Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Хувьсгал” хийнэ хэмээн хийрхсэн нэгэн чуулган

2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ хоёр дахь намрын чуулганыхаа ард бүрэн бүрэлдэхүүнээрээ гарлаа. Сонгинохайрхан дүүрэг, Хэнтий аймагт явуулсан нөхөн сонгуулиар эрх баригчид илүүрхэж, суудлын тоогоо хадгалсан. МАХН-ыг өөртөө нэгтгэсэн Ардын намынхан “өрөө” төлсөөр буй бөгөөд МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү Э.Батшугарыг УИХ-ын гишүүн “болгосны” зэрэгцээ туслах нь явсан Б.Тулгыг Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар томилох сурагтай.

Өчигдөр хаалтаа хийхийн өмнөхөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Б.Бат-Эрдэнийг (ШӨХТГ-ын дарга) томилох Ерөнхий сайдын саналтай танилцаж, шинэ сайд төрийн эрх барих дээд байгууллагын өмнө тангараг өргөв. Уг нь өмнөх сайд Н.Уртнасангаас болж Улаанбаатарын утаа ихсээгүй, бас буураагүй. Хугацаатай үүрэг аваад, долоо хоногийн дотор шийдчихдэг ч асуудал биш. Үүнийг хэн хэн нь, хаана хаанаа мэдэж буй. Ердөө жил гаруйн өмнө нялх биетэй эхийг нимгэн, хөнгөн хувцастай алхууллаа гэж танхимаараа огцорсноос өөрцгүй зүйл болчихлоо. Гэвч Н.Уртнасанг сайдаас нь чөлөөллөө гэж харамсах, бас Б.Бат-Эрдэнийг оронд нь томиллоо хэмээн баярлах хүн тэднийг тойрон хүрээлэгчдийн хүрээнээс халихгүй л болов уу. Юутай ч “Ажлын хариуцлага алдсан үндэслэлээр салбарын сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргыг албан тушаалаас нь чөлөөлсөн нь Ерөнхий сайдын бүрэн эрх” гэж Ерөнхийлөгч тодотгосончлон Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ эрх мэдлээ л хэрэгжүүллээ. Энэ бол хоёр жилийн өмнө баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Ерөнхий сайд хэнтэй ч хуваалцахгүйгээр эдлэх бүрэн эрх бөгөөд үүнийгээ анх удаа мэдрүүлж буй хэрэг. Тун удахгүй Эдийн засгийн хөгжлийн болон Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг удирдах сайд нарыг томилох ёстой.

ЕРӨНХИЙ САЙД ЮУ ГЭЭДХЭЛЧИХЭВ

Нөгөө талаас эл томилгоо нь Үндсэн хуулийн цэцээс чимээ чагнаж, “давхар дээл”-тэй сайд болох далд санаагаа нууж ядан яваа УИХ-ын их олон гишүүнд нэгийг бодогдуулсан биз ээ. Мөн энэ сэдэв өөрт нь хамгийн их хамаатай Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Би Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар хоёр жил ажилласан. Эхний жилдээ “давхар дээл”-тэй сайд нараас бүрдсэн танхимд алба хашсан. Сүүлийн жилд нь УИХ-ын дөрвөн гишүүн л Засгийн газарт ажиллаж эхэлсэн л дээ. Тэгэхэд Хэрэг эрхлэх газрын ачаалал илэрхий нэмэгдсэн. Парламентад асуудлаа оруулж, төслөө дэмжүүлэн батлуулах, олон нийтэд ойлгуулахдаа УИХ-ын гишүүн бус сайд нар жулддаг тал бий. Гэхдээ энэ нь цаг хугацааны асуудал байх. Нөгөө талаас “давхар дээл”-гүй сайд нар тойрог руугаа алга болчихдоггүй, нутгархдаггүй давуу талтай. Ерөнхий сайд Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд л ажиллах ёстой. Цаашдаа сонгодог парламентын засаглалтай болох хэрэгтэй гэдэгт санал нийлдэг. УИХ-ын гишүүдийн тоогоо ч бодох нь зүйтэй. УИХ-ын гишүүн сайд байх хязгаарыг гурав, дөрвөөр тогтоож байгааг ч шийдэх шаардлагатай. Шулуухан хэлэхэд, 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх үеэр парламентын гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн холимог тогтолцоотой болох, Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгох, эсэх талаар ярьж байсан. Тухайн үед сонгууль дөхсөн байсан учраас эдгээрийг орхисон. Дахин ярилцах хэрэгтэй” хэмээн энэ талаарх байр сууриа өчигдөр үндсэндээ илэрхийлчихлээ. Ирэх өдрүүдэд эрх баригчид их сонирхолтой үйл явц өрнүүлэх бололтой.

