Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Гений өөрчлөлттэй амьтдын эд, эрхтэн хүнийхийг орлож чаддаг”

Дэлхийн анагаахын шинжлэх ухаан 2022 оныг асар том үйл явдлаар угтсан нь гений өөрчлөлттэй гахайн зүрхийг хүнд анх удаа шилжүүлэн суулгасан явдал байлаа. Гэсэн ч энэ нь зарим талаар янз бүрийн маргаан дагуулж буй. Ямартай ч амьтныг эд, эрхтний донор болгох боломжтойг энэхүү хагалгаа баталсан гэдэгтэй мэргэжлийн багийнхан санал нэг байгаа юм. Ер нь эрхтэн шилжүүлэх хагалгааны оролдлого шинэ зүйл биш бөгөөд энэ салбарын хөгжлийн талаар дэлхийн хэвлэлүүдэд нийтэлсэн зарим материалаас түүвэрлэн, товчлон хүргэе.

Юуны өмнө 2022 оны нэгдүгээр сарын 7-нд хийсэн мэс засал хүн төрөлхтний түүхэнд анхдагч гэсэн тодотголтой бичигдэж, гахайн зүрхийг “авсан” 57 настай Дэвид Беннетийн бие өдгөө харьцангуй сайжирч байгаа аж. Хагалгаанаас гурван өдрийн дараа гэхэд өвчтөний биеийн байдал хэвийн болж эхэлсэн талаар мэргэжлийн багийнхан мэдээлсэн юм. Түүний хувьд эл хагалгааг хүлээн зөвшөөрч, яаралтай хийлгэхгүй бол гарцаагүй нас барах эдгэршгүй өвчтэй байжээ. АНУ-ын Мэрилэндийн их сургуулийн эмч нар “Беннетийн хувьд энэ мэс засал амийг нь аврах цорын ганц боломж байсан” гэж тэмдэглэсэн. Тэдний онцолсноор уг өвчтөнд хүний зүрх шилжүүлэн суулгах нь асар эрсдэлтэй байсан учраас татгалзсан. Үүнээс гадна түүнд хиймэл зүрх суулгах хувилбарыг авч хэлэлцсэн ч эсрэг заалттайн улмаас мөн л татгалзжээ. Түүний амийг аврах нь цаг, минутаар хэмжигдэж байсан тул шинэ жилийн өмнөх өдөр АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын албанаас туршилтын хагалгаа хийх зөвшөөрлийг “яаралтай” гэсэн заалтаар олгосноор Дэвид Беннет амьдралаа үргэлжлүүлэх боломж бүрдэв. Мэдээж энэ мэс заслыг анхнаасаа “туршилтын” гэж тодотгож, өвчтөн болон эмч, мэргэжилтнүүдийн багийнхан бүх эрсдэлд бэлтгэлтэй байжээ. Мэс заслыг удирдсан доктор Бартли П.Гриффит “Хэдийгээр энэ нь анхны алхам ч гэлээ шинжлэх ухааны туршилтуудаар гений өөрчлөлттэй амьтдын эд, эрхтэн хүний донорынхыг орлож чаддаг болохыг хэдийн баталсан” гэж хэлжээ. Үүнтэй холбоотой эрдэмтдийн эргэлзээ, үгүйсгэл болон цаашдын хөгжлийн талаар өгүүлэхээ түр азнаад эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын түүхээс цухас дурдъя.

