Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дэлхийд батлагдаагүй судалгаагаар цар тахалтай тэмцдэг засаг

Бусдын амийг аврахын тулд таны хандивласан цусаар, хуруу хумсаа хугалан зүтгээд төрдөө илүүчилсэн таны мөнгөөр дээдэс туйлж, сохор зоосны төлөө хүний амь насанд заналхийлсэн, баталгаагүй цус, цусан бүтээгдэхүүн савлаж, бяцхан үрсэд тарина гэвэл та итгэх үү.

Үнэхээр адармаатай дээрх хэргийг Засгийн газар нь яам, агентлагтайгаа үгсэн, үйлдсэн бөгөөд уг явдлыг эхнээс нь өгүүлье.

ҮЛГЭР ИНГЭЖ ЭХЭЛЖЭЭ

2021 оны тавдугаар сарын 12. Дэлхий нийтийг нөмөрсөн цар тахал оргилдоо хүрч, Монголын төрөөс хатуу хөл хорио тавьсан байв. Энэ цагт Засгийн газраас “Цар тахлын эсрэг био бэлдмэл, вакцин үйлдвэрлэх талаар авах арга хэмжээний тухай” хэмээх 144 дүгээр тогтоол баталжээ. Уг тогтоолын II зүйлд “Цус сэлбэлт судлалын үндэсний төвд коронавирусийн эсрэг сийвэн бэлтгэх, Био бэлдмэлийн үйлдвэрт “Ковид-19” цар тахлын эсрэг иммуноглобулин үйлдвэрлэх арга хэмжээ авч, 2021 оны III улиралд багтаан эмнэлгийн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлэхийг Эрүүл мэндийн сайд С.Энхболдод даалгасугай” гэжээ.

2021 оны тавдугаар сарын 23. Засгийн газрын тогтоолын дагуу ажлын хэсэг байгуулах тухай Эрүүл мэндийн сайдын тушаал гарч, томилогдсон хүмүүс Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ)-ийн Био бэлдмэлийн үйлдвэрт цар тахлын эсрэг иммуноглобулин уургийн бэлдмэл үйлдвэрлэх, ЦССҮТ-д коронавирусийн эсрэг сийвэн бэлтгэх ажилд ханцуй шамласан байна.

2021 оны наймдугаар сарын 6. Засгийн газрын тогтоолын дагуу Монгол Улс 10 жил зогсоод байсан Био бэлдмэлийн үйлдвэрээ сэргээлээ. Түүгээр ч барахгүй цар тахалтай тэмцэх иммуноглобулин гэх уургийн бэлдмэл гарган авахаар болов.
2021 оны наймдугаар 25. Тухайн үед энэхүү цус, цусан бүтээгдэхүүн гарган авах ажлын хэсгийн гишүүн, НЭМҮТ-ийн Био бэлдмэлийн үйлдвэрийн ерөнхий менежер, биологийн ухааны доктор Б.Сайнчимэг “Бидний үйлдвэрлэх иммуноглобулин нь дархлаа дэмждэг, бүх насны хүмүүс хэрэглэж болдог, олон улсад халдварт болон халдварт бус өвчинд хэрэглэдэг” хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ярьж байлаа.

2021 оны аравдугаар 25. Уургийн бэлдмэл бэлэн боллоо. НЭМҮТ-ийн ерөнхий захирал Д.Нарантуяа бэлэн болсон 2500 тунг ЭМЯ-нд хүлээлгэн өглөө.

