Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Ариунцэцэг: Хүн амын эрүүл мэнд доройтсон нь нэг талаар сэтгүүл зүй үндсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй байгааг илтгэнэ

Санаа, зорилго нэгтэй бие даасан сэтгүүлчид Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоог үүсгэн байгуулаад буй билээ. Тэд анхны уулзалтаа эрүүл мэндийн сэтгүүлчдийн дунд “Илүү сайн маргаашийн төлөө” сэдвийн хүрээнд зохион байгуулсан бөгөөд энэ үеэр тус холбооны гүйцэтгэх захирал Д.Ариунцэцэгтэй ярилцлаа.

-Эрүүл мэндийн сэтгүүлчдийн холбоог яагаад байгуулах болов?

-Өнөөдөр эрүүл мэндийн салбарын дүр зураг ямар байгааг хэдхэн тоо баримт дурдахад л мэдэж болно. Монгол Улсын хүн амын нийт нас баралтын 74.9 хувь нь урьдчилан сэргийлэх боломжтой халдварт бус өвчний улмаас, нийт үйлчлүүлэгчийн 98 хувь нь өвдсөнийхөө дараа эмнэлэгт хандаж байна. Түүнчлэн жилд дунджаар 20 мянган иргэн эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн хямралд өртсөөр буй. Өвчлөл нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн байгууллагуудын ачаалал их, хүртээмж муу, иргэдийн эрүүл мэндийн боловсрол маш муу хэвээр. Эмийн зохисгүй хэрэглээ ч хэт ихэссэн, буруу хооллох нь нийтлэг үзэгдэл болсон гэх зэрэг нь эл салбарт эрс шинэчлэл хийх цаг болсныг харуулж байна. Энэ мэтчилэн нийтээрээ асуудал байгааг харж, ярьдаг ч үр дүнд төдийлөн хүрэхгүй л байна уу даа. Тиймээс энэхүү шийдэл, гарцыг олох хэрэгцээ, шаардлагын хүрээнд “Цагаан үзэг” холбоо байгуулагдсан. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн аливаа асуудалд шүүмжлэлтэй хандахаас илүүтэй учир шалтгааныг нь ил гаргаж, шийдлийг эрэлхийлэн, хамтарч ажиллах нь чухал юм. Үүнд сэтгүүлчдийн хүчин зүтгэл, манлайллыг нийгэмд бий болгох нь бидний тэргүүн зорилгын нэг.

-“Цагаан үзэг” холбооны ойрын зорилго, хэтийн зорилтын талаар сонирхуулаач?

-Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоо нь олон нийтийн эрүүл мэндийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэхэд чиглэсэн, нийгэмд үйлчлэх, ашгийн бус, бие даасан байгууллага юм. Эрүүл мэндийн сэтгүүлчдийг мэргэжлийн хувьд чадавхжуулах, тэдний мэргэжлийн ёс зүйн болон ур чадварын хамгийн сайн стандартыг бий болгох чиглэлд нэн тэргүүнд анхаарч ажиллана. Мөн оролцогч, дэмжигч талуудтай хамтран, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр нөлөөллийн олон арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлнэ. Мөн бид зөвхөн эрүүл мэнд гэж хязгаарлагдахгүйгээр нийгмийн эрүүл төдийгүй сэтгүүл зүйн салбарынхаа эрүүл мэндэд анхаарал хандуулж ажиллах юм.

-Холбооны анхны уулзалтаар эрүүл мэндийн сэтгүүлчдийн хүчирхэг дуу хоолойг нийгэмд хүргэнэ гэж ярилаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Тийм ээ. Эрүүл мэндийн сэтгүүлчдийн нэгдмэл дуу хоолой өнөөдөр үгүйлэгдэж байна. Энэ цаг үед эрүүл мэндээр дагнан бичдэг сэтгүүлчид тус тусдаа биш, нэг баг болон ажиллах нь чухал ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн салбарын аливаа асуудлыг баримттай, судалгаатай, гарц, шийдлийг эрэлхийлсэн, нэгдмэл дуу хоолойгоор нэгэн зэрэг хөндөн тавьснаар бодлогын түвшинд шийдвэр гаргалтад хүчтэй нөлөө үзүүлж чадна гэдэгт итгэлтэй байна. Эрүүл мэндийн салбарынхан ч бидэнтэй хамтарч ажиллахаа илэрхийлсээр буй. Үүнд маш их талархаж байна. Хамтын ажиллагааныхаа хүрээнд бид судалгааны сан бүрдүүлэх, сэтгүүлчид, олон нийт, эрүүл мэндийн салбарынханд чиглэсэн сургалт, сурталчилгааны олон арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

-Эрүүл мэндийн сэтгүүл зүйг хөгжүүлэх шаардлагын талаар судлаач хүний хувьд үзэл бодлоо илэрхийлээч?

