Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шатрын спортын сүүдэртэй тал

Ямарваа хэл амгүй спорт гэж үгүй. Сүүлийн үед хэл амны ихэнх нь допингтой холбоотой байх болсон. Тэгвэл энэ үүднээс үзвэл шатар оюун ухааны өрсөлдөөний хувьд ийм юмнаас хол байх гэж олон хүн боддог. Гэтэл спортын энэ төрөлд хөлбөмбөг, талбайн теннисийнхээс дутахгүй луйвар, залилан байдаг аж. Харин тэр нь олны сонорт хүрэх нь л ховор байх юм. Энэ спортын сүүдэртэй тал эртнээс эхтэй болохоор намтар түүх нь ч арвин. Хамгийн анхны мэхлэгчид нь автомат тоглогчид буюу хүнтэй өрсөлддөг робот бүтээсэн хүмүүс аж. Үнэн хэрэгтээ жижиг биетэй хүмүүсийг төхөөрөмжийнхөө дотор нуугаад нүүдэл хийлгэдэг, гэнэн үзэгчид болохоор автомат машин тоглоод байна гэж үнэмшдэг байж.

Анхны ийм аппаратыг Вольфганг фон Кемпелен гэдэг хүн зохион бүтээсэн байна. Энэ бүтээлээ 1769 онд Вена (Австри) хотноо олонд үзүүлжээ. Уг төхөөрөмж гадуураа модон хайрцагтай, хайрцаг нь хаалга үүдтэй, үзэгчдэд гадна талаасаа янз бүрийн араа шүдтэй болон өөр бусад эд ангитай нэлээд нарийн механизм харагдана. Хайрцагны хаалгыг хааж, тусгай түлхүүр түлхэхэд механизм ажиллаж, тоглоом эхэлнэ. Хайрцаг дотор тун яггүй шатарч суух нь ойлгомжтой. 15-20 нүүдэл хийсний дараа зохион бүтээгч гараараа машиныг зогсоож, хөлөг дээр байдал ямар болоод байгаад хайрцаг доторх шатарч дүгнэлт хийх цаг, завсар гаргаж өгнө. Гэтэл энэ шатарч хөлгийг өөрөө харж чадахгүй. Энэ бэрхшээлийг тусгай дохионы тусламжтайгаар шатарчинд мэдүүлэхээр Кемпелен шийдвэрлэсэн байна. Кемпеленийг нас барсны дараа 1804 онд уг “робот” Австрийн механикч мэргэжилтэй Мельцелийн мэдэлд иржээ. Ийм маягаар олон түмнийг 30 гаруй жил хуурсан аж. Автоматтай Наполеон ч тоглож үзэж байж. Австри механикч Европын олон орны үзэгчийг хуураад 1826 онд Америкийг зорив. Тэрбээр тухайн үеийнхээ шилдэг шатарчид болох У.Льюис, А.Александр болон бусад хүмүүсийг уруу татаж “робот” дотроо суулгачихдаг байлаа. Сонирхолтой нь, энэ “робот”-ын нууцыг ХIX зууны 30-аад оны эцсээр зохиолч Эдгар По илчилсэн байдаг. Тэгээд “Мельцелийн шатарчин” гэдэг өгүүлэл бичиж хэвлүүлжээ. Үүнээс хойш “техникийн гайхамшиг”-ийг хүмүүс сонирхохоо больсон ч Мельцел аялан тоглолтоо нэлээд хэдэн жил үргэлжлүүлжээ. Мельцелийг нас барахад “робот”-ыг дуудлага худалдаагаар зарж Филадельфийн хятад музейн үзмэр болж байсан ч 1854 онд түймэрт өртөж үгүй болжээ. Шатрын автомат төхөөрөмжийг ХIX зууны хоёрдугаар хагаст хүмүүс зохион бүтээж л байв. Пильсбери, Гунсберг зэрэг тухайн цагтаа олонд танил болсон мастерууд ийм автомат төхөөрөмжүүдтэй тоглож л байж. Шатар дахь заль мэх харамсалтай нь өнөө цагийн өнгөн дээр ч цөөнгүй гарах болов. Энэ шинэ давлагаа технологийн хөгжилтэй уялдан гарч ирлээ. Түүнийг хэрэглэсэн хүний тоонд Роберт Фишер ч орж байв. Тэрбээр Зөвлөлтийн их мастер Марк Таймановыг 6:0-өөр хожиж, дараа нь Бент Ларсенд ч боломж олгоогүй (6:0), дэлхийн аваргуудын өрсөлдөөний эцэст Тигран Петросян л ганц удаа Фишерийг хожиж байлаа. Зөвлөлтийн шатрын сургуулийн ноёрхол ингээд дууссан гэж үү? Тэр үед нэг таамаглал дэвшүүлсэн юм. Тэгэхэд тоглолтууд Аргентиний Буэнос-Айрес, Канадын Ванкувер, Исландын Рейкьявик гээд далай, тэнгисийн эрэгт байдаг хотуудад болж байсан нь жирийн явдал биш гэнэ. Эдгээр хот руу Америкийн хөлөг онгоцноос нүүдэл заасан дохио өгөөд байх боломжтой аж. ЗХУ-ын төлөөлөгчдийн шаардлагаар Фишерийн сууж байсан сандлыг ч шалгаж байжээ. Юу ч олсонгүй.