2021 оны аравдугаар сар. Иммуноглобулин гаргах сургаар хэвлэл мэдээллийн сувгуудаар наймдугаар сараас эхлэн дархлаажуулалтад хамрагдаж чадаагүй 0-11 насны хүүхдүүдэд уг бэлдмэлийг тарих тухай мэдээлэл цацагдаж эхлэв. Тухайлбал, 2021 оны аравдугаар сар 1-нд news.mn сайтад НЭМҮТ-ийн Биотехнологи, инновацын албаны дарга Б.Ичинхорлоо “Бид бэлэн болсон уургийг ЭМЯ руу шилжүүлсний дараа өрх, эсвэл харьяа дүүргийн эмнэлгээр хийх, эсэх нь тодорхой болно. Ямартай ч гуравдугаар улиралд багтааж зорилтот бүлгийн хүүхдийг дархлаажуулах үүрэг өгсөн. Түүний дагуу аравдугаар сарын эхний хэд хоногт уургийг хийж эхэлнэ гэж бодож байна” хэмээн ярилцлага өгчээ.

ДАРХЛААЖУУЛАЛТАД ХАМРАГДААГҮЙ 0-11 НАСНЫХАНД УУРГИЙН БЭЛДМЭЛ ТАРИХ АСУУДАЛ ЮУ БОЛОВ

НЭМҮТ-ийн чанарын хяналтын менежер Н.Золжаргалаас хэчнээн хэмжээний уургийн бэлдмэл яаманд хүлээлгэн өгснийг тодруулахад “Бид эхний 5000 тунг үйлдвэрлээд ЭМЯ-нд хүлээлгэн өгсөн. Дараагийн цуврал 2500 тунг үйлдвэрлэхээр ажиллаж байна. ЭМЯ-наас өгсөн чиглэлийн дагуу уг бэлдмэлүүд нь орон нутгуудад тараагдана” гэлээ.

Б.БУЯНТОГТОХ: Вакцингүй 0-11 насны хүүхдүүд, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй, биеийн жингийн дутагдалтай хүүхдүүдэд хийх боломжтой, эсэхийг бид ярилцаж байгаа.

Өнгөрөгч тавдугаар сараас эхлэн яригдсан, вакцинд хамрагдаж чадаагүй хүүхдүүдийг тарих тухай асуудал өнөөдөр намжсан. Харин энэ талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтохоос тодруулахад “Өмнө нь түгээмэл заалтаар хүндрэлээс урьдчилан сэргийлэх, дархлаа дарангуйлагдсан хүмүүст хэрэглэдэг байсан энэхүү бэлдмэлээ бид аймгууд руу хуваарилахаар төлөвлөж байгаа. Заавал 0-11 насны хүүхдүүдэд хийхгүй. Эмчилгээний ерөнхий заалтаар өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлэх журмаар хэрэглэх чиглэл өгсөн. Урьдчилсан сэргийлэх тунгаар ямар ямар хүмүүст хийвэл дээр вэ гэдэг төлөвлөлтүүдийг хийсэн. Вакцингүй 0-11 насны хүүхдүүд, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй, биеийн жингийн дутагдалтай хүүхдүүдэд хийх боломжтой, эсэхийг бид ярилцаж байна. Эцсийн шийдэл гараагүй” гэсэн юм.

ИММУНОГЛОБУЛИН ГЭЖ ЮУ ВЭ

Юуны түрүүнд иммуноглобулины талаар энгийн ойлголтыг өгье. Цусны 55 хувийг сийвэн, бусад хувийг улаан, цагаан эс эзэлдэг. Сийвэнгийн 90 орчим хувийг ус, 10 хувийг төрөл бүрийн уураг, эсрэг бие, электролит, цус бүлэгнэлтийн факторууд бүрдүүлдэг. Харин тэнд агуулагдаж буй уургууд, эсрэг биеийг нийтэд нь иммуноглобулин гэж нэрлэдэг байна. Анагаах ухаанд иммуноглобулиныг энгийн болон өвөрмөц гэж хоёр ангилдаг бөгөөд Каназава үндэсний их сургуулийн Дархлаа, үүдэл эс судлалын тэнхимийн профессор, анагаах ухааны доктор Д.Нямбаяр “Энгийн иммуноглобулин нь эрүүл хүний цусны сийвэнгээс ялгаж авсан өвөрмөц бус олон төрлийн иммуноглобулин уургаас бүтдэг. Харин өвөрмөц нь коронавирусээр өвчлөөд эдгэсэн хүний цуснаас ялган авсан өвөрмөц үйлчилгээтэй эсрэг биеийг агуулсан иммуноглобулинуудын холимгийг хэлнэ” хэмээн тодорхойлов.