Биологийн янз бүрийн төрөл зүйлийн бие махбодын хооронд эрхтэн шилжүүлэн суулгахыг ксенотрансплантац гэж нэрлэдэг. Грекээр бол гаднын ба шилжүүлэх гэсэн утгатай үг аж. Ер нь хүн төрөлхтний түүхэнд амьтдын эд, эрхтнийг “хольж”, шинэ амьтан бий болгох тухай ойлголт эртнээс байсныг өгүүлэх домог, үлгэр улс, үндэстэн бүрт бий. Жишээ нь, эртний аккад болон шумерийн домогт хүн толгойтой хэрнээ бух, эсвэл арслангийн биетэй, бүргэдийн далавчтай амьтны талаар өгүүлдэг. Грекчүүд арслангийн толгойтой, ямааных шиг биетэй хэрнээ могойг санагдуулам сүүлтэй, амнаасаа гал гаргадаг мангасын тухай үлгэрийг өдгөө ч үр хүүхдүүддээ ярьсаар байна. Энэ мэтээр үлгэр домог өчнөөн. Харин уран зохиолд ксенотрансплантацын талаар анх удаа маш тод өгүүлсэн бүтээл 1682 онд гарсан бол мэс заслын бодит оролдлогуудыг Английн эрдэмтэн Ричард Лоуэр (1631-1691), Францын Жан-Батист Дени (1643-1704) нар хийсэн түүхтэй. Тэд тус тусдаа хонины цусыг хүнд сэлбэж туршсан бөгөөд аль аль нь амжилт олоогүйгээс ксенотрансфуз буюу цус сэлбэлтийг үүнээс хойш олон жил хоригложээ.

XIХ зуунд арьсны ксенотрансплантацыг анх туршиж, үүнээс хойш хэсэг хугацаанд “нутагшуулжээ”. Жишээ нь, хонины арьсыг хүнд шилжүүлэн суулгахаар оролдож, бас мэлхий, туулай, нохой, муур, харх, тахиа, тагтааг энэ зорилгоор ашиглаж байв. Хоёр зууны тэртээд хийсэн арьс залгах, орлуулах мэс заслууд зарим тохиолдолд үр дүнд хүрсэн байдаг. Ялангуяа арьсыг өд сөдөөр орлуулах чиглэлд. Тэгвэл 1838 онд Купер, Хара нар гахайн нүдний эвэрлэг бүрхэвчийг хүнд шилжүүлэн суулгах хагалгааг анх хийсэн талаар түүхэнд тэмдэглэсэн. Үүнээс бараг нэгэн жарны дараа буюу 1905 онд эвэрлэг шилжүүлэн суулгах мэс засал албан ёсоор бүртгэгдсэн аж.

Уг тохиолдлоос хойш хэдэн жилийн дараа Францын нийслэлд Орос орноос ирсэн цагаач эмч Сергей Воронов хөгшрөлтийг “уургалах” зорилгоор даавар үүсгэгч эсийг шилжүүлэн суулгахаар анх туршив. Тэрбээр мөн шимпанзе сармагчны төмсгийг хүнд шилжүүлэн суулгах мэс заслыг олон удаа хийснээрээ алдаршсан. Түүний хувьд донорын төмсгийн зохих хэсгийг хүнд суулгаж байсан бол Америкийн анагаахын мэргэжилтэн гэх Жон Ромулус Бринкли (1885-1942) 1900-гаад оны эхээр ямааны төмсөг буюу бэлгийн булчирхайг хүнд шилжүүлэн суулгах замаар бэлгийн сулралыг эмчлэх боломжтой гэж сурталчилж, олон удаа хийсэн ч амжилтгүй болж, заримдаа амины асуудал үүсэж байв. Улмаар түүнийг “Ямааны булчирхайн эмч” гэж хочлох болжээ. Тэрбээр өөрийгөө эмч гэдэг ч Канзасын “Эклектик” анагаах ухааны их сургуулийн дипломыг хуурамчаар үйлдсэн гэдэг нь батлагдсан аж. “Ямааны эмч” хэд хэдэн мужид эмнэлэгтэй байсан бөгөөд эл мэс заслаа хийж эхлэх үеэс нь л АНУ-ын Анагаах ухааны нийгэмлэгийнхэн шүүмжиж, түүний аргыг “гутаан доромжлол” гээд, эмчлэх эрхийг нь хассан гэнэ. Гэсэн ч тэрбээр бараг 20 жил эмнэлгийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлж чадсан байна. Гэсэн ч Бринкли жирийн хүмүүс, тэр дундаа эрчүүдийн хувьд “шүтээн” байв. Үүнд хөрөнгөтэй чинээлэг байдал нь нөлөөлсөн гэдэг. Тэрбээр карьерынхаа оргил үед мөнгө их хуримтлуулсан ч маш олон удаа хүчирхийлэл үйлдэж, эрчүүдийг эмчлэх бус, алж, бас залилангийн хэрэгт холбогдон, эцэстээ дампуурчээ.

