Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сильвио Берлускони Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэв

Италийн Засгийн газрыг гурван удаа тэргүүлсэн Сильвио Берлускони улс орныхоо дээд удирдлагыг гартаа авах боломжтой боллоо. Ирэх сарын 3-нд албан тушаалаасаа огцрох Сержио Маттареллагийн оронд баруун төвч үзэлтнүүдийн “Урагшаа, Итали орон” нам 85 настай С.Берлусконийг Ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор нэр дэвшүүлэв. Мөн ирэх сарын 24-нд парламентад болох уг сонгуульд С.Берлускони ялах магадлалтай байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй нөхөрлөдөг гэдгээрээ алдартай С.Берлускони шинэ албан тушаалдаа Москва болон Өрнөдийн хооронд зуучлах чадвартай Европын хамгийн нэр хүндтэй удирдагч болох аж.

2022 оны эхээр Италийн улс төрийн амьдрал эрс өөрчлөгдөж, жилийн өмнө одоогийн Ерөнхий сайд Марио Драги эвслийн Засгийн газраа байгуулсны дараа бий болсон эмзэг зөвшилцлийг эвдэж чадах ноцтой сорилт тулгарч байна. Тус улсын баруун жигүүрийн тэргүүлэгч “Лига” намын Маттео Салвини өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Сильвио Берлусконийг дэмжихэд бэлэн байгаагаа мэдэгджээ.

Италийн улс төрийн гол анхаарлыг татсан Засгийн газрын хямралын үед Ерөнхийлөгч уг асуудлаас гарах гарцын талаар шийдвэр гаргах буюу парламентыг тараах, хугацаанаас өмнө сонгууль зарлах эрхтэй. Хүлээх үүргээсээ хамаараад улс орноо төлөөлж, нэр төртэйгөөр ажлаа гүйцэтгэж, эгзэгтэй нөхцөл байдалд улс төрийн хүчнүүд буулт хийхэд тусалж чадах улстөрч Төрийн тэргүүн болдог уламжлалтай.

С.Берлускони эдгээр чанар бий. Тэрбээр 1994-1995, 2001-2006, 2008-2011 он гээд сүүлийн 30 жилийн хугацаанд тус улсын Засгийн газрыг гурван удаа тэргүүлж байсан, дэлхийн хамгийн алдартай итали улстөрч юм. Гэвч Засгийн тэргүүн байхдаа тэрбээр нэр хүндээ шалд нь унагаж, олон хүний хувьд төрд байхыг хүлээн зөвшөөрөмгүй хүн болжээ. Түүний зан чанар, амьдралын хэв маяг, бизнесийн арга барил, шударга ёсны асуудал, ёс суртахууны хандлага нь олон улстөрчийг төдийгүй жирийн италичуудыг цочирдуулж байсан.

Италийн Үндсэн хуулийн 83 дугаар зүйлд зааснаар Ерөнхийлөгчийг тус улсын 20 мужийн төлөөлөгчдийг багтаасан гишүүд оролцсон парламментын хамтарсан хурлаас сонгодог. Санал хураалт энэ сарын 24-нд эхэлж, хэд хэдэн үе шаттай явагдана. Сонгогдохын тулд эхний гурван шатанд олонхын санал авах (саналын гуравны хоёр), дөрөвдүгээр шатнаас эхлэн үнэмлэхүй олонхын (50 гаруй хувийн санал) дэмжлэг авах шаардлагатай.

2012 онд С.Берлускони “Медиасет” компанидаа санхүүгийн луйвар хийсэн хэргээр дөрвөн жилийн хорих ял шийтгүүлжээ. Шүүхийн шийдвэр түүний улс төрийн карьерт уг нь цэг тавьсан. Үүний сацуу сүүлийн жилүүдэд түүний бие эрс муудсан нь Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох магадлалыг эсэргүүцэх бас нэг хүчин зүйл болоод байна.

Сильвио Берлускони өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Ром дахь “Вилла гранде” өргөөндөө оройн зоог барьжээ. Үүнд “Лига” намын удирдагч Маттео Сальвини, “Италийн ахан дүүс”-ийн Жорж Мелони болон Ерөнхийлөгчид өрсөлдөхийг нь дэмжихэд бэлэн байгаа баруун жигүүрийн бусад жижиг намуудын тэргүүн нар уригджээ. Оройн зоогийн төгсгөлд Сильвио Берлусконийг Ерөнхийлөгчийн сонгуульд баруун жигүүрийн эвслээс албан ёсоор нэр дэвшигчээр зарласныг мэдэгджээ.

Санал хураалтад бүс нутгийн төлөөлөн сонгогчид болон парламентын гишүүн гэсэн 1009 хүн оролцох юм. Урьдчилсан тооцоогоор нууц санал хураалтын явцад зарим сонгогч намын сахилга батыг зөрчөөгүй тохиолдолд Сильвио Берлускони 450 санал авах боломжтой. Гэхдээ дөрөвдүгээр шатанд ялахын тулд 505 санал авах шаардлагатай. Италийн хэвлэлүүдэд бичсэнээс үзвэл С.Берлусконигийн баг санал авахын тулд төлөөлөн сонгогчидтой идэвхтэй ажиллаж байна.

Владимир Путинтэй нөхөрлөж байсан Сильвио Берлускони Москва болон Өрнөдийн хооронд зуучлах чадвартай, Европын хамгийн эрх мэдэлтэй удирдагч гэдэг нь түүнийг сонгох нэг шалтгаан болох аж. Хамгийн сүүлд өнгөрсөн оны есдүгээр сард Ерөнхийлөгч В.Путин Сильвио Берлусконид 85 насны төрсөн өдрөөр нь баяр хүргэхдээ “Өдгөө дэлхийн цорын ганц жинхэнэ агуу удирдагч бол та” гэж хэлсэн аж. Үүнийг С.Берлускони Италийн “Ла Стампа” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.