Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.ЧИНЗОРИГ: Надад 1400 орчим пянз бий

1980-аад оноос хуурцаг, цомог зэрэг хувилбарууд гарч ирснээр пянзны эрин хэсэгтээ шувтарсан. Харин 2000 оны үеэс пянз сонирхогчид нэмэгдсээр өдгөө хөгжим үйлдвэрлэгч компаниуд төрөл бүрийн хэмжээ, загвараар пянз тоглуулагч үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэж байна. Үүнийг дагаад Монголд ч пянз сонирхон цуглуулагч нэмэгдэж, клуб байгуулан, Монголын хамтлаг, дуучид ч уран бүтээлээ энэ хэлбэрээр гаргах болсон. Пянз цуглуулагч нарын дотроос хамгийн арвин цуглуулгатайд тооцогддог, “Chinzo’s records room” дэлгүүрийн үүсгэн байгуулагч Г.Чинзоригийг “Хобби” буландаа урилаа.

-Та пянзтай хэрхэн танилцав?

-Би Сүхбаатар аймгийнх. Намайг багад манайх радиотой пянз тоглуулагчтай байлаа. 30- аад пянзтай. Түүнийгээ орны хажуу дахь өндөр шүүгээн дээр тавьчихна. Аав, ээжийг “Миний хүү пянзаа тавиарай” гэхээр нь орныхоо толгой дээр зогсож байгаад л пянзаа тоглуулдаг байв. Сургуульд ч ороогүй байсан үе. Тэр цагаас л пянзтай нөхөрлөсөн дөө.

-Тэгвэл хэзээнээс цуглуулж эхэлсэн бэ?

-1970-аад оны сүүлчээр өөрийн гэсэн пянз тоглуулагчтай болсон. “Лидер-306” гэж улаан өнгөтэй моно тоглуулагч. Тэр үеэс сонирхож, цуглуулж эхэлсэн дээ. Намайг уруу татсан хүн нь Ш.Цогтоо ах. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн байснаар нь хүмүүс мэдэх байх. Ахлах ангийн сурагч байхад минь Ш.Цогтоо ах Сүхбаатар аймгийн гүйцэтгэх захиргаанд Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан юм. Нэг удаа сургуулийн урлагийн танхимын үүдээр өнгөртөл гоё хөгжим дуугарч байна. Ороод хартал тэрбээр хачин гоё пянз тоглуулагчаар гадаад хамтлагуудын пянз тоглуулж байв. Тэгж танилцаад л маргааш нь гэрт нь очиж пянзны цуглуулгатай танилцсан. Тэгэхэд “Вега-108” гэж стерео тоглуулагчийг анх харж, сонсож байлаа. Ах пянзыг хэрхэн хадгалдаг, арчилдаг гэхчлэн зөвлөгөө өгч байлаа, надад. Бас гоё пянз бэлэглэсэн. Ингээд л хоббитой болсон доо.

-Юм ховор, нийгэм хаалттай байсан үе шүү дээ. Цуглуулгаа хэрхэн арвижуулдаг байв?

-Пянз тэр бүр олдохгүй. Гадаад, дотоод явсан, ирсэн хүмүүсээс пянзыг нь гуйж авна. Заримаас нь худалдаж авна.Түүнийгээ хуурцагт хуулна. Чөлөөт цагаа хөгжим сонсож, радио электроникийн дугуйланд суралцаж өнгөрүүлдэг байлаа. Түүнийхээ буянаар пянз тоглуулагчаа төдийгүй бусад жижиг, сажиг зүйлийг засчихна. Гэрэл зураг авна, загас тэжээнэ. Ер нь манай үеийнхний өсвөр нас тэгж л өнгөрсөн байх. Эдгээрээс пянз цуглуулах хоббигоо л хаяагүй. Би Политехникийн дээд сургуулийн барилгын инженерийн анги төгссөн. Оюутан байхдаа ч пянзаа цуглуулсаар байсан. Сар бүр авдаг оюутны тэтгэлгээрээ пянз авна. 150 төгрөгөөр “Smokie” хамтлагийн пянз авснаа ер мартдаггүй юм. Нэлээд муудчихсан тэр пянз тухайн үед хамгийн үнэтэй авсан нь байлаа. Сургуулиа төгсөөд нутагтаа очиж ажилласан. Тэр үед ажлаа тараад л Залуучуудын чөлөөт цагийн клубт диско зохион байгуулж, одоогоор бол дижей хийдэг байлаа. Эвлэлийн байгууллагуудад улсаас пянз тоглуулагч, дамран магнитафон, өсгөгч, диско гэрэлтэй иж бүрэн төхөөрөмж өгдөг байсан юм билээ. Тэр нь нэлээд хуучирчихсан. Тэрийг нь засаж, сэлбээд ажиллуулна. Өөрөө ч түүндээ дуртай байв. 1990- ээд онд гэр бүлтэй болж, хөгжим, хоббигоо хэсэг орхисон. Нийгэм ч солигдож, юун пянз цуглуулах манатай үе л байсан даа. Нүүдэл суудал хийж явсаар цуглуулга минь ч үрэгдэж дуусав. Харин 2015 оны үеэс С.Цогтбаяр тэргүүтэй хүмүүс пянзны талаар ярихыг сонсож, хоббигоо сэргээсэн юм. ОХУ-аас 40-өөд пянз, “Вега” систем хөгжимтэй захиж авчруулсан. Түүнээс хойш идэвхтэй цуглуулж байгаа.

