Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

НАТО-гийн хаалга бүгдэд нээлттэй

Нөхцөл байдал ээдрээтэй болсон өнөө үед Орос, АНУ, НАТО хэл амаа ололцох гэж оролдож л байна. Энэ гурав цуврал хэлэлцээр хийсний эхнийх нь энэ сарын 10-нд Женев хотод Орос, Америкийн хооронд болсон. Хоёр дахь нь Орос, НАТО-гийн Зөвлөлийн хүрээнд энэ сарын 12-нд болов. Гурав дахь нь маргааш нь Брюссельд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын дэвжээн дээр боллоо. Цуврал уулзалт, хэлэлцээрийн үр дүнгийн талаар дэлхий дахины хэвлэлүүдэд янз бүрийн мэдээлэл гарсан. Ихэнх нь тэдгээрийн үр дүнд сэтгэл дундуур байгаа. Үнэхээр эдгээр уулзалт бүтэлгүй оролдлого болоод өнгөрөв үү, эсвэл бага гэлтгүй амжилт ололт байв уу? Америкийн Католикийн их сургуулийн профессор, дипломатч асан Майкл Киммейжийн байр суурийг уншигчдад сонирхуулъя.

-Амжилт байгаа гэж хэлэхэд төвөгтэй. Гэхдээ яалт ч үгүй бүтэлгүй оролдлого байгаагүй гэж үзэж байна. Бүх хэлэлцээр ихээхэн нөхөрсөг, эелдэг байдалд болж өнгөрсөн. Олны өмнө хэлсэн үнэлэлт дүгнэлтүүд, ялангуяа Женевт болсон АНУ, ОХУ-ын төлөөлөгчдийн уулзалтын дараа биенээ тун хүндэтгэсэн, мэргэжлийн өнгө аястай болжээ. Орос, НАТО-гийн зөвлөлийн хуралдааны дараа хийсэн мэдэгдлүүд төдийлөн эвсэг найрсаг биш ч гэсэн бас биендээ дайсагнасан гэж хэлэхээргүй байв. Уулзалтууд удаан хугацаагаар үргэлжилсэн, талуудад ярих юм нэлээд байсан хэрэг. Тодорхой үр дүнд хүрсэнгүй, гэхдээ үүнээс ч дор байж болзошгүй байлаа. Санаанд оромгүй зүйл, тэр дундаа таатай үйл явдал тохиолдсонгүй. Тийм болохоор яриа хэлэлцээр цаашид үргэлжлэх, эсэхийг хэлэхэд амаргүй. Оросын ч, АНУ, НАТО-гийн ч байр суурьт хараахан ахиц гарсангүй.

-Оросын төлөөлөгчид аюулгүй байдлынхаа баталгааг хэлэлцээрийн гол сэдэв болгохыг хичээлээ. Талуудын хийсэн мэдэгдлээс харахад энэ тохиролцоо цаашдын яриа хэлэлцээрийн үндэс болж чадах болов уу. Эсвэл үүнээс татгалзахад хүрэх үү?

-Түүнээс бүрэн татгалзах хэрэгтэй гэж би бодохгүй байна. Дипломат үйл ажиллагаанд яриа хэлэлцээрүүд эрс татгалзсан мэдэгдэл болон шаардлагаар эхэлж байсан нь цөөнгүй. Оросуудын тавьсан санал одоо бол америкчуудын хувьд нэлээд радикал байвч хэлэлцээрийн эхний үе шатуудад хурц санал зөрөлдөөн гээд байхаар гойд юм алга. 1972-1975 онд Хельсинкийн гэрээний хэлэлцээрийн үед ийм юм тохиолдож л байсан. Талууд нэгдсэн саналд хүрэх гэж багагүй хугацаа зарцуулсан юм. Тэгэхээр санал зөрөлдөөн байлаа ч ярьж тохирч ямагт болдог. Хэн нь эхэлж буулт хийх, хэлэлцээрийн явц ямар байхыг хэлэхэд төвөгтэй. Гэхдээ Украинд өргөн цар хүрээтэй дайн дэгдээхгүй байхыг аль аль тал нь эрмэлзэж буйг бид харж байна. Оросын үгийг сонсох хүсэлтэйгээ Вашингтон хэлсээр байгаа. 2014-2015 онд дипломат харилцаатай байхаас АНУ татгалзаж, Оросыг тусгаарлахыг хичээж байсантай харьцуулбал Вашингтоны байр суурьт ахиц гарсан. Харин Орос өөрийн саналыг дэвшүүлсэн ч түүний байр суурьт Америкийнх шиг ахиц гарсныг би одоогоор олж хараагүй байна. Тийм болохоор саяных шиг яриа хэлэлцээр цаашид хийхэд бэрхшээлтэй.

