Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Орос Украин руу довтлох нь хамгийн ноцтой үр дагаварт хүргэнэ”

ОХУ-ын цэргүүд Украин руу халдан довтолбол дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой үр дагавар манай гарагт нүүрлэнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден үзэж байна. Украины эргэн тойрны нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар эцсийн шийдвэрээ Владимир Путин хараахан гаргаагүй гэж Ж.Байден таамаглаж буй аж. “Путин л энэ шийдвэрийг гаргана” гэж Ж.Байден Ерөнхийлөгчөөр сонгогдсоны нэг жилийн ойг тохиолдуулан Цагаан ордонд хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр мэдэгдэв.

Украинд байдал хурцдах нь ОХУ-тай хийх банкны гүйлгээнд нөлөөлж, доллароор гүйлгээ хийхийг зөвшөөрөхгүй. Гэхдээ Оросын эсрэг хориг арга хэмжээ авах нь АНУ болон Европын эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэж Америкийн Ерөнхийлөгч үзэж байна. Тэрчлэн ОХУ кибер орон зайд халдсаар байвал АНУ хариу арга хэмжээавахыг тэрбээр анхаарууллаа.

Оросууд Украин руу довтлохоор бэлтгэж байна гэх мэдээлэл энэ сарын эхнээс Өрнөдийн орнуудын хэвлэлүүдэд гарах болсон. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский урьд нь ард түмэндээ дүрс бичлэгээр дамжуулан үг хэлэхдээ Оросын түрэмгийллийн талаарх цуурхлаас улбаалж сандрахгүй байхыг уриалсан билээ. Байдал хурцдаагүй бөгөөд дайн найман жил үргэлжилж байна гэж тэрбээр мэдэгджээ. “Манай газар нутаг руу биш, бидний мэдрэл рүү дайрч буй учраас бид байнгын түгшүүртэй байдаг” гэж В.Зеленский хэлсэн байна. Украин руу манай улс халдан довтлохоор төлөвлөөгүй гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдсэн. Түүний хэлснээр, өөрийгөө зарлан тунхагласан Луганск, Донецкийн бүгд найрамдах улсын эсрэг түрэмгий ажиллагаа явуулахаар төлөвлөж байгаа нь Украин аж.

Тэгвэл Украины хилээр шилжилт хөдөлгөөн хийх гэсэн Оросын цэргүүдийн аливаа үйлдлийг халдлага гэж АНУ үзэхийг Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки Ерөнхийлөгч Ж.Байдены хэвлэлийн бага хурлын дараа мэдэгдэв.

АНУ-ын Ерөнхийлөгч мэдэгдлийнхээ ихэнхийг Орос, Америкийн харилцаа, мөн Украины нөхцөл байдалд зориулжээ. Тухайлбал, Украиныг ойрын хугацаанд НАТО-д элсэх магадлал бага гэж тэрбээр үзэж байна. Америкийн Ерөнхийлөгчийн тайлбарласнаар Умард Атлантын эвсэлд элсэхийн тулд Украин ардчиллын талбарт маш их ажил хийхийн сацуу тус эвслийн бүх гишүүний дэмжлэгийг авах шаардлагатай. Улсыг нь НАТО-д элсүүлэх тодорхой хугацааг энэ онд тодруулахыг хүсэж буйгаа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский урьд нь хэлсэн юм.

Оросын цэргийнхэн түрэмгийлэх гэж байгаа тухай Барууны хэвлэлүүд идэвхтэй бичиж эхэлснээр Украиныг элсүүлэх асуудлыг НАТО дахин хэлэлцэх болсон аж. Тухайлбал, өнгөрсөн оны сүүлчээр ОХУ-ын ГХЯ аюулгүй байдлын баталгааны тухай Орос, Америк хоорондын, мөн ОХУ болон НАТО-гийн гишүүн орнуудын аюулгүй байдлыг хангах арга хэмжээний тухай гэрээний төслийг нийтэлсэн. Москва хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудыг НАТО-д элсүүлэхээс татгалзахыг санал болгосон билээ. Үүний дагуу АНУ, түүний холбоотнууд ОХУ-тай аюулгүй байдлын баталгааны асуудлаар гурван удаа хэлэлцээ хийсэн ч үр дүнд хүрээгүй. “Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд хийсэн гурван уулзалт ямар ч үр дүнд хүрээгүй” гэж Ж.Байден Цагаан ордонд хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр тодотгов.

Украинд стратегийн зэвсэглэл байрлуулахгүй байх талаар ямар нэг тохиролцоо ОХУ-тай байгуулж болохыг АНУ-ын Ерөнхийлөгч сэтгүүлчидтэй уулзахдаа мөн мэдэгджээ. Тодруулбал, “ОХУ-ын Ерөнхийлөгч хоёр зүйлийг хүсэж байгаагаа надад хэлсэн. Нэг нь Украиныг хэзээ ч НАТО-д элсүүлэхгүй байх. Хоёр дахь нь стратегийн зэвсэглэл Украинд байрлуулахгүй байх тухай. Хоёр дахь асуудлаар бид ямар нэгэн зүйлд хүрэх боломжтой” гэж тэрбээр хэлэв. Ийм шийдвэр гаргахдаа АНУ Оросын талаас ч зохих хариу алхмуудыг хүлээх болно гэж Ж.Байден мэдэгджээ.

Тэрбээр мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй дээд хэмжээний уулзалт хийх бодолтой байгаагаа сэтгүүлчдийн асуултад хариулахдаа тодруулав. Тэд хамгийн сүүлд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-нд утсаар ярьсан билээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.