Эрчүүдийн бэлгийн үйл ажиллагааг нэмэгдүүлэхийн тулд ямааны төмсөг шилжүүлэн суулгасан Жон Бринклийн жигшүүрт түүх ийнхүү төгссөн бол амьтны эд, эрхтнийг хүнд шилжүүлэн суулгах мэс заслын суурь нэлээд хожуу буюу өнгөрсөн зууны жараад оноос бодитоор эхэлжээ. 1960-аад оны эхээр Америкийн Луизиана мужийн Тулей их сургуулийн доктор Кеит Реемтсма хүний бөөрний дутагдлыг эмчлэхэд амьтныг донор болгох боломжтой хэмээв. Тэрбээр 1964 онд шимпанзе сармагчны бөөрийг хүнд анх “өгснөөс” гадна зүрх шилжүүлэн суулгах мэс заслын цагийг богиносгох зорилгоор аортын бөмбөлөг шахуурга бүтээсэн эрдэмтэн юм. Мөн чихрийн шижин өвчний үед нойр булчирхайн арлын эс (лангергансын арлууд хэмээгддэг нойр булчирхайн сүүл хэсэгт голчлон даавар үүсгэдэг эсүүдийн бүрдэл)-ийг шилжүүлэн суулгах судалгааг анх эхлүүлсэн аж. Реемтсма 13 удаа сармагчны бөөрийг хүнд шилжүүлэн суулгах мэс засал хийсэн ч халдварт хүндрэл, бие махбодын цочмог татгалзлын улмаас амжилтгүй болжээ. Тэгвэл шинжлэх ухааны хөгжлийн үр дүнд сүүлийн үед амьтны генийг өөрчилснөөр эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хөгжих суурь болно гэдгийг баталсан олон жишээ бий. Тэдгээрийн хамгийн сүүлийнх нь Дэвид Беннет бөгөөд эмч нарын үзэж байгаагаар уг мэс засал нь гений өөрчлөлттэй амьтдын эд, эрхтэн хүнийхийг үр дүнтэй орлож болохын баталгаа юм. Энэ нь донорын хомсдолыг арилгахаас гадна хүний донороос эрхтэн шилжүүлэн суулгах боломжгүй өвчтөнүүдийн амийг аврах том боломж гэж үзэж байна. Реемтсма докторын мөрөөдлийн хувьд хагас зууны дараа биеллээ олж, Америкийн эмч нар өнгөрсөн оны аравдугаар сард бодит үр дүнд хүрсэн бөгөөд энэ нь мөн л гений өөрчлөлттэй амьтнаас эрхтэн шилжүүлсэн явдал юм. Тодруулбал, гений түвшинд нь хувиргасан гахайн биед “бойжуулсан” бөөрийг тархины үх жилтийн улмаас эд, эрхтний үйл ажиллагаа нь цочмог дутагдалд орсон өвчтөнд шилжүүлэн суулгасан уг мэс засал анагаахын шинжлэх ухаанд бас нэгэн анхдагч болов. Нью-Йоркийн их сургуулийн дэргэдэх “Лангоне” эрүүл мэндийн төвийн мэс засалч, мэргэжилтнүүдийн багийнхан “Донорыг гений хувьд өөрчилсөн учир шилжүүлэн, хүлээж авсан бие нь гаднын биет гэж татгалзах үндэс онолын хувьд үгүй” гэж тухайн үед мэдээлсэн юм. Тус багийн ахлагч, доктор Роберт Монтгомери “Энэхүү туршилт нь бөөрний дутагдал сүүлчийн шатандаа орсон өвчтөнүүдэд том боломж” гэж онцолж байлаа. ДЭМБ-ын мэдээлснээр зөвхөн АНУ-д гэхэд л барагцаагаар 110 000 хүн өнөөдөр эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэх шаардлагатайг 90 мянга гаруй нь “бөөрөө” хүлээж буй. Донорын дутагдлаас болж тав хүртэл жил хүлээх, энэ хооронд нас барах тохиолдол хэдэн зуугаар хэмжигдэж байгаа гэнэ. Тус улсад аль нэг эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаагаа хүлээж өдөрт дунджаар 17 хүн хорвоог орхидог гэсэн статистик ч байна.