-Одоо таны цуглуулгад хэчнээн пянз бий вэ?

-1400-гаад “юм” бий.

-Хамгийн их эрэл хайгуул хийж өөрийн болгосон нь ямар пянз байдаг бол?

-“Queen”, эсвэл “Pink floyd” мэтийн алдартай хамтлаг, дуучдын пянз элбэг. Мэдээж цуглуулагч учраас авна. Надад байх ёстой. Гэхдээ би залуу насандаа сонсдог, дуртай байсан хамтлаг, дуучдынхаа пянзыг түрүүлж цуглуулахыг хүссэн. Дэлхий даяар тийм алдартай болж чадаагүй мөртлөө чанартай уран бүтээлтэй, эсвэл маш богино хугацаанд уран бүтээл хийгээд тарчихсан хамтлагуудын пянз ховор байдаг. Тэдгээрийг олж цуглуулах дуртай.

-Одоо та цуглуулгадаа ямар пянз нэмэхээр хайж байгаа вэ?

-Рожер Уотерсын пянзыг хүлээж байна. Сүүлийн үед дэлгүүртээ шинэ, содон пянз тавих гээд цуглуулгаа “мартаад” байгаа. Дэлгүүрийнхээ үйл ажиллагааг зүгшрүүлчихээд цуглуулгаа арвижуулна даа.

-Таны цуглуула дахь хамгийн үнэтэй нь ямар пянз вэ?

-Крис Норманы 1990-ээд онд гаргасан пянзыг л хамгийн үнэтэй авсан санагдаж байна.

-Санамсаргүй тохиолдлоор танд ирсэн ховор пянз олон уу?

-Би өнгөрсөн өвөл ХБНГУ-д амьдардаг нэг хүний цуглуулгыг бөөнөөр нь авсан. Тэр дотор сонин, ховор пянз олон ирсэн. Ямар их баярласан гэж санана. 1985 онд ганцхан пянз гаргаад л тарчихсан хамтлагийнх хүртэл байлаа. Тэндээс АНУ, Чех зэрэг хэд хэдэн улсын цуглуулагчид 10-аад пянз зарсан. Сонсдог хамтлаг, дуучдынхыгаа цуглуулаад бараг дуусчихсан болохоор ховор, нандин пянз хайж, олж таашаал авч байна.

-“Chinzo’s records room” дэлгүүрээ хэзээ нээсэн бэ?

-2020 оны арваннэгдүгээр сарын 11-нд нээсэн. Би ХБНГУ-д ажиллаж, амьдардаг Ууганбаяр гэж залууд пянз захиж авдаг байлаа. Тэрбээр өөрөө ч пянзанд дуртай. Тэр дүү хамтарч ийм дэлгүүр нээх санал гаргасан юм. Надад ч таалагдсан. Одоо улам өргөжүүлж, өргөн сонголттой, хөгжимд дурлагсад зорьж ирдэг, пянз сонсоод тухлаад суудаг газар болгохыг хичээж байгаа. “Ковид-19”-ийн улмаас ажил цалгардаад жаахан тиймхэн л байна. Өнгөрсөн наймдугаар сард ачуулсан ачаагаа одоо болтол авч чадаагүй л байна. 900 ширхэг пянз ирэх юм, уг нь. Хөлдөж, хагарч байх вий гээд л санаа зовж сууна.

