Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Асгатын мөнгөний ордод нарийвчилсан хайгуул хийх гүйцэтгэгчийг энэ оны эхний хагаст сонгон шалгаруулахыг чиглэл болгов

УИХ-ын Үйлдвэржилтийн байнгын хороо өнгөрсөн баасан гарагт хуралдаж, Засгийн газарт чиглэл өгөх тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Хуралдаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн холбогдох албан тушаалтнууд оролцжээ. Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар Засгийн газар болон бусад холбогдох байгууллагад чиглэл өгөх байнгын хорооны шийдвэрийн төсөл боловсруулах үүрэгтэй ажлын хэсгийн танилцуулгыг ахлагч Т.Аубакир гишүүн хийв. Ажлын хэсэгт гишүүн Х.Баделхан, Н.Ганибал, Б.Дэлгэрсайхан, Д.Өнөрболор, Г.Тэмүүлэн нар ажилласан бөгөөд тэд тухайн орд байрлах Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын удирдлага, холбогдох яамдын болон энэ чиглэлийн мэргэжлийн хүмүүстэй уулзаж, санал, бодлыг нь сонсжээ. Улмаар энэ сарын 19- нд ажлын хэсэг хуралдаж, тогтоолын төслөө эцэслэн боловсруулснаа байнгын хороогоор хэлэлцүүлсэн нь энэ. Стратегийн ач холбогдол бүхий томоохон орд болох Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлагатай бөгөөд үүний тулд тус ордод нэмэлт хайгуулын ажил хийх ёстой гэж ажлын хэсгийнхэн санал нэгджээ. Ингэхдээ нөөцийг бүрэн тогтоох, нэмж хайгуул хийх ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн энэ оны эхний хагас жилд багтаан зарлахыг Засгийн газарт чиглэл болгохоор тусгав. Мөн тус ордын нарийвчилсан хайгуулыг бүс нутгийн хэмжээнд гүйцэтгэж, нөөцийг шинэчлэн тогтоох ажлыг 2024 онд багтаан хийх нь зүйтэй гэж заажээ.

Асгатын мөнгөний ордын өнөөгийн нөхцөл байдлын талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон мэдээлэл хийж, зарим гишүүн асуулт тавилаа. Тухайлбал, гишүүн Б.Чойжилсүрэн, Н.Наранбаатар нар тогтоолын төсөлд “Асгатын мөнгөний ордод нарийвчилсан хайгуулын ажил гүйцэтгэх болон ТЭЗҮ боловсруулах хөрөнгийн эх үүсвэрийг “Эрдэнэс Монгол” ХХК хариуцан ажиллах” гэсэн саналыг нэмж тусгах шаардлагатайг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Гишүүдээс гаргасан саналыг нэмж тусган, Байнгын хорооны тогтоолын төсөл батлахыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн юм. Уг тогтоолын төсөлд Асгатын мөнгөний ордод нарийвчилсан хайгуулын ажил хийж, нөөцийг тодотгох гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн 2022 оны эхний хагас жилд багтаан зохион байгуулахаар тусгав. Мөн Асгатын мөнгөний ордын нарийвчилсан хайгуулын ажлыг бүс нутгийн хэмжээнд гүйцэтгэж, нөөцийг тодотгож, шинэчлэн тогтоох болон баяжуулалтын технологийн судалгааг 2024 онд багтаан хийхээр чиглэл болголоо. Түүнчлэн тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлыг хангах, Асгатын мөнгөний ордод нарийвчилсан хайгуулын ажил гүйцэтгэх болон ТЭЗҮ боловсруулах хөрөнгийн эх үүсвэрийг “Эрдэнэс Монгол” ХХК хариуцан ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгон тусгалаа.

Бэлтгэсэн У.Наран

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.