Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

С.Эрдэнэбат: Ахмадууд тэтгэвэртээ гараад шууд ядуурал руу орж байна

МҮЭ-ийн Холбооны тэргүүлэгчид, Монголын ахмадын холбооны удирдах зөвлөлөөс “Тэтгэврийн зөрүүг арилгах, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх” асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлж байгаа талаар өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат хэлэхдээ “Монголын ахмадуудын 80 хувь нь 350 мянган төгрөг авч байгаа нь үнэхээр эмгэнэлтэй. Сүүлийн жилүүдэд тэтгэвэр нэмэгдсэнгүй. Ахмадуудыг Цагаан сараар хүлээж авна гэхээсээ илүү тэтгэврийг нь нэмээд өгнө үү.

Инфляци өнөөдөр 13 хувьтай болсон. Дор хаяж ийм хэмжээгээр индексжүүлж нэмэх ёстой. Түүн дотроо 70-аас дээш насны хүмүүсийнхийг нэмэх хэрэгтэй. Шийдвэр гарахыг хүлээсээр байтал өдөр тутамд хорвоог орхиж байна.  Өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байна.

МҮЭ-ийн холбооноос ирэх жилүүдэд цалин хөлсийг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавьсан. Засгийн газар цалин, тэтгэврийг нэмсэн шиг нэмэх бодлого барих ёстой. Засгийн газар цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх эх үүсвэрээ тавих хэрэгтэй.

Ахмадууд тэтгэвэртээ гараад шууд ядуурал руу орж байна. 350 мянган төгрөг бол баячуудын өдрийн хоолны мөнгө. Эм тариа, мах, гурил, ногоо зэрэг 20 төрлийн бүтээгдэхүүнд эргэлддэг. Сар шинийн өмнө тодорхой шийдэл гаргана гэдэгт найдаж байна. Олон үйлдвэр, бүтээн байгуулалтыг бидэнд хүлээлгэн өгсөн ахмадууддаа бэлэг барих биз ээ. Өчигдөрхөн талхны үнэ 200 төгрөгөөр нэмэгдчихлээ. Гэтэл ахмадуудын тэтгэвэр өөрчлөгдөхгүй байна. Тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгохыг шаардаж байна” гэлээ.

Мөн энэ үеэр Монголын Ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар хэлэхдээ “Нийгмийн даатгалын тухай” хуулийн 30 дугаар зүйлд “Амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулж тэтгэврийн хэмжээг өөрчлөх индексийг нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар тогтооно”.

Ахмад настны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т “Ахмад настны орлогын баталгааг хангах зорилгоор тэтгэврийн хэмжээг хүн амын амьжиргааны доод түвшин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон инфляцийн өөрчлөлтийг харгалзан Засгийн газар тухай бүр нэмэгдүүлнэ” гэж заасан.

10-20 жилийн өмнө тэтгэвэрт гарсан хүний тэтгэврийн хэмжээ болон өнөө цагт ижил албан тушаалтай хүмүүсийн цалин хөлстэй уялдуулан тогтоож, жил болгон нэмэгдүүлж байх хуулийн заалттай. Энэ хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй олон жил явсан. Тийм учраас энэ нь хуримтлагдаад 20 жилийн тэтгэврийн зөрүү яригдаж байна. Хуулийн заалтыг хэрэгжүүлээгүйн улмаас тэтгэвэр авагчдын амьдралд хүндээр тусаж, ахмадуудын бухимдал дээд цэгтээ хүрснийг та бүхэн мэдэж байгаа.

Анх 1995 онд тэтгэврийн даатгалын тухай хууль батлагдсан. Энэ хуулийг мөрдүүлэхэд 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийг индексээр өөрчлөн тогтоох, 1970, 1980, 1990-ээд оны цалингаас тэтгэвэр тогтоохдоо сүүлийн үеийн тогтоосон индексээр цалинг нь өсгөж бодох гэсэн хуулийг 25, 26 жилийн өмнө баталж байсан. Хэд хэдэн Засгийн газар индексийг зургаан удаа тогтоосон.

Хамгийн сүүлд 2014 онд цалингаас хамааралтайгаар тэтгэврийг индексжүүлэн нэмэгдүүлсэн. Энэ индексийг 2011 оны дундаж цалинд үндэслэн тогтоосон учраас зөрүү нь арилаагүй өдийг хүрээд байна.

Сүүлийн 15 жилд цалинг 2,87 дахин өсгөсөн. Энэ хооронд тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлээгүй. Хоёр жилийн өмнө  25 мянган төгрөгөөр буюу хатуу тогтоосон хэмжээгээр бага багаар нэмсэн нь ямар ч нөлөөгүй, зөвхөн тухайн оны инфляцын түвшинд уялдуулж 8-10 орчим хувиар нэмэгдүүлж байсан.

Хамгийн сүүлд 2019 онд тэтгэврийн доод хэмжээг 350 мянган төгрөг болгож байсан. Үүнээс хойш 25 мянган төгрөгөөр нэмсэнээс өөрөөр тэтгэвэр нэмсэнгүй. 2022 оны төсөвт тэтгэвэр нэмэх тухай суулгаагүй, цагаан сартай золгох гэж байна.

Ахмадууд тэвчээртэй хүлээсэн. 2021 онд шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ их нэмэгдлээ. Ахмадуудын өдөр тутамд хэрэглэдэг талх тариа, будааны үнэ огцом өссөнөөр туйлдаа хүрч байна.

2016 оноос өмнө тэтгэвэр нь тогтоогдсон хүмүүсийн тэтгэвэр зөрүүтэй байгаа. 1990-ээд оных нь бүр өндөр зөрүүтэй байна. Өнөөдөр багшаар ажиллаж байгаа хүмүүс 800 мянгаас 1 сая төгрөгийн тэтгэвэр тогтоолгож байхад адилхан багшаар ажиллаж байгаад 10 жилийн өмнө тэтгэвэрт гарсан хүн 350 мянгаас 500 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Үүн шиг ахмадуудыг ноцтой хэлмэгдүүлж байгаа асуудал байна уу?

Жил болгон инфляцийн өсөлт, түрүүнд дурдсан индекстэй уялдуулж тэтгэврийг нэмэхгүйгээр 10-20, 30 мянгаар нэмсээр байгаад 10, 20 жил болгосны дараа энэ хүмүүс бухимдахаас яах вэ.

Үүний цаана олон жил ажилласан эсэх, авч байсан цалингийн хэмжээ, хүнд хортой нөхцөлд ажиллаж байсан гэх мэт олон хүчин зүйл тэтгэврийн хэмжээнд нөлөөлөх ёстой. Тасралтгүй 30-40 жил ажилласан багш, үйлчлэгч, тогооч зэрэг хүмүүс 350 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа хэрнээ завсар нь шорон оронд хоригдож байсан, ажилгүй байсан хүмүүс яагаад өндөр цалин авч байна вэ.

Улсын төсөвт тодотгол хийж, хоёрдугаар сарын 1-нээс тэтгэврийн хэмжээг нэмэхийг шаардаж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бидний шаардлагад хариу өгнө гэдэгт найдаж байна” хэмээв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.