2006 оны намар Халимагийн Элист хотод дэлхийн шатрын аваргын төлөөх тоглолт Владимир Крамник, Веселин Топалов нарын хооронд болов. Энэ тоглолт шатрын ертөнцийг нэгтгэх ёстой ихээхэн ер бусын үйл явдал байлаа. 1993 онд Дэлхийн шатрын холбоо (ФИДЕ)-ны ивээл дор болох тэмцээнд оролцохоос Гарри Каспаров татгалзсанаар Мэргэжлийн шатрын холбоо гэх ижил эрхтэй байгууллага бий болсон юм. Үүнээс хойш дэлхийн шатрын аварга шалгаруулах хоёр янзын тэмцээн зохион байгуулахаар болжээ. Нэгтгэх тоглолтод “сонгодог” зэрэглэлийн аварга Владимир Крамник, ФИДЕ-гийн ангилалын аварга Веселин Топалов (Болгар) нар оролцлоо. Энэ тоглолтын ялагч нь Дэлхийн шатрын цорын ганц аварга болсон билээ. Тэгэхдээ уг тэмцээн зөвхөн энэ шалтгаанаар олны сонорт хүрээгүй, тухайн үед болсон үйл явдал “Жорлонгийн дуулиан” гэх нэршилтэй болсон юм. Веселин Топаловыг ялна гэж хүлээж байлаа. Тэрбээр 2005 онд ФИДЕ-гийн аварга болсон байв. Дараа жил нь Болгарын нийслэл Софид болсон тэмцээнд бас тэргүүлсэн юм. Хэл амгүй энэ тоглолт Гарри Каспаровын 2812 оноог давж 2813 оноогоор дээд амжилт тогтооход шаардагдах оноог авахад чухал үүрэг гүйцэтгэжээ. Тоглолт эхлэхийн өмнө Крамник, Топалов нар их эелдэг, түүгээр ч барахгүй нөхөрсөг байж үзүүлэх тоглолт Оросын шатарчны давамгайллаар өрнөлөө. Топалов айхтар алдаа гаргаж, өрсөлдөгчдөө хоёр оноо алдаж харьцаа 3:1 болов. Үүнээс хойш тэмцээн зөвхөн шатар сонирхогчдын сонирхлыг татаад зогссонгүй. Топаловын багийн үүсгэсэн хэл амыг хэвлэлүүд мэдээлж эхэлжээ. Крамник компьютероор нүүдлээ заалгаад байгаа юм биш үү гэх бодол төрж буйгаа Топаловын туслах Сильвио Данаилов илэрхийлжээ. Тэдний бодлоор Крамник амралтын өрөөнд байх жорлон руу олон удаа, удаан хугацаагаар ороод байсан аж. Энэ гомдлоо Топаловын баг холбогдох хороонд явуулжээ. Гомдлыг нотолж чадсангүй. Эцэст нь тус тусынх нь жорлонг хаав. Крамник үүнд дургүйцэж дараагийн тоглолтод гарч очсонгүй. Түүнд техникийн ялагдал өгч харьцаа 3:2 боллоо. Энэ зөрчлийг шийдвэрлэхийн тулд ФИДЕ-гийн ерөнхийлөгч тухайн үедээ Халимагийн Төрийн тэргүүн байсан Кирсан Илюмжинов Элист хотод ирэхэд хүрэв. Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даргалан хийлгэж байсан Оросын Өмнөд тойргийн бүс нутгуудийн тэргүүн нарын хуралдаанаа орхихоос аргагүй болжээ. Илюмжинов тэмцээнд оролцогчидтой хэд хэдэн удаа уулзаж, ярилцаж. Зургаа, долдугаар тоглолт тэнцээгээр өндөрлөлөө. Найм, есдүгээр өрөгтд Топалов хожиж 5:4 гэсэн харьцаагаар илүүрхэж ирлээ. Арав дахь тоглолтод Крамник хожиж, харьцаа 5:5 болж хайнцав. Сүүлийн хоёр тоглолт хайнцав. Хайныг түргэн тоглолтоор хагалахыг Крамник зөвшөөрчээ. 2019 онд Страсбургэд болсон тэмцээний үеэр “Жорлонгийн дуулиан” гэгч дахин дэгдэв. Ийм хэл аманд орсон хүн нь сайн шатарчин, Латвийн аварга болж байсан, энэ удаад Чехийн нэр дээр тоглосон их мастер Игорь Раусис байсан гээд бод. Тэрбээр Украинд төрсөн боловч Латвийн төлөө ихэнхдээ тоглож, заримдаа Бангладеш, Алжирын нэрийг ч гаргаж явсан, 2007 оноос Чехийг төлөөлөх болсон нэгэн. Шатрын дасгалжуулагчаар ажиллаж байсан туршлага ч түүнд бий. 2018 онд түүнд ФИДЕ-гийн дасгалжуулагч цол хүртээсэн юм. Раусисыг өмнө нь ч шударга бус тоглосон гэж сэрдэж байсан удаатай. Харин хэн ч үүнийг нотолж чадаагүй юм. Их мастер цолыг нэлээд хожуу 58 насандаа авсан, “жорлонгийн…” гэх шуугианд оролцож байж 2700 гэсэн дажгүй өндөр оноотой болсон аж. Нэгэнтээ түүний бүхээгээс харилцуур утас олдсон, Раусис хожим нь тоглолтын үед телефон ашигладаг байснаа бичгээр хүлээсэн ч, цахилгаан шуудангаа л шалгаж байсан юм хэмээн эхлээд зүтгэж үзжээ. Харилцуур бариад жорлонгийн суултуур дээр сууж байгаа зураг нь ч хүмүүсийн нүдэнд өртсөн байдаг. Компьютероор нүүдэл заалгасан нь түүнийг насаараа ФИДЕ-гийн тэмцээнд оролцохгүй болгоход тулсан бөгөөд Раусис өөрөө ч цаашдаа тоглохгүй гэдгээ мэдэгдсэн байна.

