Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийслэлийн Газрын албаны дарга асан Э.Болорчулуун хэчнээн хүнд давуу байдал олгов

Нийслэлийн Газрын албаны дарга асан, 2020 оны УИХ-ын сонгуульд Архангай аймагт бие даан нэр дэвшиж байсан Э.Болорчулуун тэргүүтэй хүмүүст холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусжээ. Улмаар НПГ-аас энэ сарын эхээр Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсгийн албан тушаалаа урвуулан ашигласан, 21.2-т заасан худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр дөрвөн хүнд яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байна. Уг нь Э.Болорчулуун, Ц.Алтанцэцэг, Ц.Шижир, Б.Бямбацогт нарыг хууль сахиулагчид 2019 оноос эхлэн шалгасан юм. Түүнээс хойш уг хэргийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байсан ч саяхан ийнхүү шүүхээр дэнслүүлэхээр болов. Анх Э.Болорчулууныг дээрх албан тушаалыг хашиж байхдаа Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Шижиртэй бүлэглэн иргэн Б.Наранбаатарт 896 ам метр үйлчилгээний зориулалттай газрыг хуурамч бичиг баримт үйлдэн 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, улсад 40 орчим сая төгрөгийн хохирол учруулсан хэмээн яллагдагчаар татсан билээ. Түүнээс хойш мөрдөн шалгах ажиллагаагаар ямар нотлох баримт цуглуулж, гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэх болсныг уншигчдадаа хүргэе.

ТӨМӨР ЗАМЫН ГАЗРААС АВГА ДҮҮДЭЭ ОЛГОСОН ГЭВ ҮҮ

Э.Болорчулууныг нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Газрын албаны дарга бөгөөд Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулж, Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Шижиртэй хамтран Газрын тухай хуулийн 33.1.2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэсэн заалтыг зөрчиж, иргэн Б.Наранбаатарт Чингэлтэй дүүргийн IX хорооны нутагт 896 ам метр талбай эзэмшүүлснийг нь тогтоожээ. Ингэхдээ иргэн Б.Наранбаатарт өмнө нь газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгөөд байхад Э.Болорчулуун Ц.Шижирт хандан “Боломжийг судалж танилцуул” гэсэн утгатай цохолт хийсэн байгаа юм. Улмаар 2017 оны есдүгээр сард Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн Б.Наранбаатарт газар шинээр эзэмшүүлэх асуудлыг хэлэлцээгүй байхад хуурамч тэмдэглэл үйлдэж, хэлэлцсэн мэтээр баримт бүрдүүлэн Б.Наранбаатарт уг газрыг олгон давуу байдал бий болгосныг хууль сахиулагчид тогтоосон аж.

Мөн Газрын тухай хуулийн дээрх дурдсан заалт болон 33.4 дэх хэсгийн “Хорих ангийн гадна хориотой бүс болон аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно”, 33.6-д “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно” гэснийг зөрчин иргэн Б.Алтаншагайд давуу байдал олгосон хэмээн буруутгаж буй юм билээ. Ингэхдээ Б.Наранбаатарын нэгэн адил Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар хэлэлцээгүй байхад шийдвэрлэсэн мэтээр баримт бүрдүүлж, нийслэлийн Засаг даргын 2017 оны аравдугаар сарын 4-ний А/726 дугаартай захирамжаар Б.Алтаншагайд Хан-Уул дүүргийн IV хорооны нутагт 3093 ам метр талбай бүхий газрыг аж ахуйн зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гаргуулсан байна.

Э.Болорчулуун нийслэлийн Газрын албаны даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулж төрсөн ах Э.Болор-Эрдэнийн хүү буюу авга дүүдээ ч давуу байдал олгосныг мөрдөгчид тогтоосон гэнэ. Уг нь Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ыг байгуулах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын 1949 оны хэлэлцээрийн тавдугаар зүйлд төмөр замын бүсэд газар олгох асуудлыг тохиролцон заасан байдаг аж. Уг хэлэлцээрийг дур мэдэн зөрчиж, “Нармон” ХХК, авга дүү Б.Бямбацогт болон иргэн Л.Сүхбаатар нарын газар эзэмших хүсэлтийг хэлэлцээгүй байхад Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны арваннэгдүгээр сарын 20-ны 14 дүгээр хурлаар шийдвэрлэсэн гэсэн тэмдэглэл ахлах мэргэжилтэн Ц.Шижирээр бичүүлсэн аж. Улмаар нийслэлийн Засаг даргын 2018 оны арванхоёрдугаар сарын 7-ны А/1177 дугаартай захирамжаар Баянзүрх дүүргийн X хорооны нутаг, Амгалан өртөөний зүүн урд хэсэгт 10 000 ам метр талбай бүхий газрыг Б.Бямбацогтод, мөн хэмжээнийхийг иргэн Л.Сүхбаатарт, 62 794 ам метр газрыг “Нармон” ХХК-д худалдаа үйлдвэрлэл, аж ахуйн зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гаргуулсан аж.