-Монголын хамтлаг, дуучдын гаргасан бүх пянзыг дэлгүүртээ борлуулж байгаа юу?

-Олонх нь пянзаа гаргачихаад аваад ирдэг. Манайд Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар Н.Норовбанзад гуайн пянз л байхгүй. Нэг сая төгрөгийн үнэтэй пянз зарагдах ч үгүй байх.

-Манайхны гаргасан пянз гадаадынхтай харьцуулахад үнэтэй байдаг нь ямар учиртай юм бэ?

-Пянзны чанарт хэмжээ, жин тийм ч хамаатай биш. Гол нь бичлэг, аналоги тохируулга. Бүгд л дижитал форматаар бичүүлсэн бичлэгээ явуулж, цаана нь аналоги формат руу хувиргаж, тохируулга хийдэг. Уг нь олон улсад хэний цомог, пянз хэдэн хувь зарагдсанаараа өрсөлддөг. Гэтэл манайд хэнийх нь үнэтэй вэ гэж өрсөлдөөд байгаа мэт харагддаг. Түүний хамгийн том сөрөг үр дагавар нь сонсогчгүй болох. Хөдөлмөрлөж гаргасан уран бүтээлээ хүмүүст хүргэж чадахгүй болчих вий. Уг нь залуус пянзыг ид сонирхож буй энэ үед бид боломжийн үнээр хүргэх ёстой. Цөөн зах зээлээ улам тэлэх ёстой байтал үнийн хөөрөгдлөөр хумьчих гээд байгаа нь тоогүй. Би пянз хэвлүүлдэг үнийг мэднэ, тээврийн зардлыг багцаалж байна. Тэгэхэд тийм тэнгэрийн үнээр борлуулж байгааг нь гайхаад л байгаа.

-Пянзаа гаргаасай гэж хүсдэг уран бүтээлч бий биз?

-Байлгүй яах вэ. Монголоос юуны түрүүнд “Харанга” хамтлагийг пянзаа гаргаасай гэж хүсдэг. “Харанга”-ын пянз байдаг уу. Авах гэсэн юм” гэж хүмүүс асуудаг. Мөн “Хурд”-ын Д.Ганбаярыг, “Нисванис” хамтлагийг, “Никитон” -ыг “Хос хунгийн дууль”, “Цамцаа тайл” хоёроо анхны хувилбараар нь пянз болгож гаргавал хүмүүс сонирхох л байх.

-Пянзыг тансаг хэрэглээ, үнэтэй хобби гэж боддог хүмүүс бий. Таныхаар яагаад дижитал биш, аналоги дуугаралтыг илүүд үзэх ёстой вэ?

-Дижитал дуугаралт 1980-аад оноос ноёлсон нь үнэн. Тэр үед пянзны үнэ цэн унаж, мартагдах шахсан нь ч үнэн. Гэтэл сүүлийн үед дэлхий нийтээрээ хөгжмийн жинхэнэ дуугаралт бол дижитал биш, аналоги гэх дүгнэлтэд хүрч, эргээд пянз моодонд орсон. Үнэндээ дуугаралтын энэ ялгааг ойлгож мэдэрдэг хэсэг байна, зүгээр л пянз сонсдог болж харагдах гэсэн нь ч бий. Пянзыг гараараа барьж, тоглуулж, сонсох гоё. Гэхдээ хэрхэн дуугарах нь төхөөрөмжөөсөө хамаарна. Пянзны аналоги дуугаралтыг сонсохын тулд тэр гоё давтамжуудыг нь ялгах хэмжээний төхөөрөмжөөр сонсох учиртай. Харамсалтай нь, залуус мэддэггүй, бас санхүүгийн боломждоо хүлэгдээд тааруухан тоглуулагч авчихдаг. Тэр нь гар утаснаас дуу сонсохоос бараг ялгаагүй. Хямд үнэтэй, муу дуугаралттай юм авах хэрэггүй л гэх гэсэн юм.

-Пянз сонирхож эхэлж буй залууст юу гэж зөвлөх вэ?

