Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ажиллах хүсэлтэй хэнийг ч хүлээж авна

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ямар ч ажлыг төвөггүй хийж байгааг “Шангри-Ла” зочид буудалд очоод харлаа. Тухайлбал, тус зочид буудлын ажилчдын хоолны газарт Г.Номиун хэмээх бүсгүй угаагчаар ажилладаг. Хоолны газарт очиж, түүнтэй уулзахаар цахилгаан шатанд суулаа. Цахилгаан тасрахад шатны өргүүр гэнэт зогсох, эсвэл ямар нэг алдаа гарснаас огцом дээшлэх, доошлох тохиолдолд хүмүүс унахаас сэргийлсэн бариултай аж. Энэ нь мөн харааны, хөдөлгөөний бэрхшээлтэй иргэд чөлөөтэй зорчиход туслах зориулалттай. Түүнчлэн шатны давхар заах товчлуурууд нь доор байрласан, тэргэнцэртэй иргэд төвөггүй хүрэхээр байв. Мөн шатнаас бууж, цайны газрыг чиглэн явах зуураа харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан тусгай чиглүүлэгчийг хана дагуулан байрлуулжээ. Чиглүүлэгчийг дагасаар хоолны газарт ирэхэд дүрэмт хувцастай ажилчид хэсэг хэсгээрээ суун хооллож байлаа. Г.Номиун ажлын байрандаа, үүргээ төвөггүй гүйцэтгэж зогсоо нь харагдав. Ажилчид хоолоо идэж дуусаад хэрэглэсэн аяга, тавгаа угаалгын өрөөний цонхонд хүргэж өгөхөд Г.Номиун хүлээн авдаг юм байна.

“Шангри-Ла” бол манай улсад даунтай хүнийг ажилд авсан анхны байгууллага бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тогтвортой ажлын байраар хангахын зэрэгцээ орчны хүртээмжийг бүрдүүлэх чиглэлээр ч бусдадаа жишиг болдог. Уг зорилгынхоо хүрээнд Г.Номиуныг ажлын байраар хангажээ. Даунтай бүсгүй Г.Номиуны талаар “Шангри-Ла”-гийн хүний нөөцийн менежер “Ажлаа маш сайн гүйцэтгэдэг. Ямар ч үед ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг” хэмээсэн юм. Түрдэг тэргээр дүүрэн аяга, тавгийг Г.Номиун хэдхэн минутын дотор олон янзын дамжлагаар угааж, зайлан, хатаагч дээр тавьж байв. Ажлынх нь онцлогийн талаар түүнээс лавлахад, инээмсэглэж, ямар ч асуултад ойлгомжтой хариулахын зэрэгцээ хааяа үгээ давтах аж. Ингэхдээ өөрийнхөө тухай чөлөөтэй танилцууллаа. Тэрбээр 2015 оноос “Шангри-Ла”-д ажиллаж буй юм байна. Түүний хэлснээр аав, ээж нь зураг, урлалын чиглэлийн ажил эрхэлдэг гэнэ. Дүү нь ерөнхий боловсролын сургуульд суралцдаг. Гэр нь ажилтай нь ойр. Өглөө гэр бүлийнхнээрээ ажилдаа хүргүүлээд, орой бол өөрөө дуудлагын таксинд суугаад харьдаг. Ажил нь 10.30 цагаас эхэлдэг ч тэрбээр эрт ирж, хувцсаа өмсөөд сууж байдаг гэсэн. Г.Номиунаас ажлаа хийхдээ ядардаг, эсэхийг нь асуухад “Хааяа л” гэж хэлчихээд, араас нь “Ер нь нэг их ядардаггүй дээ. Миний ажил амархан” гэж залруулав. Мөн цалингаа юунд зарцуулдгийг нь сонирхоход “Таксинд төлдөг, мөн гэртээ хэрэгтэй зүйлсийг авахад зарцуулдаг” хэмээгээд инээх бүсгүй “Би 28 настай шүү дээ” гэсэн нь гэр бүлдээ багагүй үүрэгтэй гэдгээ тодотгосон хэрэг байлаа. Ажлын болон хувийн шинжтэй ямар ч асуултад эелдэг нь аргагүй хариулсан бүсгүйгээс “Ажилдаа дуртай юу” гэж лавлахад “Дуртай. Бид тогооч, зөөгч гээд тавуулаа ажилладаг. Зарим баярын үеэр бүр ч гоё санагддаг” гэх зуураа ажилдаа шамдан, хамт олон руугаа харах түүнийг удаан уях боломжгүй байлаа. “Үргэлж шаргуу хичээдэг” гэж хамт олон нь үнэлсэн, байгууллагынхаа шилдэг ажилчнаар ч шалгарч байсан амжилттай залуу бүсгүй цоглог гэгч нь талархсанаа илэрхийлээд, ажилдаа оров.

Гадаадын жуулчид, зочид, монголчуудад ч ая тухтай үйлчилгээ үзүүлдгээрээ тэргүүлдэг “Шангри-Ла” зочид буудлын захиргаанаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулах чиглэлээр ямар бодлого баримталдгийг тодруулахаар хандаж, ерөнхий менежер, Сингапур улсын иргэн, олон улсын сүлжээ буудал удирдан ажилласан арвин туршлагатай Рэймус Сиатай цөөн хором ярилцсан юм.