Ямар өвчний үед энгийн иммуноглобулин уургийг хэрэглэдэг талаар анагаах ухааны доктор, профессор С.Цогтсайхан “Хүний биеийн цусанд байдаг иммуноглобулин бол харь төрлийн гаднын аюултай бодисуудыг саармагжуулж идэвхгүй болгодог уураг. Анагаах ухаанд хүний цусны донороос гарган авдаг иммуноглобулиныг хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл, өвчний онош нь тогтоогдсон цөөвтөр өвчинд, эмнэлгийн заалт, нарийн удирдамж дор өвчтөнд хийдэг. Тухайлбал, шингэний хэлбэрийн дархлаа дутмагшилтай, ийлдсэн дэх иммуноглобулины хэмжээ нь буурсан хүмүүст хамгийн эхний заалтаар, хоёрдугаарт, аутоиммуны өвчний үед буюу системийн өвчний үед хэрэглэнэ. Сэргийлэх зорилгоор бол эмнэлгийн заалтаар амьтан нохойд хазуулсан үед халдварыг сэдрээхгүйн тулд яаралтайгаар тарьж болдог” гэсэн юм. Харин өвөрмөцийг халдварт өвчнөөр өвдөөд эдгэсэн хүний цуснаас өндөр технологиор гарган авдаг тул тодорхой халдварын эсрэг тус тус хэрэглэдэг байна.

АЖЛЫН ХЭСЭГ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ ЗӨРЧИН ӨӨР БЭЛДМЭЛ ҮЙЛДВЭРЛЭСЭН ҮҮ

Засгийн газраас гаргасан 144 дүгээр тогтоолыг эргэн санацгаая. Уг тогтоолд “Био бэлдмэлийн үйлдвэрт “Ковид-19” цар тахлын эсрэг иммуноглобулин үйлдвэрлэх арга хэмжээ авахыг…” үүрэг болгосон талаар цагаан дээр хараар бичжээ. Бидний хамгийн их анзаарах ёстой зүйл бол “Цар тахлын эсрэг иммуноглобулин” гэх үгс. Засгийн газрын тогтоолд “Цар тахлын эсрэг” гэж тодотгосон тул энгийн бус өвөрмөц иммуноглобулин үйлдвэрлэх тухай заасан гэсэн үг. Гэтэл УОК, ЭМЯ, НЭМҮТ-ийнхнөөс бүрдсэн ажлын хэсгийнхэн тогтоолоо зөрчин “Энгийн иммуноглобулин” гарган авчээ. Өөрөөр хэлбэл, цар тахлын эсрэг хэрэглэх ямар ч заалтгүй, үр дүнгүй цус, цусан бүтээгдэхүүнийг төсөв мөнгө зарлагадан савлажээ.

-Засгийн газрын тогтоолд “Цар тахлын эсрэг өвөрмөц иммуноглобулин үйлдвэрлэнэ” гэж заасан атал яагаад тогтоол зөрчин энгийнийг үйлдвэрлэсэн юм бэ?

Н.ЗОЛЖАРГАЛ (НЭМҮТ-ийн чанарын хяналтын менежер):

-Бидэнд энгийн иммуноглобулины технологи бэлэн байсан учраас үйлдвэрлээд эхэлсэн. Харин ЦССҮТ-өөс “ковид”-оор өвчлөөд эдгэсэн донорын цуснаас ялгасан “Ковид-19”-ийн үүсгэгчийг авч, өвөрмөц иммуноглобулиныг үйлдвэрлэх технологийн туршилтууд манайд хийгдэж байгаа.

