэр ч бүү хэл “Манай гишүүний өгсөн бурхан” гээд оройдоо залчихсан байгаа хүмүүс сонгууль болоход “Таньдаггүй бурхнаас таньдаг чөтгөр дээр” гээд түүнийг дэмжих нь олонтоо. Жишээ нь, Н.Учрал гишүүн боов тараасан нь зөв гэж өмөөрсөн улстөрч эмэгтэй “Энэ бол ахмадуудаа гэх том хүндэтгэл. Сэтгэлийн бэлэг. Зарим гишүүн тойрогтоо ч харагдахаа больсон. Харин Н.Учрал гишүүн тойрогтоо хүний нүдэнд харагдаж, гарт баригдахаар их ажил хийж байгаа” хэмээн цахим ертөнцөд байр сууриа илэрхийлсэн харагдана лээ. Сонгуулийн үеэр яг л ийм “өр” нэхэж, хариу барьсан тактик хүчээ авдаг шүү дээ.

АТГ-ын захиалгаар 2019 онд “Нийгэм, улс төрийн боловсрол” ТББ-аас хийсэн “Сонгогчдын санал худалдан авалт: Олон улсын туршлага ба Монгол дахь тулгамдсан асуудал” судалгаанд ч “Сонгуулийн бус үед сонгогчдод бэлэг тараах нь сонголтод тодорхой хэмжээгээр нөлөөлдөг нь олон талаар батлагдаж байна” хэмээн дурджээ. Манай сонгогчдын боловсрол тааруу, наад зах нь нам, нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг нь ч уншдаггүй хүмүүс хэн их бэлэг тараасныг нь таньж, дам сургаар дэмжих нь ч бий. Юутай ч бүх шатны сонгуулийн үеэр бэлэн мөнгө, эд зүйл тараахыг хориглосныг тэд эшилж, бусад үед үүнийг хориглоогүй гэдгээр түрээ барин, санал худалдан авах олон хэлбэрийг хөгжүүлж, бүр төгс хэрэгжүүлж ирсэн хүмүүс нь улстөрчид. Үнэхээр ч сонгуулийн жил эхэлснээр сонгогчдын саналыг татах зорилгоор хийж буй ямар нэг арга хэмжээ, үйл ажиллагааг хуулиар хориглосон ч сонгуулийн бус үеэр хязгаарлах, хариуцлага тооцох ямар ч зохицуулалт байхгүй. Иймд сонгуульт албан тушаалтан болж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн мөчөөс дараагийн сонгуулийн санал хураалт хүртэл бэлэг сэлт тарааж, сонгогчдын саналыг худалдан авахад чиглэсэн гэж аливаа арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон хуулийн зохицуулалттай болвол яасан юм бэ.

Боов, бидон, данх, шанага, гурил, чихэр, ном, сэтгүүл, нүүрс, түлээ төдийгүй гэр, мотоцикл, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, морь, мал өгч, тараахаас авхуулаад дээр дурдсан бүхэн нь хууль тогтоогчдын хийх ажил биш. Тэд ч үүнийгээ сайн мэдэж байгаа. Дараагийн сонгуульд нь хэрэгтэй учраас тэр шүү дээ. Тэр тусмаа боов аваад баярлахаар амьдарч байгааг нь бүр ч андахгүй. Ийм л арга барилд манай улстөрчид үе дамжин гаршчихаад байна. Ядаж шинэ, залуу гишүүд үүнээс татгалзвал сайн сан. Төрийн ордонд “тавилга” болтлоо сууж, УИХ-д нэлээд хэдэн удаа сонгогдохдоо ийм замаар явж ирсэн улстөрчид өөрчлөгдөхийг хүлээх нь үлгэр биз.

Иргэд, сонгогчид ч сонгосон гишүүнийхээ ажлыг боов тараасан уу, бодлого боловсруулсан уу гэдгээр нь үнэлж, дүгнэдэг болно гэдэгт итгэхийг хүснэм. Үнэндээ үнэгүй юм гэж үгүй, өөрийн тань, үр хүүхдийн чинь боломж, ирээдүйг тэд хулгайлж байгааг ойлгох хэрэгтэй. Сонгогч бид улстөрчдөөс, УИХ-ын гишүүдээс бэлэг авахгүй ээ гэвэл тэд хэчнээн өгье гээд ч чадахгүй шүү дээ. Улстөрчдийн энэ мэт увайгүй үйлдэл, сонгогчдын саналыг улайм цайм худалдан авч байгааг нь олон нийтийн төлөөлөл, цахим орчинд нэлээд шүүмжилж буй ч тойргоос сонгогдсон гишүүнээсээ ийм л бэлэг авах гэж хүлээдэг сонгогчид цөөнгүй нь үнэн. Үнэндээ үүний буруутан нь бас л улстөрчид. Тэд ингээд сургачихсан, бэлэг өгөөд хэвшчихсэн. Өглөө, оройн алинд ч хөгшид, хүүхэдгүй утаанд хордож, өвчтэй хүмүүс нь эмнэлэгтээ багтахгүй байхад даапаалж буй аятай бариад ирсэн бэлэгнээс нь татгалзах ухаантай байх хэрэгтэй. Угтаа эрхэм гишүүд иргэдээ, ахмадуудаа үнэхээр баярлуулъя гэвэл сард авдаг хэдийг нь нэмээд, сайхан, ядаж л утаагүй орчинд амьдрах нөхцөлийг нь бүрдүүлэх суурь бодлого боловсруулахын төлөө ухаанаа уралдуулах учиртай. Тавгийн боов, баярын хүнсээ ч авч чаддаггүй айл өрх тойрогт чинь олон байгаа бол тэр нь төрийн, түшээдийн буруу. Гишүүн Н.Учрал боов тараасан гэх шүүмжлэлийн хариуд “Би жил бүр Цагаан сарын мэндчилгээ, тайлангаа тойргийнхоо ахмадуудад хүргүүлдэг уламжлалтай. Авч, өгч байгаа нь сэтгэл хангалуун тул гурав дахь нөхдүүд тайван байна уу” хэмээн хэгжүүрхэв. Зарчмын асуудал хөндөхөөр замаасаа хазайж, тэс өөр зүйлтэй харьцуулж, “хэрэлддэг” залуу гишүүний өмнөөс ичих ч шиг. Мөн нэг найз нь “Н.Учрал гишүүн цахим бодлого, инновац, багшийн хөгжил, даатгал гээд олон бодлогын асуудал ярьдаг. Ярьсан ажлуудаа бүгдийг нь хуулийн төсөл санаачилж, боловсруулаад, батлуулж, эрх зүйн орчныг нь бүрдүүлсэн. Үндсэн ажлаа хамгийн дөнгүүр хийж байгаа гишүүн. Тэгээд байхад нь л батлуулсан хуулиудыг нь ярихгүй, боов тараалаа гээд л балбаад байх” хэмээн өмөөрсөн байх жишээтэй. Цагаан сараар боов тараахад цахим бодлого ер нь ямар хамаа байна аа. Улстөрчдийн тарааж буй боов, бэлэг тойрсон явган хэрүүл нэг иймэрхүү.

Нөгөө талаас энэ мэт бэлэг сэлтийг хэдэн өрх, сонгогчид, ямар давтамжтайгаар тарааж байгаа бол. Үүнд хэдий хэмжээний хөрөнгө зарцуулдаг вэ. Тэр мөнгөний эх үүсвэр нь хаанаас эхлэлтэй, ямар хөрөнгө байдаг юм бол.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.