-Оросын тавьсан зарим санал, ялангуяа НАТО-г тэлэхгүй байх тухайд АНУ-ын хувьд таны хэлснээр бодитой биш, хүлээж авамгүй аж. Тэгэхдээ талуудын ашиг сонирхол давхцах салбар бас бий. Эдгээр нь яриа хэлэлцээрийн үндэс болж чадах юм биш биз?

-Энэ бол өөдрөг хувилбар. Тухайлбал, Хар тэнгист сургуулилалт хийх, дунд болон ойрын тусгалтай пуужин байрлуулахгүй байх талаар суурь хэлэлцээр байгуулж болох юм. Миний бодлоор энэ салбарт ямар нэг үйл ажиллагаа явуулах талаар ярилцахыг АНУ сонирхож байгаа. Энэ нь Украин болон Европын аюулгүй байдлын өнөөгийн байдалд Орос сэтгэл дундуур буй зэрэг нэлээд ноцтой асуудлаар зөвлөлдөх үйл явцыг эхлүүлэх боломж олгоно. Оросын тал хэлэлцээрийг 2-3 жил үргэлжлүүлэхийг хүсэхгүй байгаа. Орос үр дүнд хурдан хүрэхийг эрмэлзэж байна. Миний үзэж буйгаар энд өөдрөг үр дүн бага, 2-3 сарын дотор аль ч тал жин дарах зүйлд хүрэхгүй. Хамгийн өөдрөгөөр бодоход 2-3 жил хэрэгтэй. Энэ нь харин Кремлийн санаанд хүрэх үү, үгүй юү гэх асуудал бий.

-Өөр нэг айхавтар ялгаа байгаа нь давуу байдал НАТО-гийн талд гэж Орос үзэж буй. Гэтэл НАТО болон АНУ болохоор Оросын талаас байдлыг намжаах алхам хийхийг хүлээгээд байдаг. Хэн нь эхлээд нааштай алхам хийх ёстой вэ?-Байдлыг н

амжаахтай холбоотой урьдчилсан нөхцөл, болзол тавилгүйгээр эдгээр яриа хэлэлцээ хийхийг АНУ зөвшөөрсөн. Үнэн хэрэг дээрээ яриа хэлэлцээрийн явцад Оросын цэргийг Украины хил рүү татахтай холбоотой асуудлын эргэн тойронд байдал нэлээд хүндэрсэн. Үүнтэй уялдан Америкийн талаас хатуухан мэдэгдлүүд хийсэн. Ингээд АНУ зарим талаар хүлээзнэж, Орос нь үйл ажиллагааны дипломат арга хэлбэрээс татгалзаж Украины хил рүү цэргийн хүчээ хуралдуулах явцаа үргэлжүүлсэн, ийм ац утгатай үйлдэл бий болсон шүү дээ. Тэгэхлээр ядаж аль нэг тал нь өөрийн байр суурьт ахиц гаргах нь уу, үгүй юү гэдэгт асуудал байгаа юм.

