Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ирээдүй үеийнхэнд ижил боломж, тэгш эрх л хэрэгтэй

Хүүхэд тоглох талбайгүй, хөгшид нарлах газаргүй, залуус ажилгүй, баян, хоосны ялгаа улам холдсон Монголын нийгмийг харахад энэ улсад хүн амын хөгжлийн бодлого бий юү, хэрэв байдаг бол хэрэгжүүлдэг болов уу гэж эргэлзэхэд хүрнэ. Иргэд хорт хийгээр амьсгалж, халамжийн мөнгөө хоног тоолон хүлээсэн нийгэмд хөгжих боломж байна уу гэж бодох төдийд гуниг төрнө. Гэтэл ийм цагт оновчтой, тулхтай бодлого гаргаж, хэрэгжүүлэх ёстой төр, засгийн шийдвэр гаргагчид салхинд хийссэн хамхуул мэт боллоо. Салхи хаашаа, хамхуул тийшээ гэдэг шиг цахим орчин дахь олон нийтийн сэтгэгдлээр л ажлаа явуулж, хэн нэг эрх мэдэлтний хэлсэн үгийг нөгөөх нь үгүйсгэж, буруудаад ирэхээр ард түмэн рүү бухдаг гаж үзэгдэл газар авлаа.

Хоёр дахь удаагаа “Ковид-19” туссан бол эмийн багц өгнө, өгөхгүй, зургаа болон түүнээс олон хүүхэдтэй өрхийн орон сууцын урьдчилгааг төр олгоно, олгохгүй, сайжруулсан түлшнээс болж утаа ихэссэн, ихсээгүй зэргээр судалгаа, үндэслэл муутай мэдээллийг олон нийтэд цацаж, араас нь хэн нэг эрх мэдэлтэн тайлбар хийж “тодордог” жишиг ч тогтов. Тухайлбал, нийгэмд нэлээд маргаан дагуулсан нэг асуудал нь энэ сарын 6-нд УИХ-аар хэлэлцсэн Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол. “Зургаа ба түүнээс дээш хүүхэдтэй өрхөд орон сууцын урьдчилгааг төр даах” талаар уг төсөлд тусгасан тухай мэдээлэл нийгмийн сүлжээнд түгмэгц иргэд эсэргүүцэж эхэлсэн. Удалгүй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Тоо хөөцөлдвөл гэр бүлүүд олон хүүхэдтэй болно. Тооноос илүү чанартай хүүхэд чухал” гэсэн утга бүхий тайлбартайгаар уг заалтыг төслөөс хассан болохыг мэдэгдсэн юм. Түүний хэлснээр “чанартай” гэдэг нь юу гэсэн үг вэ.

