Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Содон ертөнц”

“Рок поп” булангаараа шинэ залуу үеийн төлөөлөл “Even tide” хамтлагийг танилцуулъя. Тус хамтлаг дуучин, гитарчин Д.Нямхүү, дуучин, даралтат хөгжимчин Х.Цэцэн, гоцлол гитарчин Б.Цэнгэл нарын бүрэлдэхүүнтэй бөгөөд уран бүтээлүүд нь ямар нэгэн урсгал, чиглэлд баригддаггүйгээрээ онцлогтой юм. Тэдэнтэй ярилцсанаа хүргэе.

-Хамтлагаа хэзээ, хэрхэн байгуулсан бэ?

-2016 онд найзуудтайгаа нийлж таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Анхны бүрэлдэхүүнээс бөмбөрчин, аргил гитарчин солигдож, одоогоор гурван гишүүнтэй уран бүтээлээ үргэлжлүүлж байна.

-“Even tide” гэж юу гэсэн үг вэ. Хамтлагаа яагаад ингэж нэрлэсэн юм бэ?

-Уг нь “Тэгш давлагаа” гэсэн утгатай гэж ойлгож байсан юм. Гэтэл үнэндээ “World of Warcraft” тоглоомд гардаг газрын нэр юм билээ. Б.Цэнгэлийн санаа л даа. Гэсэн ч солих талаар боддоггүй.

-Танайх хөгжмийн ямар урсгалаар голчлон тоглодог бол?

-Бид урсгалд баригдалгүй тухайн мөчид гарч байгаа дуугаралт болон мэдрэмжээ л даган тоглодог.

-Яагаад ингэж тоглож, уран бүтээлээ туурвих болов?

-“Even tide” хамтлагаа анх байгуулахад таван хөгжмийн таван өөр сонирхолтой залуус цуглаж байсан юм. Жишээлбэл, хамгийн ерөнхийгөөр нь авч үзэхэд л металл, хип хоп, улаан “пинкфлойдчин”, гранж рок, альтернатив рок гээд л. Хэдий тийм боловч бид нэгнийхээ дуртай, сонирхдог хөгжимд нээлттэй хандан, нэг гишүүнээс гарч байгаа агаараас хуваалцаж, түүндээ нэгдэж сүлэлдэхээр тэр гэж тодорхойлох боломжгүй урсгал гарчихдаг. Тийм болохоор урсгалд баригдалгүй хөгжимддөг гэж байгаа юм. Mагадгүй шинэ урсгал гаргаад ирэх ч юм бил үү гэж бас боддог.

-Байгуулагдаад удаагүй, залуу хамтлагуудад ямар бэрхшээл хамгийн их тулгардаг вэ. Тэр бэрхшээлийг хэрхэн давж байгаа вэ?

-Цагийн зөрүү гэж нэрлэх дуртай болоод байгаа. Тодруулбал, нэгнийхээ завтай, завгүй өдрүүдийг тааруулах, уулзах нь багасаад ирэхээр ажил явахгүй саатах, саарах нь нэг бэрхшээл болж байна. Мөн үзэл санаа, сонирхол зөрөлдөх тохиолдол ч бий. Эдгээрийг бид хараахан даваагүй л явна. Гэхдээ аль болох асуудлыг хүндрүүлэхгүй шийдвэрлэх тал дээр анхаардаг. Бид хамтлаг байгуулаад зургаан жил болох гэж байна. Анхандаа бэлтгэлийн байр, хөгжмийн зэмсгийн хомсдол гэх мэт асуудалтай нүүр тулдаг байлаа. Tэгээд төвхнөөд авсны дараа хамтлагийн гишүүд хоорондоо ойлголцож, нөхөрлөж, нэгдэх нь мөн л чухал асуудал гэдгийг мэдсэн.

-Анхны цомгоо хэзээ гаргах вэ. Төлөвлөсөн үү. Хэдэн дуутай, ямар нэртэй цомог гаргах бол?