Гахайн эрхтнийг хүнд шилжүүлэн суулгасан эхний тохиолдол энэ биш бөгөөд эл амьтны ген болон зарим эд, эрхтний бүтэц, хэмжээ нь хүнийхтэй хамгийн их тохирдог давуу талтайг олон улсын эрдэмтэд хэдийн баталсан. Тиймээс энэ төрлийн хагалгаа улам дэлгэрэх нь лавтай. Тэгвэл амьтны эд, эрхтнийг хүнд шилжүүлэн суулгах мэс заслыг нөгөө өнцгөөс харж, эсэргүүцдэг эрдэмтэн, судлаачдын үзэл бодол ямар байна вэ. Одоогийн байдлаар гений өөрчлөлттэй амьтнаас ксенотрансплантац хийхэд хэд хэдэн том асуудлыг даван туулах хэрэгтэй. Юуны түрүүнд өвчтөний дархлааны тогтолцоо донорын эрхтэн рүү дайрч, үйл ажиллагааг нь зогсоодог “зовлон” бий. Өөрөөр хэлбэл, донор болон хүлээн авагчийн гистокомпат буюу эрхтэн, эд, эсийн нийцтэй байдал чухал. Гахайн генетикийн өөрчлөлтийн ачаар Дэвид Беннет зүрхний хэт хурц урвалаас зайлсхийж чадсан. Донор нь арван гений өөрчлөлттэй байсан бөгөөд үүнээс дөрвийг нь “унтраасан”. Түүний дотор зүрхний өсөлтийг хариуцдаг нэг ген байжээ. Гэхдээ гений өөрчлөлтөд өртөөгүй бусад төрлийн татгалзал үүсэх эрсдэлийг тооцоолон Беннетэд дархлааны системийг дарангуйлдаг эм болон ксенотранслантац судлаачдын тусламжтайгаар боловсруулсан шинэ бэлдмэлийг уулгаж байгаа аж. Дараагийн нэг асуудал нь тухайн донор амьтны эд, эрхтэн хүний биед үүргээ үр дүнтэй гүйцэтгэж чадахгүйд хүрэх эрсдэл. Дэвид Беннетийн биеийн байдлын талаарх хамгийн сүүлийн мэдээллээр бол зүрх нь ажиллаж буй ч мэс засал хийхээс өмнө холбосон биеийн гаднах мембраны хүчилтөрөгчийн аппаратыг салгаагүй гэнэ. Өөрөөр хэлбэл, хүчилтөрөгчийн тасалдал үүсэх эрсдэлтэй. Ксенотрансплантацтай холбоотой өөр нэг чухал эрсдэл нь халдвар юм. Энэ нь амьтнаас дамжих вирус, бактери, үүний улмаас шинэ өвчин үүсэх аюул. Уг асуудлыг шийдэхийн тулд донор амьтдын амьдрах орчин нөхцөлийг онцгой ариун байлгах ёстой. Гэсэн ч аюултай биш байсан бичил биетүүд өөр бие махбодод ороод аюултай болж болзошгүй. Үүнийг таах аргагүй учраас эрсдэлүүд үргэлж байна. Энэ мэт эрсдэл, тооцооллын үндсэн дээр Дэвид Беннетэд гахайн зүрхийг шилжүүлэн суулгасан бөгөөд үүнд бэлтгэсэн хугацаа нь таван жилээр хэмжигдэнэ. Тэрбээр сүүлийн тав гаруй жилийн дийлэнх хугацааг эмнэлгийн орон дээр өнгөрүүлжээ. Энэ хугацаанд Мэрилэндийн их сургуулийн багийнхан бэлтгэлээ базааж, үүнээс өмнө гений өөрчлөлттэй гахайн зүрхийг бабуин сармагчинд шилжүүлэн суулгаж, үр дүнд нь шинэ аргачлал боловсруулан, судалгаагаа улам өргөжүүлсээр байсан бөгөөд өвчтөний биеийн байдал эрс дордох үед яаралтай шийдвэр гаргажээ. Нэг сонирхолтой зүйл нь, Дэвид Беннет 10-аад жилийн өмнө хавхлага шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэсэн бөгөөд донор нь мөн л гахай байсан гэнэ.