Хамгийн чухал хүн ам зүйн бодлогоо ч ойлгоогүй хүмүүс төрийн толгойд гарчихаад хүүхдийг чанартай, чанаргүй хэмээн ийнхүү ангилж суух нь эмгэнэл. Бас оновчтой бодлого хэрэгжүүлэхгүй, хүн амаа хөсөр хаячихаад, “Зургаа ба түүнээс дээш хүүхэдтэй өрхийн орон сууцын урьдчилгааг төр даана” гэх мэтээр гэнэт “дэмийрэх” нь эрх баригчдын имиж болов. Тэгвэл нийгмийн сүлжээнд 8000 орчим гишүүнтэй “Алдарт эх” хэмээх цахим нэгдлийн ээжүүдээс хүн амын өсөлтийг дэмжих чиглэлээр төр, засгаас ямар бодлого баримтлах нь зүйтэйг тодруулахад олонх нь “Нэн тэргүүнд сургууль, цэцэрлэг хүртээмжтэй байж, бүх хүүхдийг хамруулах шаардлагатай” гэлээ. Мөн “Амьдрах орчин аюулгүй, ээжүүд хүүхдэдээ санаа зовохгүйгээр ажиллах боломж бүрдүүлэхийн зэрэгцээ эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ чанартай, хүн бүр тэгш эрхтэй, ижил боломжоор хангах нь чухал” гэдгийг илэрхийлэв. Тухайлбал, зургаан хүүхдийн ээж Г “Нэг айл хэдэн хүүхэдтэй байх нь тухайн гэр бүлийн сонголт. Хамгийн гол нь хүүхэд бүрт адил боломж олгох бодлого хэрэгжүүлэхийг эрх баригчдаас шаардаж байна. Харин хүүхдийн тооноос хамаарч айл өрхөд өөр боломж олгох нь өрөөсгөл” гэв. Үүнээс үзэхэд янз бүрийн халамж, бэлэн мөнгө тараахаас илүү хойч үеийнхэндээ чанартай боловсрол эзэмшүүлж, бүгд ижил тэгш эрхтэйгээр амьдрах нөхцөлөөр хангахыг иргэд хүсэж байна. Монголчууд 30 хүрэхгүй жилийн дараа таван саяулаа болно гэсэн тооцоо бий. Шинэ хүнээ “хүлээж авахад” хэн хүнгүй бэлдэх цаг болжээ.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан “Хүн амын шинэчилсэн хэтийн тооцоо 2020-2050 он” тайланд дурдсанаар манай улсын хүн ам 2033 он буюу 11 жилийн дараа гэхэд дөрвөн саяд хүрэх тооцоолол байгаа. 2050 онд таван сая иргэнтэй болох нь. Энэ хэрээр цэцэрлэг, сургуулийн эрэлт нэмэгдэж, ажлын байр, аюулгүй, эрүүл орчин шаардлагатай. Тодруулбал, цэцэрлэгт хамрагдах хоёр настай хүүхдийн тоо 2020 онд 77 632 байсан бол 2050 онд 97 020-д хүрч нэмэгдэх нь. Мөн нэгдүгээр ангид элсэх хүүхдийн тоо хоёр жилийн өмнө 78 213 байсан бол 2050 онд 95 831 болж өсөх юм байна. Үүний зэрэгцээ өөр нэг сонирхолтой тоо нь 2050 онд манай улс “хөгшин” орон болно. Өөрөөр хэлбэл, тайлангийн дүнгээс үзэхэд манай улсын нийт иргэний 65, түүнээс дээш насныхны эзлэх хувь 2050 онд 12 хувь болж, одоогийнхоос гурав дахин нэмэгдэхээр байгаа юм. Бид үүнд бэлэн үү. 2050 он хол биш, ойрхон байна. Ердөө 28 жил.

“Хүн амын өсөлтийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох нь олон талын ач холбогдолтой. Ингэснээр хүн амын нөхөн үржихүйн байдлаас хамааралтай нийгмийн хэрэгцээ, түүнийг хангахад чиглэсэн эдийн засгийн нөөц боломжийг бүрдүүлнэ. Мөн хүн амын ундны болон бохир усны төвлөрсөн сүлжээ, боловсрол, нийгмийн халамжийн үйлчилгээнд шаардлагатай хөрөнгө, орон сууц, эмнэлэг, сургууль, харилцаа холбоо зэрэг салбарын ирээдүйн эрэлт, хэрэгцээг тооцож, бодлого, үйл ажиллагааг төлөвлөх суурь болдог” хэмээн Үндэсний статистикийн хорооны судлаачид тэмдэглэжээ. Статистикийн байгууллагынхан хүн амын хэтийн тооцоог 1963 оноос хойш ийнхүү боловсруулж иржээ. Харин эрх баригчид үүнд үндэслэн, хөрсөнд буусан бодит шийдвэр гаргахгүй байсаар өдий хүрэв.

