Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

В, С вирус тараах эрсдэлтэй гэгдэх иммуноглобулины судалгааг Ж.Амгалан хурандаа хийжээ

“Бөх бол төр” гэлцэх болсон.

Тэгвэл “Цагдаа бол төр, цагдаа бол судлаач юм” гэж өлхөн хэлэгдэх цаг үед бид амьдарч байна. Учир нь юу гэвээс УОК-ын эрдэмтэн судлаачдын багийг тэд удирдан, бүр дархлаа судлаачдынх нь өмнөөс судалгаа хийж, өдгөө хийсэн үр дүн нь амьдрал дээр биеллээ олохын сацуу зах зээлд нийлүүлэхэд бэлэн болжээ. Өөрөөр хэлбэл, 0-11 насны хүүхдүүдэд тарихаар төлөвлөсөн ч “асуудалтай” учир Хүний эмийн зөвлөлийн шийдвэрээр өдгөө түр хориглосон цар тахлын эсрэг иммуноглобулин хэмээх уургийн бэлдмэлийн нэвтрүүлэх судалгааг УОК-ын эрдэмтдийн зөвлөлийн дарга, хурандаа Ж.Амгалан анх хийсэн аж. Учрыг эхнээс нь ухъя.

ЦАГДААГИЙН ХУРАНДАА ЭРДЭМТДИЙГ УДИРДДАГ

Одоогоос жил орчмын өмнө буюу 2021 оны тавдугаар сарын 2-нд Монгол Улсад коронавирусийн халдвар “галзуурч”, төрөөс хатуу хөл хорио тогтоосон тэр үед Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханы Эрдэмтдийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай тушаал гарчээ. Уг тушаалд “Коронавируст халдвар (Ковид-19)-ын тархалтын үед Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэрт шинжлэх ухааны үндэслэл, нотолгоотой зөвлөмж боловсруулж, дэмжлэг үзүүлэх зорилго бүхий Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг хавсралтаар шинэчлэн баталсугай” гэсэн байна. Энэхүү тушаалын дагуу өмнөх зөвлөлийг татан буулгаж, дараах нэр бүхий 20 хүнийг шинээр бүрдүүлж, Эрдэмтдийн зөвлөлийн даргаар Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Ж.Амгаланг томилсон аж. Тухайлбал, Улсын онцгой комиссын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг доор жагсаалаа.

Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн бүрэлдэхүүн:

Эрдэмтдийн зөвлөлийн дарга:

Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Ж.Амгалан

Нарийн бичгийн дарга:

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр

Эрдэмтдийн зөвлөлийн гишүүд:

  • П.Нямдаваа (Монголын вирус судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч, академич)
  • Э.Тэмүүлэн (ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны тархвар судлаач, доктор)
  • Э.Эрдэнэчимэг (ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн)
  • О.Ариунтуяа (ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн)
  • Д.Мандахнаран (АШУҮИС-ийн багш, доктор)
  • О.Машбат (Тагнуулын ерөнхий газрын ажилтан, хурандаа)
  • Т.Мөнх-Эрдэнэ (МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор)
  • Т.Бэгзсүрэн (МУИС-ийн Физикийн тэнхимийн судлаач, доктор)
  • Б.Болдбаатар (Мал эмнэлгийн хүрээлэнгийн Вирусологийн лабораторийн эрхлэгч, доктор)
  • Д.Нарантуяа (НЭМҮТ-ийн захирал, доктор)
  • Ж.Оюунбилэг (НЭМҮТ-ийн зөвлөх)
  • Э.Оюунсүрэн (ЭМЯ-ны эрдэм шинжилгээ, судалгаа хариуцсан мэргэжилтэн)
  • Б.Сувд (НЭМҮТ-ийн албаны дарга, доктор)
  • Б.Цолмон (ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны тархвар судлаач)
  • Г.Гантунгалаг (ХӨСҮТ-ийн Талбарын тархвар судлалын албаны мэргэжилтэн)
  • Б.Дуламрагчаа (ХӨСҮТ-ийн тархвар зүйч, судлаач)
  • Д.Гэрэлмаа (ХӨСҮТ-ийн тархвар зүйч, судлаач)
  • С.Чандмань (Стратеги судалгааны хүрээлэнгийн судлаач)

Ийнхүү томилогдсоныхоо дараа тэд цар тахлын үеэр хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийт 13 судалгааг 17 хоногийн хугацаанд хийсэн байна.