Тэд Засгийн тогтоол зөрчин, “ковид”-ын эсрэг ямар ч үйлчилгээгүй уургийн бэлдмэл гарган авч, төсвийн мөнгийг үргүй зарцуулснаа юманчинээ бодолгүйгээр ийнхүү хариулсан юм.

-Био бэлдмэлийн үйлдвэр дэлхийд хоцрогдсон, эрсдэлтэй аргаар энгийн иммуноглобулиныг гарган авсан уу?

Б.НОМИН (НЭМҮТ-ийн биохимийн шинжилгээ, судалгаа хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан):
-Бид Засгийн газрын 144 дүгээр тогтоолын дагуу коронавирусийн эмчилгээнд иммуноглобулин хэрэглэх зааврыг боловсруулсан, 2021 оны зургадугаар сараас эхлэн ЦССҮТ-өөс К сийвэн болон хөлдөөсөн сийвэн, АПУ хувьцаат компаниас 96 процентын этанолын спиртийг авч, эхний ээлжид 30 литрийн К сийвэнг таван шатаар тунадасжуулж, 10 хувийн, 1.5 мл-аар савласан бүтээгдэхүүн гарган авсан.

Б.Номин олон нийтийн сүлжээгээр ийнхүү ярьжээ. Тэд тогтоолд зааснаас огт өөр бүтээгдэхүүн савлахын сацуу олон улсын судалгааны эх сурвалжуудад өгүүлснээр дэлхийд 1940 онд бий болсон ч өвчтөнд ихэд эрсдэлтэй тул нэгэнт ашиглахаа больсон Коннын гэх аргаар энгийн иммуноглобулиныг гарган авчээ.

Хүний цусны сийвэнгээс этанолын тусламжтай тунадасжуулдаг энэхүү арга нь тухайн үед зарим хүнд өвчтөнд маш хэрэгцээтэй эмчилгээ байсан аж. Гэвч судсаар тарихад өвчтөнүүдэд гаж нөлөө, системийн хариу урвал ихээхэн үзүүлдэг байсан тул булчинд тарьдаг болжээ. Энэхүү иммуноглобулиныг зөвхөн нянгийн гаралтай өвчин буюу саа, улаан бурхан, улаанууд, хөхүүл ханиад, А гепатитын эсрэг хэрэглэдэг байж. Гэсэн ч эдгээр өвчний эсрэг вакцин гарсан тул ашиглахаа больжээ.

1970-аад оноос үйлдвэрлэлд Коннын аргыг халж, цусны ийлдсийг цэвэршүүлэх шинэ технологиуд гарч, 99 хувийн цэвэршүүлсэн иммуноглобулиныг гаргаж авдаг болжээ. Өөрөөр хэлбэл, хуучны этанолоор тунадасжуулдаг аргыг хэрэглэхээ больж, түүний оронд хроматографийн аргыг үйлдвэрлэлд нэвтрүүлэн хэрэглэдэг болсон аж. Өнөөдрийн байдлаар зөвхөн ОХУ-д гепатит А болон улаан бурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор иммуноглобулиныг 1.5-3 мл-ээр булчинд тарьж хэрэглэдэг байна.