Одоогийн байдлаар Монгол залуучуудын орон. Ингэж хөдөлмөрийн насныхан хамгийн их болохыг хүн ам зүйд “цонх үе” хэмээн тодотгодог билээ. Ийм үедээ улс орнууд эдийн засгийн хөгжлөө түргэтгэн, ажлын байр нэмж, хүн амынхаа орлого, амьжиргааг дээшлүүлэхийг чухалчилдаг. Улмаар хүн амын өсөлтийг дэмжих олон талт үйл ажиллагаа хэрэгжүүлдэг байна. Цонх үеийг оновчтой ашиглаж, улсынхаа хөгжлийг дараагийн шатанд гаргах нь чухал гэдгийг эдийн засагчид хэлдэг. Ингэхдээ ажлын байр нэмэгдүүлж, амьжиргааг нь дээшлүүлэх замаар хүн амын өсөлтийг дэмжих нь зүйтэй гэснийг тодотгоё.

Манай хойд хөршийн хувьд хүн амын өсөлтийн бодлогын гол цөм нь нас баралтыг бууруулж, хүн амын тоог тогтвортой хэмжээнд барих аж. Ингэхдээ иргэдийн амьдрах нөхцөлийг сайжруулж, амьдралын чанарыг дээшлүүлэх аж. Үүний тулд хүн амын тоог 142-143 саяд тогтвортой барих хэрэгтэй гэж үзжээ. Амьдралд ойр нэг шийдвэр нь хоёроос олон хүүхэд төрүүлсэн эхэд болон хүүхдүүдэд төрөөс халамжийн мөнгө, материаллаг тусламж үзүүлж, боловсрол, хөгжилд нь ихээхэн анхаардаг. Мөн хүүхдийг 24 нас хүртэл эмчилж, асарч, сувилах зардлыг нийгмийн даатгалаас санхүүжүүлэхээр тусгажээ.

Тэгвэл манай улсын Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогод юу гэж тусгасан бэ. Засгийн газраас 2016 онд баталсан уг бодлогыг 2025 он хүртэл хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй. Угтаа бол хэрэгжүүлээд зургаан жил өнгөрчихсөн эл бодлогод чихэнд чимэгтэй олон заалт бий. Тухайлбал, нийгмийн дундаж болон чинээлэг дундаж давхаргын нийт хүн амд эзлэх хувийг 2025 онд 60 хувьд хүргэхээр заасан. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүн, ахмад настны эрэлт хэрэгцээнд нийцсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэгш хүртээмжтэй, чанартай үзүүлэх, ядуурал, ажилгүйдлийн түвшин, агаар, хөрсний бохирдлыг бууруулна гэх зэргээр дурджээ. Харамсалтай нь, эдгээр нь цаасан дээрээсээ амьдралд “буусан” нь тун ховор гэдгийг бидний өнөөгийн амьдрал бэлхнээ илтгэнэ.

Тухайлбал, энэхүү бодлогод 2025 он хүртэл хэрэгжүүлэх 109 үйл ажиллагааг заажээ. Үүний 76 дугаарт “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг БШУЯ хариуцан ажиллахаар тусгасан байна. Гэтэл одоо цэцэрлэгт 4-5 настай хүүхдүүдийг л хамруулж буй. 2-3 насныхан сургуулийн өмнөх боловсролд огт хамрагдаж чадахгүй байгаа. Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулж чадахгүй байгаагаа цайруулах гэсэн төр, засаг “Цалинтай ээж” хэмээх сүржин нэртэй ч даржин хөтөлбөр хэрэгжүүлдэг. Үнэн хэрэгтээ гэртээ хүүхдээ хардаг ээжүүдийг уг хөтөлбөрт хамруулж, 50 000 төгрөгөөр “хуураад”, хүүхдийг нь цэцэрлэггүй үлдээж орхидог. Энэ мэт гажуудлаа одоо засаж, хүн амаа өсгөх оновчтой бодлогыг нийгэм шаардаж байна. Юу хийхээ мэдэхгүй “манарсан” түшээдэд зөвлөхөд ирээдүй үеийнхэнд ижил боломж, тэгш эрх, эрүүл, аюулгүй орчин л хэрэгтэй шүү.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.