Ингэснээр хоёр жилийн өмнө баталсан ч мөрдөн, хэрэгжүүлээд жил гаруйн нүүр үзэж буй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох бусад хуулиа шинэчлэх эрх зүйн “хувьсгал” хийх хууль тогтоогчдын ажил хааш чиглэх бол. “Хувьсгал” хийнэ хэмээн хийрхсэн нэгэн чуулган ийнхүү өнгөрлөө. Хойшид хэрхэх нь ч тодорхойгүй. Тухайлбал, дандаа “давхар дээл”-тэй сайд нараар танхимаа бүрдүүлэх үү гэдэг асуулт ээрч буй энэ үед Засгийн газрын тухай хуулийг шинэчлэх талаар хэн ч дурдсангүй. Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчлэл ч адил. Намрынхаас хавар, хаврынхаас намар луу, хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаахаас цаашгүй, цаасан дээр “мөнхөрч” буй энэ мэт төслүүдийн нэг нь Улс төрийн намын тухай хууль. Улс төрийн нам, түүний санхүүжилтийн орчныг шинэчлэх төслийг энэ оны эхний хагаст буюу ирэх долдугаар сарын 1 гэхэд боловсруулж, өргөн мэдүүлэхийг УИХ-ын дарга чуулганыг хааж үг хэлэхдээ анхааруулсан. Уг нь тэрбээр өнгөрсөн оны есдүгээр сарын дунд үе гэхэд эдгээр төслийг өргөн барихыг даалгаж байлаа. Хойшид хэдэн удаа ингэж хугацаатай үүрэг өгч, хойшлуулахыг хэлж мэдэхгүй нь. Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлийг ийм л маягаар хэд хэдэн УИХ дамжуулан хэлэлцээгүй түүхтэй билээ. Мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хийх ёстой гол шинэчлэлийн нэг гэгдэж буй Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг өнгөрөгч чуулганд оруулж ирээгүй. УИХ-ын дарга Г.Занданшатар ирэх хаврын чуулган гэхэд эл төслийг өргөн мэдүүлэхийг даалгасан ч бас л хол санагдаж байна. Хууль тогтоогчдын хойшлуулан, цаг зуурын төсөлд дарагдсан хууль, тогтоол багагүй бий. Ирэх хаврын чуулганаар 60 орчим хууль хэлэлцэн батлахаар төлөвлөөд буй.
ХУУЛЬ ТОГТООГЧИД ЮУ ХИЙВ
Харин шүүх эрх мэдлийн шинэчлэлийн хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг УИХ томилсноор эдгээр байгууллага бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах боломж бүрдлээ. Гэвч сонгон шалгаруулалт шударга болсон гэж шууд хэлчихэж болохооргүй дүр зураг энэ явцад ажиглагдсан нь нууц биш. Өнөөх л “бялуу” хуваах, эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүйгээр МАХН-ынхныг албан тушаалтай болгох “бодлогоо” шүүхийн шинэчлэлийн үйл явцаас ангид, тусад нь байлгаж чадаагүй гэхэд болно. Өчигдрийн хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний цалин хөлс, нэмэгдлийг тогтоосон бөгөөд тэдний эдийн засгийн баталгааг шүүгчдээс дутахааргүйгээр хангаж буйгаа хууль тогтоогчид хэлж байлаа.