-Хүйтэн дайн, Югослав задарсан, үүнд НАТО-гийн гүйцэтгэсэн үүрэг, 1997 оны Европын аюулгүй байдал, 2008 онд Гүржид, 2014 онд Украинд болсон үйл явдал гээд түүх болсон асуудалд яриа хэлэлцээрийн явцад ихээхэн анхаарал хандуулав уу гэх бодол дипломатчдын хийсэн мэдэгдлүүдээс үүдээд төрсөн. Дипломатчид харилцааныхаа ирээдүйн тухайд төдийгүй өнгөрсний талаар яриад байсан нь ерөөс сайн юм биш биз дээ?

-Энэ мэдээж сайн юм биш. Нөгөө талаас хэлэлцээрт оролцогчид ийм илэн далангүй яриа өрнүүлсэн нь бас сайн хэрэг. Өөрсдийн байр суурийн тухай ярилцсан нь сайн, дипломат бодлогод эрс өөрчлөлт гаргахын тулд санал бодлоо солилцох нь чухал. Гэхдээ энэ санал зөрөлдөөн ноцтой саад болж болох юм. НАТО-гийн тухайд талууд зарчмын зөрүүтэй байр суурьтай байдаг. Өрнөдийн хувьд НАТО нь сайн санааны хүч, Европын энх амгалан байдал хийгээд дэг журмын үндэс гэж хэлмээр, хэрэв болдог сон бол шүү дээ. Тэгвэл Орос үүний яг эсрэг бодолтой, НАТО-г тэлэх нь Москвад өгсөн амлалтаа зөрчиж буй, уг эвслийг тогтворгүй байдал, дайн дажны эх үндэс гэж үздэг. Чухам ийм учраас Украин НАТО-д элсэнэ гэдэг нь Оросын хувьд тун хөндүүр сэдэв юм. Украин НАТО-д элсэх нь Европын байдлыг улам бүр тогтворгүй болгоно гэдэгт Москва эргэлздэггүй.

-Украины эргэн тойронд байдал хурцадсанаас олон талаар яриа хэлэлцээр өрнөсөн гэж хэлж болно. Өнгөрсөн оны зун Байден, Путин хоёр дээд түвшний уулзалт хийх шалтгаан нь Украин байсан. Орос, АНУ, НАТО-гийн харилцаанд Украин цаашдаа ямар үүрэг гүйцэтгэх бол?

-Харилцааг сайжруулахад Украин саад болж буй нь гарцаагүй. Энд бид түүх рүүгээ эргэж харах хэрэгтэй. 1990-ээд онд НАТО хүрээгээ тэлсэн (Хүрээгээ Дорно зүгт тэлэхгүй байх амлалтаа цаасан дээр буулгаж өгөхийг Зөвлөлтийн тал Михаил Горбачевын үед шаардаж байсан) харин 2001 оны есдүгээр сарын 11-ний алан хядах ажиллагаанаас хойш Жорж Буштэй ярьсан анхны хүн нь Владимир Путин. 2008 оны Гүржийн дайны дараа Дмитрий Медведев, Барак Обама нар хоёр орны харилцаанд ахиц гаргасан. Өөрөөр хэлбэл, харилцаа хурцдахын зэрэгцээ хамтын хийгээд харилцан ажиллагаа сайжирсан.

Украиныг цэргийн аливаа эвсэлд оролцогч, тэр дундаа НАТО-гийн гишүүн биш, төвийг сахисан орон байлгахыг хүсэж буйгаа Путин хэнд ч ойлгогдохоор хэлсэн. Украин ойрын үед НАТО-д элсэнэ гэж Өрнөдөд хэн ч бодохгүй байгаа. Гэхдээ нээлттэй хаалганы бодлогоос татгалзахгүй гэдгээ ч Өрнөд тодорхой илэрхийлсэн. Энэ асуудлаар эргэлт буцалт байхгүй.

