Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

НҮБ-ын өргөө америкчуудад давчдах болов уу

“Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 9-10-нд “Ардчиллын төлөө дээд хэмжээний уулзалт” гэх цахим арга хэмжээг АНУ зохион байгууллаа. Америкийн Төрийн департамент урилга хүргүүлсэн 110 ул сын нэрийг олон түмэнд толилуулахад авторитар дэглэмтэй гэж Өрнөд үздэг Орос, Хятад, Унгар, Турк болон өөр олон орон тэдний дотор байсангүй. Энэ 110 улс НҮБ-ын гишүүдийн бараг гуравны хоёр нь юм. 70 жил болж буй байгууллагын алдааг харгалзсан давхар бүтэц бий болгохыг АНУ оролдож байгаа юм биш биз гэх зүй ёсны хардлага төрүүлж эхлэв” хэмээн дүгнэсэн Оросын судлаач Павел Шипилин энэ талаар ямар үзэл бодолтой байгаагаа ийнхүү дэлгэв.

Миний бодлоор “Ардчиллын төлөө дээд хэмжээний уулзалт” яг 30 жилээр хожимдлоо. ЗСБНХУ оршин тогтнохоо больсон 1991 онд энэ уулзалт болсон бол утга учиртай, зохистой байх байлаа. ЗХУ-д бид өөрсдийгөө ялагдсан, дийлдсэн гэж мэдрэхгүй байв. 1945 онд Герман, Японд тулгасан шиг бууж өгөх тухай баримт бичигт гарын үсэг зурах бодол бидний толгойд ер орж ирээгүй.

“Хүйтэн дайн” гэх нэр томьёог анх Жорж Оруэл Британийн долоо хоног тутмын “Трибьюн” сонинд нийтлүүлсэн “Чи хийгээд атомын бөмбөг” өгүүлэлдээ хэрэглэсэн юм. Оносон энэ хэллэг нутагшиж, улс төр, улс төр судлалд өргөн хэрэглэгдэх болсон. Гэхдээ уг хэллэг жинхэнэ дайнд ямар ч хамаарал байхгүй. Гэхдээ хэсэг хугацаа өнгөрөхөд өөрийн ноёрхлыг хууль ёсны болгох хэрэгцээ АНУ-д бий болсон тул “Хүйтэн дайнд ялсны төлөө” нэртэй медаль бий болгосон. Энэ медаль золтой л албан ёсны шагнал болчихоогүй, 2007 онд үүнийг бий болгох тухай хуулийн төслийг Хиллари Клинтон тэргүүтэй Сенат, Конгрессын хэсэг гишүүн өргөн барьсан юм. Америкийн тэргүүн хатагтай байсан энэ эмэгтэй төслөө өргөн барих үедээ хүйтэн дайнд АНУ яллаа. “Төмөр хөшиг”-ний цаанаас гарч ирсэн аюул заналыг цохиж ухраахад сая сая америкчууд бэлэн байсны ачаар энэ ялалт ирсэн юм гэж мэдэгджээ. Харин энэ хуулийг хэлэлцэж батлаагүй юм. Тэгээд энэ шагнал албан ёсны статусгүй үлдэж, 1946-1991 онд ажиллаж байсан албан ёсны гэрчилгээтэй Америкийн Зэвсэгт хүчний алба хаагчид, Холбооны Засгийн газрын иргэний байгууллагад ажиллагсад зүүж явах эрхгүйгээр өөрөө сайн дураараа олж авахыг зөвшөөрдөг байна.

