Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Йемений сөргөлдөгч талуудад байдлыг эв зүйгээр зохицуулахыг уриалав

“Байлдааны ажиллагаа даамжирснаар хүмүүнлэгийн хүнд хямрал улам гүнзгийрч, Йемений ард түмний зовлон зүдгүүрийг хурцатгаж байна. Тиймээс АНУ сөргөлдөгч бүх талд байдлыг эв зүйгээр зохицуулж, олон улсын хүмүүнлэгийн хуулийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлж, НҮБ-ын ивээл доорх энхийн үйл явцад бүрэн хэмжээгээр оролцохыг уриалж байна” гэж Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгдэв.

Сүүлийн өдрүүдэд Йемений байдал хурцдаж, 100 гаруй хүний амь үрэгдсэн нь АНУ-ыг түгшээж байна. Хамгийн сүүлд Саудын Араб тэргүүтэй эвслийнхэн шоронг онилж, агаараас цохилт өгсний улмаас 87 хүний амь эрсдэж, 226 нь шархадсан тухай олон улсын хүмүүнлэгийн “Хил хязгааргүй эмч нар” байгууллагаас мэдээлсэн аж. Аврах ажиллагаа явуулж буй бөгөөд нурсан барилгын доор хүмүүс байж болзошгүй тул хохирогчдын тоо нэмэгдэж болзошгүй. Энэ цохилт нь Абу-Даби хотын энгийн иргэдэд хуситууд санаатай халдсанаас хойш хэдхэн хоногийн дараа болжээ.

Шиитийн “Ансар Аллах” хөдөлгөөний хусит босогчдын хяналтад байдаг уг хорих газарт цохилт өгөхдөө Саудын Арабын Агаарын цэргийн хүчин Саада мужийн цэргийн болон иргэний объектуудад халдсан байна. Үүний өмнө эвслийнхэн агаарын цэгчилсэн цохилт өгч, 60 гаруй хуситыг устгажээ.

Энэ сарын 3-нд “Ансар Аллах” Ходейда хотын ойролцоо Арабын Нэгдсэн Эмират Улсын далбаатай ачааны хөлөг онгоцыг эзэлж, 17-нд Абу-Даби руу дрон, баллистик пуужингийн цохилт өгсний дараа эвслийнхний эрчимтэй бөмбөгдөлт эхэлсэн гэнэ. Үүнээс хэдхэн цагийн өмнө Арабын хамгийн ядуу улс Йемен интернэтгүй болжээ. Ходейда боомт хотод цохилт өгөхөд теле харилцааны төв өртсөн аж. Тус хотыг хуситуудыг дэмждэг Ираны зэвсгийн нууц наймаа, далайн дээрэмчдийн төв хэмээн эвслийнхэн үздэг. Үүнийг Иран үгүйсгэдэг ч зэвсэгтэй Тегеран холбоотойг НҮБ-ын шинжээчид, хараат бус ажиглагчид болон Өрнөдийн орнууд нотолдог байна.

Йемений Засгийн газрын арми болон хусит босогчид хоорондын мөргөлдөөн 2014 оны наймдугаар сараас хойш үргэлжилж буй юм. 130 мянга гаруй хүн үүний хохирогч болжээ. 2015 оны гуравдугаар сард Саудын Араб тэргүүтэй эвслийнхэн Йемений Ерөнхийлөгч Хади Абд-Раббу Мансурт үнэнч зэвсэгт хүчнийг дэмжих зорилгоор тус улс руу дайрсны дараа цэргийн сөргөлдөөн ширүүссэн. Энэ дайн дэлхийн хүмүүнлэгийн хамгийн том хямралыг үүсгэжээ. НҮБ-ын мэдээлснээр тус улсын 24 сая гаруй иргэн буюу хүн амын 80 орчим хувь хүмүүнлэгийн тусламж авах шаардлагатай байгаа бөгөөд дотоод дүрвэгсдийн тоо дөрвөн саяас давжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.