-Анхны цомгийнхоо танилцуулга үдэшлэгийг 2020 оны зун хийсэн ч концепц цомог тул дуунуудаа шинэчилж, зарим өөр дуу нэмэхээр шийдэн түр азнаж байна. “Cosmic” нэртэй цомог. Одоогоор зургаан дуутай. Сая хэлсэнчлэн нэмэгдэх байх. Бэлэн болгосон даруйдаа хөгжмийн онлайн платформуудаар “цацах” санаатай. Биет хэлбэрээр, тухайлбал, цомог, эсвэл пянз болгож гаргахыг бас үгүйсгэхгүй.

-Урын сандаа хэчнээн дуутай болсон бэ?

-Тоолж байгаагүй юм байна. Хэд хэдэн урсгалаар цомгууд гаргахаар зэхээд тэдгээрт оруулах дуунууд дээрээ түлхүү ажиллаж байгаа. Урын сан гэхээр амьд хөгжмийн хамтлаг бүрт дутуу орхисон, эсвэл цаг нь болоогүй гээд “хуччихсан” олон бүтээл байдаг болов уу. Нэг л өдөр хучлагыг нь хуу татаад, өнгөлөөд гаргаж ирэх байх даа.

-Дуунуудынхаа үг, аяыг өөрсдөө зохиодог уу?

-Мэдээж өөрсдөө. Аяны хувьд өөрсдийн сэтгэгдлээр тоглоод л явчихдаг. Энэ нь нэгнийхээ мэдрээгүйг тал талаас нь нөхөж байгаа шиг са нагддаг. Үгийн хувьд ч мөн адил маягаар бичдэг. Гитарчин Б.Цэнгэл шүлэг их бичдэг. Мөн “цацсан” дуунуудаас “Бурам” дууны үгийг Б.Туул гэж охин зохиосон. Энэ ташрамд, түүнд баярлалаа гэж хэлмээр байна.

-Тайзан дээр дуулж, хөгжмөө тоглох үедээ юу мэдэрдэг вэ?

-Зохиосон хөгжмөө хүмүүстэй хуваалцах үед бид болон үзэгч хоорондын харилцаа өрнөж буй мэт санагддаг. Үргэлжлээд мэдрэмжүүдээ солилцож байгаа юм шиг л. Дуу хөгжим нэг нэгнээрээ дамжиж, ярилцаж, ойлголцож, хань болж, үгээр хэлэх аргагүй зүйл биежиж байхыг харах нь сайхан санагддаг. Жишээлбэл, 100 хүн сонсож байлаа гэж бодоход бидний тоглож байгаа дуу 100 хүний дотор өөр өөр түүх өгүүлж байдаг нь сонин. Нэг дуу мөртлөө 100 өөр мэдрэмж, өөр түүх болно гэсэн үг.

-Ажлынхаа хажуугаар сургуулилалт хийж, уран бүтээл туурвихад хүндрэл гардаг уу?

-Цаг төлөвлөлтөөс авхуулаад ажил, амралтын хүндрэлүүд гарна. Бид чөлөөт уран бүтээлчид хэдий ч хамтлагийн ажлыг зогсоолгүй, идэвхтэй байлгахыг эрмэлздэг. Гэсэн ч давхар ажил хийдэг гишүүдэд өдрийн ихэнх цагаа ажлаа хийх, мөн замын түгжрэлд өнгөрүүлж, хажуугаар нь ахуйн ажлуудаа амжуулах гэх зэргээр завгүй байдаг. Эдгээрийг харгалзаад аль болох уян хатан байхыг хичээдэг дээ.

-Шинэ залуу хамтлаг, дуучид студитэй гэрээ байгуулж, продюсертой болбол уран бүтээлээ сонсогчдод илүү хурдан хүргэх боломжтой. Аль нэг студи, продакшнтай хамтран ажиллахгүй юу?

-Бидний бодлоор хүмүүст дуугаа хурдан хүргэхээс илүүтэй өөрсдийн студид тухтай, ча нартай бүтээл бий болгохыг хүсдэг. Нэг ёсондоо бүх ажлаа гардаж аваад хийчихнэ гэсэн үг. Үүнээсээ бид суралцаж өсөж байдаг. Бид өөрсдөө ч продюсерууд. Өөр хамтлаг, уран бүтээлчидтэй ч хамтарч ажиллаж л байдаг. Үнэнийг хэлэхэд хамтлагийн хувьд яг энэ студид л очиж гэрээ хийвэл гоё, энэ продюсер л сайн гэж онилоод байгаа газар, эсвэл хүн алга даа. Гэхдээ хамтарч ажиллаж хүсэлтэй хүмүүс болон байгууллагуудад нээлттэй.

