Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дахин давтагдашгүй үдэш

Өнгөрсөн арвэннэгдүгээр сард “Poet¬ry night-Vol.1” яруу найргийн үдэшлэгийг анхлан зохион байгуулж, Д.Дамдинжав, С.Начин, Ч.Ууганбаяр, Н.Минжинсайхан, О.Цэнд-Аюуш нарын таван залуу найрагч бүтээлээ хүргэсэн. Жилд дөрвөн удаа буюу улирал бүрт зохион байгуулахаар төлөвлөсөн тус арга хэмжээний удаах нь өнгөрсөн ням гарагт Соёлын төв өргөөнд боллоо. “Po¬etry night -Vol.2: Дахин давтагдашгүй” нэртэй тус яруу найргийн үдэшлэгт Ардын уран зохиолч таван эрхэм оролцсон юм. Тодруулбал, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Пунцагийн Бадарч, Ардын уран зохиолч Шагдарын Дулмаа, Ардын уран зохиолч Тангадын Галсан, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Балжирын Догмид нарын Монголын нэрт зохиолч, найрагч уран бүтээлээ толилууллаа.

“Poetry night -Vol.2: Дахин давтагдашгүй” үдэшлэг зургаан хэсгээс бүрдэв. Эхний хэсэгт Төрийн шагналт, Ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодолын уран бүтээлээр үзэгчид аялав. Тэрбээр Төв аймгийн Бүрэн сумын нутагт төрсөн. Уг нутгаа төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуугийн төрсөн газар хэмээн онгирдог буурал найрагч зарим уран бүтээлийнхээ “мэндэлсэн” түүхээс хуваалцсан юм. Тэрбээр 1970 оноос уран бүтээлээ эхэлж, 1982 онд “Тогоруун цуваа” номоороо Монголын зохиолчдын эвлэлийн шагнал, 2005 онд Соёлын гавьяат зүтгэлтэн, 2009 онд Ардын уран зохиолч цол хүртсэн бол 1996 онд “Нутгийн зургаан өнгө”, “Он жил”, “Тэнэг”, “Харамчийнхны дууль” бүтээлийг нь төр соёрхсон юм. Тэдгээрээс олноо ихэд танигдсан “Харамчийнхны дууль”-ийг уран уншигч, дуун оруулагч Ө.Наранбаатар үзэгчдэд уншиж толилуулсан. Түүний уран бүтээлүүд сэтгэлгээний томоохон орон зайг хадгалж чадсан, сэтгэц, оюун дүгнэлтийн дотоод эерэгцүүлэх чанарыг өөртөө шингээн хадгалдаг. “Ялангуяа дуулийн сэдвүүд нь тэр болгон сэтгэж олохын аргагүй, өөрийнхөөрөө таньж мэдсэн, шүүн тунгаасан ертөнцөөс олж нээсэн, борог амьдралын дундаас ажиглаж харсан олон этгээд араншинт, зөрчилт баатруудад тулгуурладаг” хэмээн утга зохиол судлаачид дуу нэгтэй хэлдэг юм. Түүнчлэн үдэшлэгийн энэ хэсэгт яруу найрагч Н.Гантулга түүний “Хоёулаа” шүлгийг уншиж, “The voice of Mon¬golia” шоуны шилдэг оролцогч Э.Дашням түүний шүлгээр бүтсэн “Мөнгөн бороо” дууг дуулж, “Чингис хаан” хамтлагийн ахлагч, Ардын жүжигчин Д.Жаргалсайхан “Нутаг” уран бүтээлээ хүргэсэн. Мөн Д.Цоодол найрагч “Чамдаа би өртэй” шүлгээ өөрөө уншиж, үзэгчдэд бэлэг барилаа.

Үдэшлэгийн удаах хэсэг Төрийн шагналт, Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчийн уран бүтээлээр үргэлжлэв. Төв аймгийн Баянжаргалан сумд төрж, 1960-аад оноос уран бүтээлийн гараагаа эхэлсэн түүний “Морьд”, “Есөн эрдэнийн орон”, “Алтан тоос”, “Зургаан мөнгөн мичид”, “Ширхэг цагаан сувд”, “Хэрлэн” зэрэг яруу найргийн номыг уншигчид андахгүй. Тэрбээр 1981 онд “Эх орны хилээс эх орондоо хэлэх үг”, “Байтагийн чулуу”, “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай”, “Цэрэг эх орны дуулал”, зэрэг дууны шүлгээрээ Монголын зохиолчдын эвлэлийн шагнал, 1988 онд “Есөн эрдэнийн орон” найраглалаараа Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал, 1999 онд Соёлын гавьяат зүтгэлтэн, 2005 онд Ардын уран зохиолч цол хүртсэн юм. Түүний 2019 онд Төрийн шагнал хүртсэн “Есөн эрдэнийн орон” найраглалыг нэвтрүүлэгч Г.Алтанбагана уншиж, толилуулсан. “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай”, “Застав минь баяртай”, “Эх орны хилээс” зэрэг цэрэг, эх орны сэдэвт олон уран бүтээлийнх нь дээжээс Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулгын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Б.Ганчимэг, дуучин A-Cool “Цэцэгчний хүслэн” дууг олонд хүргэлээ. Эрхэм найрагч “Эхийн сэтгэл” тэргүүтэй уран бүтээлээсээ өөрөө хүргэсэн нь үзэгчдийн сэтгэлийг хамгийн их хөдөлгөсөн мөчүүдийн нэг байв.