Энэ удаагийн чуулганаар УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулийг баталсан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд төсөв, томилгооны багагүй эрхээ “хураалгасан” парламентын хууль, тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, эрх мэдэл хоорондын тэнцлийг хангах эл хуулийг УИХ-ын удирдлага чуулганыг хааж хэлсэн үгэндээ ихээхэн онцлов. Мөн Нийтийн мэдээллийн, Хүний хувийн мэдээлэл хамгаалах, Цахим гарын үсгийн, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн болон Кибер аюулгүй байдлын тухай зэрэг багц хуулийг баталсан нь онцлог гэлтэй. Гагцхүү одоо хэрэгжүүлэх нь чухал байна. Түүнчлэн энэ оны төсөв, мөнгөний бодлогоос гадна Засгийн газраас танилцуулсан Шинэ эргэлтийн бодлогыг батлав. Өндөр хүлээлт, амлалт бүхий эл бодлогыг хэрэгжүүлэх орчин, нөхцөл олон талаар таагүй болж байгаа ч хэлсэндээ хүрэхээс өөр сонголт эрх баригчдад үгүй. Мөн тэд хэл ам татлан байж “Ковидын” гэх хуулийн үйлчлэх хугацааг долдугаар сарын 1 хүртэл сунгаснаа ч харгалзах учиртай.

Түүнчлэн төр бүх зүйлд хутгалдаж, хувийн хэвшлийнхнийг дарамтлах нь гэх шүүмжлэлийг энэ чуулганы үеэр хэд хэдэн хуулийн төсөл дагуулсан. Тухайлбал, гишүүн Т.Аюурсайханы санаачилсан Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл баахан маргаан дагуулж, эцэст нь эрх баригч намын бүлэг дэмжилгүй, буцаасан. Мөн Төрийн бус байгууллагын тухай хуулийг Сангийн болон Холбооны эрх зүйн байдлын тухай хууль болгон задалж оруулж ирсэн төсөл нь олон нийт, иргэний нийгмийн байгууллагын зүгээс нэлээд шүүмжлэл хүлээж байна. Нийгмийн даатгалын болон Боловсролын тухай гэсэн хоёр том багц хуулийн төслийг хэлэлцэж амжилгүй, хойш тавив.

ЧУУЛГАНЫГ ХААХЫН ӨМНӨ

Ташрамд дурдахад, уржигдар харуй бүрийгээр Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг хүлээн авсан УИХ өчигдөр гурван хүнийг Элчин сайдаар томилохыг дэмжиж амжлаа. Н.Эрдэнэтуяаг БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохыг УИХ 2020 оны хавар дэмжсэн ч итгэмжлэх жуух бичгээ өргөн бариад жил ч болоогүй түүнд үе тэнгийнхэндээ зодуулж, дээрэлхүүлсэн охины явдлаас улбаалан хариуцлага тооцож, эгүүлэн татаж буй. Түүний оронд Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогосыг томилохыг дэмжив. Тэрбээр 1997 оноос хойш гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, дипломат төлөөлөгчийн газарт ажилласан бөгөөд өмнө нь ч өөр улсад суух Элчин сайдад нэрийг нь дэвшүүлэх тухай нэг биш удаа яригдаж байсан юм. З.Чинтүшигийн хувьд 2018 онд Кувейт Улсад Элчин сайдаар томилогдсон бөгөөд түүний оронд сайд асан, Алдарт уяач гэдгээрээ илүүтэй танигдсан П.Сэргэлэнг илгээх нь. Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайд Л.Пүрэвсүрэнгийн бүрэн эрх ч хэдийнэ дуусан. Өнгөрсөн зун 20 гаруй Элчин сайдыг томилох үеэр тус улсад суух Элчин сайдаар Р.Алтангэрэлийг томилуулах санал оруулсан ч УИХ дэмжээгүй. Өдгөө Д.Гэрэлмааг нэр дэвшүүлсэн нь парламентын босгыг давлаа.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.