
Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2021 онд 14.2 их наяд төгрөг болж өмнөх жилийнхээс 37 хувиар өсжээ. Тэгвэл уг орлогын 30 хувийг уул уурхайн салбараас бүрдүүлснийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Тодруулбал, эрдэс баялгийн борлуулалтаас 4.1 их наяд төгрөг төсөвт төвлөрүүлсэн нь 2020 оныхоос 1.4 их наядаар буюу 53.9 хувиар нэмэгдсэн дүн аж. Үүний 3.8 их наядыг уул уурхайн бүтээгдэхүүнээс, 198.1 тэрбумыг газрын тосноос олсон бол тусгай зөвшөөрлийн төлбөр, бусад орлогоос нийт 70.8 тэрбум төгрөг хуримтлуулжээ. Цар тахлын нөхцөл байдал уул уурхайн бүтээгдэхүүний экспортод сөргөөр нөлөөлж байгаа ч дэлхийн зах зээлд үнэ өссөн нь ийнхүү эерэг үр дүнд хүргэсэн аж. Ташрамд дурдахад, нэг тонн чулуун нүүрсний экспортын дундаж үнэ жилд хоёр дахин, зэс, молибден, төмрийн хүдрийн баяжмалынх 74-85 хувиар нэмэгдсэн юм.
Бэлтгэсэн С.Дулам







0 Сэтгэгдэл