Дэлхийн аливаа дайны дараа ялсан орнууд нийтээр аж төрөх дүрмийг тогтоосоор ирсэн. Түүхэнд анх улсуудын хооронд хил хязгаар бий болгосон 1648 оноос л ийм байж иржээ. Вестфалийн энхийн гэрээ Ромын эзэнт улсад 30 жилийн дайныг дуусгаж, тэгэхэд л олон улсын харилцааны шинэ систем тогтсон байдаг. Чухамхүү Вестфалийн гэрээ анхны дипломат конгрессын үр дүн болж, улсын тусгаар тогтнолын үзэл баримтлал дээр суурилсан шинэ дэглэмийн эхийг Европт тавьсан юм. 1815 оны Венийн конгресс олон улсын эрхийг хөгжүүлж, 1789 оны Францын хувьсгал хийгээд Наполеоны цэргүүдийн хөлд сүйтгэгдсэн хязгааргүй эрхт феодалын хаант улсуудыг сэргээн босгоход чиглэсэн гэрээнүүдийн тогтолцоог бий болгож, Европын улсуудын шинэ хил хязгаарыг тодорхой болгосон юм. Дараа нь нэгэн зууны туршид их гүрнүүд үе үе олон улсын хуралд хуран цуглаж, өнөө цагийн олон улсын эрх зүйн үндэс болсон шийдвэрүүдийг гаргаж байлаа. Дэлхийн I дайны дараа Үндэстнүүдийн лиг байгуулагдаж, тухайн үеийнхээ ноцтой асуудлуудыг шийдэхээр богино хугацаанд цуглахад дөхөм болж, Женевт том ордон өргөө бэлтгэж, тэнд улс орнуудын төлөөлөгчдийн газрууд байрлах болсон. Зэвсэг хураах, байлдааны ажиллагааг таслан зогсоох, хамтын аюулгүй байдлыг хангах, улс орнуудын хоорондын зөрчил, маргааныг дипломат яриа хэлэлцээрээр зохицуулах, манай гараг дээрх амьдралын чанарыг сайжруулах гээд Үндэстнүүдийн лигийн зорилго орчин үеийнхэд нэгэнт ойртсон юм. Гэхдээ энэ Лиг эхний өнгө төрхөөрөө удаан байж чадаагүй. Зөвлөлийн байнгын дөрвөн гишүүн нь ч суудлаасаа удаан “зууралдаагүй” юм. Япон 1933, Итали 1937, Франц 1941 онд Лигээс гарч ганц Британи л бууриа сахиж үлдсэн билээ.

Хүн төрөлхтний бүхий л түүхэнд хамгийн их хөнөөлтэй дэлхийн II дайны дараа байгуулсан Нэгдсэн үндэстний байгууллага 76 жил оршин тогтнож байна. Энэ хугацаанд дүрмийн хажуугаар янз бүрийн шалтгаанаар олон зуун баримт бичиг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, Ерөнхий ассамблейн тогтоол, тунхаглал, гэрээ хэлбэрээр гаргасан байдаг. Олон тонн эдгээр бичиг цаас нь олон улсын эрх зүй юм. Хүн төрөлхтний хамгийн чухал ололт бол хамгийн халуун сэдвийг тунгаан хэлэлцэж байдаг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл мөн. НҮБ-ыг үндэслэгчид эх үндсийг нь бий болгосон Зөвлөлийн байнгын гишүүдийн хориг тавих эрх бол их гүрнүүд эв найртай оршин байх баталгаа, дэлхий ертөнцийг ялагч нь тодрохгүй III дайны ангал руу гулсан орохоос аврах хамгаалалт юм.

Олон улсын гол институтийн хувьд НҮБ сулраад байгааг 1991 оноос эхлэн бид ажиглаж байна. 1999 оны гуравдугаар сарын 24-нд Аюулгүйн зөвлөлийн мандатгүйгээр Белград хотыг НАТО-гийн хүчээр бөмбөгдсөнөөр түүнийг чухам америкчууд нурааж эхэлсэн юм. Энэ өдрийг АНУ, ОХУ-ын хооронд “дулаан” дайны эхлэл гэж үзэж болно. Дэлхийг дахин шинэчлэн өөрчлөх сэдлийг Вашингтон гаргаж, түүний оролцоотойгоор тогтоосон олон улсын хэм хэмжээг эвдэж сүйтгэсэн нь бидний санаанд ер нийцээгүй, гэлээ ч АНУ хэзээ ч байгаагүй их хүчирхэг байсан болохоор Москва хариу юу ч хийж чадаагүй. Зарчмын хувьд шинэ юм юу ч тохиолдсонгүй, заалтуудыг нь улс орнууд хэрэгжүүлэхэд бэлэн болтол олон улсын эрх зүй хуучнаараа л үйлчилдэг аж. Бид үүнийг нь хэрэгжүүлэхэд бэлэн байсан, америкчууд бэлэн байгаагүй. Хэн ч биелүүлдэггүй юм бол олон улсын эрх зүй чинь ямар хэрэгтэй юм бэ гэж тэд харин асуудаг байлаа. Аливаа улсад Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хууль ямар хэрэгтэй байдаг юм бэ, түүнтэй л адил. Гэмт хэрэг багассан ч, эдгээр хуулийг хэрэггүй гээд цуцалчих бодол хэний ч толгойд ордоггүй шүү дээ. Олон улсын эрх зүйд байдаг онцлог нь тэр хүчгүй байдаг юм байна. Өөрт нь тохиромжтой байх нөхцөлд л улс орон түүнийг хэрэгжүүлдэг. Энэ онцлог байдал чинь тэгээд түүнийг хэрэггүй гэж байгаа юм биш биз дээ. Жирийн жишээ өгүүлэхэд, Бразил, Болив хоёрын хоорондын хил байна. Энэ хилийг хэрхэн нэвтэрч байх талаар тус улсуудын хооронд тохирсон гэрээ гэж бий. Олон арван жил энэ хилийг хүн, амьтан, ачаа тээвэр гаталсаар ирсэн. Энд хүчин төгөлдөр үйлчилж буй дэг журам бол олон улсын эрх зүйн нэг хэсэг. Хэрэв Бразил, Болив хоёрын хооронд зөрчил тэмцэл үүсвэл хилийн тухай гэрээний үйлчлэл зогсоно. Дайсагнасан арми хөрш улс руугаа довтлоход паспортын хяналт, гааль энэ тэрийг хэн бүхэнд ойлгомжтой шалтгаанаар хайхрахаа байна. Тодруулбал, олон улсын эрх зүй чинь зөвхөн энхийн цагт л үйлчилдэг юм. Энхийн цагт түүнгүйгээр ердөө юу ч бүтэхгүй. Яг л НҮБ байхгүйтэй адил. Олон улсын эрх зүйг зөрчиж байгаа улсын эсрэг дайн өдөөвөл нөгөө олон улсын эрх зүй чинь дайныг зогсоох хэрэгсэл байснаа дайн үүсэх үндэс болоод явчихна.