1978 оны зун Филиппинийн Багио хотод дэлхийн аваргын төлөөх тоглолт Анатолий Карпов, Виктор Корчной нарын хооронд эхлэв. Үүнээс зургаан жилийн өмнө аваргын титмийг Борис Спасскийгээс Роберт Фишер “булаан” авсан байлаа.

1975 онд дэлхийн аварга цолыг ЗХУ-д буцааж авчрахын тулд бололцоотой бүхнийг хийх үүрэг Карповт оногдсон юм. Гэтэл гөжүүд зантай Фишер ФИДЕ-д 64 (шатрын хөлөг дэх нүдний тоогоор) шаардлага тавив. Тэдний ихэнх нь утга учиргүй дэмий зүйл байсан хэдий ч бараг бүх шаардлагыг нь хангаж өгсөн аж. Гэлээ ч америк эр маань тоглохоос татгалзжээ. Ийнхүү Карпов “тулалдалгүй” дэлхийн аварга болов. Гурван жилийн дараа Карпов анх удаа цолоо хамгаалах ёстой болж, өрсөлдөгч нь Корчной байлаа. Тухайн үедээ Корчной ЗХУ-ын иргэн байхаа больсон байв. Өөрийн авир төрхөөрөө Фишерээс Корчной их ялгаагүй, үүнийгээ ч нэг бус удаа харуулжээ. Шатар тоглосон хугацаанд нь дэлхийн аварга болгохгүйн тулд ЗХУ чадах бүхнээ хийсээр ирсэн. Шатрын оргил өөд Карповыг гаргахыг хичээж байсан гэдэгт тэрбээр эргэлздэггүй байсан аж.

Гэхдээ өрсөлдөгчдийн тоглолтын өгөө, аваа хөлгийн ард л шийдэгддэг болохоор алдаандаа гагцхүү өөрийгөө л буруутгахаас аргагүй байдаг. Гэвч хожигдолдоо өрсөлдөгчөө буруутгахыг л урьтал болгосоор ирсэн байх юм. 1976 онд Нидерландад болсон тэмцээнээс Корчной ЗХУ-д буцаж ирээгүй аж. Харин тэнд улс төрийн орогнол хүсээд бүтээгүй тул Швейцарт очжээ. Тэрбээр Карповтой тоглох эрх авахын төлөөх тоглолтод Дэлхийн аварга байсан Петросян, Спасский нарыг, бас Лев Полугаевскийг хожсон байлаа. Карпов, Корчной нарын өрсөлдөөн эхнээсээ л улс төрийн өнгө аястай байсныг тааварлахад төвөгтэй биш. Үүнд Өрнөдийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн хөөрөгдөл нэрмээс болсон нь мэдээж. Зөвлөлтийн эсрэг үзэлтэн, коммунист хоёрын өрсөлдөөн. Ийм хачир өөрт нь тус болохыг Виктор Львович Корчной ойлгож байсан нь гарцаагүй. Тоглолт Филиппинд болсон, тус улсыг олон жил удирдсан Ерөнхийлөгч Фердинанд Маркос нь шатрын их хорхойтон байснаас тухайн үеийнхээ ханшаар ихээхэн гэж хэлж болох шагналын сантай байжээ. Зөрчил тоглолт эхлэхээс өмнө буцалж, Корчной Швейцарын далбаан дор тоглох хүсэлт тавив. Корчной тус улсын иргэн болоогүй байгааг Зөвлөлтийн төлөөлөгч сөргүүллээ. Корчной мэдээж Зөвлөлтийн далбаа тавьж тоглохгүй нь ойлгомжтой учраас яриа хэлэлцээ дундыг баримталсан шийдвэрт хүрч хэний нь ч ширээн дээр далбаа тавьсангүй. Хоёр дахь өрөгт аяга жимсний шүүснээс болж Корчной эхний маргааныг өдөөлөө. “Швейцарын шатарчин”-ы бодлоор бол энэ ундааны өнгө нэг ёсондоо дэлхийн аваргад (Карпов)-т дохио өгөөд байгаа болоод явчихав. Карповыг юм уухыг нь хориглолтой биш, шүүгчид удаан ярьж байгаад тоглолтын үед баримтлах дотоод дүрэмд өөрчлөлт оруулж, өрсөлдөөнийг үргэлжлүүлсэн байна.