Ардын уран зохиолч Шагдарын Дулмаагийн уран бүтээлээр үдэшлэгийн гутгаар хэсэг үргэлжиллээ. Төв аймгийн Баян сумын харьяат эл эрхэм “Үүрийн цолмон”, “Өглөө” номоороо Монголын зохиолчдын эвлэлийн шагналыг 1970 онд, “Эх орон танаа өргөх дуулал”, “Бүсгүй”, “Цэргийн эх” шүлгээрээ 1984 онд Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртсэн юм. Мөн 2007онд Соёлын гавьяат зүтгэлтэн, 2014 онд Ардын уран зохиолч цолоор шагнуулжээ. Хаан найргийн хатан Дулмаа гэгддэг түүний “Чингисийн тамга” шүлгийг залуу найрагч Т.Бямбасүрэн, “Бүсгүй” бүтээлийг түүний шавь, яруу найрагч Б.Ичинхорлоо уншиж сонирхуулсан. Түүнчлэн “Хүүгийн эцэгт бичсэн захидал”-ыг удам залгасан жүжигчин О.Оюун “амьдруулав”. Дуу нь яруу найрагч, хөгжмийн зохиолч, дуучин хэмээх гурван жигүүртэй гэдэг. Түүний жигүүр хайрласан “Амьдрал хайр дээр тогтдог” дууг дуучин П.Түдэвдорж, “Учралын блюз” дууг Гавьяат жүжигчин, зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа эгшиглүүлсэн. “Алтанзул”, “Хар нүдэн бүсгүй”, “Хүрээ хүүхнүүд”, “Дандаа чамайг хайрлаж явъя” зэрэг олон арван шүлэг нь дуу болж, хагас зуун жил ард түмний аманд “хүлхүүлж” буй.

Үдэшлэгийн дөрөвдүгээр хэсэг Ардын уран зохиолч Тангадын Галсангийн уран бүтээлээр “амьсгалж” үргэлжиллээ. Баянхонгор аймгийн Заг сумын нутагт Бумбат хэмээх газар мэндэлсэн эл найрагч 2000 онд Б.Ринчений нэрэмжит шагнал, 2003 онд Соёлын гавьяат зүтгэлтэн, 2005 онд Ардын уран зохиолч цол хүртсэн юм. Түүний амьдрал, уран бүтээлийг 1948-1963 буюу уран бүтээлийн эхэн үе, 1963-1975 он буюу хэвлэн нийтлэх эрхгүй, хэлмэгдэж, хавчигдаж байсан “хар үе”, 1975-1985 он буюу ард түмэнд ахин уран бүтээлээ хүртээл болгосон үе, 1985 оноос хойш буюу уран бүтээлийн оргил үе хэмээн үечилдэг. Тэрбээр анхны шүлгээ 1947 онд бичиж, уран бүтээлээ 1950-иад оноос төв, орон нутгийн сонинд хэвлүүлснээр 1962 онд “Төрсөн хүүгийн тань үг” анхны түүврээ хэвлүүлсэн юм. Гэвч уг номыг гурван жилийн дараа хурааж, улмаар шатаасан байна. Үүний дараа Б.Ринчений Монгол бичгийн хэлний зүйн гуравдугаар боть, Ц.Дамдинсүрэнгийн Орос-Монгол толийн хавсралтыг мөн шатаажээ. Шатаалгасан “Төрсөн хүүгийн тань үг” түүврээсээ 10 жилийн дараа хэвлүүлсэн “Өнөр хүний зүрх” ном нь түүнийг Монголын яруу найргийн “гэр бүл”-д дахин багтаасан юм. Дуучин Б.Нямзагд, Б.Хандмаа нар “Ээжээс ерөөл хүсэх дуу”, Улсын филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар, Ц.Хулан нар “Аав, ээж хоёр минь” дууг дуулсан бол “Эх хэлэндээ өргөх андгай” шүлгийг Монголын өгүүлэхүйн урлагийн холбооны гишүүд, “Монгол хүмүүсний зүрхний бичээс” шүлгийг УДЭТ-ын жүжигчин, Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ үзэгчдэд сонордуулсан. Түүнчлэн 17 орны хэлээр хөрвүүлэгдсэн “Өгсүүр замын дуу” шүлгийг нь орос, хятад, турк, франц хэлээр толилууллаа.

