Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Иран 10 тэрбум ам.долларын гэрээг ОХУ-тай байгуулж магадгүй

Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси Москвад айлчилж байна. Тэрбээр хоёр өдрийн айлчлалын хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй яриа хэлэлцээ хийж, Төрийн думд үг хэлж, бизнесийн хүрээнийхэн болон исламын шашны зүтгэлтнүүдтэй уулзахаар төлөвлөжээ. Айлчлалын өмнөхөн Өрнөдийн хэвлэлүүд Орос, Ираны цэрэг, техникийн хамтын ажиллагааны хэтийн төлөв, тэр дундаа цэргийн 10 тэрбум ам.долларын зэвсэг техник худалдан авах гэрээ байгуулж магадгүй тухай нийтэлжээ. Үүний сацуу санал асуулгаас үзвэл иранчуудын дийлэнх нь Орост итгэхгүй байгаа бөгөөд Москватай харилцахаас илүү Вашингтонтой яриа хэлэлцээ хийхийг илүүд үздэг аж.

Эбрахим Раиси өнгөрсөн оны наймдугаар сарын эхээр Ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээн авсан. Тэрбээр өнгөрсөн оны есдүгээр сард Тажикистаны нийслэл Душанбед болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын (ШХАБ) дээд хэмжээний уулзалтын үеэр Владимир Путинтэй танилцаж болох байсан ч ОХУ-ын Ерөнхийлөгч энэ арга хэмжээнд цахимаар оролцжээ. Тегеран ШХАБ-ын дээд хэмжээний эл уулзалтыг түүхэн хэмээн тодотгосон. Учир нь Орос улс удаан хугацааны турш дэмжиж ирсэн Ираныг тус байгууллагад элсүүлэх журмыг хэрэгжүүлж эхлүүлэхээр шийдсэн юм. Дээд хэмжээний уулзалтын өмнөхөн Ерөнхийлөгч В.Путин, Э.Раиси нар утсаар ярихдаа энэ асуудлыг хэлэлцжээ. Э.Раиси тангараг өргөснөөс хойш Оросын Ерөнхийлөгчтэй гурван удаа утсаар ярьсан байна. ШХАБ-аас гадна хоёр талын хамтын ажиллагаа, Ираны цөмийн хөтөлбөрийн хэлэлцээ, Афганистан, Сири болон Уулын Карабах орчмын нөхцөл байдал болон олон улсын бусад асуудлыг тэд хөнджээ.

Ираны Ерөнхийлөгчийн айлчлалын өмнөхөн Йемений эргэн тойронд байдал хурцадлаа. Йемений нийслэл Сана хотыг хуситуудын “Ансар Аллах” хөдөлгөөн хянадаг. Тус хөдөлгөөнийхөн Абу-Дабигийн үндэсний газрын тосны компанийн (ADNOC) дэд бүтэц, мөн уг хотын олон улсын нисэх буудлын ойролцоох барилгын талбайд халджээ. Энэ үеэр дөрвөн хүн амиа алдаж, хэд хэдэн иргэн шархадсан байна. Арабын Нэгдсэн Эмират Улсын эрх баригчид АНУ-аас “Ансар Аллах”-ыг террорист байгууллага хэмээн зарлахыг шаардсан. Үүний зэрэгцээ Эр-Рияд тэргүүтэй Арабын эвслийн Агаарын цэргийн хүчин Сана дахь хуситуудын цэргийн байгууламжид цуврал халдлага үйлджээ. Үүний улмаас арав гаруй хүн амь үрэгдсэний дотор энгийн иргэд ч байна. Энэ сарын эхээр хуситууд Улаан тэнгист АНЭУ-ын далбаатай хөлөг онгоцыг цэргийн зэвсэг техник тээвэрлэж явсан хэмээн саатуулсан юм. Эл мэдээллийг Абу-Даби няцаасан. Байдал ийнхүү хурцадсан нь хуситуудыг дэмжиж, тэдэнд дрон, пуужин үйлдвэрлэх технологи өгдөг хэмээн гэж Арабын хаант улсууд буруушаадаг Иранд сөргөөр нөлөөлж болзошгүй аж.

Коронавирусийн цар тахал болон хориг арга хэмжээг үл харгалзан Орос, Ираны худалдаа сүүлийн есөн сарын хугацаанд 41 хувиар өсөж, 1.65 тэрбум ам.долларт хүрсэн. 2020 онд хоёр орны худалдаа 39.8 хувиар нэмэгдэж, хоёр тэрбум ам.доллар давсан байна. Нидерландын “Gamaan” сангаас өнгөрсөн оны есдүгээр сард Иранд явуулсан санал асуулгад хамрагдсан иранчуудын ердөө 25 хувь нь Оросыг, 27 хувь нь Хятадын талаар эерэг байр суурьтай байгаагаа илэрхийлжээ. Харин 52 болон 35 хувь нь АНУ, Израилын талаар эерэг хандлагатай байв.

Э.Раисийг Москвад айлчлахын өмнө Өрнөдийн хэвлэлүүд Орос, Ираны хооронд байгуулах цэргийн шинэ хэлэлцээрийн талаар мэдээлэв. Тухайлбал, “Forbes” Оросын “Су-35” сөнөөгч онгоцноос 24, агаарын довтолгооноос хамгаалах хоёр “S-400” системээс хоёрыг, мөн цэргийн хиймэл дагуул худалдаж авах 10 тэрбум ам.долларын гэрээ Иран улс байгуулж магадгүй гэж бичжээ. Мөн Ираны цэргийн шинжээч Бабак Тагвай “Independent” сонинд онгоц худалдаж авах тухай бичжээ. Түүний хэлснээр хоёр тэрбум орчим ам.долларын гэрээнд төлөх мөнгө төсөвт нь байхгүй тул Иран газрын тос, эсвэл нефтийн бүтээгдэхүүнээр төлбөрөө хийх бололтой.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.