-Ямар хамтлаг, уран бүтээлчээс үлгэр дуурайл, жишээ авдаг вэ. Яагаад?

-Уран бүтээлч гэлтгүй бүх хүмүүсээс, байгаа орчин тойрон, ойрын найзуудаасаа үлгэр дуурайл авдаг. Тэр нь илүү амьд, бодитой туршлага олж авахад тусалдаг юм шиг санагддаг. Хөгжмийг бид нэгнээсээ сонсоно, суралцана, аялна гээд л их сонирхолтой. Хамтлагийн гишүүд тус тусдаа хүндэлдэг уран бүтээлч, хамтлагуудаа сонсож л байгаа.

-Нэгэн үеийн олон шинэ хамтлаг мөр зэрэгцэн гарч ирж байна. Танай хамтлаг бусдаас ямар давуу талтай вэ?

-Гурвуулаа дуулчихна. Хамтлаг болгоны харах өнцөг, онцлог, өгөх мэдрэмж нь өөр байдаг. Тэндээс үзэгч, сонсогчид сонголтоо хийн, өөрсдийн мэдрэмжээрээ дүгнэх нь дээр юм шиг байна.

-Хамтлаг удаан оршин тогтнохын үндэс юу гэж боддог вэ?

-Хүсэл, бас нөхөрлөл гэж бодож байна. Нэг нэгнээсээ авдаг, өгдөг мэдрэмжүүд нь нийлэхээр хөгжимдөх хүслийг өдөөгөөд байх шиг санагддаг. Нэг нь хүсэл дүүрэн ирэхэд таталцах ч юм уу, бас нэг зүгт харж чадах чадвар гээд л олон зүйл бий. Хоорондоо чин сэтгэлээсээ их ярилцдаг, тулгарсан асуудлуудаа нуулгүйгээр хөнддөг, нэгнээ сонсож хэлсэн зүйлийг нь бодож үздэг, сэтгэгдлээ бас харамгүй хуваалцдаг, ойлголцъё гэсэн хандлагатай байх нь чухал санагдсан. Нэмж хэлэхэд, нөхөрлөл, сонирхол ойролцоо байх нь бас их нөлөөлнө.

-Монголын болон гадаадын тоглолт, хөгжмийн наадамд оролцож байсан уу?

-“Playtime” олон улсын хөгжмийн наадамд хамтлагаа байгуулснаасаа хойш оролцож байгаа. Цаашид өөр улс орны наадамд тоглох тохиол гарвал татгалзахгүй.

-Тав, арван жилийн дараах хамтлагаа хэрхэн төсөөлж байна вэ?

-Tодорхой зүйл нь гэвэл одоо төлөвлөж буй ажлуудаа бүгдийг нь дуусгаж, цомгуудаа гаргасан байх болно. Харин 5-10 жилийн дараа бидний ур чадвар, хэв маяг ямар болсон байх нь сонирхолтой байна. Өөрсдийн хувь хүний хөгжил, цаг үеийг дагаж тодорхой хэмжээнд хувьсан өөрчлөгдсөн байх болов уу. Одоо байгаа дуунуудаа огт өөр хэв маягаар тайзан дээрээс тоглож байж ч магадгүй.

-Танай хамтлагийн зорилго юу вэ?

-“Even tide” хамтлагийн гишүүн бүрийн ертөнц өргөжиж, хөгжин, улам цулжаад, холилдсон урсгал нь өөр нэг хөгжмийн суваг, урсгал болон урсах юм уу даа. Уран бүтээлч хүмүүс анхнаасаа зорилго бус, дур сонирхлоороо нэгдэж уран бүтээл хийдэг. Дуртай болохоороо л хийцгээдэг. Харин хамтлагийг хариуцсан продюсер, менежер, студиуд хамтлагийн зорилгыг тодорхойлж ажилладаг.

Бэлтгэсэн А.Тайшир

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.