-Цомгийг бодвол пянз үнэтэй нь үнэн л дээ. Гэхдээ анхнаасаа чанартай тоглуулагч, өсгөгч, чанга яригч авчихвал олон удаа дэмий зардал гаргахгүй. Яах вэ, тоглуулагч тавих орон зайнаас хамаараад том, жижиг янз бүрийг л сонирхдог байх. Гэхдээ жижигхэн гэлтгүй сайн тоглуулагч зөндөө бий. Мөн үнэтэй гэхээрээ л сайн гэсэн үг бас биш. Ямар тоглуулагч, ямар өсгөгч, аль чанга яригчтай тохирдог, хэрхэн тохируулж болдгийг мэдчих хэрэгтэй.

-Пянз хадгалахад тусгай нөхцөл, арчилгаа шаардлагатай юу?

-Пянз цуглуулдаг хүмүүс цаанаасаа ариглаад сурчихдаг юм. Пянзаа хавтсанд нь зөв хийхээс авхуулаад зайлшгүй мэдэх ёстой зүйлс бий. Хавтасныхаа амыг дээш харуулж байж пянзаа хийнэ. Үүний дараа гялгар уутанд нь хийхдээ нөгөө тийш нь зөрүүлж харуулна. Тэгж байж пянз сугарч унахгүй, бас бүрэн битүүмжилнэ. Бас пянзыг босоогоор нь, нарны шууд тусгал болон халдаг төхөөмжөөс хол хадгална. Гэрийн нөхцөлд пянз цэвэрлэдэг багс зайлшгүй байх хэрэгтэй. Тоглуулах бүртээ түүгээрээ цэвэрлэчихвэл зүгээр. Бүр их бохирдсон тохиолдолд зориулалтын газарт нь угаалгадаг. Ультра чичиргээтэй аппарат байдаг юм. Харваас маш их бохирдсон, сонсоход шажигнаж дуугардаг болчихсон пянзыг хүртэл тэгж угаалгахад дажгүй болчихдог.

-Хөгжмийн хобби таны төлөвшил, амьдралд ямар нөлөө үзүүлсэн бэ?

-Хөгжим сонсдог, ер нь урлаг сонирхдог хүмүүсийн аливааг харах өнцөн арай өөр байдаг болов уу. Ажих нь ээ, харилцаа нь ч тэр. Ижил хоббитой хүмүүстэй танилцаж, нөхөрлөх сайхан. Их зөөлөн, эелдэг хүмүүс байдаг.

-Нээрэн RRM лэйбл байгуулсан гэсэн. Энэ лэйбл зөвхөн пянз дагнаж гаргах юм уу?

-“Retro records Mongolia” гэж лэйбл үүсгэсэн. Үүнийхээ анхны ажил болгож том Жагаа буюу Гавьяат жүжигчин Г.Жаргалсайхан ахын “Best of Vol1” пянзыг гаргалаа. “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 50 жилийн ойд зориулж буй юм. Жагаа ах таван цомогтой. Тэдгээрт нь багтсан дуунуудаас шилсэн. Хөгжмийн зохиолч хүний пянзыг гаргах их сонирхолтой, давуу талтай юм. Тухайлбал, Жагаа ахын пянзанд “Харанга” хамтлагийн дуучин, Гавьяат жүжигчин Х.Лхагвасүрэнгийн “Сар шиг хол нутаг”, BX-ийн “Sor¬row”, “Digital”-ийн “Хүүгээ өршөө”, өөрийнх нь дуулсан “Суугуул сайхан нутаг”, мөн “Хүлээлт” дууг “Камертон” хамтлагийн дуулснаар багтаасан. Олон төрлийн, сонирхолтой есөн уран бүтээл сонсогчдыг уйдаахгүй гэж найдаж байна.

Мөн “Айзам” хамтлагийн 10 дуутай пянз гаргалаа. Долоо нь Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Ганболд ахын зохиосон дуу. “Айзам”-ын дуучин О.Энхболд, Ч.Тамир, Ц.Батсайхан нараас гадна “Дурсамж” дууг Т.Нансанжавын дуулснаар оруулсан. “Дурсамж”-ийг түүн шиг дуулсан хүн байдаггүй гэж манай рок попынхон ярьдаг юм билээ. Түүний 1980-аад онд бичүүлсэн анхны бичлэгийг нь сүүлд “Сонор” студид янзлуулсан байдаг. Тэр хувилбараар нь багтсан. Уг пянзны хамгийн чамин шигтгээ нь энэ. Түүнчлэн дараа дараагийн уран бүтээлчдээ сонгож, пянзыг нь гаргахаар ажиллаж байна.

3
Зөв, гоёЗөв, гоё
1
ГайхмаарГайхмаар
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.