Өөрөөр хэлбэл, олон улсын эрх зүй гэдэг нь бие даасан улсуудын харилцан ажиллагааны зарчим бөгөөд дээр нь хүчний давхарлага бий болгох аливаа оролдлого түүнийг эзэнт гүрний эрх зүй болгож хувиргана. Тийм болохоор олон улсын эрх зүйг байгаа чигээр хүлээж авах хэрэгтэй юм. Хүчгүй чигээр нь гэсэн үг. Бидэнд таалагдсан ч, таалагдаагүй ч. Зуны дараа намар ирдэг, өдөр шөнөөр солигддог нь таалагдахгүй байж болно гэж үү. Өөрөөр байх боломжгүй. Тийм болохоор олон улсын эрх зүй нь мэдэгдэл, тунхаглал, дипломат нот бичиг зэргийн цуглуулга юм.

Дэлхийн шинэ дэг журмын талаар хүссэнээ ярьж, тунгааж, бүдүүвч зураг үйлдэж, төлөвлөгөө зохиож болох ч үүнээс үүдэж олон улсын эрх зүйд ямар ч бодитой хүч бий болохгүй. Үүнд байж болох хоёр дахь хувилбар нь олон улсын эрх зүй өөрөө алга болох, түүнийг “даяарчлах” гэж нэрлэж буй. Дэлхийн хоёр дахь туйл-ЗСБНХУ задарсны дараа АНУ хүйтэн дайнд ялсан эрхээрээ түрий барин манай гараг дээр шинэ дэг журам тогтоохоор ханцуйгаа шамлав. НҮБ үргэлжлэн оршин тогтнож байгаа хэдий ч америкчууд Аюулгүйн зөвлөлийн бусад гишүүний татгалзсан үгийг сонсох нь улам багасаж байна. НҮБ-ыг ярихаас цаашгүй, ганц ч асуудал шийдэх чадваргүй хэмээн зэмлэх нь ихэслээ. НҮБ-ын өргөө Нью-Йоркт байдаг ч энэ бол шаардлага гарахад улс орнуудын төлөөлөгчид богино хугацаанд цуглах л газар төдий шүү дээ. Харин дэлхий нэг туйлтай болсон 1990-ээд оны эхнээс НҮБ зайлсхийхийг ямагт хичээж ирсэн бусад улсын хэрэгт хөндлөнгөөс оролцох шийдвэр маш богино хугацаанд аливаа чирэгдэлгүйгээр гарах болсон. Үнэн чанартаа НҮБ маш гажсан хэлбэрээр Нью-Йоркоос Вашингтон руу шилжиж байна.

Хятад эдийн засгийн хувьд урагш цойлсон сүүлийн жилүүдэд Орос зэвсэглэлдээ дуунаас хурдан пуужинтай болж, нэг туйлт ертөнц төгсөх эрин үе эцэслэх тийшээ явж байна. Гурван туйлт ертөнц бий болж буйг АНУ-ын нэр хүнд бүхий цэргийн эрхтнүүд мэдэгдээд байгаа ч тэндхийн нийгмийн дээд хэсгийнхэн дэлхийн урьдын бүтэц хэвээр байна гэдэгт найдсаар байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 9-нд эхэлсэн “Ардчиллын төлөө дээд хэмжээний уулзалт” АНУ-ын ноёрхлыг хүлээн зөвшөөрдөг орнуудын нэг ёсны үзлэг, дуудлага байв. НҮБ-ын төв байр америкчуудад давчдаад, ая тухгүй санагдаад байх болж дээ.