Үүний зэрэгцээ Украинд НАТО цэргийн сургуулилалт хийж, эвслийн гишүүн орнууд тэднийд зэвсэг нийлүүлсээр (АНУ л гэхэд Украинд олгосон батлан хамгаалах зориулалттай тусламж нь 600 сая доллароор үнэлэгдэнэ гэж Цагаан ордны тэргүүн өөрөө хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн) байна. Дипломат бодлогоор Украинд Өрнөдийн хандлагыг Оросын хүссэний дагуу өөрчилнө гэдэг төвөгтэй. Хэрэв дипломат арга замаар хүссэндээ хүрэхгүй бол Орос цэргийн хүч хэрэглэж болзошгүй, Украины хил рүү цэргээ бөөгнүүлж байгаагийн шалтгаан нь энэ байх магадлалтай. Хэрэв ийм юм тохиолдвол Орос, Өрнөдийн хооронд түгшүүртэй байдал, сөргөлдөөний өдөөгч нь Украин болоод буйн гунигтай баримт болно. Түүгээр ч барахгүй дипломат үйл ажиллагааны үр ашигт эргэлзэх байдал бий болгоно.

-Ойрын үед Украин НАТО-д элсэхгүй гэх баталгааг олон түмний өмнө биш ч гэлээ амаар ч юм уу өгчихвөл Москвагийн санаа амрах болов уу?

-Өмнөх туршлагаасаа санаа авсан Орос ийм амлалтад итгэхгүй, цаасан дээр албан ёсных болгуулах гэж зүтгэх болов уу. НАТО ингэж ердөө чадахгүй, яагаад гэвэл бичгээр албажуулах нь энэ эвслийн дүрэмд харшилна. Энэ асуудлаар Ж.Байден олны өмнө ямар нэг мэдэгдэл хийж мэдээж болно, гэлээ ч тэр нь хууль зүйн үүрэг хүлээсэн баталгаа болохгүй. Гэлээ ч Оросын шаардлагыг зүйд нийцэхгүй гэж тэд тууштай хэлж байгаа болохоор НАТО нээлттэй хаалганы бодлогын асуудлаар өөрийн байр сууриас ухарна гэж би бодохгүй байна. Эвслийн байр суурь хөшигний ард олон түмний өмнө илэрхийлснээсээ төдийлөн өөрчлөгдөхгүй гэж бодож байна. Ийм алхам хийх магадлал маш бага. Украин НАТО-д элсэхгүй гэх баталгаа өгөхгүй, харин ойрын хагас жил юм уу, 12 сарын дотор НАТО-д элсүүлэхгүй гэсэн амлалтыг явцуу хүрээнд хэлж байж магадгүй.

-Яриа хэлэлцээн дээр Украинд их анхаарал тавьсан, Америкийн тал Украины аюулгүй байдалд хамаарах аливаа шийдвэрийг түүний оролцоогүйгээр гаргахгүй гэдэгт хатуу зогссон. Энэ нь Киевийн оролцоотойгоор тухайлбал, АНУ юм уу, НАТО-гийн зуучлалаар хэлэлцээрийн ямар нэг шинэ хувилбар гарч ирэхийг бид үзэх боломж олдож магадгүй гэсэн үг биш үү?

-Тэгж бодохгүй байна. Орос, Украин хоёр “Нормандын дөрвөл”-ийн хүрээнд хэлэлцээрийн ширээний ард сууж үзсэн. Гэхдээ үйл ажиллагааны энэ хэлбэрийг орхих нь дээр, яагаад гэвэл түүнээс гойд үр дүн гарахгүй. Үүний оронд Орос, Украин, АНУ болон Баруун Европын улсуудаас оролцуулсан яриа хэлэлцээрийн шинэ талбар бий болгох нь зүйтэй болов уу. Ийм хэлэлцээрт НАТО-г оролцуулах нь оновчтой биш, Украин чинь эвслийн гишүүн биш шүү дээ. Украины асуудлыг өөрийг нь байлцуулан ярилцахад Орос тийм ч дуртай байхгүй биз. Бодит шийдвэрт хүрэх яриа хөөрөө хийж чадахгүй Украины одоогийн удирдлагад Москва шүүмжлэлтэй ханддаг нь үүнийг харуулж байгаа юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.