ЦУСНЫ ДОНОРООС ГАРГАН АВСАН ИММУНОГЛОБУЛИНЫГ ХҮҮХДҮҮДЭД ХИЙВЭЛ ЯМАР АЮУЛ УЧРАХ ВЭ

Сүүлийн үед вируст халдварт өвчин дэлхий нийтэд түгээмэл гарч байгаа учир олон улс цус, цусан бүтээгдэхүүнээс эрс татгалзаж эхэлсэн. Тиймээс элдэв халдвар тараах эрсдэлтэй учраас донорын цусны сийвэнгээс иммуноглобулин гаргах Коннын аргыг хэрэглэхээ больсон талаар дээр дурдсан. Энэ талаар 2014 оны арванхоёрдугаар сард хэвлэгдсэн “Frontiers in immunology” сэтгүүлийн “Manufacture of im¬munoglobulin products for patients with primary antibody deficiencies-The Effect of processing conditions on product safety and efficacy” нэртэй өгүүлэлд “Этанолын спиртээр захын цуснаас ялган авсан иммуноглобулин бол өвчтөнд хэрэглэсэн тохиолдолд хэд хэдэн ноцтой хүндрэлийг үүсгэх аюултай” гэжээ. Тухайлбал, нэгдүгээрт, аутоиммуны өвчин, хавсарга идэвхжил, харшлын хүнд хэлбэрийн урвал өгөх, хоёрдугаарт, элэгний В, С вирус дамжуулах, гуравдугаарт, амиа алдахад хүргэж болзошгүй бусад хүндрэл, үүнд цусны бүлэн үүсэх, цус хайлах зэрэг эрсдэл үүсэх боломжтойг дурдсан байна. Элэгний В, С вирус дамжуулах тохиолдлын тухайд л гэхэд 1994 онд Ирланд улсад 400 өвчтөнд иммуноглобулинаас С вирус халдварлаж, тухайн үедээ ихээхэн асуудал дагуулж байжээ.

ДЭЛХИЙД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН, МОНГОЛД ГАРЫН ТАВАН ХУРУУНД БАГТАХ ДАРХЛАА СУДЛААЧИД ЮУ ӨГҮҮЛЭВ

Д.НЯМБАЯР (Каназава үндэсний их сургуулийн Дархлаа, үүдэл эс судлалын тэнхимийн профессор, анагаах ухааны доктор):

-Тухайн донор С вирустэй, өвчнийхөө нууц үедээ байвал ямар ч шинжилгээгээр илрэхгүй байх магадлал өндөр. Гэтэл тэр үед нь донорын сийвэнг эрүүл гэж оношлон, хүүхдүүдэд таривал 5-10 жилийн дараа вирус илрэх, 20-30 жилийн дараа элэгний хорт хавдартай болно. Ийм л учраас дэлхий дахинд сийвэнг хэрэглэхээ больсон.

С.ЦОГТСАЙХАН (Анагаах ухааны доктор, профессор):

-Донорын сийвэнгээс авсан иммуноглобулин хүнийг хамгаалах гэхээсээ илүү өвчин дамжуулах эрсдэлтэй учраас дэлхий нийтэд зөвлөдөггүй. Яагаад гэвэл нэгдүгээрт, бидний илрүүлж чадахгүй янз бүрийн халдварууд энэ бэлдмэлд байх боломжтой. Тиймээс цусаар дамжих халдвар авах өндөр магадлалтай. Хоёрдугаарт, донорын цуснаас ялгасан учраас энэ нь харь төрлийн уураг. Иймээс янз бүрийн харшлын, системийн, үрэвсэлт өвчнүүдийг үүсгэх эрсдэл хэзээд байдаг. Тиймээс иммуноглобулиныг өргөн дэлгэр, замбараагүй хэрэглэдэггүй. Эмнэл зүйн, тодорхой удирдамж, нарийн заалтын дагуу тарих ёстой.

Ийм л эрсдэл, хүндрэлийг дагуулах цус, цусан бүтээгдэхүүнийг савлачихаад Монгол Улсын төр иргэддээ, ирээдүй болсон хүүхдүүддээ жишим ч үгүй тарихаар чимээгүйхэн гэтэж байсан гэхээр бид улаан мөнгөний төлөө хэний амь үрэгдэх нь хамаагүй, ямар баталгаагүй, ямар хөөрхийлөлтэй, ямар мөсгүй нийгэмд амьдарч байна вэ гэх бодол өөрийн эрхгүй төрнө.

Бэлтгэсэн Г.Одгарав

3
ХарамсалтайХарамсалтай
1
Зөв, гоёЗөв, гоё
1
ТэнэглэлТэнэглэл
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.