НҮБ “тогтоон барих, сөрөн зогсох” их хүчээрээ дэлхийн II дайны үр дүнгээр АНУ хүлээж авахаас аргагүй болсон цэрэг, улс төрийн тэнцвэрийг хадгалж байдаг юм. Хожим нь 1991 оноос хойш энэ тэнцвэр үгүй болж, уг чанараараа АНУ-д НҮБ цаашдаа хэрэггүй болж байна. Энэ байгууллагыг АНУ-ын аливаа акцад олон улсын эрхийн баталгаа олгож, НАТО-той холбоо байдаг, цэвэр үйлчилгээний байгууллага болгохыг хүсэж байна. Оросын нөхцөл байдал, түүний гадаад бодлого өөрчлөгдсөнөөс энэ хүсэл биелсэнгүй. Энэ бүтцийг толгойлж, өөрийн захиргаан доор байлгаж АНУ чадсангүй. Эцэст нь мухардав. Юунд ч баталгаа өгөхгүй, бүрэн хяналтад орохгүй, тэгсэн хэрнээ ердөө л саад болоод байгаа, ЗСБНХУ нэгэнт байхгүй болсон учраас оршин байх нь ч утга учиргүй болсон нөхцөлд энэ бүтцийг (НҮБ) яалтай вэ. Түүнийг үгүй хийгээд өөр шинэ бүтцийг, тэгэхдээ өөрийн (АНУ-ын) бүрэн мэдэлд бий болгох л үлдэж байх шив. Энэ шинэ бүтцэд багтах бараг бүх улс “нэгдэх” зарчмыг баримтална, хүсэхгүй нь НҮБ-ын нурсан ордондоо үлдэнэ биз.

Америкчууд “ардчилагчдаа” сонгоод авчихжээ. Шинэ байгууллагад одоогоор Албани, Ангол, Антигуа ба Барбуда, Аргентин, Армени, Австрали, Австри, Багамын арлууд, Барбадос, Бельги, Белиз, Ботсван, Бразил, Болгар, Кабо-Верде, Канад, Чили, Колумб, Коста-Рика, Хорват, Кипр, Чех, Ардчилсан Конго, Дани, Доминикан, Бүгд найрамдах Доминикан, Эквадор, Эстони, Европын Холбоо, Фижи, Финланд, Франц, Гүрж, Герман, Гана, Грек, Гренада, Гайана, Исланд, Энэтхэг, Индонез, Ирак, Ирланд, Израил, Итали, Ямайк, Япон, Кени, Кирибати, Косово, Латви, Либери, Литва, Люксембург, Малави, Малайз, Мальдив, Мальта, Маршаллын арлууд, Маврик, Мексик, Микронез, Молдав, Монгол, Черногор, Намиб, Науру, Непал, Нидерланд, Шинэ Зеланд, Нигер, Нигери, Умард Македон, Норвег, Пакистан, Палау, Панам, Папуа-Шинэ Гвиней, Парагвай, Перу, Филиппин, Польш, Португал, Өмнөд Солонгос, Румын, Сент-Китс ба Невис, Сент-Люси, Сент-Винсент ба Гренадин, Самоа, Сан-Поме ба Принсипи, Сенегал, Серби, Сейшелийн арлууд, Словак, Словени, Соломоны арлууд, Өмнөд Африк, Испани, Суринам, Швед, Швейцар, Тайвань, Тимор-Лешти, Тонга, Тринидад ба Тобаго, Тувалу, Украин, Нэгдсэн вант улс, Уругвай, Вануату, Замбийг оруулжээ. Карнегийн сан энэ жагсаалтыг зургаар тодруулсан нь бодвол АНУ-аар толгойлуулсан урьд өмнө нь байгаагүй шинэ эзэнт улсын цар хэмжээг харуулах гэсэн бололтой. Дээд хэмжээний уулзалтынхаа гурван зорилтыг нэг хүнд хязгааргүй захирагдах дэглэмээс хамгаалах, авлигыг илрүүлж, түүнтэй тэмцэх, хүний эрхийг хүндэтгэх ажлыг урагшлуулах хэмээн тодорхойлсон байна.

Бэлтгэсэн Р.Жаргалант

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.