-Танай байгууллага цаашид хөгжлийн бэрхшээлтэй хэр олон хүн ажиллуулах боломжтой вэ. Орчныг илүү хүртээмжтэй болгоход юунд илүү анхаарал хандуулж байгаа бол?

-“Шангри-Ла” групп аливаа зочид буудлын зохион байгуулалтыг хийхдээ анхнаасаа л ажилчдаас гадна хөгжлийн бэрхшээлтэй зочдод зориулж хүртээмжтэй орчныг бүрдүүлдэг. Жишээ нь, хамгийн түрүүнд цахилгаан шатаар бүх хүн, тэдний дотор хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч саадгүй зорчих боломжтой орчин бүрдүүлдэг. Манайх B1 буюу ажиллагсад байрладаг давхартаа хөдөлгөөний бэрхшээлтэй хүмүүст зориулсан бие засах газартай. Мөн тэргэнцэртэй хүн ямар нэгэн саад бэрхшээлгүйгээр ажиллах нөхцөл бүрдүүлсэн. Учир нь зориулалтын цахилгаан шаттай болохоор тухайн хүний ажиллах өрөөг оновчтой сонгох замаар шийдэж болно. Манай зочид буудалд одоогоор хөгжлийн бэрхшээлтэй таван хүн ажиллаж байгаа. Энэ тоог цаашид хэдэд ч хүргэж нэмэх боломжтой. Гагцхүү хувь хүмүүс манайд ажиллая гэсэн чин хүсэлтэй байх ёстой. Мөн тухайн ажлын байранд үүрэг гүйцэтгэх чадвартай, хариуцлагатай ажилтан байх шаардлагыг хангахад болно. Орчныг хүртээмжтэй байлгахад бүхий л талаас нь анхаарна. Харааны бэрхшээлтэй хүн ажиллуулах болбол шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангана. Мөн хамт олноо тухайн ажилтантай сэтгэл хангалуун ажиллах сэтгэл зүйтэй байх чиглэлээр сургаж, бэлтгэх боломжтой.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулдаг байгууллагуудад төрийн зүгээс ямар нэгэн дэмжлэг байх ёстой гэж үздэг үү?

-“Шангри-Ла” групп болон манай зочид буудлын хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангаж байгаа нь нийгмийн хариуцлага төдийгүй тухайн хүмүүсийн сайн сайхны төлөө л хийж буй зүйл. Түүнээс биш ямар нэг хөнгөлөлт, дэмжлэгт хамрагдах зорилгогүй. Цаашид ч энэ зорилго маань хэвээр байх болно. Бизнесийн байгууллага хөдөлгөөний, хэл яриа, сонсголын, оюуны бэрхшээлтэй хүмүүсийг ажлын байраар хангах нь өнөө цагт хэвийн үзэгдэл. Тэдэнд бусдын адил ажиллах боломж олгох нь “Шангри-Ла” группийн олон жилийн өмнөөс хэрэгжүүлж ирсэн бодлогын нэгээхэн хэсэг. Байгууллагын соёл ч ийм.

-Хөгжингүй орны иргэний тань хувьд асууя. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дутуу гэж үнэлэх, төвөгшөөх, өрөвдөх гэх зэргээр бусдаас ялгах хандлагыг өөрчлөхийн тулд танай оронд ямар арга хэмжээ авч ирсэн бол?

-Хөгжлөөр тэргүүлэгч орнуудад ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, ялангуяа тэднийг ажлын байраар хангах асуудал тулгамддаг. Тухайлбал, Сингапурт энэ талаар мэргэжлийн байгууллагууд олон жилийн турш нийгэмд таниулан сурталчлах ажлыг нийгмийн сайн сайхны төлөө хийж ирсэн. Үр дүнд нь өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ялгаварлах нь эрс багасаж, бусдын адил гэдгийг нь хүлээн зөвшөөрөх болсон. Нийгмийг ийм түвшинд хүргэх амаргүй байх. Би одоо 55-тай, энэ хэмжээнд насалсныхаа хэрээр Сингапур улсынхаа хөгжлийг мэдэрч өдий хүрсэн. Өнөөдөр эргэж харахад, манай улс энэ талд амжилттай ажилласан санагдаж байна. Нийгмийн ойлголтыг өөрчилж, хэвшүүлэхийн тулд агуулгыг дунд сургуулиас эхлүүлээд бүх шатны сургалтын хөтөлбөрт шингээх ёстой юм билээ. Манай улсад олон жилийн өмнө ямар байсан талаар ярья. Автобусны жолооч буудал руу дөхөж ирэхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүн байгааг анзаармагцаа хаалгыг зохих ёсоор онгойлгоход бэлтгэхийн тулд хурдаа сааруулахад зорчигсод бухимддаг байсан. Одоо бол хэн ч ундууцдаггүй. Харин ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусалж байгаадаа бүгд баярладаг болсон. Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголтыг сургуулиудын сургалтын хөтөлбөрт багтаахын зэрэгцээ, нийгэмд таниулах ажлыг сайтар явуулснаар ийм үр дүнд хүрсэн гэж бодож байна. Танай сонин, ХНХЯ, Азийн хөгжлийн банк хамтарч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх нийгмийн ойлголтыг эерүүлэх чиглэлд идэвхтэй ажиллаж байгааг сонсоход таатай байна. Ингэж санаачилж, ажиллаж эхэлсэн байхад амжилтад хүрнэ ээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.