Эмнэлгийн албаны хурандаа Владимир Зухарь нөхцөл байдалдаа дасах, хэт ачааллыг давж гарах, нойргүйдлээс ангижрахад нь Карповт туслахаар Багиод иржээ. Энэ мэргэжилтэн иймэрхүү тусламжийг Зөвлөлтийн сансрын нисгэгчид үзүүлж байсан аж. Тэгээд Зухарь өрөг бүрт танхимд хамт байдаг байж. Алсын зайнаас бусдын сэтгэл санаанд нөлөөлөх талын ямар нэг чадвар өөрт нь бий, үүгээрээ Зөвлөлтийн шатрын аварга руу чиглэсэн сөрөг нөлөөг арилгаж болох юм гэдэгт тэр эргэлздэггүй байж. Тэгэхдээ Зухарь энд ямар нэг ер бусын юм огт хийлгүй, жирийн үзэгч шиг танхимд суун Корчнойг ажиглаж байлаа. Шатарчид ер нь их эмзэг сэтгэхүйтэй хүмүүс байдаг, Корчной ч тэдний нэг байв. Тэрбээр нэгэнтээ Зухарь руу заан “Энэ яагаад над руу ширтээд байгаа юм бэ” гэж зохион байгуулагчдаас шулуухан асуув. Зухарийн хувьд Корчнойг ажиглахыг нь хориглож болохооргүй байлаа. Дотоод дүрэмд ч энэ талаар тусгаагүй юм. Эмчийн байрлалыг сольж суулгаад байсан ч Корчнойн баг түүнийг танхимаас гаргахыг шаарджээ.

Хожлын харьцаа 4:1-ээр Карпов давамгайлж байхад завсарлаж, “швейцар” Манил руу явж хэвлэлийн бага хурал хийгээд урьд өмнө нь таарч байгаагүй “хорлонтой зүйлтэй” нүүр туллаа хэмээн зарлалаа. Цааш нь эмч Зухарийн тухай хөндөж, “Зөвлөлтийн шатарчин сэтгэл зүйчтэй алсын холбоотой байж, Фишер, Алехин нар хамтарч байгаа юм шиг тоглож байна” гэж тухайн үеийн нөхцөл байдлыг дүрслэв. Тэгээд Корчной Америкаас Стив Двайер, Виктория Шеппард гэдэг хоёр йогчийг урьж ирүүлж, өрсөлдөгчдөө сэтгэл санааны дарамт үзүүлэх гэж оролдсон юм. Энэ хоёр хүн Манил хотод Энэтхэгийн дипломатчийн биед халдах гэсэн хэрэгт сэрдэгдэн мөрдөн байцаагдаж байсан аж. Зөвлөлтийн тал тэднийг “алан хядагчид” хэмээн үзэж, танхимд оруулахыг хориглосонд гайхах юм үгүй. Зохион байгуулагчид уг шаардлагыг биелүүлжээ. Ингээд шинэ туслагчид нь Корчнойтой дундын газар уулзаж байх болсон аж. Яг энэ үед тоглолтын явцад өөрчлөлт гарч 21 дэх өрөгт “швейцар” хожиж харьцаа 4:2 болов. 27 дахь өрөгт Карпов хожсон ч урьдын өөртөө итгэлтэй байдал нь багасаж, эрүүл мэнд нь улам бүр муудаж байлаа. Тэгэхэд тоглолтын тоо хязгааргүй, хэн нэг нь зургаа хожтол үргэлжилдэг байв. Өөрөөр хэлбэл, хожил тэнцсэн тохиолдолд хуучин аварга титмээ хадгалж үлддэггүй, хэн нэг нь заавал илүү хожил авах зарчимтай байжээ. Корчной хоёр дараалан хожиж харьцаа 5:4 болж Карпов илүүрхэж байв. 30 дахь өрөгт тэнцэж, дараа нь Корчной хожих ээлж байсан ч завсарласны дараа Карпов амраад тулалдахад бэлэн болчихоод орж ирлээ. Корчнойн талынхан нөгөө “Зухарийн асуудал”-ыг сэргээн сэтгэл судлаачийг Карповтой ойрхон суулгалаа хэмээн буруутгав. Шийдвэрлэх өрөг Карповын тоглож байсан цагаан талын 42 дахь нүүдэл дээр хойшлов. Байдлаас ажиглахад Корчной хожигдох нь илт, дутуу өргөө гүйцээхээр ширээний ард суухгүй байхаар тэрбээр шийджээ…

Бэлтгэсэн Р.Жаргалант

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.