Цухасхан дурдвал,

  • Иммуноглобулины хэрэгцээ шаардлага, үйлдвэрлэх боломжийн судалгаа Хурандаа Ж.Амгалан
  • Бага насны хүүхдүүдийг вакцинжуулах тооцоолол Б.Сувд
  • Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдийг вакцинжуулалтад хамруулах судалгаа Г.Гантунгалаг, Г.Цогзолмаа
  • 12-15 насны хүүхдэд “Пайзер” үйлдвэрийн вакцин хийлгэх судалгаа Б.Цолмон
  • Монгол Улсад “Ковид-19”-ийн эсрэг вакцин үйлдвэрлэх судалгаа Д.Нарантуяа, Э.Оюунсүрэн
  • Монгол Улсад “Ковид-19”-ийн эсрэг дархлаажуулалтын тарилга, вакцин бэлтгэх боломж судалгаа Ж.Оюунбилэг нар хийж, урамшуулал болох 1.5 сая төгрөг авчээ.

“Эрдэмтэн судлаачид багаар ажиллан, цаг үеийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, нотолгоонд суурилсан санал зөвлөмжүүдийг УОК-т хүргүүлэн шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлэн ажилласан” гэж УОК-ын дэргэдэх Эрдэмтэн, судлаачдын зөвлөлийн 2021 оны тавдугаар сарын 27-ны ажлын товч тайланд дурдсан байна. Өөрөөр хэлбэл, тэрхүү судалгаанууд нь өнөөгийн УОК-ын шийдвэр, үйл ажиллагаанд тусгалаа олохын сацуу хүүхдэд тарихаар зэхэж байсан, хүний биед B, C вирус тараах эрсдэлтэй гэгдэх иммуноглобулин бэлдмэлийг үйлдвэрлэх ажлын суурь болсон гэхэд хилсдэхгүй юм.

ЭРДЭМТДИЙГ АХАЛЖ, ДАРХЛАА СУДЛААЧДЫГ АЖИЛГҮЙ БОЛГОСОН Ж.АМГАЛАН ХУРАНДАА ГЭГЧ ХЭН БЭ

Тэрбээр галт зэвсэг ашиглалтын инженер, хуульч, төрийн удирдлага-үндэсний аюулгүй байдлын стратегич мэргэжилтэй бөгөөд цагдаагийн хурандаа, хууль зүйн болон цэргийн шинжлэх ухааны магистр, аюулгүй байдлын дэд доктор, профессор цолтой.

Эрхэлж байсан ажил, албан тушаалууд (оноор):

1991-1992 -Цагдаагийн ерөнхий газрын төв байрны жижүүр
1992-1999 -Дотоодын цэргийн штабт зэвсэг хариуцсан офицер
1999-2004 -Дотоодын цэргийн штабын АЗХХН-н ахлах офицер
2004-2008 -Дотоодын цэргийн штабын хамгаалалт бэлэн байдал хариуцсан орлогч дарга
2008-2011 -Дотоодын цэргийн штабын харуул хамгаалалтын хэлтсийн дарга
2011-2014 -Дотоодын цэргийн штабын дэд бөгөөд хэлтсийн дарга
2014 -Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын дарга
2014-2015 -ОХУ-ын Жанжин штабын академийн аюулгүй байдлын дээд курст судлаач-сонсогч
2015-2017 -Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт батлан хамгаалах, хууль сахиулах салбарын асуудал хариуцсан ахлах референт
2017 -Дотоодын цэргийн штабт орлогч, Харуул, хамгаалалтын хэлтсийн дарга
2017-2020 -Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга
2020 оны долдугаар сарын 30-наас Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар тус тус ажиллаж байжээ.

Дээрх намтраас дүгнэвэл Ж.Амгалан хурандаа цагдаа болоод дотоодын цэргийн албанд бүхий л нас, эрдэм мэдлэгээ зориулан ажилласан нь илт байна. Салбартаа оюуны хүчээ дайчлах гарамгай дайчин хүн өнөөдөр юуны учир УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийг удирдаж, бас дархлаа судлаачдын хийх ёстой ажлыг орлох болов?

Монгол Улс цагдаагийн хурандаагаас өөр цар тахлын эсрэг био бэлдмэл, вакцинаа судлах эрдэмтэн судлаачгүй болсон гэж үү?

УОК-ООС АСУУЯ!

Дэлхий нийтээр татгалзах болсон иммуноглобулин цус, цусан бүтээгдэхүүнийхээ судалгааг яагаад дархлаа судлаач эрдэмтдээрээ хийлгээгүй вэ?

Бэлтгэсэн Г.Одгарав

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.