“Poetry night -Vol.2: Дахин давтагдашгүй” үдэшлэгийн тавдугаар хэсэг Төрийн шагналт, Ардын уран зохиолч Балжирын Догмидын уран бүтээлийнх. Дорноговь аймгийн Алтанширээ сумын Чулуунгишгэр хэмээх газарт мэндэлсэн эл найрагч 1993 онд “Цэнхэрлэн харагдана”, “Хулангийн шанд” “Ус уухын заяа” номоороо Төрийн шагнал, 1999 онд “Ус уухын заяа” туужаараа Монголын зохиолчдын эвлэлийн шагнал, 2007 онд Соёлын гавьяат зүтгэлтэн, 2014 онд Ардын уран зохиолч цол хүртсэн юм. Тэрбээр энэ үдэш түүний шүлгээр бүтсэн “Ижилгүй ганцхан амраг”, “Чойрын Богд” тэргүүтэй уран бүтээлийнхээ “төрсөн” түүхийг сөхөж, шог элэглэл ч хүргэсэн. Түүнчлэн 1993 онд “Утгын чимэг” наадмын тэргүүн байрт шалгарсан “Аргагүй амраг” өгүүллэгийг нь Ардын жүжигчин Г.Равдан тайзнаа “амилуулсан”. Мөн түүний зохиолыг нь бичсэн “Догшин хутагтын сахиус”, “Шувуу тэнгэрт үүрээ засдаггүй”, “Учрах тавилан”, “Анхны хайрын дууль”, “Талын зам” зэрэг киноны талаар сонирхолтой яриа өрнүүлж, найруулагч И.Нямгаваагийн “Догшин хутагтын сахиус” болон “алаг морьт” Л.Дандар баатрын тухай “Бууны сумыг буцааж болдоггүй” киноных нь хэсгээс онцлон үзүүлсэн.

Сүүлчийн хэсэгт Ардын уран зохиолч таван эрхэм нэгэн тайзнаа заларч, залуу нас, нийгэм, уран бүтээлийнхээ тухай дурсамж, дурдатгал яриа өрнүүлэв. Мөн “Миний муу сайн найз нар” шүлгээ Д.Цоодол найрагч уншиж сонирхуулсан. Түүнчлэн үдэшлэгийн энэ хэсэгт яруу найрагч, зохиолч, утга зохиол судлаач, багш П.Батхуяг агсныг нэхэн дурсамж, хүндэтгэл үзүүлж, түүний “Poetry night -Vol.1”-ийн үеэрх бичлэгийг үзэгчдэд дахин хүргэсэн юм. Тус үдэшлэгийг санаачлагч, яруу найрагч Ч.Ууганбаяр “Яруу найраг, бүжиг, дуу, хөгжим, тайз, дэлгэц хослуулсан, өөрөөр хэлбэл, урлагийн олон төрлийг нэгтгэсэн үдэшлэг зохион байгуулахыг хүслээ. Эхний удаад энэ цагийн төлөөлөл болсон залуу таван найрагчийн бүтээлийг хүргэсэн бол энэ удаа Ардын уран зохиолч таван эрхмийг онцоллоо. Утга зохиол, шүлэг, яруу найраг хүний амьдралд амар амгалан, гүн мэдрэмж нэмдэг мэт санагддаг. Тиймдээ ч энэхүү үдэшлэг хийх санаачилга гаргасан. Яруу найрагт дурласан хүмүүс их ажигч болдог байх гэж боддог. Улирал бүр зохион байгуулах эл үдэшлэгийн дараагийнх нь ирэх хавар “Poetry night -Vol.3” нэртэйгээр болно” гэв. Ташрамд дурдахад, “Poetry night -Vol.3” үдэшлэгт яруу найрагч Б.Ичинхорлоо, Р.Эмүжин, Д.Галсансүх, Ц.Бавуудорж, Х.Чилаажав нарын таван найрагч уран бүтээлээсээ сорчлон хүргэхээр болжээ.

Бэлтгэсэн А.Тайшир

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.