Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хятадын Төвбанк бодлогын хүүгээ буурууллаа

Санхүүгийн байгууллагууддаа олгох нэг жилийн дунд хугацааны зээлийн хүүг 2.85 хувь болгон бууруулж байгаагаа БНХАУ-ын Ардын банк (Төвбанк) зарлалаа. Тус улс 2020 оны дөрөвдүгээр сараас хойш анх удаа зээлийн хүүгээ бууруулж байгаа нь энэ юм. Мөн цар тахлын сөрөг нөлөөллөөс амжилттай сэргэж байгаа эдийн засгийн өсөлтийн хурд нь 2021 онд сүүлийн 10 жилд хамгийн өндөр буюу 8.1 хувьд хүрсэн байна. Улсын статистикийн газраас нь мэдээлснээр эдийн засаг сэргэхийн хэрээр зөвхөн өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд ДНБ-ий динамик нь дөрвөн хувьд хүрсэн байна. 2020 оны 10-12 дугаар сард энэ үзүүлэлт 6.5 хувь байв. Тодруулбал, өнгөрсөн онд Хятадын эдийн засгийн хэмжээ 114 их наяд 360 тэрбум юань (одоогийн ханшаар 17 их наяд 980 тэрбум ам.доллар) давсан байна. Энэ хугацаанд хөдөө аж ахуйн салбарынх нь үзүүлэлт 7.1 хувиар нэмэгдэж, 8.3 их наяд юань (ойролцоогоор 1.3 их наяд ам.доллар), аж үйлдвэр болон үйлчилгээний салбарынх тус бүр 8.2 хувиар өсөж, 45.09 болон 60.97 их наяд юань болжээ.

Хятадын ДНБ-ий өсөлтийн хурд сүүлийн хэдэн жил мэдэгдэхүйц хэлбэлзэлтэй байв. 2019 онд уг үзүүлэлт зургаа байсан бол 2020 онд цар тахлын улмаас 2.2 хувь болж, огцом буурч, сүүлийн 40 гаруй жилийн хамгийн доод түвшинд хүрсэн аж.

Тэгвэл хот, суурин газрын хүн амын дундах ажилгүйдлийн түвшин өнгөрсөн онд 5.1 хувь болж, 12.69 сая ажлын байр шинээр бий болжээ. Харин тус улс дотоодын эдийн засгийн байдлын талаарх Засгийн газрын жилийн тайландаа хөдөө, орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийн зах зээлийн талаарх мэдээлэл өгдөггүй. Үүнийгээ харгалзах үзүүлэлтийн өөрчлөлтөд нөлөөлж буй хүчин зүйлсийн онцлогтой холбон тайлбарладаг. Өгсөн мэдээллээс нь үзвэл 25 хүртэлх насныхны 14.3, 25-59 насны иргэдийн 4.4 хувь нь эрхэлсэн ажилгүй байна. Статистикийн мэдээгээр 2020 онд БНХАУ-ын Засгийн газар ажилтай хүмүүсийн тоог 11.86 саяар нэмэгдүүлж, төлөвлөгөөгөө 131.8 хувиар биелүүлсэн гэнэ. Тэр үед ажилгүйдлийн түвшин 5.2 хувь байжээ.

Үүний сацуу өнгөрсөн онд Хятадын томоохон аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэл 9.6 хувиар өссөн байна. Мөн цар тахалтай байсан хэдий ч нэг хүнд ногдох орлого 9.1 хувиар нэмэгдэж, 35128 юань (одоогийн ханшаар 5523 ам.доллар) болжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.