Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Залуус идэвхтэй амьдралыг эрхэмлэдэг болсноо харууллаа

Монголын спортын 15 холбоо, Спортын корпорацтай хамтран “Нэгдсэн УАШТ 2022”-ыг энэ сарын 8-17-нд “Steppe arena” мөсөн өргөөнд зохион байгуулсан. Энэ удаагийн тэмцээний салхийг хүндийг өргөлтийн тамирчид хагалсан бол холимог тулаанчдын тулаанаар өндөрлөсөн юм. Тэмцээнүүдийг өргөн нэвтрүүлгийн хэд хэдэн сувгаар шууд дамжуулсан тул үзэгчид 10 хоногийн турш спортоор амьсгалав. Цар тахлын улмаас сүүлийн хоёр жил тэмцээн, уралдаан төдийлөн зохион байгуулаагүй, олонхыг нь хойшлуулсан. Спорт сонирхогчдын хувьд 13 төрлөөр зохион байгуулсан “Нэгдсэн УАШТ” нь олон тэмцээнийг нэг доороос үзэх томоохон боломж, бас шинэ төрлүүд манайд хүч түрэн орж ирэн, хөгжиж байгааг харах талбар нь боллоо.

Ажлын, амралтын өдрүүдэд ч тэмцээн болсон тул хөгжөөн дэмжигчид аль завтай үедээ мөсөн өргөөг зорин, дуртай спортынхоо тамирчдыг дэмжиж үзсэн. Харин гэртээ тухалснууд нь цэнхэр дэлгэцийн өмнө “уягдсан” гэдэгт эргэлзэхгүй байна. Залуус идэвхтэй, спортлог амьдралыг эрхэмлэдэг болсныг УАШТ-ий олон төрлөөс харж болохоор байлаа. Мөсөн өргөөнд болсон тэмцээнүүдээс рөүинг, заалны хоккей, шагайн харваа, боче, мөн тэргэнцэртэй туялзуур сэлмийн тэмцээний УАШТ-ийг энэ онд анх удаа зохион байгуулснаараа онцлог байв. Тэмцээнүүд ч олны сонирхлыг ихэд татсан. Учир нь эдгээр спортын төрөл манайд үзэгч цөөтэй тул тэмцээн ховор зохион байгуулдгийг тамирчид хэлж байлаа.

Хичээж, зоривол боломжгүй зүйл гэж байхгүй. Өөрийгөө ялж, хүсэл, тэмүүллээрээ саад бэрхшээлийг даван туулсны эцэст амжилтад хүрдгийг, бас спортоор хичээллэснээр хэрхэн зөв хүмүүжиж, төлөвшдөгийг хүүхэд, залууст ойлгуулахад 13 төрлийн УАШТ чухал үүрэгтэй байсан биз ээ. Нийгмийн амьдрал, олон нийтийн сүлжээний хов жив, цар тахлын айдсаас спорт сонирхогчдыг түр боловч холдож, спортод анхаарал хандуулах боломж олгосон тэмцээнүүд өчигдөр өндөрлөлөө.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.