Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монгол уран хатгамлын үзэсгэлэн дэлгэлээ

“Мандчирын наран” ТББ-ынхан жил бүр “Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэнг зохион байгуулдаг. Дөрөв дэх жилдээ болж буй эл үзэсгэлэнг Богд хааны ордон музейтэй хамтран дэлгэсэн юм. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр тус музейн захирал Ц.Эрдэнэбаатар “Монгол уран хатгамал XX зууны эхэн үед урлагийн бүтээлийн хэмжээнд хөгжсөн нь Богд хаан, Дондогдулам хатантай салшгүй холбоотой. Бүгд ерөнхийлөн захирах сайд Т.Намнансүрэнгийн тушаалаар 1913 оны долдугаар сард эх дагина Дондогдуламд 100 лан мөнгөн шагналаар өргөл барьж, Богдын ордны дэргэдэх Сангай аймгийн уран хатгамалч, барималчин, дархан, гуталчин зэрэг 120 орчим урлаачийн хэргийг хариуцуулсан тухай түүхэн сурвалжид тэмдэглэсэн байдаг. Хааны ордны урчуудын хосгүй нандин бүтээлийг өнөө цагийн уран үйлчдийнхтэй харьцуулан харах боломжийг энэхүү үзэсгэлэн олгож байна” гэв.

“Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэнд XIX зууны сүүлч, XX зууны эхэн үеийн зээгт наамал, таван өнгийн утастай зоосон ширээний сүлжмэл бүхий дамрын манжлага гэх мэт хааны ордны уран нарийн хийцтэй бүтээлийг дэлгэжээ. Түүнчлэн Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн эх зургаар, гэргий Я.Люнягийнх нь урласан зээгт наамал бурхдыг байрлуулсан нь өнөө жилийн үзэсгэлэнгийн онцлох бүтээлүүдийн нэг юм. Мөн шижир алт, шүр, оюугаар чимж, зүү ороож хатгасан “Алтан соёмбо”, 2020 онд Франц улсад зохион байгуулсан олон улсын урлаачдын цахим наадмаас мөнгөн медаль хүртсэн даалин, “Сүлжээсэн бичлэг” зэрэг дахин давтагдашгүй бүтээлийг эл үзэсгэлэнгээс үзэх боломжтой.

Жил бүр эл үзэсгэлэнгийн үеэр шилдэг бүтээл шалгаруулж, “Хаан бүтээл”, “Хатан бүтээл” шагнал гардуулдаг. Өнөө жилийн шилдэг бүтээлийн эздийг энэ сарын 28-нд тодруулах аж. “Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэн мөн энэ өдрийг дуустал Богд хааны ордон музейд үргэлжилнэ.

Бэлтгэсэн А.Тайшир

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.