Амьтныг донорын зориулалтаар хувирган, бойжуулахад тулгардаг өөр нэгэн асуудал нь олон нийтийн болон амьтны эрх хамгаалагчдын эсэргүүцэл. Энэ нь шинжлэх ухааны нарийн ширийн асуудлуудын дэргэд өчүүхэн зүйл мэт боловч угтаа бол хүнлэг энэрэнгүй үзэлтэй холбоотой учраас үл хайхрах аргагүй юм. 1984 онд төрөлхийн зүрхний гажигтай төрсөн нярайд Калифорнийн эмч нар бабуины зүрх шилжүүлэн суулгаж, 21 хоногийн амьдрал бэлэглэсэн нь амьтны амьд явах эрхийн талаар асар их маргаан дэгдэхэд хүргэсэн. Беннетийн мэс засал энэ маргааныг дахин өдөөж, амьтны эрхийг хамгаалагчид үүнийг эсэргүүцэх болов. Жишээ нь, PETA байгууллагынхан “Амьтад бол танай саравчинд байдаг багаж, хэрэгсэл биш. Тэд ч ухамсар, ухаантай” гэж эсэргүүцэж байна. Британид төвтэй амьтны эрхийг хамгаалах “An¬imal аid” байгууллага “Амьтны генийг өөрчилж, ксенотрансплантацад ашиглах нь харгислал” гэжээ. Гэхдээ энэ бол хүн төрөлхтний ирээдүйн тухай асуудал учраас “жижиг” зүйлийг тоохгүй орхих ёстой гэсэн байр суурьтай хүмүүс ч зэрэгцэн дуу хоолойгоо хүргэж буй.