-Эрүүл мэндийн асуудал бол сэтгүүл зүйд эдийн засаг, экологи, уул уурхай гэж салбарладагтай адил далайцтай, том сэдэв юм. Эдгээр чиглэлүүдээс дутахааргүй эртний улбаатай гэдгийг нь ч 1913 онд анх барласан Монголын ууган хэвлэл болох “Шинэ толь хэмээх бичиг” сонины түүхийн хуудаснаас харж болно. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн сэтгүүл зүй өмнө нь байсан, байсаар ч ирсэн бөгөөд харин өдгөө хөгжлийн шинэ шатанд гаргах шаардлага бий болсон. Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн сэдвээр дагнан бичдэг сэтгүүлчид, энэ чиглэлийн сонин хэвлэл, цахим хуудас, телевизийн хөтөлбөрүүд олноор бий болсон ч салбарын бодлого, үйл ажиллагаанд ахиц төдийлөн гараагүй. Монголчуудын өвчлөл ч буурахгүй байгаа зэрэг нь нэг талаар сэтгүүл зүй үндсэн үүргээ хангалттай биелүүлж чадахгүй байгааг илтгэнэ. Тиймээс эрүүл мэндийн сэтгүүлчдийг мэргэшүүлэх, эх сурвалжтайгаа нягт хамтарч ажилладаг болгох, улмаар аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн зөв тогтолцоог бүрдүүлэхэд бодлогын түвшинд нөлөө үзүүлдэг байх нь чухал юм.

-Олон улсад энэ чиглэлийн сэтгүүл зүй хэрхэн хөгжиж байна вэ?

-Бусад улсын жишээ, туршлагаас харахад олон нийтийн үзэл, хандлага, төр засгийн бодлого, шийдвэрт нөлөөлөх хэмжээний далайцтай нийтлэл, мэдээ мэдээллийн ачаар тухайн орны эрүүл мэндийн тогтолцоонд томоохон  реформууд хийгдсэн байдаг. Тэр дундаа цар тахалтай өнөө үед эрүүл мэндийн холбогдолтой мэдээ, мэдээлэл зөрүүтэй байх нь олон нийтийн сэтгэл зүй, үйлдэл, хандлагад хэрхэн хүчтэй нөлөөлдгийг, ямар чухал ач холбогдолтойг харуулсаар байна. Өндөр хөгжилтэй орнуудад эрүүл мэндийн чиглэлээр дагнан ажилладаг сэтгүүлчдийг мэргэжлийн төдийгүй анагаах ухааны чиглэлд мэргэшүүлэн бэлтгэх сургалт, хөтөлбөрүүдэд тогтмол хамруулдаг. Нөгөө талаас сэтгүүлчдэд энэ төрлөөр бичих нь туйлын хариуцлагатай бөгөөд шинжлэх ухааны мэдлэг шаардсан нарийн төвөгтэй ажил юм.

-Сэтгүүлчдийн дуу хоолой бодит байж нийгэмд нөлөөлөл үзүүлдэг. Тэгвэл холбооны хувьд бие даасан, хараат бус байдлаа хэрхэн хангах вэ?

-Бидний зорилго нийгмийн сайн сайхны төлөө чиглэж буй учраас санаа зорилго нэгтэй дотоодын болон гадаадын донор байгууллага, хувь хүмүүстэй нягт хамтран ажиллана. Юуны түрүүнд салбарын хэмжээнд нэн тэргүүнд шийдэх асуудал,бэрхшээлийг тодруулах зорилгоор эрүүл мэндийн сэтгүүлчдийн дунд судалгаа явуулна. Ингэснээр шаардлагатай сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөнүүд тодорхой болох юм. Түүнчлэн эрүүл мэндийн салбарын одоо ашиглаж буй статистик, тоо баримт, судалгаануудыг нэгтгэж, анализ хийх замаар эрх зүйн орчинтой нь уялдуулан судлах шаардлага тулгарч байгаа.

-Баярлалаа,  танд амжилт хүсье.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 thoughts on “Д.Ариунцэцэг: Хүн амын эрүүл мэнд доройтсон нь нэг талаар сэтгүүл зүй үндсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй байгааг илтгэнэ