Шалгалтын явцад усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглох заалтыг зөрчин иргэн С.Нямдаваагийн эзэмшиж байсан, Сүхбаатар дүүргийн XV хорооны нутаг дахь 6750 ам метр талбайн хэмжээг нэмэгдүүлж, 12 649 болгон өгч газар эзэмшүүлэх захирамж гаргуулсан гэнэ. Хан-Уул дүүргийн XVI хорооны нутаг, Буянт-Ухаагийн Тайны аманд газар эзэмших өргөдөл гаргасан хоёр иргэний хүсэлтийг шийдвэрлээгүй атлаа өөр 10 хүнд тухайн газарт нь газар олгосон байжээ. Тодруулбал, Газрын тухай хуулиар зөвшөөрөөгүй хүсэлтийг хүлээн авч 2018 оны арванхоёрдугаар сард иргэн Д.Ган-Оч, Г.Түвшинбаяр, Н.Наранчимэг, Б.Уянга, Б.Ундармаа, Г.Амартүвшин, Д.Галбаатар, Г.Чулуунцэцэг, З.Үнэнбат нарт амины орон сууцны зориулалтаар 600 ам метр талбай 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх шийдвэр нийслэлийн Засаг даргаар гаргуулсан байна.

ГАЗРЫН АЛБАНЫХНЫ ЗУСЛАН БАЙГУУЛАХ ТАЛБАЙГААС 50 000-ЫГ НЬ ХУВЬ ХҮНД ОЛГОЖЭЭ

Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуунд холбогдох хэрэгт Ц.Шижирээс гадна тус албаны Санхүү, аж ахуйн хэлтсийн дарга Ц.Алтанцэцэгийг холбогдуулан яллагдагчаар тооцоод буй юм билээ. Газрын тухай хуулийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна” гэж хуульчилсан байдаг. Гэтэл нийслэлийн Газрын албаны Санхүү, аж ахуйн хэлтсийн дарга Ц.Алтанцэцэг нь хамаарал бүхий этгээд буюу төрсөн дүү Ц.Оюунтунгалагийнхаа эзэмшдэг газрын хэмжээг хууль зөрчин нэмэх шийдвэр дээрх албан тушаалтнуудаар гаргуулсан хэрэгт холбогджээ. Тодруулбал, Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны тав, есдүгээр сарын хурлаар иргэн Ц.Оюунтунгалагийн эзэмшлийн газрын хэмжээг өөрчлөх, нэмэгдүүлэх, асуудлыг хэлэлцүүлээгүй юм билээ. Гэтэл хэлэлцсэн мэтээр хурлын протокол Ц.Шижирээр бичүүлж, уг хурлын тэмдэглэлийг Э.Болорчулуун хянаж гарын үсэг зурж баталгаажуулсан аж. Улмаар нийслэлийн Засаг даргын 2018 оны аравдугаар сарын 18-ны А/989 дугаартай захирамжаар Хан-Уул дүүргийн III хорооны нутаг, “ДЦС-3” ТӨХК-ийн замын хойд талд 2000 гаруй ам метр газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гаргуулсан байна.

Түүнчлэн иргэн Э.Хангалд газар эзэмшүүлэх асуудлыг хэлэлцээгүй атал Э.Болорчулуун, Ц.Шижир нар мөн л хуурамч баримт бүрдүүлсэн аж. Ингээд нийслэлийн Газрын албанд зуслангийн зориулалтаар олгосон, Хан-Уул дүүргийн XIV хорооны нутаг дахь Бугын сангийн аж ахуйн баруун талд байрлах 99 920 ам метр талбай бүхий газраас 50 000-ыг нь амины орон сууцын зориулалтаар 15 жилийн хугацаатай Э.Хангалд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн гэнэ. Энэ мэтээр албан тушаалаа ашиглан танил тал, найз нөхөд, хамаарал бүхий хүмүүстээ үйлчилж, давуу байдал олгосон гэх хэрэгт нийслэлийн Газрын албанд ажиллаж байсан гурван албан тушаалтныг яллагдагчаар тооцон шүүхэд хэргийг нь хүргүүлээд байна.

Харин эл хэрэгт яллагдагчаар татагдсан Б.Бямбацогтыг худал мэдүүлэг АТГ-ын мөрдөгчид мэдүүлсэн гэж буруутгажээ. Тэрбээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхний шалгаж байсан хэрэг бүртгэлтийн 190200… дугаартай хэрэгт 2020 оны зургадугаар сарын 2-нд гэрчээр мэдүүлэг өгсөн аж. Энэ үедээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд зааснаар үнэн, зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гарган гарын үсэг зурсан юм байна. Гэвч үүнийхээ дараа “Фэйсбүүк, үнэгүй.мн зэрэг сайтуудаар газар хайхад Сүхээ гэдэг хүн зар байршуулсан байсан. Тэгээд Сүхээтэй зарын дагуу холбогдож уулзахад “Ахад нь төмөр замтай ойрхон агуулахын зориулалтаар ашиглах газар байна, чи энэ газрыг сонирхох уу, би зарах гэж байгаа юм. Хэрэв чи миний газрыг авна гэвэл би гэрчилгээг нь гаргуулъя, дараа нь үнэ ханшаа тохирьё гэсэн. Сүхээ ах газрын гэрээ харуулахад тус гэрээнд нь улиралдаа хоёр сая төгрөг улсад тушаахаар байсан. Тэгэхээр нь “Өндөр төлбөртэй юм байна, болилоо” гэхэд Сүхээ ах “чи төлбөрөө мөнгөөр биш юмаа гэхэд ажил, үйлчилгээ хийгээд төлчих хэмээсэн” гэж худал мэдүүлэг өгсөн хэрэгт холбогдсон аж. Худал мэдүүлэг өгснийг мөрдөн байцаалтын явцад хууль сахиулагчид хэд хэдэн нотлох баримтаар тогтоож, шүүхээр дэнслүүлэхээр болжээ.

Бэлтгэсэн Г.Равжаа

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.