Гахайнаас гадна сармагчныг донорын зориулалтаар “хувиргах” туршилтуудыг олон улсын хэмжээнд цөөнгүй хийдэг. Гэхдээ ихэвчлэн хөгжүүлэх шатандаа сураг алдардаг талтай. Жишээ нь, 2019 онд Испанийн судалгааны багийнхан хүн, сармагчин хоёрын химера буюу “холимгийг” бүтээсэн явдал. “Энэ бол аймшгийн киноны түүх биш, эрхтэн шилжүүлэн суулгах ирээдүй юм” гэж тухайн үед багийнхан онцолсон. Тэд “Химера бол генетикийн хувьд гетероген эсээс бүрдсэн организмуудыг хэлдэг биологийн нэр томьёо. Энэ нь хүн төрөлхтөн донор эрхтний хязгааргүй эх үүсвэртэй болох итгэл найдвар. Бид хүний эстэй сармагчны үр хөврөлийг амжилттай бойжуулах туршилт хийлээ” гэж мэдээлж байлаа. Тэрхүү эрлийз үр хөврөлийг тодорхой хөгжлийнх нь үе шатанд устгасан гэснээс цааш сураг тасарсан ч хүн болон сармагчны эсүүдийн “эвцэлдэх” чадварыг харуулсан гэж дүгнэсэн байдаг. Тэдний мэдэгдэл үнэн байх магадлал өндөр болохыг тухайн үед Испанийн нэр хүндтэй хэвлэлүүд онцолж байсныг дурдах нь зүйтэй. Үүнээс гадна 2019 онд Японы Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн яамнаас Токиогийн их сургуулийн эрдэмтний өргөдлийг хүлээн авч, хүн болон хулганын эсийн эрлийз үр хөврөлийг турших зөвшөөрөл олгосон юм. “Asa¬hi Shimbun” сонин мэдээлснээр бол уг туршилт нь ирээдүйд хүнд шилжүүлэн суулгаж болох амьтны эд, эрхтнийг тарималжуулах технологид дэвшил авчирна. “Лабораторийн амьтдын бие даасан генийг “хүнжүүлэх”, өөрөөр хэлбэл, хомо сапиенсаас авсан тодорхой гений хувилбарыг тэдэнд нэвтрүүлэх, амьтны гомолог генийг өөрөө унтраах боломжтой. Хүнжүүлэх онолын хувьд бүхэл бүтэн эрхтнүүдийг хүлээн зөвшөөрөх боломжтой. Үүний тулд тэдгээрийн үүсэх эсийг хүнээс авах шаардлагатай бөгөөд амьтан энэ эрхтнийг өөрийн эсээс үүсгэж чадахгүй. Төрөхөөс өмнө эрхтнүүд үүсдэг тул энэ тохиолдолд хүний эс болон өөр төрлийн эсийг агуулсан үр хөврөлийг бий болгох шаардлагатай” гэж эл зөвшөөрлийг авсан эрдэмтэн Хиромицү Накаүчи мэдээлсэн. Хэдийгээр энэ нь эрхтэн шилжүүлэн суулгах зорилгоор амьтны генийг өөрчлөхөөс өөр үйл хэрэг боловч эцсийн зорилго, агуулгаараа нэг гэдгийг ч тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.

Тэгэхээр эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын салбарт хүн төрөлхтөн ойрын ирээдүйд том амжилтад хүрэх нь тодорхой болсныг Мэрилэндийн их сургуулийн эмч нарын бүтээсэн гайхамшигт хагалгааны үр дүн баталлаа гэж олон улсын эрдэмтэд мэдээлж буй. Онцгойлон дурдахад, хүний зургаан генийг амьтны геномд суулгаж, өвчтөний дархлааны тогтолцоог гаднын эрхтнийг “хүлээн авах” боломж олгосон нь энэ цагийн хамгийн том амжилтуудын нэг мөн гэдгийг санал нэгтэй зөвшөөрлөө. Хэдийгээр энэ мэс заслын бэлтгэлд тав гаруй жил зарцуулсан гэж байгаа ч үнэндээ бол багийн тэргүүлэгчдийн нэг доктор Мохиуддины ксенотрансплантацын чиглэлээр хийсэн 30 гаруй жилийн судалгааны үр дүн гэдгийг дурдах ёстой. Өөрөөр хэлбэл, сүүлийн 30 гаруй жилд энэ салбарын хөгжил ямар түвшинд хүрснийг илтгэх баримт бол уг хагалгаа юм. Үүний үр дүн цааш үргэлжилж, улам боловсронгуй болсноор донор хүлээхийн зовлон, ийм шалтгаант нас баралт үгүй болно гэдэгт дэлхийн эрдэмтэд итгэлтэй байна.

Бэлтгэсэн Э.Хана

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.